Танд технологийн шуурган дунд түр амсхийж, дотогшоо чимээлэх цаг бий юу?
Технологи
Б.Хулан
Б.Хулан
2024.10.24
5 минут
Танд технологийн шуурган дунд түр амсхийж, дотогшоо чимээлэх цаг бий юу?

XXI зуун гарснаас хойш дэлхий нийтээрээ цаг хугацааны урсгалд улам бүр хөгжин дэвших технологийн үсрэнгүй хөгжилд дасан зохицож, шинэ нээлттэй уралдан бидний амьдрал өрнөж буй билээ. Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх олон техник технологийн хэрэгслүүд шил шилээ даран үйлдвэрлэгдэж, үүний үр шимийг хүн төрөлхтөн биеэр мэдэрч, ашиглаж эхэлсэн нь энэ эрин зууны гайхамшиг юм.

Дэлхийн түүхэнд дөрвөн удаа Аж үйлдвэрийн томоохон хувьсгал гарсан байдаг. Анх 1784 онд Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал эхлэн механик үйлдвэрлэл хүч түрэн хөгжиж, анхны уурын хөдөлгүүр зохион бүтээгдсэн түүхтэй. Өдгөө аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу дижитал шилжилтийг бид нүдээр үзэж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүч, дижитал шилжилт, хиймэл дагуул, үүлэн технологи, хиймэл оюун ухааны хөгжил өдрөөс өдөрт цар хүрээгээ тэлсээр байна. 

Технологийн шуурганд хүн төрөлтхөн бүдчин алхсаар байна

Техник технологийг цаашид тултал нь ашигласнаар бид хаана хүрэх вэ? Дараагийн 100 магадгүй 200 жилийн дараа хүн төрөлхтөн технологийг гаргууд эзэмшсэнээр Аж үйлдвэрийн дараагийн хувьсгал болох уу гэдэг ямагт сонирхол татах сэдэв байсаар ирсэн билээ. Эндээс үзэхэд өдгөө бид технологийн шуурганд өртсөн үү, үгүй юу гэдэг асуулт урган гарах нь илэрхий юм. Тэгвэл технологийн шуурга гэж юу вэ? Иелийн Их сургуулийн Салбар хоорондын биоэтикийн төвийн эрдэмтэн Венделл Уоллах “технологийн шуурга” гэж нэрлэж буй зүйл нь сүйрлийн үр дагавар авчирч мэдэх технологийн хэт их шинэчлэлийн үеийг нэрлэнэ гэсэн байна. Түүний үзэж буйгаар үйлдвэрлэлийн эрин үеийг дагаж капитализм гарч ирсэн бөгөөд капитализм нь технологийн шуургыг өдөөх нэгэн хүчин зүйл болсон ажээ. Энэ нь цаашлаад улс орнуудын хооронд баялгийн тэгш бус хуваарилалт, боломжийн зөрүүг улам нэмэгдүүлсэн. Эрдэмтэн, судлаачдын таамаглаж буй технологи хүний хөдөлмөрийг бүр мөсөн орлох тэр нийгмийн хямралаас зайлсхийхийг хүсвэл баялгийн хуваарилалтыг эргэн харах шаардлагатай аж. Мөн Венделл Уоллах “Технологийг хөгжүүлэх бидний зорилго яг юу вэ, тэрхүү зорилго нь бидний хэрэгжүүлэх ёстой зүйл мөн үү гэдгийг сайтар бодолцож үзэх хэрэгтэй” гэдгийг онцолсон байдаг. Түүний хувьд инновацын хурдыг хүний удирдаж болох хэмжээнд удаашруулж, үр дагаврыг нь урьдчилан тооцоолсноор хүн төрөлхтөн технологийн хяналтад орохгүй байх боломжтой гэж үзсэн байна. Юваль Ной Харари ч үүнтэй төстэй санааг дэвшүүлсэн бөгөөд технологийг зөв ашиглах хэрэгтэйг дурдсан байдаг. Тэрээр “Маргаашийн товч түүх” бүтээлдээ “Сапиенсыг дараагийн түвшинд хүргэх нь Холливудын зөгнөлт кино шиг хурдан бүтэх зүйл биш, харин алгуур өрнөх түүхэн үйл явц юм. Ирээдүйд Хомо сапиенсийг роботын бослогоор арчиж үгүй болгох боломжгүй. Харин ч эсрэгээрээ Хомо сапиенс робот, компьютертэй уусан нэгдэж, бага багаар өөрсдийгөө сайжруулах болно. Энэ бүхэн ердөө ганц өдөр эсвэл  ганц жилийн дотор тохиохгүй” хэмээсэн байдаг. Мөн тэрээр XXI зууны хүмүүс бид өөрсдөөсөө “Одоо бид яах вэ, өнөөгийн дэлхий ертөнц дээр бид юунд анхаарал хандуулж, оюун ухаанаа зарцуулах вэ, эдгээр технологийн хүчийг яаж ашиглах вэ” хэмээн асуух цаг нэгэнтээ ирснийг өгүүлсэн. Биотехнологи, мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед тус асуултыг нэн даруй авч үзэх шаардлагатай аж. XXI зууны шинэ төслүүд нь эцсийн дүндээ хүн төрөлхтөн аз жаргалтай, эрүүл, үхэшгүй мөнх амьдарч, хязгааргүй хүчийг өөрийн болгох зорилготой. Гэвч одоогийн нөхцөл байдалд сая сая хүн амьдралынхаа ихэнх цагийг дэлгэц ширтэн өнгөрүүлж, ажлын ачаалал, нийгмийн ороо бусгаа байдлаас шалтгаалан сэтгэл гутралд өртөж байна. Иймээс юунд илүү анхаарч, юуг хүлээн авч, технологийг яаж зөв ашиглах вэ гэдэгт анхаарлаа хандуулж, үүнээс цааших ирээдүйд технологийг хэрхэн ашиглах сонголтоо хийн урагшлах шаардлагатай болжээ.

Танд технологийн шуурган дунд түр амсхийж, дотогшоо чимээлэх цаг бий юу?2015 оны эхээр Стокхолм хотын Эпицентр технологийн төвийн хэдэн зуун ажилчин гартаа бичил чип суулгуулсан бөгөөд уг чип нь ердөө арвай буудайны хэмжээтэй аж. Чипт агуулагдах хувийн мэдээлллийнхээ ачаар гараа хөдөлгөх төдийд хаалга нээх, цаас хэвлэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой ба үүнийг анхлан санаачлагчдын нэг Ханнес Сьёблад “Бид аль хэдийн технологитой байнга харьцаад эхэлчихсэн. Зүгээр л гараа хүргэхэд шийдэгдэнэ гэхээр амархан биш гэж үү?” хэмээжээ. Эл явдал бол есөн жилийн өмнөх шүү дээ. Харин өнөөдөр бид Теслагаас өгсүүлээд технологийн томоохон компаниудын дундах ширүүн өрсөлдөөний үр дүнд автомат жолоодлоготой жолоочгүй машин, робот туслагч нээлтээ хийхийг үзэж, бидний өдөр тутмын амьдралд роботууд зэрэгцэн оршиж мэдэх цаг хугацааны огтлолцолд байгаа билээ. Үүнээс цааших ирээдүй бүрхэг, биднийг бяцхан түгшүүрт автуулж байгаа ч бид технологийн хүчийг ашиглах хэрэгцээ шаардлага тулгарч байгаа юм. 

Монгол Улс технологийн шуурганы хаана нь явна вэ?

Дэлхийн улс орнууд техник технологоороо чимээгүй өрсөлдөхийн зэрэгцээ энэ хөгжил дэвшлийг яавал зүгээр вэ гэх асуултад хариулт хайж байгаа нь ойлгомжтой болжээ. Харин манай улсын хувьд энэ шуурганы хаана нь яваа вэ? Монгол Улс анх 1898 оноос эхлэн Их хүрээ, Хиагтыг холбосон телеграфийн шугамаар монгол, орос, хятад хэлээр цахилгаан мэдээ дамжуулж байсан түүхтэй. Мөн 1913 онд Их хүрээнд 25 хэрэглэгчийн зориулалттай анхны телефон холболтын байгууламж ашиглалтад орсон аж. Энэ цагаас хойш Улаанбаатарт анхны холбооны нягтруулгын төхөөрөмж, анхны зурагтын өргөн нэвтрүүлгийн төв, анхны сансрын холбооны газрын станц ашиглалтад оржээ. Түүнчлэн 1976 онд радио релейний өргөн зурвасын шугам ашиглалтад орж байсан юм. Ийнхүү алхам алхмаар технологийг нэвтрүүлж явсаар 1994 онд Мэдээллийн харилцаа ББХК нь Монголд анх удаа дотоодын сүлжээ болон интернэтийн үйлчилгээг явуулж эхэлсэн ажээ. НҮБ-ээс хоёр жил тутамд гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн судалгаа нь улс орны цахим хөгжлийн хэв маягийн үнэлгээ, дэд бүтэц, боловсролын түвшин зэрэг шинж чанарыг тусгаж, хэрхэн мэдээллийн технологи ашиглаж байгааг тусгадаг ажээ. Энэхүү “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2022 онд 193 орноос 74 дүгээр байранд жагсаж байсан бол 2024 онд 46 дугаар байранд орсон хэмээн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Бид жилээс жилд технологийг өдөр тутамдаа идэвхтэй ашиглаж эхлэн, дэлхийн жишигт хөл нийлүүлэн алхахыг тэмүүлж байна. Хүн ам цөөтэй манай улсын хувьд технологи харьцангуй хурдан нэвтэрсэн гэхэд болно. Бид ч технологийн шуургыг тойроогүй, дайран гарч буй. 

Технологийн хөгжил хурдсаж байна. Цаашаа юу болох вэ?

Танд технологийн шуурган дунд түр амсхийж, дотогшоо чимээлэх цаг бий юу?

Тэгэхээр нийтлэлийн эхэн хэсэгт дурдсан техник технологийн хүчийг яаж ашиглах вэ гэх асуултыг бодож үзвэл ямар ирээдүй биднийг хүлээж байгаа болохыг таамагласнаар эл асуудалд дорвитой хариулт олоход дөхөм болох билээ. Философич Славой Жижекийн “Ирэн дээр гүйгч 2049: Хүний дараах нийгмийн капитализмын дүр төрх” эсээнд “Бид хүн гэдэг утгаараа оршихоо больж, өөр нэгэн шинэ төрөл зүйл болох уу? Үүнийг хэрхэн тодорхойлох, мөн роботуудыг бодвол хэр уужуу сэтгэлтэй байх ёстой вэ? гэх асуултыг тавьдаг. Жишээ нь: Кремтэй кофе авъя гэхэд кремтэй кофе байхгүй, сүүтэй кофе л байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд аягатай кофе гэх ухагдахуунд өөрчлөлт орохгүй бөгөөд кремтэй, эсвэл сүүтэй кофены ялгаа шууд мэдэгдэхгүй. Биднээс илүү биднийг мэдэх дижитал ертөнцийн роботууд энгийн буюу кремтэй кофе, сүүтэй кофены ялгааг олж харж чадах болов уу? Энэхүү ялгааг тухайн этгээд субъектив чанартай үед л таних чадвартай. Өөрөөр хэлбэл, бид хүн учраас л кофен дахь сүү, кремийг ялгаж чадах юм. Эргээд үндсэн яриандаа анхаарлаа хандуулахад “Ирэн дээр гүйгч 2049”-д гарах “хуулбарууд” маань энэхүү ялгааг олж харж чадах уу?” Ирээдүйд хүн ба роботыг ингэж ялгах шаардлага үүсэж болох бөгөөд энэ хурдтай хөгжил дэвшлийг удаашруулж, хүн бүр өөр рүүгээ өнгийн, дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгтэй болсон байна. Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн нэг хэсэг бол гарцаагүй Chat GTP. Өмнө нь компьютерын программыг зохиохдоо тодорхой асуултад юу гэж хариулахыг заан, дүрмийг нь зохиодог байсан бол хиймэл оюун ухаан нь асуулт болоод асуултын хариултыг өгөхөд л тэндээс өөрөө суралцан дүрмийг зохиох чадвартай ажээ. Энэ бол хиймэл оюун бидний төсөөлснөөс ч илүү хөгжиж байгааг харуулсан явдал болсон билээ.

Технологийн шуурган дундаас бидний ажиглах ёстой зүйл

Танд технологийн шуурган дунд түр амсхийж, дотогшоо чимээлэх цаг бий юу?

Өнөөгийн нийгэмд шинэ технологиуд түрэн гарч бид ч өдрөөс өдөрт хурдтай урагшилж, завгүй амьдралын хэв маягтай болсон. Фридрих Ницшегийн “Заратустра” бүтээлд “Та нар зай завсаргүй ажил хөдөлмөр эрхэлж аль болох хурдтай бөгөөд шинэ зүйлсэд дурладаг. Та нарт өөрсдийгөө хүлцэх нь амаргүй явдал. Та нарын цөхрөлтгүй ажил хөдөлмөр бол аливаа зүйлээс зугтах зугталт, өөрийгөө мартах хүсэл юм” гэсэн нь нэн ялангуяа өнөөгийн техник технологи, мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бидэнд энэ завгүй амьдралын хэв маяг сөргөөр нөлөөлж байгааг илэрхийлж буй. Инновацтай уралдаж бидний амьдрал ч асар хурдан өрнөж байгаа нь анхаарал хандуулах асуудлын нэг болжээ. Философич Хан Бён Чоль “Тамирдсан нийгэм” бүтээлдээ “Амсхийх чөлөө үгүй болсноор бидний соёл иргэншлийг зэрлэг харанхуй нөмрөн авна. Өмнө хэзээ ч идэвхтэй, амар чөлөөгүй байдлыг ийм ихээр тоож үзэж байсангүй. Ийм учраас л хүмүүний доторх бясалгагч бодлогошронгуй чанарыг нэмэгдүүлэх хэрэгтэй болсон байна” хэмээжээ. Үргэлжийн чөлөө завгүй ажиллаж, гэр бидний хоног төөрүүлэх газар төдий болтлоо энэ нийгэм завгүй хэмнэлд шилжсэн. Өдөр тутмын амьдралд анхаарал хандуулах олон асуудалд сатааран хөдөлмөрлөсөөр цаг хугацаа харвасан сум шиг өнгөрснийг ч анзаараагүй тохиолдол бидэнд бий билээ. Хамгийн чухал зорилт нь завгүй хөдөлмөрлөж он жилүүдийг элээсний эцэст үүнийхээ үр шимийг мэдрэх явдал уу, амьдарч буй хором мөч бүхнээ мэдэрч хийх зүйлээ хийн урсан одох цаг хугацааг хайрлах уу гэдэг сонголтын өмнө бид зогсож байна. 

Танд технологийн шуурган дунд түр амсхийж, дотогшоо чимээлэх цаг бий юу?

Техник технологийн хурдтай хөгжил бидний амьдралын хэв маягийг ч хурдасгаж буй нь тодорхой боллоо. Бид нэгэнтээ технологийн шуурганд өртсөн. Тиймээс технологийн өндөр хөгжил бидний амьдралд хэрхэн нөлөөлж буйг бодолцон, цөхрөлтгүй ажиллах бус өөртөө юуг ч үл хийх эрх чөлөө, цаг хугацааг гаргах нь эерэг үр дүнг авчрах болов уу. Хайртай хүмүүстээ хангалттай цаг гаргаж, юу ч хийхгүй, юунд ч автахгүй, орчлонгийн түмэн зовлонг эс ажран, анхаарлаа ганц л зүйлд төвлөрүүлэх хормыг өөртөө өгөх нь чухал. Эргэн тойронд тань хэдэн зуун жил дүнсийх уулс, улирал бүр зүсээ хувилгах модод, сэмжин үүлс, сэвшээ салхи салхилахыг анзаарч харвал амар амгаланг мэдрэх болно. Өнөөгийн амжилтын төлөөх нийгмээс түрдээ ингэж завсарлага авах нь шантрал, сэтгэлээр унах, хурдтай нийгмийн эргүүлэгт төөрөхөөс сэргийлж мэдэх юм. Танд технологийн шуурган дунд түр амсхийж, дотогшоо чимээлэх цаг бий юу?