“Нүүдэлчин” фестиваль: ГУРАВХАН ӨДӨРТ 21 аймгаар аялах боломж
БоловсролТүүхХэл соёл
Ayuussh
Ayuussh
2024.08.22
3 минут
“Нүүдэлчин” фестиваль: ГУРАВХАН ӨДӨРТ 21 аймгаар аялах боломж

Түм түжигнэж, бум бужигнасан их хотын ачаалалтай амьдралыг түр мартаад, уудам талын салхи амьсгалж, эртний уламжлал, монгол ахуй соёлын мөн чанарыг мэдрэх боломж уншигч танд хэр их гардаг вэ? Цагаан сараар төрөл саднуудтайгаа золгож, Наадмаар хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур харваа үзэхээс өөр соёл уламжлалаа утга төгөлдөр ухаарч мэдэрч, тэдгээрээр амьдрах, тэдгээрээр бахархах, тэдгээрээс суралцах явдал энэ цагт бидний дунд бага болжээ гэдэг сэтгүүлч миний бодолтой та ч мөн тодорхой хэмжээгээр санал нэгдэх болов уу гэж бодно. Гэхдээ уламжлалт соёл, зан заншлаа бүрэн утгаар нь сонирхож, суралцаж болохуйц, орчин цагийн хотын залуус бидний цахим ертөнц, телевиз радиогоор сонсдог ч амьдарч үзээгүй нүүдэлчин амьдралын хэв маягийг бодитоор нь харах боломжтой нэгэн арга хэмжээ байдаг нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль юм. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан энэ наадмыг жилийн турш тэсэн ядан хүлээж, шинэхэн дээл оёулж гоёод, зорин зорин очлоо. 

“Нүүдэлчин” фестиваль: ГУРАВХАН ӨДӨРТ 21 аймгаар аялах боломж

Уг соёлын фестиваль бол энгийн нэг арга хэмжээ биш, цаг хугацаа, орон зайгаар эрх чөлөөтэйгөөр тэнүүчилж болох аялал юм. Монгол орны 21 аймгаас Налайх дүүргийн Тайж хайрхны өвөрт отог отгоор хүрэлцэн ирж, өөрсдийн соёл, амьдралын хэв маяг, уламжлалыг олонд дэлгэн харуулах энэ наадамд олон улсын соёлын өв тээгчид хүртэл хүрэлцэн ирнэ. Нутаг нутгийн гэрээр ороход жинхэнэ монгол зочломтгой зангаар угтаж, айргаар дайлна. Хүүхдүүд шагай, модон тоглоомоор тоглож, өнгө өнгийн харандаагаар үндэсний гоёмсог хээ угалзууд будаж, өвгөн үлгэрчдийн яриаг шимтэн сонсоно. Машинаа 2 км хол зайд байрлах зогсоолд үлдээгээд, отгууд байрлах хэсэг рүү алхаж эсвэл үхэр тэргээр, мориор явна гээд төсөөлөөд үз. Сонирхолтой байгаа биз? Энд бид уламжлалт соёлоо гайхуулан баярлана, соёлыг үзэж сонирхох үзэгчид ч гайхан баясна. Энд бүгд баяр баясгалантай байна. 

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалиар юу хийж болдог вэ?

Энэ наадамд үзэгч сонирхогчид зүгээр нэг үзэгч байдаггүй. Тэд оролцдог. Гэр барьж үзэхийг хүссэн хэн бүхэн гэр барихад оролцож болно. Ноос савж, сур элдэх, үнэг хайчлах, тараг бүрэх, өрөмтэй талх идэх, морин хуурын аялгуу сонсох, морин хуур тоглож үзэх, гүү саах, нум сум харвах, морьт харваа үзэх, морь уургалах, цаа буга унах, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах гээд уламжлалт соёлын гэх тодотголтой юу л байна бүгдийг нь хийж үзэж болно. Хамгийн сонирхолтой нь олон мянган жилийн туршид бидэнд өвлөгдөн ирсэн унага тамгалах зан үйл, хурим найрын зан үйл, уламжлалт тан бэлтгэх аргад суралцах зэрэг олон зүйлийг өөрийн нүдээр харж, өөрийн гараар туршиж үзэж, тайлбарлуулж болдог. 

“Нүүдэлчин” фестиваль: ГУРАВХАН ӨДӨРТ 21 аймгаар аялах боломж

Фестивалийн тухай үзэгч сонирхогч Ж.Алмагүл “Сайн байна уу. Би Нүүдэлчин наадамд гурав дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн хувьд 10 гаруй улс орон оролцсоноороо онцлогтой байлаа. Би нээлтийн үйл ажиллагаа, Хөвсгөл, Хэнтий, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн отгуудаар зочилсон. Отгуудаар явахдаа морь унах, үхэр тэргэнд суух, нум сум харвах, тойрон бүжих, угсаатны урлагийн тоглолт үзэх, унага тамгалах ёслол зэрэг маш сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцсон. Энэхүү наадам нь монгол үндэсний өв соёлыг харуулсан, мэдлэг мэдээлэл олгосон томоохон арга хэмжээ болдог учраас олон найз нөхөд, ах дүү нараа ирж үзээсэй гэж хүсдэг дээ” хэмээн бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.

Яагаад фестивальд очих ёстой юм бэ?

Даяаршиж буй энэ цаг үед бидний язгуур угсаагаа хадгалж үлдэхийн чухлыг энэ фестиваль зүй ёсоор харуулна. Орчин цагийн монгол залуусын хувьд энэ нь өнгөрсөн үетэйгээ холбогдож, бидний өвөрмөц байдал, онцлогийг бий болгосон үнэт зүйл, уламжлалынхаа талаар гүнзгий ойлголттой болох боломж юм. Нөгөө талаас энэхүү наадам түүхийг сөхөж, соёлоо эргэж харахаас гадна, ирээдүйд чиглэх урам зоригийг олж авах боломж буюу уламжлалт ёс заншилтайгаа харьцсанаар залуучууд өөрсдийн онцлогийг ухаарч, өв соёлоо орчин цагт хэрхэн шинэлэг байдлаар хадгалах, сурталчлах шинэ санааг өвөртлөн буцах болно. 

“Нүүдэлчин” фестиваль: ГУРАВХАН ӨДӨРТ 21 аймгаар аялах боломж

“Би Монгол Улсад судалгаа хийж байгаа. Үнэхээр гайхалтай наадам болж байна. Энэ наадамд хоёр дахь удаагаа ирж, сонирхож байгаа. Нүүдэлчин соёлын гайхалтай онцлогийг харж байна. Монгол орны бүх аймгуудын соёлыг сонирхох боломжтой учраас наймдугаар сарын нэг өдрийг сонирхолтой, адал явдалтай өнгөрүүлэх хамгийн сайхан боломж гэж бодож байна.” 

                              Фестивальд оролцож, монголчуудын соёлтой танилцаж буй судлаач Томас Вайт

Өргөн уудам тал нутаг, эртний уламжлал, соёлтойгоо гүн гүнзгий танилцсан, хайрласан дурсамж хотдоо буцаж ирсний дараа ч тодхон харагдаж, дахин хэдэн өдөр үргэлжилсэн бол гэж бодогдоно. Энэ удаагийн фестиваль бидэнд нүүдэлчин монголчууд бидний соёл ямар гүн утга учиртайг ойлгуулж, монгол хүн гэдгийг минь улам гүн гүнзгий мэдрүүлсэн, шинэ содон зүйлс сурсан, аз жаргалтай, адал явдалтай болж өнгөрлөө. Ирэх жил энэ уудам ногоон талд өөр нэг шинэ дээлтэй эргэн уулзъя!

“Нүүдэлчин” фестиваль: ГУРАВХАН ӨДӨРТ 21 аймгаар аялах боломж