Нийгмийн олон талт асуудлуудыг олж харж, түүний шийдэлд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар зориг шулуудсан залуус залуусаасаа суралцаж, хамтрах хэрэгтэй гэдгийг ойлгуулахаар алхам алхмаар урагшилж явна. Тэдний хийж эхлүүлсэн гол арга хэмжээ болох “Youth Conference” эвент энэ оны арваннэгдүгээр сарын 17-нд UG Arena-д дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. 2021 оноос хойш шинэ үеийнхний үзэл бодол, дуу хоолойг нэгтгэж, 21 аймаг 9 дүүргийн төлөөллүүд зорин ирж оролцдог арга хэмжээ энэ жил "National Youth Conference" болж цар хүрээ, боломжуудаа улам тэлсээр “GO FOR SYNERGY” сэдвийг хөндөх гэж байна. "National Youth Conference" нь 2024 оны хамгийн том, хамгийн анхны үндэсний хэмжээнд зохион байгуулж буй залууст зориулсан арга хэмжээ бөгөөд ЦойлогсоZ-ын сүүлийн “Youth Conference” арга хэмжээ юм. Дөрвөн жилийн хугацаанд хамтдаа томоохон хэмжээний хүрээлэл /networking/ үүсгэж, өөрсдийнхөө үндэсний онцлогийг /identity/ таньж мэдэхээр, боломжуудаа онилж, хамтарч ажиллахаар зорьж яваа залуусын үйл ажиллагааны утга учрыг сөхөцгөөе.
Z NETWORKING CONFERENCE- 2021. Дэлхий дахинаа цар тахлын эсрэг тэмцэлдэж, хөл хорио суларч, монголчууд цахим, танхим хосолсон хөтөлбөр рүү шилжиж, хамтдаа шинэ зүйл туршиж, суралцаж байсан үе. Тэд залууст хуваалцах, суралцах, боломжийг тэгш хүргэхийг зорьж анхны эвентээ эхлүүлж байв. Ковидын түргэвчилсэн шинжилгээг газар дээр нь авч, 200 залуусын төлөөллийг МҮХАҮТ-д цуглуулж, сошиалаар 80 гаруй мянган хүнд дуу хоолойгоо хүргэж, нөлөөлж чадсан өдөр саяхан мэт. Нийгэмд нөлөөлөл багатай, дөнгөж эхэлж буй залуус өөрсдийн хүлээлтээс давсан үр дүнд хүрч, эерэг нөлөөлөл, үнэ цэнтэй агуулгыг хамтдаа хэлэлцэж байв. “Z NETWORKING CONFERENCE-2021” цар тахлын дараах хамгийн анхны залууст зориулсан арга хэмжээ, тэгш хүртээмжийг бий болгохоор сонсголын бэрхшээлтэй залууст зориулан дохионы хэлмэрчтэйгээр мэдээллээ түгээсэн дижитал эвент гэдгээрээ ялгарч, зорьсон үр дүндээ хүрч, залуус дараа дараагийнхаа ажил руу ханцуй шамлан оров. ЦойлогсоZ-ын залуус анхны эвентээрээ Монголд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд сурч, ажиллаж буй иргэдэд дуу хоолойгоо хүргэхийн зэрэгцээ, залуусын олон талт харилцаа, хүртээмж, хамтын ажиллагааг ч энэ үеэр орхигдуулаагүй юм.
2022 он залуус хоёр дахь жилийнхээ "Z NETWORKING CONFERENCE-2022" арга хэмжээг илүү шинэлэг байдлаар монголчуудын үндэсний онцлог /identity/-ийг тодорхойлох чухал сэдвийг хөндөв. Залууст одоо л хөгж, суралц гэж номлохоос илүүтэйгээр бодож, тунгаах боломжийг олгож, өнгөрсөн болон одоогоо эргэцүүлж, өөрсдийн ондоошлыг гаргаж ирэх нь тэдний зорилго байв. Бие биеэсээ суралцахыг эрмэлзсэн залууст үзэл бодлоо нээлттэй солилцох, үндэсний төдийгүй хувь хүн өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийж, үнэт зүйлсээ хамтдаа эргэцүүлсэн арга хэмжээг тэд амжилттай зохион байгуулав. Зохион байгуулагч залуус ч илүү туршлагажиж, оролцогчид руугаа чиглэсэн боловсрол, энтертайнмент хосолсон өнгө аясыг хөтөлбөртөө шингээж, илүү тав тухтай орчин нөхцөлд 3,000 залуусыг Zaisan Hill Event Hall-д нэгтгэж чадсан юм. Тэдний дараагийн “Youth Conference”-ын сэдэв “Compass of Opportunities” байв.
2023 оны арваннэгдүгээр сарын 11. ЦойлогсоZ-ын хуваалцах дуртай залуус Youth Conference 2023: Compass of Opportunities арга хэмжээг үеийн залуустаа зориулан “хүсэл сонирхол, зорилго, хэрэгцээндээ тулгуурлан өөрт тохирсон боломжуудаа олж авцгаая” уриан дор зохион байгуулав. Туршлагатай нэгдмэл үнэт зүйлсийн дор нэгдэж чадсан залуус үеийн нөхдөдөө хэрэгтэй дараагийн хэлэлцэх сэдвийг “боломж” гэж тодорхойлсон нь энэ. Тиймдээ ч залууст хамгийн чухал байгаа асуудлуудыг судалгаанд үндэслэн тодорхойлж ажлын байрны сэтгэл зүй, тэтгэлэгт тэнцэх нь, дижитал ур чадвар, хувийн бүтээмжээ үнэлж, сайжруулах нь зэрэг сэдвүүдээс сонголт хийх боломжийг оролцогчдодоо олгож байв. Өчигдрөөсөө суралцаж, өнөөдрийг тодорхойлж яваа шинэ үеийн төлөөллүүдэд боломжоо үр дүнтэй ашиглахад тэдэнд хамтарч, нэгдэх нь чухал юм байна гэдгийг олж харан ирэх жилийнхээ Youth Conference-ийн сэдвийг “Synergy” гэж тодорхойлсон аж. Залуус хэрхэн хамтарч нэг үзэл санаа руу тэмүүлж боломжоо үр дүнтэйгээр ашиглах вэ?
“Youth Conference” энэ жил “GO FOR SYNERGY” сэдвийн хүрээнд таны, миний, чиний хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, бид хэрхэн нэгэн зүгт, нэг үзэл санаагаар урагшлах вэ гэдэгт хариулт эрэхээр илүү өргөн цар хүрээг хамруулахаар бэлтгэж байна. “Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв” гэдэг шүү дээ. Үүний нэгэн адил залуус өөрсдийн хүсэл тэмүүлэл, зорилгоо өвөртлөн хамтач сэтгэлгээтэйгээр илүү бүтээмжтэй байх талаар үндэсний хэмжээнд нөлөөлөгч экспертүүд, монгол болон олон улсад суралцаж, хөдөлмөрлөж буй залуус хамтдаа ярилцаж олон талт өнцөг, туршлага, мэдлэг мэдээлэл, боломжуудаа хуваалцах гэж байна. Шинэ сонирхолтой мэдээлэлд соргог байдаг залуус та бүхэн энэхүү боломжийг бүү алдаарай. Мөн ЦойлогсоZ-ын залуус дараа дараагийнхаа арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулахаас илүүтэйгээр асуудлын гүн рүү чиглэж, сэдвээ улам нарийвчилж, арга хэмжээнийхээ хамрах цар хүрээгээ ч багасгах төлөвлөгөөтэй байгаа аж. "National Youth Conference"-ийн онлайн тасалбарыг: shoppy.mn -ээс худалдан аваарай.