Улаанбаатарчуудын утаатай тэмцэх дараагийн алхам: АМНЫ ХААЛТ
Байгаль орчин
posted.mn
posted.mn
2024.10.18
5 минут
Улаанбаатарчуудын утаатай тэмцэх дараагийн алхам: АМНЫ ХААЛТ

-Сайн уу, амьдрал хэр байна? Сонин сайхнаасаа хуваалцаач?

-Өө дажгүй шүү. Юу юугүй хүйтрээд өвөл болох нь Утаанбаатартаа уушгиа хэрхэн хамгаалах вэ гэх асуултад хариулт хайгаад сууж байна. Өөр ч тайван даа...

Өвөл болоход 15 өдөр үлдсэн байна. Та өвлийн хүйтэн, саарал өдрүүдтэй золгоход бэлэн үү?

Саарал гэж тодотгосноо дараах баримтаар тайлбарлая. Өвлийн улиралд Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн бөгөөд бохирдол ихтэй нийслэл болдог. Агаарын бохирдол 2000 оноос хойш тасралтгүй нэмэгдэж эхэлсэн бөгөөд ДЭМБ-аас зарласан хамгийн хортой агаартай 5 хотын нэг юм. Өвлийн саруудад PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцрын жилийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 дахин өндөр байдаг бол зарим өдрүүдэд 80 дахин өндөр байх тохиолдлууд ч гарсаар байна. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3,200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулдаг аж. /Агаарын чанарын суурь судалгаа. “Лэнд тест” ХХК, УБ., 2022/

Бид утаатай хэрхэн тэмцэв?

Улаанбаатарчуудын утаатай тэмцэх дараагийн алхам: АМНЫ ХААЛТ

Манай улс 1995 оноос хойш Байгаль орчныг хамгаалах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, тогтоол баталж утаатай тууштай тэмцэж ирсэн.

2022 оны байдлаар Монгол Улсад агаарын чанарыг сайжруулах талаар 4 хууль, Монгол Улсын Их Хурлын 4 тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 3 тогтоол, сайдын хамтарсан тушаал 2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 тогтоол, Нийслэлийн Засаг даргын 1 захирамж, нийт 18 төрлийн эрх зүйн акт мөрдөгдөж байна. Агаарын чанартай холбоотой 11 эрх зүйн акт хэрэгжиж дууссан байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 82 дугаар тогтоолоор “Агаарыг хамгаалах хөтөлбөр” баталж, 1999-2010 оны хооронд хэрэгжүүлсэн байна. Тус хөтөлбөрийн зорилго нь Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгод нийцүүлэн агаарыг аливаа бохирдлоос хамгаалах бодлого, үйл ажиллагаа явуулж, агаарыг цэвэр, ариун байлгах нөхцөл бүрдүүлэх. 

Аливаа асуудалтай тэмцэхийн тулд эх үүсвэрийг олж бууруулах нь хамгийн оновчтой шийдэл. Харамсалтай нь бид агаарын бохирдол, утааны эсрэг оновчтой шийдлээ ололгүй, тэмцсээр 30 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бохирдлын үргэлжлэх хугацаа жилээс жилд уртсахын хэрээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдсээр байгаа юм. 

Улаанбаатар хотод 2019 онд амьсгалын замын өвчний түвшин 1,961 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 1.3 дахин, өмнөх оноос 373-аар, 5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын өвчний түвшин (10,000 хүүхдэд ногдох) 2019 онд 6,405 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 699-өөр, өмнөх оноос 593-аар тус тус нэмэгдсэн байна. 

Улаанбаатарчуудын утаатай тэмцэх дараагийн алхам: АМНЫ ХААЛТ

Улс үндэстнийг хамарсан энэ асуудлыг шийдэх гарц гаргалгаа, эрлээ үргэлжлүүлэн, янз бүрийн арга чарга туршиж үзэж байгаа энэ цаг хугацаанд бид эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ? Энэ талаар зөвлөмжийг НЭМҮТ-ийн ОЭМНҮА-ны Агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардоржоос тодрууллаа. 

Хүн амьдралынхаа 70-80 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Тухайлбал, бид гэртээ, ажлынхаа байранд хүртэл ямар нэгэн байгууламж дотор ихэнх цагаа өнгөрөөдөг. Тиймээс шүүлтүүр өндөртэй агаар цэвэршүүлэгчийг  тогтмол ашиглаж, ажиллуулах үедээ цонх, салхивчаа нээхгүй байх хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгчийг ашигласнаар бид дотоод орчны агаарын бохирдлыг 60-80 хувь бууруулах бүрэн боломжтой юм. Хувь хүн талаасаа бид агаарын бохирдол ихтэй цагууд буюу өглөө оройд амны хаалтаа тогтмол зүүж хэвших зайлшгүй шаардлагатай байна. Аль болох мэргэжлийн байгууллагуудаас хүлээн зөвшөөрөгдсөн N95, PM95 зэрэг шүүлтүүртэй амны хаалтыг сонгож хэрэглэснээр өөрсдийн эрүүл мэндийг гадаад орчны бохирдол болох нарийн ширхэгт тоосонцруудаас хамгаалах боломжтой юм. Эдгээр шүүлтүүртэй амны хаалт нь агаарын бохирдол буюу тоосонцрыг 95% хүртэл шүүдэг. Энгийн амны хаалтаа 2-3 цагийн хооронд тогтмол сольж, шүүлтүүртэй амны хаалтыг үйлдвэрлэгч байгууллагуудаас заасан цаг хугацаанд тогтмол сольж байх хэрэгтэй. Заасан хугацаанаас хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд амны хаалт маань өөрөө бохирдлын эх үүсвэр болж өгдөг.  Мөн амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, биеийн дархлааг дэмжиж, эсэргүүцлийг сайжруулж, ажил амралтаа зөв зохицуулан сайн унтаж амрах чухал. Өглөө, орой бохирдол ихтэй цагуудад аль болох гадаа орчинд ажил хөдөлмөр эрхэлж, дасгал хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөж байна. 

Өвлийн саруудад бидний амьсгалж буй агаарт PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцрын жилийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 дахин өндөр, зарим өдрүүдэд 80 дахин өндөр байгааг судлаачид онцолсон билээ. Энэхүү РМ тоосонцрын бохирдол нь зүрхний шигдээс, харвалт, уушгины архаг бөглөрөлтөт өвчин, багтраа, хорт хавдрын өвчлөлийн шалтгаан болдог байна. Тиймээс НЭМҮТ-ийн мэргэжилтний хүргэж буй дээрх зөвлөмжийг дагаж, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна. 

Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй ч 24 цаг үргэлжилдэггүй

Улаанбаатарчуудын утаатай тэмцэх дараагийн алхам: АМНЫ ХААЛТ

Энэ талаарх хэрэгтэй зөвлөмжийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2005 оноос хойш судалж байгаа МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал Ч.Сономдагваас тодрууллаа. 

Манай улсад агаарын бохирдлын тоосонцор аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Тоосонцрууд нь дотроо PM10, PM2.5 том, жижиг олон янз байдаг. Дэлхий нийтэд агаарын бохирдлын гол үзүүлэлтийг PM2.5-аар хэмжиж байна. Энэ нь маш нарийн, жижиг тоосонцор бөгөөд эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг нь ч өндөр байдаг. Тус тоосонцроос эрүүл мэндээ хамгаалахын тулд агаарын бохирдол ихтэй цагуудад гадуур явахдаа шүүлтүүртэй амны хаалт зүүж, өдрийн цагаар гэртээ болон ажлынхаа байранд агаарын солилцоо явуулах хэрэгтэй. Учир нь Улаанбаатар хотод  агаарын бохирдол их байдаг хэдий ч 24 цагийн турш үргэлжилдэггүй. Орой 18:00 цагаас эхлээд агаарын бохирдол стандарт хэмжээнээс 10-20 дахин ихэсдэг бол үүрийн 05:00 цагт буурч, 07:00 цагт дахиад нэмэгдэж, өдөр 12:00 цагаас эхлээд огцом буурдаг. Тиймээс өдрийн 13:00-17:00 цагийн хооронд гэртээ болон ажлынхаа байранд цонх, салхивчаа нээн агаарын солилцоо явуулахад нэн тохиромжтой. Мөн энэ үеэр өндөр настан, жирэмсэн ээжүүд, хүүхдүүд агаарлахыг хүссэн хүн бүрд оновчтой цаг юм. 

Улаанбаатар хотод  агаарын бохирдол их байдаг хэдий ч 24 цагийн турш үргэлжилдэггүй. Утаа ч бас өдрийн цагаар цайндаа ордог. Улс үндэстнийг хамарсан энэ асуудлыг шийдэх гарц гаргалгаа, эрлээ үргэлжлүүлэн, янз бүрийн арга чарга туршиж үзэж байгаа энэ цаг хугацаанд бид эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ? Дээрх асуултын хариултыг дараах нийтлэлээс уншаарай.