Л.Золбоо: Бусдын мөрөөдлийг биелүүлэх л миний мөрөөдөл болчхоод байна
Спорт
posted.mn
posted.mn
2024.11.15
5 минут
Л.Золбоо: Бусдын мөрөөдлийг биелүүлэх л миний мөрөөдөл болчхоод байна

3,000 хүний суудалтай спорт ордон. Бөмбөг ойх чимээ тасралтгүй дуугарч, хөгжөөн дэмжигчдийн нүргээн тэнгэр доргиох шахна. Тэр найзууд, ач зээгээ дагуулсан өвөө эмээ, гар гараасаа чанга гэгч нь хөтлөлцсөн залуухан хосуудыг ажиж сууснаа “Энэ бүхэн миний мөрөөдөл байсан юм шүү дээ. Тэгээд биеллээ олохдоо бусдын мөрөөдлийг ч биелүүлдэг газар болсон байна” хэмээгээд дулаахан инээмсэглэлээ. 

Тэр бол хамгийн шилдэг мөрөөдөгчдийн нэг. Түүнийг С.Золбоо гэдэг. УранГан ХХК-ийн захирал. Тэрбээр дэлхийн жишиг, стандартад нийцсэн "UG Arena" спорттайнмент цогцолборыг өөрийн хөрөнгөөр буюу төрийн оролцоогүйгээр бүтээн босгосон түүхээсээ хуваалцлаа. 

16-хан настай хүүгийн мөрөөдөл биеллээ олсон нь  

Л.Золбоо: Бусдын мөрөөдлийг биелүүлэх л миний мөрөөдөл болчхоод байна

Түүх ингэж эхэлсэн. Л.Золбоо 16 настайдаа АНУ руу сурагч солилцоогоор явжээ. Улмаар нэгэн америк айлд жил гаруй хугацаанд амьдрахдаа энэхүү санаагаа тархиндаа биежүүлсэн аж. 

Энэ тухайгаа ярихдаа “Ган спорт төвийг яагаад барих болсон бэ гэдгээс яриагаа эхлэх хэрэгтэй болох нь. 16 настай хүү гадаадад сурч явахдаа манай улсад яагаад ийм ордон байдаггүй юм бэ гэсэн асуулттай тулгарч байлаа. Ингээд 20-иод жилийн дараа өөрийнхөө мөрөөдлийн төслийг эхлүүлсэн юм. 2020 онд эхлүүлж, 2022 онд дуусгасан энэ төсөл цар тахлын хор нөлөөнөөс болж бүтэн жил үйл ажиллагаа явуулж чадалгүй таг зогссон. Тэр үед одоогийн “Хасын хүлгүүд” багийн тоглогч Б.Билгүүн, шигшээ багийн дасгалжуулагч Ц.Азбаяр нар ирж уулзаж байлаа. Гэтэл бэлтгэлээ хийх биш шууд тэмцээн уралдаан зохион байгуулах талаар ярьж эхэлсэн. Тэр үед би маш их гайхсан. Яагаад та хэд тэмцээний талаар ярьж байгаа юм гэтэл бидэнд тулгамддаг асуудлыг танайх шийдэж өгч байна гэсэн хариултыг өгсөн юм даа. Эндээс эхэлж UG arena-г барих санаа төрсөн. Нэг бодлын зоригтой боловч нэг бодлын галзуу шийдвэр болж таарсан л даа. Хөрөнгө мөнгөний хувьд ч гэсэн асар олон асуудал тулгарч л байлаа. АНУ-ын аренануудаар зочилж, судалгаа хийсэн тулдаа олон талын хэрэгцээг хангаж чадахуйц энэ бүтээн байгуулалт бий болсон гэж боддог” 

FIBA-гийн албан ёсны газрын зурагт тэмдэглэгдэн үлдэх ба эх оронч хүн 

Залуус эх орноосоо “дүрвэдэг” болсон энэ үед хойш суулгүйгээр хөдөлмөрлөж, бүтээн байгуулж чадаж буй эх оронч хувийн хэвшлийн босгосон түүний гавьяаг үнэлж баршгүй. Бүүр цаашилбал залуучуудыг ядаж л эх орондоо үзэх юмтай байлгаж буйд нь баярлууштай. Тэр энэ тухайгаа “Бид нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төслийг хийсэн. Гэтэл нөгөө талаас хүмүүс харахдаа “та нар ашиг олох гэж л хийгээ биз дээ” гэдэг. Үнэндээ ашиг олохыг хүссэн бол энэ газарт орон сууц бариад зарчхаж болох л байлаа. Гэтэл үр өгөөжөө хэзээ өгөх нь тодорхойгүй энэ бүтээн байгуулалтыг хийсэн. Залуучуудын төлөө, нийгмийн хариуцлагын төлөө хийж чадсан гэж би нүүр бардам хэлнэ. Бүх юм харанхуй тодорхойгүй байхад л эхэлсэн. Энд лиг болно гэж анхнаасаа бодоогүй л явлаа. FIBA стандартыг хангасан энэ бүтээн байгуулалт ашиглалтад орсноор тив, дэлхийн болон олон улсын чанартай томоохон уралдаан тэмцээн, урлагийн тоглолтыг эх орондоо зохион байгуулах дахин нэг шинэ үүдийг нээж буй хэрэг гэж би хувьдаа боддог. Цаашлаад FIBA-гийн газрын зураг дээр Монгол Улсын Улаанбаатар хотод ийм бүтээн байгуулалт байна гэдэг тэмдэглэгээ хийгдэхээр болсон.” 

“Хайрын гүүр болдог UG arena” 

Л.Золбоо: Бусдын мөрөөдлийг биелүүлэх л миний мөрөөдөл болчхоод байна

Нэгэн цагт зөвхөн эрчүүд л гэрээс гарч бөх үздэг байлаа. Чи энэ зааланд ирсэн хүмүүсийг хар даа. Хүйсийн харьцаа нь тэнцүү шахуу байгаа биз. Сүүлд хийсэн судалгаагаар 45:55 харьцаатай болсон байна билээ. Энэ л бидний нийгэмд үзүүлж байгаа үр нөлөө. Хосоороо ирээд тэмцээн уралдаан үзэж байна. Аз жаргал мэдэрч байна. Тэгэхээр хайр сэтгэлийн гүүр болчихсон байгаа биз дээ. Манайд үр ач нараа дагуулж ирээд тогтмол тоглолт үздэг эмээ өвөө хоёр хүртэл бий. Тэднийг харахаар яагаад ч юм баярлах сэтгэл төрөөд байдаг юм. Баг хамт олноороо бахархах сэтгэл ч төрдөг. Энэ олон хүнийг ая тухтай, сэтгэл ханамж дүүрэн гаргана гэдэг чинь асар их хөдөлмөр шаардсан ажил байхгүй юу. 

Хасын хүлгүүд багийн тамирчин Б.Билгүүн: Хэлсэндээ хүрдэг хүн 

Л.Золбоо: Бусдын мөрөөдлийг биелүүлэх л миний мөрөөдөл болчхоод байна

Зөвхөн ярилцагч би бээр түүний хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтыг магтаад байгаа юм биш ээ. Нэгэн цагт спортын төв ордны гадна тамирчид болон үзэгчид нь орж чадалгүй хүлээж ахуйд хэн нэг эрх мэдэлтэн дотор нь заал авч байсан гашуун түүх ч бий. Одоо тамирчид үзэгчид тийм нөхцөл байдалтай ахин учрахгүй нь сайшаалтай. Түүний спортод оруулж буй хувь нэмрийг тамирчин ийн тодорхойлж байна. 

ОУХМ Б.Билгүүн: “Бидний хувьд ийм ордонтой болно гэдэг мөрөөдөл байлаа.  UG arena баригдсанаараа сагсан бөмбөгийн хөгжил хэд хэдэн шат ахисан юм шүү. Анх Л.Золбоог ийм бүтээн байгуулалт хийнэ гэж ярихад нь “За, ёстой худал залж байна даа” гэж бодож явсан удаа ч бий. Гэтэл тэр хийж чадсан. Тэр бол хэлсэндээ хүрдэг хүн” гэв. 

Зургаан давхар “гэгээрлийн сүм” 

Л.Золбоо: Бусдын мөрөөдлийг биелүүлэх л миний мөрөөдөл болчхоод байна

Аав ээжээ даган ирэх хүүхдүүд эндээс ямар нэгэн шинэ соёл, тэвчээр хатуужилд суралцдаг. Нэг ёсондоо бие бялдар болон оюун санааны хүмүүжлийг олж авах UG arena гэх эл газрыг “гэгээрлийн сүм” хэмээн тодорхойлж болохоор аж. Энэхүү спорт цогцолборт зөвхөн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаас гадна өөр олон үйлчилгээ байдаг гэдгийг Л.Золбоо тайлбарлаж өглөө. 

Нэгдүгээр давхар: Худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах бөгөөд зөвхөн спортын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, электрон бараа худалдаалдаг дэлхийд алдартай брэндүүдийг нэг дор төлөвлөсөн. 

Хоёрдугаар давхар: И-спорт төв буюу цахим спортыг сонирхон хичээллэгчдэд зориулан тохижуулсан. Нийт 177 хүний суудалтай, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан и-спорт танхим, мэргэжлийн түвшний компьютер тоног төхөөрөмжийг суурилуулсан. 

Гуравдугаар давхар: 3,000 хүний суудалтай 1,850м2 талбай бүхий спорт танхим. Шалны хувьд Италийн "Dallariva" брэндийн "Compact-45" стандартын "hevea" модоор хийгдсэн бөгөөд олон улсын стандартын нэгдүгээр түвшин буюу хамгийн өндөр зэрэглэлийн тоглолтыг зохион байгуулахад тохирсон чанар стандартыг нэвтрүүлсэн. 

Дөрөвдүгээр давхар: Тоглолтыг дээрээс үзэх хүндэтгэлийн суудлууд, тамирчдын өрөө, тоглогчдын хувцас солих стандарт таван өрөө байхаас гадна массажны өрөө зэрэгцээ байрладаг. Тамирчдын өрөө бүр усанд орох шүршүүр, ариун цэврийн өрөөтэй. Мөн зөвхөн тамирчид, зочид зорчих тусгай лифттэй. 

Тав болон зургаадугаар давхар: Давхар бүр тоглолт үзэхэд зориулан тохижуулсан тусгай өрөөтэй. Энэ 12 VIP өрөө нь дотроо тоглолтыг давхар дамжуулах дэлгэцтэй учир хоёр сонголтыг санал болгож буй гэсэн үг. Мөн 200м2/300м2 талбайтай хурлын танхимуудыг давхар шийдсэн. Эдгээр өрөөнд болон танхим дахь үзэгчид суудлаасаа босолгүйгээр хүссэн зүйлээ гар утсаараа захиалах боломжтой буюу суудал бүрийн ард "QR" код бүхий цэсийг байршуулсан юм. 

“Бусдын мөрөөдлийг биелүүлэх л миний мөрөөдөл болчхоод байна” 

Л.Золбоо: Бусдын мөрөөдлийг биелүүлэх л миний мөрөөдөл болчхоод байна

Ярилцлагын төгсгөлд бид түүнээс “Одоо та юу мөрөөдөж байна вэ” хэмээн асуухад тэр ийн хариулав. 

Одоогийн миний мөрөөдөл бүр том. Та хэдийн, миний мэдэрч байгаа нийгмийн тэгш бус стресстэй байдлыг яаж шийдэх вэ гэж бодож байна. Үр хүүхдэдээ энэ байдлыг яаж дамжуулахгүй байх вэ. Тэдний мөрөөдлийг хэрхэн биелүүлэх гэдэг дээр л толгойгоо гашилгаж байна. Бусдын мөрөөдлийг биелүүлэх миний мөрөөдөл болчхоод байна даа” хэмээв. 

Мөрөөдөл гэдэг зөвхөн өөрт байх ёстой амиа бодсон зүйлсийн илэрхийлэмж байх уу, аль эсвэл бусдын төлөө хийж чадах юм бүхний эхлэл байх уу гэдэг асуултад Л.Золбоо гэх энэ залуугийн түүх хариулт өгч чадна гэж найдаж байна. Энэ хүртэл бидэнтэй хамт байсан уншигч танд баярлалаа.