Түүний гарт өнөөгийн Монгол Улсын нүүр царай болсон олон олон тамирчдын хувь заяа, амьдрал багтдаг гэхэд хилсдэхгүй. Өвдсөн, бэртсэн тамирчдаа хараад өрөвддөг хэдий ч, өөрийнхөө биеэс тасалж өгөөд ч хамаагүй эдгээнэ гэх уриатай энэ эмчийг М.Номин-Эрдэнэ гэдэг. Тамирчид түүнийг "Оросын Маша" гэдгээр нь андахгүй.
Тэр өдгөө “Хасын Хүлэгүүд” багийн спортын эмчээр ажилладаг. Бусдын өмнө ил гардаггүй хэр нь хамгийн гол ажлыг нугалдаг спортын эмч М.Номин-Эрдэнэтэй ийн ярилцлаа. Тэр өмнө жил "Хасыг Хүлэгүүд" багийг аваргын цом гардан авахад мөн л том үүрэг, оролцоотой байж чадсан нэгэн билээ.
"Спортын анагаах ухаан, эмч нар дандаа шигшээ багийн тамирчидтай тулж ажилладаг. Тэдний эрүүл мэнд, бие бялдрыг хариуцдаг маш хариуцлагатай ажил гэж би боддог. Ходоод гэдэс, яс ер нь хүнд бэртэж гэмтэж, өвдөж болох юу л байна түүнийг спортын эмч мэддэг байх ёстой. Чадахгүй мэдэхгүй гэж хойш тавина гэсэн ойлголт бидэнд байхгүй.
Хоёрдугаарт сэтгэл зүйчийн үүрэг хүртэл гүйцэтгэх тохиолдол бий. Хүчтэй өвдөлт мэдэрсэн, бэртэж гэмтсэн тамирчдаа эмчлэх үеэр янз бүрээр сэтгэл санааг нь өргөнө, сэргээх гэж оролдоно шүү дээ. Ер нь дан ганц тамирчид ч гэлтгүй багийн эзнээс эхлүүлээд цэвэрлэгчийг хүртэл эмчилнэ. Хэнийг ч байсан гэр бүлийн гишүүн шигээ л санаж чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй болдог" хэмээн ярих түүний нүднээс эмч хүний чин сэтгэл ажиглагдав.
Тамирчидтай ажиллахад энерги нь маш гоё. Тэдэнд ер нь л өвчин зовлон байдаггүй. Бэлтгэлийн төлөө явдаг, маргаашийн бэлтгэлээ боддог. Бэртэл гэмтэл авлаа гэхэд эдгэнэ гэсэн бодол л тээнэ. Гадаад руу том тэмцээнүүдэд тамирчдаа дагаж явна. Манай тамирчид олон улс, тив дэлхийд улсынхаа нэрийг гаргаж оролцдог. Тамирчин маань амжилттай сайхан оролцоход миний оролцоо ч бас байдаг гэж бодохоор сэтгэл өег байдаг. Эсрэгээрээ ганц нэгхэн чих хатуутай тамирчин таарна. Эмчийнхээ үгэнд орохгүй алхай байна гэдэг өөрийнхөө амжилтаас хойш татаж байна л гэсэн үг шүү дээ.
-Шигшээ багийнхан том багтай учраас бэртвэл шууд л арга авчихна. Харин энгийн, сумын сургуулийн спортын тамирчин бэртэл авбал анхны тусламжаа хэрхэн авах вэ. Мөн анхны тусламж авч байна гээд юун дээр алддаг вэ. Та зөвлөгөө өгөхгүй юү?
-Зөөлөн эдийн гэмтэл авсан бол эхний ээлжид хүйтэн жин тавих хэрэгтэй. Өвдөлт намдааж, тухайн үеийн үрэвслийг дардаг. Ер нь бол хүнээр оролдуулж, татуулж янз бүр бололгүйгээр хүйтэн жин тавьж өвдөлтөө намдаасны дараа эмч дуудаж үзүүлэх хэрэгтэй.
Нэмэлт, Спортын бэртэл гэмтлээс сэргийлэх аргууд:
М.Номин-Эрдэнэ эмч тив дэлхийд нэрээ гаргаж яваа олон олон тамирчдын сайн ар тал байж, удаа дараа өндөр амжилт гаргахад тусалдаг нэгэн. Тэрбээр зарим тамирчдаа хүнд бэртэл авахад нь үнэхээр их эмзэглэж, хэцүү байдалд орсон ч гэсэн заавал эмчилдэг. Тэр энэ тухайгаа ийн ярилаа.
"Олон улсын тэмцээн уралдаанд тамирчдаа дагаад явж байхад, хүнд бэртэл гэмтэл авахыг харах аймшигтай. Хүнд бэртэл авсан ч тэвчээр зааж байгаа тамирчин хэцүү. Буруу харж уйлаад л зөв харж гүлдийгээд л эмчилнэ шүү дээ. Ер эмч хүний зарчим тэр гэж боддог. Үнэхээр медалийн төлөө тоглож байхдаа тийм зүйлтэй учирсан тамирчдад өөрийнхөө биеэс таслаад ч хамаагүй өгчихмөөр санагдах үе гардаг юм"
-Тамирчид биеийнхээ аль хэсэгт түлхүү бэртэл авдаг вэ?
-Боксынхон сарвуу, мөр нь гэмтэх талтай. Бөхийнхөнд өвдөгний зөөлөн эд, холбоосны гэмтэл давамгайлдаг. Тулсан тэмцээнтэй үед тейп боолтоор хамгаалж боогоод оруулдаг. Ерөнхийдөө хуучин бэртэл их сэдэрдэг. Барилдаж байгаад бэртэлтэй хэсгээ эвгүй мушгиулах, хөшүүлэх үед сэдэрнэ. Хамгийн гол нь бэртэл гэмтэл бие халаалтаа дутуу хийж бэлтгэлд орсноос үүддэг. Тиймээс сунгалт сайн хийх хэрэгтэй. Үе болон өвдөгний холбооснуудыг чангалах, ачаалал даах дасгал бэлтгэлдээ хийх шаардлагатай. Түүнд нь тохирсон дасгалууд байдаг. Тамирчид мөр, нуруугаа их халаадаг хэр нь өвдөг тохойг эргүүлсхийгээд л орхичихдог. Тиймээс өвдөг, шагай, тохой, мөрөндөө үе чангалах тусгай дасгал хийх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнөөр үеийг чангалбал тухайн хэсэг нь ачаалал даах чадвар сайтай болж бэртлээс сэргийлнэ. Эдгээр дасгалуудыг тусдаа мэрэгэжлийн хөдөлгөөн засалчид зааж өгч хийлгэдэг
Мөн бэлтгэлийн дараа сунгалтаа хийгээд араас нь булчингаа суллаж байх хэрэгтэй. Ачаалал аваад булчин их зангирчихсан байдаг. Булчингаа суллах нь биеийн булчингийн масс хөгжилд эерэг нөлөөтэй.
-Манай улсын спортын эмч нарын ур чадвар бусад улс орнуудтай харьцуулахад ямар вэ?
-Мэдээж сурах, суралцах юм их бий ч гэлээ манай улсын спортын эмч нарын ур чадвар бусад улс оронтой харьцуулахад сайн шүү дээ. 1961- оноос спортын унагаах ухаан манай улсад хөгжсөн гэхээр тийм ч бага хугацаа биш. Хүмүүс нэг их мэддэггүй л гэж боддог юм.
-Та ярилцлагын төгсгөлд манай уншигч, спорт сонирхогч залууст хандаж үг хэлнэ үү?
Эцэст нь залуус дүү нартаа хандаж хэлэхэд аль болох спортоор хичээллээд эрүүл байгаарай. Хэрэвзээ бэртэл гэмтэл авсан л бол шууд эмчид хандаж мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ авч байгаарай.
-Ярилцсанд баярлалаа.