Нийгэм

Б.Нандин-Эрдэнэ: Өсвөр насны хүүхдүүдэд бие даах, шийдвэртээ эзэн байх боломжийг олгох хэрэгтэй

Б.Отгонзаяа -- 2025.01.043 минут унших

Өсвөр насны хүүхдийн хувьд тархины үйл ажиллагаа нь хараахан хөгжиж дуусаагүй байдаг бөгөөд тэдний тархины үйл ажиллагаа нь илүү сэтгэл хөдлөл төвтэй байдаг. Тиймээс энэ насныхан аливаад хариу үйлдэж, шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөөрөө хандах нь элбэг. Үүнийг дагаад гарч ирдэг асуудал нь эрсдэлт зан үйл бөгөөд бусдад уруу татагдаж, шинэ зүйл туршиж үзэх хандлага нь өндөр байдаг. 

 Б.Нандин-Эрдэнэ: Өсвөр насны хүүхдүүдэд бие даах, шийдвэртээ эзэн байх боломжийг олгох хэрэгтэй

Бид “Хаалгаа битгий хаа, бид тантай ярилцмаар байна” сурвалжилгаараа өсвөр насны охид, хөвгүүд нийгмээс юу хүсдэг, томчуудтай харилцахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг болохыг хөндсөн бол энэхүү нийтлэлээрээ өсвөр насны охид, хөвгүүд болон эцэг эхчүүдэд өгөх сэтгэл зүйчийн зөвлөгөөг хүргэж байна. 

“Хүүхдэдээ бие даах боломж олгох хэрэгтэй”

“Focus on the Family” байгууллагын сэтгэл зүйч Б.Нандин-Эрдэнэ 

“Эрсдэлт зан үйл гэдэгт архи тамхины хэрэглээ, зодоон цохион, сошиал медиагийн буруу хэрэглээ зэргийг хамруулж ойлгож болно. Гэхдээ өсвөр насны хүүхэд бүр эрсдэлт зан үйлтэй байдаг гэж хэлэхгүй. Харин энэ тал дээр эцэг эхчүүд болон томчууд тодорхой хил хязгаар тавьж, гарч болох эрсдлийн талаар нээлттэй ярилцах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, харилцаагаа илүү тодорхой болгож, тамхи татах нь яагаад буруу болохыг, эрүүл мэндэд яаж сөргөөр нөлөөлдгийг хор уршиг талаас нь тайлбарлаж өгвөл хүүхдээ эрсдэлт үйлдлээс хамгаалж чадна. 

 Б.Нандин-Эрдэнэ: Өсвөр насны хүүхдүүдэд бие даах, шийдвэртээ эзэн байх боломжийг олгох хэрэгтэй

Мөн өсвөр насны хүүхдүүд энэ үед өөрийгөө том болсон гэж мэдэрдэг. Тиймээс тэд илүү бие даахыг хүсдэг бөгөөд эцэг эхээс хараат байхыг хүсдэггүй. Энэ үед эцэг эх болон хүүхдийн хооронд зөрчилдөөн үүсдэг. Нэг талаас эцэг эхийн хувьд хүүхэд нь том болоогүй харагддаг бол хүүхдийн зүгээс өөрийгөө том болчихсон гэсэн мэдрэмжтэй байдаг. Өсвөр насны энэ мэдрэмж нь тийм ч муу зүйл биш бөгөөд хүүхэд бие даасан байдлаа мэдэрч, өсөж төлөвшихөд нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс эцэг эхчүүд маань 

  • хүүхдэдээ бие даах боломж олгож, 
  • өөрийн шийдвэртээ эзэн байх, 
  • эрсдэлээ өөрөө үүрэх зэрэг амьдралын чадварыг олж авахад нь тэвчээртэй хандах хэрэгтэй.” 

Энгийн жишээ санал болгоход, эцэг эхчүүд хүүхдэдээ өдөр бүр халаасны мөнгө бага багаар өгдөг байсан бол, одоо өсвөр насны хүүхдэдээ долоо хоногоор нь өгч, санхүүгээ зохицуулахад нь бие даалгах зэргээр дэмжих боломжтой.

Өсвөр насныхан хүйсээс хамаарч ялгаатай эрсдэлд өртдөг байна. Судалгаагаар Сэтгэл гутрал, түгшүүр, хоолноос татгалзах, өөрийгөө гэмтээх зэрэг илүү дотогш чиглэсэн сэтгэл зүйн эрсдэлүүд өсвөр насны охидын дунд илүү түгээмэл байсан бол бусдыг дээрэлхэх, нийгмийн хэм хэмжээг зөрчих гэх мэт гадагш чиглэсэн эрсдэл нь өсвөр насны хөвгүүдийн дунд илүү түгээмэл илэрдэг байна. Тиймээс бид өсвөр насны охид, хөвгүүдэд зориулсан сэтгэл зүйчийн зөвлөгөөг хүргэж байна.

 Б.Нандин-Эрдэнэ: Өсвөр насны хүүхдүүдэд бие даах, шийдвэртээ эзэн байх боломжийг олгох хэрэгтэй

 “Focus on the Family” байгууллагын сэтгэл зүйч Б.Нандин-Эрдэнэ 

“Өсвөр насанд мэдрэгдэж буй таатай, таагүй олон мэдрэмж, бодлууд үргэлж л таагүй, тухгүй хэвээрээ байх юм шиг мэдрэгддэг. Гэвч одоо насанд хүрсэн хүний өнцгөөс өсвөр насны өөрийгөө харахад “би яагаад тэр үед тэгж боддог байсан юм бол, яагаад өөртөө дургүй байсан юм бол оо” гэж их гайхдаг. Тиймээс өсвөр насны хүүхдүүддээ хандаж хэлэхэд та нарт төрдөг таагүй мэдрэмжүүд, таагүй хэвээр үргэлжилдэггүй юм шүү.”

“Өөрийнхөө сайн сайхан талыг анзаараарай, охид оо!”

Өсвөр насанд охидын дунд өөрийгөө бусадтай харьцуулж, ялангуяа гадаад төрхийн хувьд өөрийгөө голох явдал их анзаарагддаг. Охиддоо хандаж хэлэхэд та нар бүгд өөр өөрсдийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Үүнийгээ мартаж болохгүй. Чи өөрийнхөө сул талыг л харж байж болох ч, эргэн тойронд чинь чам шиг болохыг, чиний аль нэг зан чанарт суралцчих юм сан гэсэн бодолтой хүн олон байгаа шүү. Тиймээс өөрийнхөө сайн сайхан талыг анзаараад нэг үзээрэй. 

 Б.Нандин-Эрдэнэ: Өсвөр насны хүүхдүүдэд бие даах, шийдвэртээ эзэн байх боломжийг олгох хэрэгтэй

“Эрэгтэйлэг байна гэдэг нь сэтгэл хөдлөлөөр тодорхойлогддог зүйл биш шүү”

Харин өсвөр насны хөвгүүддээ хандаж хэлэхэд, эрэгтэй хүн ч гэсэн айж, эмээж, уйлж, гуниглах бүрэн эрхтэй юм шүү гэж хэлье. Эрэгтэй хүн байснаараа уйлж болохгүй, гомдож болохгүй, сэтгэл мэдрэмжээ илэрхийлж болохгүй мэт нийгмийн тогтсон хандлага манай соёлд тодорхой хэмжээнд ажиглагддаг. Гэвч эдгээр сэтгэл хөдлөлүүд ХҮН БҮРД байх ёстой зүйл бөгөөд, ингэж мэдрэгдэх нь хэвийн гэдгийг манайхан илүү хүлээн зөвшөөрдөг болж байгаа. Тиймээс сэтгэл хөдлөл, мэдрэмжээ гадагшлуулж байгаарай. Мөн эрэгтэйлэг байна гэдэг нь сэтгэл хөдлөлөөр тодорхойлогддог зүйл биш шүү. Өөрийнхөө буруу гэж бодсон сөрөг үйлдлийг хийхгүй байх эсэх сонголт чиний гарт байгаа. Тиймээс аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр хандахаас болгоомжилж байгаарай.