Монголын Эзэнт Гүрний үеийн чухал таван захидал
Түүх
Ayuussh
Ayuussh
2024.08.12
5 минут
Монголын Эзэнт Гүрний үеийн чухал таван захидал

Эртнээс нааш монголчууд бид хэл бичиг, харилцааны өндөр боловсролтой ард түмэн байсаар ирсэн бөгөөд дэлхий нийтийг байлдан дагуулж байх хүчирхэг цаг үедээ бусад улс орнуудтай элч солилцож, бичиг захидал илгээлцэж, дипломат харилцаа тогтоож байсны ул мөр болох олон дурсгал бичиг үлдсэн байдаг. Энэхүү нийтлэлээр уншигч та бүхэнд Монголын Эзэнт Гүрний үеийн чухал таван захидлыг танилцуулж байна. 

“Зэр зэвсэг хэрэглэж, дайтан тулалдах нь хэнд ашигтай байх билээ?!”

Монголын Эзэнт Гүрний үеийн чухал таван захидал

Хубилай хааны захидал (1266). Энэхүү захидал япон хэл дээр бичигдсэн байдаг. Хубилай хаан 1266 онд Япон руу элч илгээж байсан бөгөөд уг захидалд хаан өөрийгөө тэнгэр язгуурт гэж онцлоод, монголчуудтай найрсаг харилцаа тогтоох үүднээс япончуудын талаас нэг ч удаа элч илгээж байгаагүйг нь сануулжээ. Хаан дөрвөн тэнгис далайг өөрийн гэр орон гэж үзэж, улс орнууд найрсаг харилцаагүй байж болохгүй, зэвсэг хэрэглэн дайтан тулалдах нь аль аль талдаа ашиггүй гэдгийг уламжилсан байна.

“Болзсон цагтаа цэргүүдээ илгээж, хүч хавсар!”

Монголын Эзэнт Гүрний үеийн чухал таван захидал

Ил хаан Аргунаас Францын IV гоо Филипп ванд илгээсэн захидал (1289). Энэхүү захидлыг монгол бичгээр бичжээ. Ил хаан Аргун 1287 онд Ромын пап өрнөдийн орны вангуудад Раббан Савма хэмээх сири хүнийг элчээр илгээжээ. Раббан Савма 1288 онд Перст буцаж ирэхдээ “Хэрэв Ил хаан Египетийн мамлюкийн эсрэг цэрэг хөдөлгөвөл туслах хүчин илгээнэ” гэсэн Францын IV гоо Филипп вангийн амлалтыг Аргун хаанд уламжилсан байна.  Тус амлалтын хариуд 1289 онд Аргун хаанаас дахин захидал илгээсэн бөгөөд  энэ захидалд барс жил өвлийн адаг сард мордож, хаврын тэргүүн сарын арван таванд Дамаскт буух тул цэргүүдээ болзсон цагт нь илгээж, хүч хавсрах тухай сануулжээ. 

“Монголчууд аливаа шашин шүтлэгийг хүндэтгэн үздэг!”

Монголын Эзэнт Гүрний үеийн чухал таван захидал

Аргун хаанаас Ромын пап лам IV Николаст илгээсэн бичиг (1290). Ромын Пап лам IV Николас 1288, 1289 онд Ил хаан Аргунд бичиг илгээж, католик шашинд орохыг ятгажээ. Түүний хариу болгон илгээсэн энэхүү монгол бичгээрх захидалд Ил хаан Аргун монголчууд аливаа шашин шүтлэгийг хүндэтгэн үздэг бөгөөд шашин шүтэхдээ гол нь бус, шүтлэгтээ үнэнч байж, сайн үйлс үйлдэж явах нь чухал биз ээ гэсэн санааг илэрхийлэхийн зэрэгцээ монголчууд тэнгэртээ чин үнэнч залбирч, гуйвалтгүй явах нь зүйн хэрэг бөгөөд ямар шашин шүтэхийг тэнгэр мэднэ гэсэн санааг өгүүлжээ. 

“Мамлюкуудыг хамт зайлуулцгаая!”

Монголын Эзэнт Гүрний үеийн чухал таван захидал

Хасан хаанаас VIII Бонифас Пап ламд илгээсэн захидал (1302 он). Энэхүү захидал нь монгол бичгээрх захидал юм. Ил хаад 1260 онд Аин Жалутын тулалдааны үеэр мамлюкуудад алдсан Сирийн газар нутгийг эргүүлэн авч, Газар дундын тэнгис рүү гарцтай болох хүсэлтэй байжээ. Хасан хаан 1299-1300 онд Сириэс мамлюкуудыг хөөн зайлуулж, Дамаск хотыг бүслээд байсан боловч Цагаадайн хаант улсын довтолгооны улмаас дараа жилийн өвөл эргэн довтлохоор Иран руу буцжээ. Хасан хаан мамлюкуудын эсрэг дахин довтлохоор шийдэж, 1302 онд Ромын пап Бонифаст захидал илгээсэн бөгөөд энэхүү захидалд хамтран тулалдах тухай дурдсан байдаг аж.

“Харилцан найрамдалтай байхаас сайн зүйл юу байх билээ!”

Монголын Эзэнт Гүрний үеийн чухал таван захидал

Ил хаан Өлзийтөөс Францын гоо Филипп ванд илгээсэн захидал (1305). Өлзийт хаан уг захидлыг Францын IV гоо Филипп ванд 1305 онд монгол бичгээр бичиж байжээ. Энэхүү захидал Францын Үндэсний архивд хадгалагдаж байгаа бөгөөд захидалд гарч буй агуулгад үндэслэн олон судлаач эрдэмтэн монголчууд Монголын их амар амгалан (Pax Mongolica) буюу дэлхий дахин нийтээр энх тайван, амар амгалан оршин тогтнох дипломат ёсыг бий болгосон гэж үздэг байна. Монголын Эзэнт Гүрнийг захирч явсан их хаадын эдгээр захидлаас хэмжээгээрээ ч тэр, агуулгаараа ч тэр хамгийн том нь энэ захидал юм. Захидлын агуулгыг бүтнээр нь орчин цагийн монгол хэлээр хөрвүүлбэл,

Өлзийт хааны үг. Францын хаан танаа,

Эртнээс та бүхэн Францын хаад манай сайн элэнц, сайн өвөг, сайн эцэг, сайн ахад амиралдаж (өвөг дээдсийн үеэс найрамдаж), хол боловч ойр мэт сэтгэж, аливаа үгсээ өчиж, элчээ, мэндийн бэлгээ илгээцгээж байсныг юу эс андах билээ. Эдүгээ тэнгэрийн хүчинд бид их ор суусанд урьд сайн өвөг, сайн эцэг, сайн ахын зарлиг зассаныг үл өөрчлөн андгай мэт сэтгэж, урьдынхаас илүү их найрамдаж, элчээ илгээлцэж байя хэмээн сэтгэж байгаа маань энэ. Бид ах дүү нар муу харцын ташаа үгээр дургүйлхэж, эдүгээ Чингис хааны ургууд бид 45 оноос хойш муудалцсан нь тэнгэрт ивээгдэж, бүх ах дүүс найрамдаж, наран ургах Нанхиадын газраас аван Тэлү далай хүртэл уул ус барилдаж, замаа уяж (өртөө бий болгон, зам холбож), бидний хооронд муу сэтгэвээс бүгдээр түүний эсрэг тэмцэн байя хэмээн үг барилдав. Эдүгээ манай сайн өвөг, сайн эцэг, сайн ахад амиралдсан ёс тань хэр талбихун хэмээж (найрамдлаа болихгүй биз дээ), Мамлуг Түмэн (хоёр элч) хоёрыг илгээв. Таны олон Францын хааныг бүгд хамт найрамдсан гэдгийг сонслоо. Үнэнхүү зохилдохоос сайн юу байх билээ! Эдүгээ бидэнд танд үл зохилдохыг тэнгэрийн хүчинд бүгдээр хамт эсрэгцэн байхыг тэнгэр мэдтүгэй. 

Долоон зуун дөрвөн онд (лалын шашны тооллоор), могой жил, зуны тэргүүн сарын найманд (1305 онд) Аливана хотод бичлээ.

Энэхүү Өлзийт хааны захидлын эх хувийг Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдээд буй  “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнд зориулан Францын Үндэсний архиваас Монгол Улсад авчирсан бөгөөд 2024 оны наймдугаар сарын 25-ныг хүртэл үзэж сонирхож болох юм байна шүү.