2025 оны нэгдүгээр сарын 1. Энэ өдөр монголчууд бидний хувьд түүхэн ач холбогдолтой, онцгой өдөр болж, Монгол Улс албан ёсоор хос бичигтэн үндэстэн боллоо. Бид 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол хэлний тухай хуулийг батлан, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн албан хэргээ кирилл болон үндэсний гэсэн хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан байдаг. Кирилл болон монгол бичгээр төрийн албан хэргийг зэрэгцүүлэн хөтлөх ёстой энэхүү хуулийн заалт энэ өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна.
Ерөнхийдөө үндэсний соёлын баялаг өвийг танин мэдэх, судлан дэлгэрүүлэх, ёс заншлаа өвлүүлэн уламжлуулах нэгэн нөхцөл бол монгол бичиг мөн гэж үзэж, 1995 оноос хойш гурван удаагийн “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг орон даяар хэрэгжүүлжээ.
Монгол бичгийн сэргээн дэлгэрүүлэх ажлын эхлэл тавигдсан түүхэн он жилүүд. "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I" батлагдаж, монгол бичгийг боловсролын салбарт энэ үеэс эргэн нэвтрүүлж эхэлсэн байна. Бүх шатны сургуулийн сурагч, оюутнуудад монгол бичиг зааж эхэлсэн бөгөөд багш нарыг бэлтгэж, ном товхимолыг орон даяар түгээж эхэлсэн нь үндэсний бичгийн мэдлэгийг залуу үед өвлүүлэх суурь алхам болж байжээ.
Монгол бичиг зөвхөн хичээл биш, бодит хэрэглээ болох ёстой гэсэн зорилгоор "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II" хэрэгжиж эхэлсэн байна. Энэ удаа төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл хангах, хэвлэл мэдээлэл, ном зохиолын салбарт монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарчээ. Үүнээс гадна монгол бичгийг цахим орчинд нэвтрүүлэх эхлэл тавигдан, ном зохиолыг хөрвүүлэх ажлыг эрчимжүүлж, төрийн ёслол хүндэтгэлийн бичигт үндэсний бичгийг ашиглах туршилтууд эхэлсэн байна.
“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хос бичигтэн үндэстэн болох зорилго тавин хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд монгол бичгийг өдөр тутмын хэрэглээ болгох үүднээс технологийн орчныг бүрдүүлэхэд түлхүү анхаарч, хөрвүүлэгч программ, цахим хичээлүүд, шинэ шинэ сурах бичгүүд бүтээж, төрийн албан хаагчид монгол бичгийн шалгалт өгч эхэлсэн билээ. Хөтөлбөрийн үр дүнд үндэсний бичиг сургалтын танхимын хүрээнээс хальж, залуусын мессеж, сошиал пост бичих гээд өдөр тутмын хэрэглээнд шингэж эхэлсэн юм.
Дэлхий нийтийн хэмжээнд ихэнх хэлүүд нэг бичгийн системтэй байдаг. Жишээ нь, англи хэл латин үсгээр бичигддэг бол грек хэл грек цагаан толгойг, орос хэл кирилл үсгийг бичгийн тогтолцоондоо ашигладаг. Харин нийгэм хэл шинжлэлийн салбарт “диграфи” гэх нэр томьёо байдаг аж. Энэ нэр томьёог “хосолсон бичгийн тогтолцоо” хэмээн эх хэлнээ орчуулж болох юм. Уг ухагдахууны хүрээнд авч үзвэл, синхроник (хам цагийн) болон диахроник (цуваа цагийн) 2 төрлийн хос бичгийн тогтолцоо байдаг байна. Өөрөөр хэлбэл, хам цагийн хосолсон бичгийн тогтолцоо нь тухайн цаг үед хоёр төрлийн бичгийн системийг зэрэгцүүлэн ашиглах, харин цуваа цагийн хосолсон бичгийн тогтолцоо нь нэг бичгийн тогтолцоог нөгөөгөөр сольж хэрэглэж буй түүхэн үйл явцыг илэрхийлдэг аж. Хос бичигтэн үндэстэн буюу хоёр өөр бичгийн системийг зэрэгцүүлэн ашигладаг улс орон дэлхий дээр цөөнгүй бий. Тухайлбал,
Хятад улс уламжлалт (traditional) болон хялбаршуулсан (simplified) ханз үсгийг зэрэгцүүлэн ашигладаг. Уламжлалт ханзыг ихэвчлэн Хонг Конг, Макао, Тайвань зэрэг бүсүүдэд хэрэглэдэг бол хялбаршуулсан ханзыг БНХАУ-д түгээмэл ашигладаг ажээ. Хялбаршуулсан хятад ханз үсгийг 1952 онд боловсруулж, 1956 онд нийтээр хэрэглэх болжээ. Уг хялбаршуулсан ханзыг боловсруулахдаа Хан үндэстний түүхэн бичиг үсгийг концепц болгон ашигласан бөгөөд шинээр бичиг зохиохгүй гэсэн зарчмыг баримталж байжээ.
Серб хэл нь славян хэлний бүлэгт багтах бөгөөд Серби, Босни ба Херцеговин, Монтенегро, Хорват, Умард Македон зэрэг бүс нутгуудад 9-10 сая хүн ярилцдаг. Энэ хэл Серби улсын албан ёсны хэл бөгөөд кирилл болон латин үсгийн тогтолцоог хослуулан ашигладаг байна. Хоёр бичгийн тогтолцоо тус улсад аль аль нь хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд 2006 онд Сербийн Засгийн газар кирилл үсгийг албан ёсны бичгийн системээр тогтоожээ. Тийм боловч хэвлэл мэдээлэл, өдөр тутмын хэрэглээнд латин үсэг түгээмэл хэрэглэгддэг байна.
Япон хэлний бичгийн систем нь хос бичгийн системээс ч илүү нарийн бөгөөд гурван үндсэн бичгийн тогтолцоог (заримдаа дөрөв гэж үздэг) зэрэгцүүлэн ашигладаг онцлогтой. Эдгээр нь канжи, хирагана, катакана юм. Мөн зарим тохиолдолд ромажи буюу латин үсгийг бичгийн системд оруулж үзэх хандлагатай байдаг бөгөөд энэ нь гадаад хүмүүст япон үгсийг зөв дуудаж, зөв уншихад зориулагджээ.
Дээрх үндсэн гурван бичгийн тогтолцооноос үзвэл канжи (ханз) нь хятад хэлний ханзаас гаралтай бөгөөд япон хэлний үгийн сангийн ихэнхийг илэрхийлэхэд ашиглагддаг. Харин хирагана нь япон хэлний уугуул цагаан толгойн тэмдэгт бөгөөд ханзаар бичихэд төвөгтэй эсвэл бичигддэггүй үгсийг тэмдэглэхэд хэрэглэгддэг бол катакана нь гадаад гаралтай үгсийг бичих зориулалтаар түгээмэл ашиглагддаг байна.
Харин бидний хувьд мянга гаруй жилийн түүхтэй үндэсний бичгээ ийнхүү эргүүлэн албан ёсоор төрийн бичиг болгон хэрэглэж эхэлж байгаа юм.
Тийм л дээ. Албан хэргийг хос бичгээр стандартын дагуу хөтлөн явуулах нь төрийн албан хаагчдад хамаатай. Гэхдээ бүх нийтээрээ үндэсний бичгээ сонирхон судлаж, түгээн дэлгэрүүлбэл ямар вэ? Монгол бичиг бол бидний өв соёл, бахархал бөгөөд түүнийг зөвхөн ахмад үеийнхэн болон албан үйл хэрэгт зориулсан зүйл гэж бодохоос илүүтэйгээр найман настай балчраас 80 настай буурал, тэр ч байтугай гадаад иргэд ч суралцах боломжтой нээлттэй өв гэдгийг санах хэрэгтэй шүү дээ. Хэл бичиг, соёл гэдэг хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, яриа хөөрөө, зуршилд шингэсэн цагт олон зууны туршид уламжлан амьдрах учиртай. Тиймээс монгол бичгээ сонирхон судалж, цахим орчинд ашиглаж, бие биедээ зааж, хуваалцах нь чухал юм. Харин уншигч та үндэсний бичгээ өдөр тутамдаа хэрэглэж, хувь нэмэр оруулахад бэлэн үү?