Хүүхэд гэдэг тэр чигтээ цэвэр тунгалаг, хир халдааж боломгүй оршихуй гэлтэй. Энэ гэгээн оршихуйд хорвоо ертөнцийг нээхэд туслах үүргийг хүлээсэн хүмүүс бол эцэг эх юм. Гэр бүл гэдэг жижиг бүлгээс хүүхэд суурь хүмүүжил, хувь хүний шинж чанараа бүрэлдүүлэн нийгмийн харилцаанд орж эхэлдэг. Харин зөв төлөвшилтэй, хэрэгтэй дадлуудыг эзэмшсэн бие хүнийг бий болгоход туслах нэг чухал зүйл бол ном.
“Хүүхдүүд номтой хэр найзалдаг вэ. Хүүхдийг номын ертөнцөөр аялах уртаас урт аяллыг нь бий болгоход эцэг эхийн зүгээс хангалттай дэмжлэг үзүүлж чаддаг болов уу” гэж та бодож үзсэн үү? Азийн сангаас 2022 онд Монгол Улсад хийсэн судалгаагаар таваас доош насны хүүхдүүдийн 10 хүрэхгүй хувь нь өдөр бүр ном уншдаг бол 40 хүрэхгүй хувь нь долоо хоногт нэг удаа ном уншдаг байна. Таваас доош насны хүүхэд гэхээр арай балчирхан мэт санагдаж болох ч хүүхдийн тархины хөгжлийн 80 хувь нь гурван нас хүртлээ явагддаг аж.
Бид аль болох багаас нь хүүхдэдээ ном уншиж өгөх хэрэгтэй
Тэгэхээр сургуульд орж, хангалттай юмсыг ойлгож танин мэддэг болсон үед нь хэмээн хойшлуулах хэрэггүй байгаа биз. Хүүхдэдээ ойлгохгүй байгаа зүйлийг нь тайлбарлаж, харилцан ярилцсанаар тэдний өмнө цоо шинэ ертөнц нээгдэх юм. Бага насны хүүхдэдээ чангаар ном уншиж өгөх нь тэдний харилцах, ойлгох чадварыг сайжруулаад зогсохгүй, хувь хүний зан чанарыг төлөвшүүлж, сониуч занг өдөөн, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өсөлтийг сайжруулдаг ажээ.
Бидний өмнө харагдаж л байдаг жижигхэн дөрвөлжин тэдгээр номууд ийм чухал ач холбогдолтой нь илэрхий боллоо. Иймээс хүүхдийн номын ертөнц рүү шагайх хүсэл төрж, энэ салбарын нэгэн төлөөлөл болох Хүүхдийн номын зураач, зохиолч Б.Төрмөнхтэй ярилцлаа.
“Хүүхэд бол танин мэдэхүй, амьдралын туршлагагүй л хүн”
“Бид хүүхэд, том хүн хоорондоо ялгаатай гэдэг хандлагаас болоод хүүхдийг үл тоомсорлодог. Зөвхөн биологийн талаас нь буюу гаднах төрхөд тулгуурлан эгдүүтэй, хөөрхөн гэдэг хандлагаар ханддаг л даа. Үүнээс болоод хүүхэдтэйгээ ойлголцдоггүй. Энэ нь боловсролын систем, нийгэм, ахуй амьдрал дээр ч илэрдэг. Гэвч үнэндээ хүүхэд өөрийгөө хүүхэд гэж бодохгүй, яг л бидэнтэй адил өөрийн гэсэн харах өнцөгтэй, ойлголттой. Гаднын орнууд хүүхэдтэй хүн ёсоор харьцаж, хүн гэх хандлагаар харьцдаг. Хүүхэд бол танин мэдэхүй, амьдралын туршлагагүй л хүн. Тэр бүрд утга учиртай тайлбарлаж өгч, хүн ёсоор ханддаг болохоор гаднын орны нийгэм, хөгжил дэвшил гайхалтай явж байна.
Би бол аав хүн. Намайг дөнгөж аав болох үед хүүхдийн ном Монголд хомс байсан. Иймд зураач мэргэжлээрээ дамжуулан хүүхдэдээ зураг зурж, түүх бичин, бүтээж өгье гэсэн зорилготой арав гаруй жил явжээ. Үүний тулд судалгаа сайн хийх шаардлагатай. Хүүхдийн үг, хэл, найруулга, үзэж хардаг зүйлс, өнгө, дүрслэл гээд бүгдийг судална. Мөн олон улсын зурагт номын судалгаанууд ч бий. Мэргэжлийн өндөр түвшинд хөгжсөн улс орнууд бүх талаас нь анхаарал хандуулж, хүүхдийн насны ангилалд тааруулан зураг, зургийн бүтэц, номын агуулга, зохиолын бүтэц, дизайн гээд цаашаа нарийн задраад явдаг юм. Миний хувьд эхлээд хүүхдэд хандах хандлага дээр анхаарал хандуулж байна.”
“Бид хэсэгхэн хугацааг л хүүхдийг сонсоход зарцуулснаар тэдний ирээдүйг гэрэлтэй болгоно”
-Таны зурдаг өнгө аяс их өвөрмөц санагддаг. Та зураачийн өнцгөөс хүүхдийн номыг хэрхэн хардаг вэ?
-Миний зурдаг төрөл бол уран зураг биш, иллюстрацийн төрөл юм. Энэ нь дотроо комикс, манга гээд олон төрөл бий. Минийх бол цэвэр зурагт номдоо багтана. Монголд их сургуулиудад хүүхдийн зохиолчийн анги гэж байхгүй. Хүүхдийн уран зохиол гэдэг ч юм уу, ганц нэг хичээл маягаар заагаад өнгөрдөг. СУИС-д ч хүүхдийн номын зургийн анги гэж байхгүй. Сүүлд анимейшний анги нээсэн, төгсөгчид нь удахгүй 10-аас дээш болох байх. Өнөөдөр Монголд зохиолч, контентийн хомсдолтой байна даа. Иймээс би уран бүтээлчдийг уриалах, урам өгөх, хор шарыг нь малтах маягаар зураг сошиалд оруулдаг юм. Цаг заваараа, заримдаа зорьж зураад оруулна.
Бид хэсэгхэн хугацааг л хүүхдийг сонсоход зарцуулж, тэдний асуултаар дүүрэн ертөнцийг бага багаар хариултаар дүүргэж байвал ирээдүйг нь илүү гэрэлтэй болгох юм шүү дээ. Хүүхдэд ном уншиж өгч, харилцан ярилцаж, уншсан номтой холбоотойгоор бүтээлч ажил хийх нь тэдний сэтгэлгээг тэлэхэд маш том хувь нэмэр оруулдаг. Ердөө арван тавхан минут. Энэ л хугацаа номд шимтэн дурлах мянга мянган хүүхдийг бий болгоно.
Хүүхдийн ном бол гэр бүлийн ном
Бага насны хүүхдэд тохирсон номыг нь цаг гарган уншиж өгөх тун чухал аж. Нийтлэлийн эхэнд дурдсан асуулт руугаа эргэн орвол, монгол гэр бүлүүд дунд ном унших нь түгээмэл бус бөгөөд үүний гол шалтгаан нь цаг зав хомс явдал байв. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлсэд ачаалал ихтэй, ажлын өдөр уртсах, орлого багатай гэр бүлүүд олон ажил зэрэг хийх хэрэгцээ зэрэг багтдаг ажээ.
-Залуу эцэг эхчүүд хүүхдэдээ ном уншиж өгөх, хамтдаа номоо сонгох тал дээр харьцангуй сайн. Миний харж байгаагаар бидний үеийнхэн бага насаа нийгмийн шилжилт, хямралыг давж өнгөрөөсөн. Ном гэдэг тансаг хэрэглээ шиг л санах нь бий. Ном тансаг хэрэглээ мөн, гэхдээ хүнд маш хэрэгтэй агаар, ус, идэх хоол шиг зүйл. Монголчууд ном уншихгүй явж болоод байна. Гэвч өндөр хөгжил, дэвшилтэй улс орнууд номыг хоол ус шиг анхаардаг учраас боловсрол, соёл, чадвар нь ч өндөр түвшинд хөгжсөн. Мэдээж нөгөө талаар бас манай зарим эцэг эхчүүд номын дэлгүүрт хүүхэдтэйгээ ярилцан, ном сонгож харагддаг л даа. Хэвлэлийн газрын тухайд төрийн байгууллагууд хүүхдэд өөрийн гэсэн орон зай өгөхгүй, хатуу зарчимтай байдаг бол хувийн хэвшил, хэвлэлийн газрууд харьцангуй чөлөөтэй байдаг. Энэ утгаараа зурагт ном Монголд бас хөгжиж л байна.
Томчуудад бүх зүйл хэрэгтэй байдаг шиг хүүхдэд ч бүх зүйл хэрэгтэй. Өдгөө хүүхдэд зориулсан танин мэдэхүй, уран зохиол гээд бүх төрлийн ном номын дэлгүүрт харьцангуй сонголттой байдаг болжээ. Одоогоор 200 гаруй хэвлэлийн газар Монголд бүртгэлтэй юм билээ. Цар тахлаас хойш номын эрэлт хэрэгцээ ихэссэн. Тэр хэрээрээ хүүхдийн ном ч олноороо төрөн гарах эхлэл тавигджээ.
15 минутыг ном уншихад зарцуулах нь маш том хөрөнгө оруулалт
Бага насны хүүхдэд насны онцлогт нь тохирсон ном уншиж өгөх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, буддаг ном хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, өнгө ялгах танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэн, анхаарал төвлөрөх, гарын ур дүйг нэмж, стресс, сэтгэл түгшүүрийг арилгадаг ажээ.
“Хүүхдүүд бидэнтэй адилхан юм хүсдэг, түүнийг нь бид өгөх үүрэгтэй. Ном уншихын ач холбогдол гээд эцэг эхчүүд бэлэн хоолны жор шиг юм хүсээд байдаг. Тийм зүйл байхгүй. Мэдээж олон улсын судалгаанууд гарч байгаа. Жишээ нь, буддаг ном бол хүүхдийн гарын булчинд, сэтгэхүй танин мэдэхүйд нь хэрэгтэй. Хүүхэд чинь юу хүсэж байна, заримдаа юуг нь асуухгүйгээр авч өгөх, юуг нь асууж авч өгөхөө мэдрэх нь чухал. Иймд номын дэлгүүрт цаг гаргаж цуг очих хэрэгтэй. Нөгөө талаас хүүхдийн ном бол гэр бүлийн ном юм.
Хүүхдийн танин мэдэхүйн ном авлаа гэхэд түүнийг уншаад ах нь, эгч нь нэг юм хэлнэ. Нэг сэдвийг олон талаас нь барьж аваад ярилцах халуун дулаан уур амьсгалыг үүсгэж байна. Ярилцана гэдэг өөрөө ойлголцоно гэсэн үг. Тэгэхээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын түлхүүр бол ном, тэр дундаа хүүхдийн зурагт ном. Текст нь ээж аавд хэрэгтэй, зураг нь хүүхдэд хэрэгтэй. Хүүхэд тэндээс төсөөллөө олж авдаг. Мөн зурагт ном аз жаргалыг бий болгодог. Бид одоо маш завгүй амьдралын хэв маягтай болсон шүү дээ. Өглөө гараад л орой орж ирнэ. Ийм цаг үед зурагт номыг хүн 15-хан минутад уншаад, зургаас нь гоо сайхныг мэдрээд, агуулгаас нь урам зориг, аз жаргалыг мэдэрдэг байхгүй юу.”
“Зөвхөн Монголдоо гээд байвал дэлхийн ертөнцийн асар их мэдлэгийг мэдрэхгүй”
“Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт” хэмээн Ц. Дамдинсүрэн хэлсэн байдаг. Бид өргөн мэдлэгийг өөрсдөдөө бий болгохын тулд дан ганц эх хэлээрээ хязгаарлагдахгүй, олон хэлээр унших нь сэтгэлгээний цар хүрээгээ тэлэхэд дэмтэй юм.
“Бид зөвхөн Монголдоо гээд байвал дэлхий ертөнцийн асар их мэдлэгийг мэдрэхгүй. Хүн нэг амьдралаараа зуу насаллаа гэж бодоход ном бол мянган хүний амьдралын мянган тохиолыг мэдэрч болох утга учиртай зүйл. Мэдээж бид ирээдүй, үр хойчдоо зориулж монгол өв соёлын агуулгыг уламжлах ёстой. Гэхдээ ямар өв соёлыг түгээх вэ гэдэг агуулгыг чухалчлах хэрэгтэй юм. Дээр үед л сайхан байсан юм шигээр одоо хүүхдүүдийг “унагааж” болохгүй. Манай “Жангар” редакц монгол уламжлал, өв соёлтой холбоотой олон зурагт ном хийсэн, одоо ч хийсээр байна. Өнөөдрийн нийгэмд тохируулан агуулгыг өөрчилж, шинэчлэн найруулж байна даа.”
“Номын хуудсыг нээхэд бидний өмнө шинэ ертөнц дэлгэгддэг”
“Өсөж дэвшиж байгаа организм шинэ юманд маш дуртай байдаг. Номын хуудсыг нээхэд бидний өмнө шинэ ертөнцийг дэлгэдэг шүү дээ. Үзэл санаа, харах өнцөг нь тогтсон том хүмүүс “Би энэ номтой санал нийлэхгүй байна, би ийм ном уншихгүй амьдарч болоод байна” гэж чаддаг. Хүүхдүүд бол өөр. Миний хувьд хүүхэдтэйгээ нэг хуудсан дээр тогтож, ярилцан, зурж, бичин илүү нарийн мэдрүүлэхийг зорьдог. Хүүхдүүдтэйгээ долоо хоногт тодорхой цаг гарган ингэж өнгөрөөхийг хичээдэг л дээ. Энэ нь хүүхдүүдэд туслах, нөгөө талаас уран бүтээлчийн хувьд эрэл хайгуул болж өгдөг юм.”
-Сүүлд гаргасан “Бяцхан салхи” үлгэрийн номыг зохиосон түүх болоод тэндээс ямар зүйлийг хүүхэд тусгаж аваасай гэж бодсоноо хуваалцаач.
-Салхины үлгэрийг хүүдээ зориулж бичсэн. Манай хүү хурдан том болох юм сан гэж боддог байсан. Ер нь хүүхэд болгон хурдан том болох юм сан гэж боддог. Өөрийнхөө насанд мэдрэх, туулах зүйлээ хангалттай мэдрээсэй гэсэн үүднээс бичсэн юм. Энэ ном бол бяцхан салхи нүд үлээх том салхи болж чаддаг болох хүртэлх урам зоригийн тухай түүх юм.
Ердөө 15 минутыг хүүхдэдээ зарцуулан, ном уншиж, дараа нь хамтдаа ярилцсанаар хүүхдэд олон талын ач холбогдол, эерэг нөлөөллийг бий болгож, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг ч бүрдүүлдэг байх нь. Бид өмнө нь үлгэр сонссоноор хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар нийтлэл бэлтгэж байсан бөгөөд тогтмол үлгэр сонсох нь хүүхдийн нухацтай сэтгэлгээг хэрхэн хөгжүүлдэг талаар энэхүү нийтлэлээс уншаарай.