Хүний нүд ялган харж, тархи ойлгож таних боломжтой 10 сая орчим өнгө байдаг. Харин бидний ялгаж таних чадварыг давсан, хязгааргүй олон өнгө байгаль ертөнцөд оршин буй. Төгсгөлгүй үргэлжлэх байгалийн өнгөний спектрээс бид 10 саяыг ялгаж хардаг атлаа маш цөөхнийг нь нэрлэж чадна. Тэгвэл та Pantone (Цаашид монгол хэлээр Пантон хэмээнэ) өнгө гэж өмнө нь сонсож байв уу? Дэлхий даяар дизайнер, брэнд, загвар зохион бүтээгчдийг яг адилхан өнгөөр сэтгэхэд хүргэдэг Пантон гэж юу юм бол? Ямар шалгуураар, яаж энэ өнгийг жил бүр тодруулж, тэр нь яагаад дэлхий даяар тренд болдог юм бол? Эдгээр асуултын хариултыг авахаар Pantone өнгөний нууцад нэвтэрцгээе.
“Яг нэг тийм улаан өнгө...” ийм шаардлага сонсож л байсан биз. Яг нэг тийм өнгө гэдэг нь ямар өнгө гэдгийг ойлгохгүй, олон улаан дунд төөрч будилах үе бидэнд бишгүй их. Тэгвэл “яг нэг тиймэрхүү өнгө” гэдгийг ойлгомжтой болгох ажлыг хийдэг газар бол Пантон юм. Нэг нь тод улаан гэхэд нөгөө нь интоорын улаан эсвэл гал шиг улаан гээд л. Пантон энэ ээдрээтэй байдлыг шийдэн, өнгө бүрийг кодолж, хаана ч, хэн ч хүссэн өнгөө хялбархан ойлгуулах боломжийг бүрдүүлсэн ажээ. Тэгэхээр Пантон бол дизайн, хэвлэл, загвар гэх мэт янз бүрийн салбарт өнгө нэрлэх системийг бий болгосон компани юм. Энэхүү өнгөний хүрээлэн 2,000 гаруй тодорхой өнгө бүхий стандартчилагдсан өнгө тааруулах системийг олон нийтэд санал болгодог.
1963 онд Лоуренс Херберт анх Пантон системийг танилцуулснаар өнгийг стандартчилах чиглэлээр дэлхийн тэргүүлэгч байгууллага болж, дэлхий даяарх дизайнерууд, хэвлэлийн газрууд, үйлдвэрлэгчдийн чухал хэрэгсэл болжээ. Уг үг нь итали хэлээр "бүх өнгө" гэсэн утгатай юм.
2025 оны тренд өнгө “Mocha Mousse”
Пантон хүрээлэнгээс жил бүрийн арван хоёрдугаар сард ирэх оны тренд өнгийг зарладаг бөгөөд 2025 оны өнгөөр 17-1230 кодтой “Мока мусс” (mocha mousse) буюу дулаан, тайван мэдрэмж төрүүлэх зөөлөн бор өнгийг онцолжээ. Кофе, какао, шоколадыг санагдуулам энэ өнгө нь тухтай мэдрэмж төрүүлэхээс гадна энгийн хэр нь тансаг харагддаг өнгө юм. Хамгийн анх 2000 онд тухайн жилийн тренд өнгөөр “Sky Blue” буюу тэнгэрийн цэнхэр өнгийг нэрлэснээс хойш 24 дэх жилдээ ийнхүү дараагийн тренд өнгийг онцлов. Харин улиран одож буй 2024 оны онцлох өнгө энх тайван, амар амгаланг бэлгэдэх цайвар жимсний өнгө болох “Peach Fuzz” байсан юм.
Пантон өнгөний хүрээлэн нь “Оны онцлох өнгө”-ийг нийгэм, соёлын хүчин зүйлсийг тусгасан цогц үйл явцын судалгааны үндсэн дээр сонгодог. Ингэхдээ дараах хүчин зүйлсийг авч үздэг аж.
Соёлын чиг хандлага. Өнгөний мэргэжилтнүүд урлаг, загвар, технологи, улс төр, амьдралын хэв маягийн чиг хандлагад дүн шинжилгээ хийж, нийгмийн сэтгэл санаа, өөрчлөлтийг өнгөөр илэрхийлдэг.
Өнгөний сэтгэл зүй. Хүмүүсийн сэтгэл хөдлөлд өнгө хэрхэн нөлөөлж, тухайн жилийн үйл явдлуудтай хэрхэн холбогдож болохыг судалдаг.
Дэлхийн үйл явдлууд. Pantone нь дэлхий даяарх чухал үйл явдал, хөдөлгөөн, нийгмийн өөрчлөлтүүдийг харгалзан үзэж, сонгосон өнгө нь эдгээр өргөн хүрээний өөрчлөлтүүд болон хүмүүсийн үзэл бодол, хандлагыг хэрхэн бүрдүүлж байгааг тусгадаг.
Загвар ба дизайн. Хувцас загвар, интерьер дизайн, график дизайн, бүтээгдэхүүний дизайн зэрэг загвар зохион бүтээгчдийн ашигладаг өнгөт палитрыг судалж, олон нийтэд таалагдаж буй шинэ өнгө төрхийг олж хардаг.
2025 оны онцлох өнгө Мока муссыг дэлхий ертөнц дэх сүүлийн хэдэн жилийн тогтворгүй, дайн, мөргөлдөөн, үймээн самуунтай байдалд үндэслэн газар шорооны өнгийг бэлгэдэж, энх тайвныг тогтооход дэлхийн чиг хандлагыг хандуулахаар сонгожээ. Уг өнгө нь газар шорооны хөгжин цэцэглэлт, ургацын өгөөж, байгальтайгаа холбогдох утга санааг давхар илэрхийлж буй. Mөн тэнцвэрт байдал, эрүүл мэндээ сахин хамгаалахыг бэлгэдэхийн зэрэгцээ орчин үеийн загвар, амьдралын хэв маягийн чиг хандлагатай нийцүүлэн минимал, энгийн хэв маягийг бүрдүүлж байгаа юм. Пантон хүрээлэнгийн 2024 болон 2025 оны онцлох өнгөнүүдийг харахад зөөлөн шинжтэй, тухтай тайван байдлыг илэрхийлж, энх тайвныг бэлгэдсэн өнгөнүүд сонгож байгаа нь хүмүүс жилээс жилд хүрээлэн буй орчноос аюулгүй байдал, сэтгэлийн амар амгаланг мэдрэхийг эрмэлзэж буйг гэрчилж байгаа билээ.
Оны Пантон өнгийг нэрлэх нь хувцас дизайн, соёл урлаг, маркетингийн чухал ач холбогдолтой юм.
Соёлын тусгал. Тухайн жилийн өнгө нь нийгэм дэх нийтийн сэтгэл санаа, туршлага, өөрчлөлтийг илэрхийлдэг. Зоримог, эрч хүчтэй эсвэл тайван, тухтай өнгө эсэхээс үл хамааран өнгөний сонголт нь улс төрийн хөдөлгөөн, эдийн засгийн өөрчлөлт, нийгмийн чиг хандлага, дэлхийн үйл явдлууд гэх мэт дэлхий дээр болж буй бүхий л үйл явдлыг тусгадаг. Жишээ нь, 2022 онд “Very Peri” буюу бүдэг цэнхэр өнгийг амилуулах мэт үл ялиг нил ягаан туяатай өнгийг сонгосон нь цар тахлын улмаас үүссэн сорилт, өөрчлөлтийг тусгаж, цаашдын бүтээлч байдал болон өөрчлөлтүүдийг илэрхийлсэн билээ.
Трендийн нөлөө загвар, маркетингийн хэрэгсэл болох нь. Пантонын оны өнгө нь дизайн, загвар, гэрийн чимэглэл, маркетинг, бүтээгдэхүүний дизайн зэрэгт онцгой нөлөөлдөг. 2025 оны Мока мусс өнгө ч хувцас загвар, гоо сайхан, технологийн салбаруудад хэдийн хүч түрэн орж ирсэн юм. Тухайлбал, Ким Кардашяны “SKIMS” хувцасны брэнд, Хэйли Биберийн “Rhode” брэндийн шинэ арьс арчилгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүд, “Saint Laurent” болон “JW Anderson” брэндүүдийн 2025 оны хаврын цуглуулгуудад ч уг өнгө шингэжээ. Түүнчлэн технологийн компаниас Motorola компани “Razr 50 Ultra” шинэ загварын утасныхаа өнгөний сонголтод тус өнгийг багтаасан юм.
Сэтгэл зүйд үзүүлэх нөлөө. Өнгө хүний сэтгэл хөдлөл, зан төлөвт хүчтэй нөлөөлдөг. Тиймдээ ч Пантон хүрээлэнгээс онцолдог жил бүрийн өнгөнүүд тав тух, өөдрөг үзэл, хүч чадал, эрч хүч гэх мэт сэтгэлзүйн олон янз байдлыг гүн гүнзгий илэрхийлж байдаг билээ. Судалгаагаар ямар нэг өнгийг эргэн тойрондоо олон удаа харах нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг өдөөж, тухайн өнгө хувь хүний шинж чанарт цаг хугацааны явцад нөлөөлдөг хэмээх үр дүн гарсан байдаг /Schindler, M (2017). “Environmental Color and its Impact on Perception and Behavior: How Dominant Colors in Environments Influence Emotional and Cognitive Processes”. Color Research & Application/. Тэгэхээр санаа зовнил, сэтгэл гутрал, түгшүүр ихэссэн энэ үед аюулгүй, тайван мэдрэмж төрүүлэх зөөлөн өнгийг бүхий л салбарт өргөнөөр ашиглаж, хүмүүсийн нүдэнд их өртөх нь сэтгэл санааг тайтгаруулах шидтэй юм. Иймээс жилийн онцлох өнгийг нэрлэх нь зөвхөн өнгө сонголт төдий биш, харин ирэх жилийн өнгө аясыг тодорхойлон, загварын чиг хандлагад нөлөөлж, олон нийтийн сэтгэл зүй болоод оюун санааг өөрчлөх чадвартай учраас жил бүр тодруулдаг ажээ.
Хязгааргүй олон өнгөнөөс хэдэн хувийг нь ч болов нэрлэж, хүссэн өнгөө олоход тусалдаг Пантон өнгөний хүрээлэн болон 2025 оны онцлох өнгөтэй танилцаж, юу, яагаад, яаж гэсэн асуултуудын хариултыг авлаа. Одоо харин ирэх ондоо кофе, какаог санагдуулам Мока мусс өнгөөр гангараад, тухтай тайван байдлыг мэдрэн, амьдралыг таашаах л үлдэх шив дээ. Аяга халуун кофегоор тэврүүлэх мэт дулаан, зөөлөн 2025 оныг тэсэн ядан хүлээцгээе!
Эх сурвалж: www.pantone.com