Critical thinking

Яагаад нухацтай сэтгэлгээг хүүхдэд бага наснаас нь заах хэрэгтэй вэ?

Чөлөөт бичээчид -- 2024.11.304 минут унших

“Насны багад эрдэм сур.  
Нарны эртэд малаа бэлчээ”  – Монгол ардын зүйр үг 

Нухацтай сэтгэх ур чадварт хүүхдийг аль болох бага байхаас сургах нь өндөр өгөөжтэй юм. Учир нь бага насандаа нухацтай сэтгэлгээд дадсанаар мэдээллийг шинжлэх, нийлмэл санааг ойлгох, асуудалд олон өнцгөөс хандах ур чадвар нь эхнээсээ хурц хөгжих боломжтой ажээ.  

Нухацтай сэтгэлгээ нь сэтгэхүйн ур чадварын хамгийн гол тулгуур, үндэс юм. Мөн суралцагчийн сурах чанарыг илэрхийлэх хамгийн чухал үзүүлэлт болдог (Alsaleh, 2020). Энэ тулгуур ур чадварыг сайтар хөгжүүлбэл бусад мэдлэг, чадварыг эзэмшихэд илүү хялбар, дөхөм болох юм.  

Тулгуур ур чадвар

Нухацтай сэтгэлгээ нь мэдээж биеийн тамирын ур чадварт нөлөө багатай ч, тархины тамирт чухал нөлөөтэй. Янз янзаар хувааж болох ч ерөнхийд нь гурван багцад ангилан авч үзье. 

Яагаад нухацтай сэтгэлгээг хүүхдэд бага наснаас нь заах хэрэгтэй вэ?

Сэтгэхүйн ур чадвар 

• Асуудал шийдвэрлэх: Нухацтай сэтгэлгээ нь логик шинжилгээ, асуудлыг системтэйгээр шийдэх, шийдэл хайх, шийдлээ үнэлэх тухай сургана.  

• Суралцах ба дасан зохицох: Шинэ мэдээлэлтэй идэхвтэй ажиллаж, илүү гүн гүнзгий ойлголт авах, ойлголтоо тогтоон үлдээх, бусад өөр нөхцөлд дахин ашиглахад сургана.  

• Шийдвэр гаргах: Нухацтай сэтгэлгээ нь баримт, учир зүй, ирээдүйн таамаглалд тулгуурласан сонголтод хөтөлдөг.  

Харилцааны ур чадвар 

• Үр дүнтэй харилцаа: Нухацтай сэтгэгчид санаагаа тов тодорхой цэгцтэй бүтэцчилж, оновчтой нотолгоо дэвшүүлэхийн сацуу бусдын харах өнцгийг ойлгож чаддаг.  

• Сэтгэлийн ухаан: Өөрийгөө таних, өөрийгөө бусдын оронд тавих, зөрчлийг шийдвэрлэх зэрэгт нухацтай сэтгэлгээ тусалдаг. Нухацтай сэтгэлгээ нь өөрийн болон бусдыг бодол санаа, сэтгэл хөдлөлийг ойлгох, шинжлэхэд хэрэг болдог.  

Бүтээлч байдал ба Инновац 

• Бүтээлч үнэлгээ: Нухацтай сэтгэлгээ нь бүтээлч санааг сайжруулах, шигших арга зүй олгодог. Бодит шийдэл ба хийсвэр мөрөөдлийг хооронд нь ялгаж сурна.  

• Инновац: Таамаглал шалгах, санааг шат шатаар шалгахад тусалдаг. Бүтээлч шийдэл, инновацууд бүхий шинжлэх ухаан, инженерчлэлийн салбарт энэ ур чадвар маш чухал ач холбогдолтой.  

Насны багад эрдэм сур 

Яагаад нухацтай сэтгэлгээг хүүхдэд бага наснаас нь заах хэрэгтэй вэ?

Тэгвэл яагаад энэ тулгуур ур чадварыг бага байхаас нь заах ёстой юм бол? Хүүхдэд нухацтай сэтгэх ур чадварыг олгох нь дараах гурван үр ашигтай. Үүнд: 

  • Хүүхдүүд том хүнээс илүү хурдан, үр ашигтай суралцдаг. 
  • Хүүхэд байхдаа суралцсан зүйлс насан туршид нь хадгалагдан үлдэх магадлал өндөр. 
  • Хүүхдүүд том хүнтэй харьцуулахад сэтгэхүйн гажуудлаас ангид байдаг. 

Сэтгэхүйн ур чадварын хувьд хүүхэд том хүнээс илүү хурдан, үр ашигтай суралцдаг тухай Эдинбургийн их сургуулийн профессор Лүкас нарын судалгаа бий (Lucas, Bridgers, Griffiths, & Gopnik, 2014). Уг судалгаанд хүүхэд зарим нэг логик асуудлыг насанд хүрсэн хүнээс илүү хурдан ойлгохын сацуу, гажуудал (bias) багатайгаар сэтгэж байгааг нотолжээ. Гажуудал гэдэг нь хүний сэтгэхүйн төлөв, өмнөх туршлагаас хамаарч логик сэтгэлгээнд алдаа гарах юм (Чөлөөт бичээчид, 2024). Гажуудлыг залруулах маш түвэгтэй ба хүн гажуудалд автсанаа анзаарахгүй байх магадлалтай. Харин бага наснаасаа гажуудлаас ангид сэтгэж, автаж болзошгүйгээ анзаарч сурвал илүү сайн дархлаа тогтдог. Хэдий гажуудлаас бүр мөсөн салах боломжгүй ч, нөлөөнд нь бага автах боломжтой юм.  

Ашигласан материал 

Alsaleh, N. J. (2020). Teaching Critical Thinking Skills: Literature Review. Turkish Online Journal of Educational Technology-TOJET, 19(1), 21-39. 

Lucas, C. G., Bridgers, S., Griffiths, T. L., & Gopnik, A. (2014). When children are better (or at least more open-minded) learners than adults: Developmental differences in learning the forms of causal relationships. Cognition, 131(2), 284-299. 

Чөлөөт бичээчид. (2024). Нухацтай сэтгэлгээ. (С. Өнөр, Хян.) Улаанбаатар: Чөлөөт бичээчид паблиш.