Соёл хэрхэн урт удаан амьдардаг юм бол?
Хэл соёл
Ayuussh
Ayuussh
2024.09.10
5 минут
Соёл хэрхэн урт удаан амьдардаг юм бол?

Та рамён иддэг үү. Хаанаас рамёны тухай мэдэж авсан бэ?

Ингээд бодоод үзсэн чинь анх инстаграм дээр нэгэн хоолны заавартай контент оруулдаг хуудасны бичлэг тааралдахад рамёны тухай мэдэж аваад, зорьж идэж үзэж билээ. Түүнээс хойш олон төрлийн рамён ч миний инстаграмд гарч ирдэг болов. Би ч рамёнд дуртай болж, миний иддэг өдөр тутмын хоол болсон юм. 

Интернэт орчин хөгжиж, бид бие биетэйгээ уулзаж чадахгүй ч нэгнийхээ хийсэн хоолны амтыг мэдрэх боломжтой болчхож. Бид нэг нэгнээ танихгүй ч, “бид хэн бэ” гэдгээ хуваалцахад хялбархан болжээ. Энэ бол дэлхийн даяаршил, түүний ямар хүчтэй байгаагийн нэг илрэл. Харин үүний нөгөө талд ондоошил буюу “бид хэн бэ” гэдэг асуудал үргэлж дагаж явах бөгөөд “бид хэн бэ” гэдгээ хэдий чинээ идэвхтэй судалж, сурталчилна, төдий чинээ бидний “бид хэн бэ” хүчирхэг бөгөөд урт настай байна. Тэгэхээр дахин нэг сайтар бодоод үзвэл “даяаршил” гэдэг зүйл өөрөө ондоошлоо ухамсарладаг, түүнийгээ түгээн дэлгэрүүлдэг үндэстнүүдийн өрсөлдөөн юм шиг. 

Соёл хэрхэн урт удаан амьдардаг юм бол?

Бидний “бид хэн бэ” - соёл

Бидний “бид хэн бэ”-г илэрхийлж, биднийг нэгтгэх соёлын өвөрмөц онцлогийг тодорхойлохыг зорьсoн нэгэн судалгаагаар иргэдийн 33% нь өв соёл, ёс заншил биднийг нэгтгэж байгаа үнэт зүйл мөн гэж үзсэн бол 21% нь газар нутаг хил хязгаар, 15% нь эх хэл гэж үзжээ. Цагаан сараар төрөл саднаараа зочилж, Наадмаар эрийн гурван наадам үзэж, уламжлалт хуримлах, найрлах дэг жаягийг  энэ л нутагт төрөхөөс үхэх хүртэл эрхгүй дагаж мөрдөж, сэтгэлийн гүнээсээ энэ газар нутгийн агаараар сэтгэж байгаагаас хойш биднийг энэ бүхэн л тодорхойлох аж. 

Тэр ч утгаараа Монгол хэлний тухай хуульд Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн” гэж, Соёлын тухай хуульд “эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил зэрэг үндэсний үнэт зүйлийг эрхэмлэн хөгжүүлэх, нандигнан өвлүүлэх замаар үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлнэ” гэж заасан буй. Нэгэнт энэ газар нутгийг олж, энэ газар нутгийн соёлоор хүмүүжиж, нийгэмшсэнээс хойш энэ л биднийг гэх илэрхийлэл, дэлхийн түвшинд төлөөлөх нэрийн хуудас гэдгийг ухамсарлаж байх нь залуус бидний чухалчлах хэрэгтэй асуудал юм.

Өөрсдийгөө судалъя, өөрсдийнхөө тухай ярилцъя

Соёл хэрхэн урт удаан амьдардаг юм бол?

Соёлоо хадгалах, урт настай байлгахын тулд түүнийг судалж, ярьж, хуваалцах нь хамгийн чухал. НҮБ-ын соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын (ЮНЕСКО) судалгаагаар, үндэстний соёлыг хадгалж үлдэхийн тулд уг соёлыг үргэлжлүүлэн судалж, шинэ үеийнхэнд дамжуулах нь чухал алхмуудын нэг гэдгийг онцолжээ. Энэ нь цаашлаад соёлыг хамгаалаад зогсохгүй, соёлыг шинэ цагийн байдалд зохицуулан цаашид урт удаан жил амьдрах боломжийг өгдөг гэж үзсэн байна. Мөн мэдээж судлаад орхихгүй тэр бүх судалгааны арвин санг бүх нийтээрээ уншиж, бүх нийтийн хэмжээнд түгээх, цахимжуулах хэрэгтэй гэдгийг судлаач бүхэн онцолдог. Тухайлбал, монгол ардын дуу, үлгэр домгийг цахим хэлбэрээр хадгалж, тэдгээрийг цахим хуудас, нийгмийн сүлжээгээр түгээж, энэ талаар бултаараа ярилцаж, сониучирхах нь бидний соёл бидний дунд оршин байх үнэ цэнийг бүтээх юм. 

Дэлхийн банк: Соёл бол тухайн орны брэндийг бүрдүүлэх чухал хүчин зүйл

Даяаршиж буй өнөөдрийн бидний ертөнцөд монгол соёлыг хадгалан, хөгжүүлэх нь бидний өвөрмөц байдлыг дэлхий нийтэд харуулж, бусдаас ялгарах боломжийг бий болгож, залууст олон улсын түвшний асуудалд өөрийгөө таниж мэдсэн, ухамсартайгаар өөртөө итгэлтэй оролцоход тусална. Дэлхийн банкны 2023 оны судалгаанд соёлын өвийг эдийн засгийн хөгжилд хэрхэн ашиглаж болох талаар дурдагдсан бөгөөд үндэстний өвөрмөц соёл нь тухайн орны брэндийг бүрдүүлэх чухал хүчин зүйлсийн нэг гэдгийг өгүүлжээ. Монгол соёлын өвийг дэлхийн зах зээлд гаргах, үүгээр дамжуулан соёлыг түгээх нь биднийг дэлхийд танигдах, өрсөлдөх боломжийг бүрдүүлэх юм.

Монголын соёлын өвийг амьд байлгаж, түгээснээр бидний үндэстний "бид хэн бэ" гэдэг асуултын хариулт илүү тодорхой болж, дэлхий нийтэд монголчуудын соёлын хүчийг залуусын сэтгэл зүрх, оюуны чадамжаар дамжуулан харуулж чадна.

“Нялуурахыг хайр гэхгүй. Мартахгүй байхыг хайр гэнэ” Б.Лхагвасүрэн

Соёл хэрхэн урт удаан амьдардаг юм бол?

Бид соёлоо, хэлээ, заншлаа жилдээ, улиралдаа нэг удаа “ийм юм, тийм юм” гэж хэн нэгний нялуун бичвэр, эшлэлээр л тунхаглан зарлахаас илүү яг л рамён шөл шиг өдөр бүр ярьж, өдөр бүр сонирхож, өдөр бүр түгээж, өдөр бүр мартахгүй байхад л бидний өөрсдийгөө гэсэн хайр, бидний “бид хэн бэ” урт настай, удаан жаргалтай байх юм шиг.

Монголчууд бид эртнээс нааш баялаг түүх, гүн гүнзгий утга учирт соёл, ёс заншил, сэтгэлгээтэй ард түмэн. Бидэнд энэ бүхэн БИЙ. Дэлхий даяар зэвсгийн хүчээр бус, соёлын хүчээр өрсөлдөх болсон энэ цаг үед бид цаг мөч бүр өөрсөд рүүгээ өнгийж, өөрсдийн тухай судалж, өөртөө байгаа зүйлсээ ярилцаж, хөөрөлдөх нь чухал юм байна, залуус аа!