Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлж буйгаар дэлхий даяар хамгийн эрэлттэй таван мэргэжлийн жагсаалтыг мэдээлэл технологи болон өгөгдөл суурьтай мэргэжил тэргүүлж байна. Хэдхэн жилийн өмнө бид хуульч, багш, эмч, үйлдвэрийн ажилтан зэрэг цөөн тооны чиглэлийн хүрээнд мэргэжил сонголтоо хийдэг байсан бол өнөө цагт технологи үсрэнгүй хөгжихийн хэрээр бидний урьд өмнө төсөөлж ч байгаагүй мэргэжлүүд шинээр бий болсоор байна. Энэхүү дэвшилтэт өөрчлөлт урлагийн салбарт хүртэл хүчтэй нөлөөлөх болжээ. Тухайлбал, бид цаасан дээр өнгө будаг хоршуулан зурсан зургийг уран зураг хэмээн үздэг байсан бол өнөө цагт дижитал арт урлагийн төрөл хүчээ авах болов. Иймээс дижитал урлагийн төрлийг таниулан сурталчилж яваа, бидний дунд “Сараагийн урлан” цахим хуудсаараа хэдийн танил болсон чөлөөт уран бүтээлч Г.Саранчимэгийг “БИДНИЙ НЭГ” буландаа онцолж байна.
Түүний урлагтай холбогдсон түүх нэн сонирхолтой. Хэдий багаасаа л зурах дуртай, урлагт хайртай хүүхэд байсан ч аав ээжийнхээ зөвлөсний дагуу санхүүгийн менежмент чиглэлээр ШУТИС-ийг 3.5 жилийн хугацаанд суралцаж төгсжээ. Гэсэн ч тэрбээр зурах хоббигоо орхиогүй бөгөөд урлагаар суралцах шийдвэрээ хэрхэн гаргаж байсан талаарх сонирхолтой түүхээр бидний ярилцлага эхэлсэн юм.
“Би багаасаа л зурах дуртай, сторитэлинг буюу түүх хүүрнэсэн өгүүлэмжтэй анимэйшн их үздэг хүүхэд байсан юм. Диснейн Рапунзель (Tangled) хүүхэлдэйг үзээд “Ямар гоё юм бэ? Би ч бас ийм бүтээл дээр ажиллахыг хүсэж байна” гэж боддог байснаа тод санадаг юм. Гэвч мэргэжил сонгох үедээ гэр бүлийнхэндээ “Би зургаар явмаар байна” гэдгээ 100 хувь илэрхийлж чадаагүй учраас санхүүгийн чиглэлээр суралцаж, төгссөн. Энэ шийдвэртээ нэг их харамсдаггүй юм. Учир нь би хичээлдээ дуртай байсан, олон ч сайхан найзуудтай болсон. Гэвч мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн 11 сарын хугацаанд ажлаас халширч эхэлсэн. Хэдий би урлагаар сураагүй ч зурах хоббигоо орхиогүй. Оюутан байхаасаа л “Мост” сэтгүүлд манга өгдөг, жижиг скетч зурдаг байсан болохоор хобби маань үндсэн ажилтай давхцаж, эцэст нь би зургаа сонгон ажлаасаа гарсан. Миний энэ шийдвэрийг аав ээж хоёр маань эхэндээ ойлгоогүй. Тэдний үед уран бүтээлч гэдэг бол амьдралаа авч явах хэмжээний хүн биш гэдэг хэвшмэл ойлголт байсан шүү дээ. Намайг зураач болчихвол урланд суугаад л зураг зурдаг. Бүтээл нь зарагдвал мөнгө олоод, зарагдахгүй бол талх усан дээр амьдарна гэж санаа нь зовдог. Маш сайн ярилцсаны эцэст намайг ойлгосон доо.”
Ийнхүү анимейшн хийх хүсэлдээ хөтлөгдөн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд элсэн оржээ. Магистрын ангид хичээлүүдээ нарийвчилж үздэг, судалгаа суурьтай байсан нь түүний төсөөллөөс өөр байсныг тэрбээр нуусангүй.
“Магистрын ангид хичээлүүдээ нарийвчилж үздэг, илүү судалгаа суурьтай байсан тул миний төсөөллөөс өөр байсан. Би уг нь зурж сурахыг, анимэйшн хийхийг хүссэн шүү дээ. Над шиг хоббигоороо зурж сурсан хүмүүс шууд л лаг, гоё юм хийх гэдэг юм билээ. Тиймээс гадаадад суралцахаар шийдэж, Европын хэд хэдэн сургуульд материалаа илгээсэн юм. Америкийн хоёр ч сургуульд 40-60 хувийн тэтгэлэгтэй тэнцсэн ч төлбөр өндөр байсан учраас явж чадаагүй. Тухайн үед аав ээж маань БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгийг санал болгож, улмаар Солонгос улсад суралцаж, төгссөн.”
Энэ бол манай улсад дижитал урлагийн төрөл хөгжиж эхлээгүй байсан үе. Бидний хувьд “цоо шинэ” энэ зүйл түүний хувьд хамгийн сайн мэдэх зүйл нь байв. “Хамгийн гоё хичээлүүдийн маань нэг бол гэрэлтдэг ширээн дээр цаас тавьж байгаад 1990-ээд оны Диснейн хүүхэлдэйн кино бүтээгчид шиг зураглал бүрийг нь цаасан дээр буулгах байсан юм. Унаж буй навч, өнхөрч байгаа бөмбөг гээд л…” хэмээн инээмсэглэх түүний ярианаас эзэмшсэн мэргэжилдээ ямар дуртай гэдэг нь илхэн харагдах шиг болов.
“Миний харж, үлгэрлэдэг байсан уран бүтээлчид бүгд дижитал арт хийдэг байсан юм. Мөн Диснейн анимэйшн, анимэ их үздэг, манга уншдаг маань энэ чиглэлийг сонгоход нөлөөлсөн байх. Уламжлалт болон дижитал зураг гэдэг хоёр өөр ойлголт ч гэлээ уг суурь нь адилхан байдаг. Чи сайн зурдаг л бол ариун цэврийн цаасан дээр ч зурж чадна. Миний хувьд дижитал арт гэдэг хэдийн дасал болчихсон, сонирхдог зүйл маань байсан учраас энэ чиглэлээр суралцсан.”
Хоббигоо ажил хэрэг болгосон түүний хувьд чөлөөт уран бүтээлчээр бүтээлээ туурвидаг бөгөөд өдгөө “The Rise and fall of the Tibetan Empire” буюу Төвөдийн түүхийн тухай 2D анимэйшн дээр ажиллаж байгаагаа бидэнтэй хуваалцсан юм.
“Одоо миний хувьд Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтарч, Төвөдийн түүхийн тухай өгүүлэх 2D анимэйшн дээр ажиллаж байгаа. Манай ажил олгогч Төвөдийн түүхийн талаар доктор хамгаалсан, энэ мэдлэгээ олонд түгээхийг хүсдэг хүн байдаг юм. Төслөө эхлүүлэхдээ Ази соёлтой, Азийн орнуудаас уран бүтээлчдийн багаа бүрдүүлэх хүсэлтэй байсан учраас надтай холбогдсон. Одоо бид Монголоос гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Миний хувьд ерөнхий арт директороор бүх дүрийн дизайн, дүрийн анимэйшныг хариуцаж ажиллаж байгаа гэсэн үг.”
Хүн ам цөөтэй манай орны хувьд чөлөөт уран бүтээлч байна гэдэг нэг талаараа асар их боломж хэдий ч нөгөөтээгүүр бидний сул тал аж. Тухайлбал, 200 сая хүн амтай улсад уран бүтээлээ зарж борлууллаа гэхэд хүн амын 0.001 хувь нь тухайн бүтээлийг худалдан авахад таны орлогыг бүрдүүлэх боломжтой. Харин эдийн засгийн жижиг зах зээл нь урлагийн хөгжилд ч бас нөлөөлдөг аж.
“Монголд дижитал артист, чөлөөт уран бүтээлч байна гэдэг нь давуу болон сул талтай. Давуу тал нь гэвэл өөрийгөө таниулах маш амархан. Нэг жилийн хугацаанд тууштай гоё бүтээл хийхэд хүмүүс чамайг мэддэг болно. Нөгөөтээгүүр зах зээл нь жижиг учраас зарим тохиолдолд ажил олдохгүй, олон улсын хөдөлмөрийн зах зээлд гаръя гэхэд хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй, ойлгомжгүй нөхцөл байдал үүсдэг. Ингээд харахаар өнөөгийн нөхцөлд уран бүтээлч байна гэдэг карьерын хувьд маш тогтворгүй. Бүх зүйл төсөөлсөн шиг байдаггүй учраас хийж буй зүйлдээ 100 хувь хүсэл эрмэлзэлтэй, тэмүүлэлтэй байх л хамгийн чухал гэж боддог.”
Сонирхлоороо хийдэг байсан зүйлээ ажил болгон, үйлчлүүлэгчдийн захиалгын дагуу зурж эхлэхэд хэд хэдэн сорилт бэрхшээл тулгарч эхэлжээ. Уран бүтээлчийн чөлөөт сэтгэлгээ, бүтээлч байдал үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолтой тэрсэлдэх үед шантрах тохиолдол ч гарч байжээ.
“Зурах маань хобби байхад хүссэн цагтаа, өөрийн хүссэн зүйлээ л зурдаг байлаа. Жишээлбэл, лусын дагина зурмаар байвал лусын дагина л зурна. Харин ажил хэрэг болгох үед захиалагч юу хүсэж байна түүнийг л зурах ёстой байдаг. Миний хувьд “ажил бол ажил” гэх ойлголт сүүлд орж ирсэн. Чөлөөт уран бүтээлчдийн хувьд ажлаас халшрах тохиолдол их байдаг юм. Үндсэн гэрээт ажлаа хийнэ, сошиал сувгаа идэвхжүүлэх үүднээс зурах хэрэгтэй болно. Ингээд үндсэн ажил нь ч зурах, сонирхлоороо хийж байгаа зүйл нь ч зурах, амрах зорилгоор хийж байгаа зүйл нь ч зурах болоод ирэхээр сэтгэл зүйн хувьд уналтад орж, шантарч эхэлдэг юм билээ.”
Нийгмийн дунд “зовлон үзсэн, ганцаардмал нэгнээс сайн уран бүтээл төрдөг” гэх хэвшмэл ойлголт бий. Тэгвэл үнэхээр урлаг уйтгар гунигаас төрдөг юм гэж үү? Сорилт бэрхшээл, сэтгэл зүйн уналт, босолтууд онгодыг хөглөж, уран бүтээлийг амьдруулдаг юм болов уу?
“Монголын урлагийн салбарт сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ойлголт хангалттай хэмжээнд яригддаггүй гэж боддог юм. Ялангуяа уран бүтээлч гунигтай, стресст орсон үед сайн уран бүтээл гардаг гэх буруу ойлголттой. Винсент ван Гогийн амьдрал тийм ч дардан байгаагүй учраас түүнээс сайн бүтээлүүд төрсөн гэж зарим хүмүүс үздэг. Гэтэл энэ маш ховор тохиолдол гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв чи сэтгэл зүйн хямралд өртсөн, ажлаас халширч, юу ч хиймээргүй санагдах үед чиний ажил, бүтээмжид ч сөргөөр нөлөөлнө шүү дээ. Уран бүтээлчдийн хувьд “Би сайжрах ёстой. Би шинэ юм хийх ёстой. Би сошиал медиагаа хөгжүүлэх ёстой” гэх дарамтууд их байдаг. Сошиал медиагаар ажлаа хийдэг бол энэ чамд чухал зүйл. Гэхдээ амьдралаа өөр зүйлээр баяжуулж, амьдралын сайхныг мэдрэх нь бүр чухал. Чиний туулсан, мэдэрсэн зүйлээс уран бүтээл төрдөг учраас амьдралд чинь шинэ зүйлс тохиолдохоо больж, нэгэн хэвийн амьдралын хэв маягт баригдаад ирэхээр урын сан дахь визиуал элементүүд чинь багасаж эхэлдэг. Урам зориг, үлгэр дуурайлал авах шинэ зүйлгүй болж байна гэсэн үг. Тиймээс байнга гэрээсээ ажиллахын оронд ганц өдөр кофе шопод ажиллах ч юм уу, шинэ орчинд, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ зүйлсийг туршиж үзэх чухал юм билээ. Миний хувьд ажлын орчноо гоё байлгах дуртай.”
Тасралтгүй суралцах. Энэ бол бидний амьдралын бичигдээгүй дүрэм. Бид өдөр тутамдаа суралцаж, тодорхой нэг түвшинд хүрэхдээ өөрийгөө дутуу үнэлж эхэлдэг. Улмаар өөрийгөө хөгжүүлж, сайжрахын төлөө ахиад л суралцаж эхэлдэг. Тэр тусмаа уран бүтээлчдийн хувьд өөрийн ур чадвараа сайжруулж, шинэ бүтээл туурвих, шинэ санаа гаргана гэдэг мөнхийн тойрог гэлтэй.
“Бид аливаа зүйлийг анх эхлэхдээ ямар нэгэн хүлээлт тавьдаг шүү дээ. Тухайн хүлээлтээ давчихаар “Өө, би ямар мундаг юм бэ? Би сайжирч байна” гэж боддог. Гэхдээ чиний ур чадвар сайжрах үед чиний шүтдэг, урам зориг авдаг хүмүүс чинь өөрчлөгдөж эхэлнэ. Энэ үед дахиад л “Өө, би сайн зурж чадахгүй юм байна” гэх бодол төрж эхэлдэг. Иймээс ур чадвараа бусадтай биш өөрийнхөө өмнөх ажлуудтай харьцуулж байвал дээр юм билээ. Зарим тохиолдолд үнэхээр гоц авьяастай хүмүүс байдаг. Гэхдээ маш цөөхөн. Намайг хүмүүс зургийн авьяастай гэдэг юм. Гэхдээ яг үнэндээ өсвөр насандаа би тийм ч сайн зурдаг хүүхэд байгаагүй. Би зүгээр л арай эрт зурж эхэлсэн, өдөр болгон шантралгүй зурсаар, суралцсаар ирсэн тул өнөөдөр өдий түвшинд ирсэн байх. Одоо эргээд таван жилийн өмнөх ажлуудаа харахдаа зурах ур чадвар маань улам л сайжирч байгааг харах урамтай байдаг юм.”
Дижитал арт сонирхогч залуусын дунд “Сараагийн урлан” нэрээрээ хэдийн танил болсон тэрбээр цар тахлын үед вакцин хэрхэн ажилладаг тухай мэдээллийг комик цувралаар хүргэж байсан нь олон хүнд хүрсэн билээ. Зарим тохиолдолд тэрбээр нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийг уриалсан өнгө аястай зүйлс зурахыг илүүд үздэг аж.
“Надад ямар нэгэн сонирхолтой, аль эсвэл эмзэглэмээр явдал тохиох үед түүнийгээ зургаар илэрхийлдэг. Жишээлбэл, Солонгост амьдарч байхдаа тухайн улсын талаар комик зурж байсан юм. Манайд парк гэдэг ойлголт байдаггүй. Гэтэл Солонгос улс ногоон байгууламж ихтэй. Монголд өвлийн улиралд -30 градуст автобус хүлээгээд зогсдог байсан бол би энд өвөлдөө +10 градустай дулаахан газар, таван минут тутам ирдэг метро хүлээж зогсож байна гээд л. Өөр улсаар аялах үедээ өөрийн эрхгүй эх оронтойгоо харьцуулдаг юм билээ. Эдгээрийг харьцуулсан комик зурахад олон хүнд хүрч байсан. Нийгмийг залуучууд гоё болгож байгаа гэдэгт итгэдэг болохоор бүтээлээрээ дамжуулан залуустаа итгэл найдвар түгээхийг хүсдэг.”
Олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүч сорьж, мэдлэг туршлага, авьяас чадвар, хүсэл тэмүүллээрээ нийгэмдээ эерэг өөрчлөлтийг түгээж, хэн бүхэнд боломж үргэлж нээлттэй байдаг гэдгийг үлгэрлэж яваа залуу үеийн төлөөллүүдээрээ бид бахархаж, амжилт ололтоос нь суралцах нь зүйтэй биз ээ. Энэхүү ярилцлагынхаа төгсгөлд дижитал арт чиглэлээр уран бүтээл туурвих хүсэлтэй, урлаг сонирхогч залуустаа зориулан чөлөөт уран бүтээлчээр ажиллахад юун дээр анхаарах хэрэгтэй талаар өөрийн туршлагыг бидэнтэй хуваалцсан юм.
“Уран бүтээлчдийн хувьд өөрийн онцлог, хэв маягаа олох гэдэг их хэцүү зүйл. Дөнгөж зурж эхэлж байгаа хүүхдүүд үүнд маш их ач холбогдол өгч байгаа харагддаг. Үүний шалтгаан нь дагадаг, сонирхдог уран бүтээлчид нь аягүй өвөрмөц, танигдахуйц хэв маягтай болчихсон байдагтай холбоотой. Хэв маяг гэдэг зүйл “Өө, би ингээд зурчихъя” гээд амархан үүсчихгүй шүү дээ. Чи өөрийн дуртай уран бүтээлчдийнхээ хэв маягаас үлгэрлэнэ, өөриймшүүлж, шинийг туршиж үзнэ. Яваандаа “Үүнийг ингээд зурчихвал гоё ч юм уу” гэх маягаар олон жилийн туршлагын үр дүнд хэв маяг гэдэг зүйл үүсдэг. Заавал өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай болох гэж яарахын оронд суурь ур чадваруудаа маш сайн эзэмшээрэй. Тиймээс уран бүтээлчдийн хувьд тууштай байдал хамгийн чухал. Энэ салбарт уналт, босолт, шантрах үе маш их байдаг. Тиймээс биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг байгаарай. Эцэст нь хэлэхэд, дөрвөн хананы дундаас гарч, өөр шинэ туршлагыг цуглуулаарай гэж хэлмээр байна.”
Дижитал урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, “Чөлөөт уран бүтээлч” гэх ойлголтыг нийгэмд дэлгэрүүлж яваа төлөөллүүдийн нэг болох Г.Саранчимэг энэ удаа “Бидний нэг” боллоо. Нийтлэлийг уншиж, мөн бидний нэг болсон уншигч танд талархъя.
Гэрэл зургийг: Л.Буд