Соёл урлаг

“Дүрийн хувцас, хэрэглэлээ өөрөө урлах нь косплей соёлыг улам үнэ цэнтэй болгодог”

М.Энхмаа -- 2024.10.316 минут унших

Аравдугаар сарын сүүлийн өдөр ийнхүү айлчилж, дэлхийн өнцөг булан бүрд суугаа сая сая хүмүүс дүрд хувиран аймшгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дүрд хувирах энэ соёл хэзээнээс, хаанаас үүсэлтэй юм бол? Өдгөө дэлхий дахинаа олонд тархсан косплей соёл нь "костюм" (costume) болон "дүрийн тоглолт" (play) гэсэн хоёр үгийн нийлэмж бөгөөд хүн бүрийн хувьд хайртай дүрүүдээ амилуулж, дүрийнхээ хувцсыг өөрийн гараар урлах, өөрийгөө илэрхийлэх нэгэн том соёл юм. Анх 1984 онд Японы "косплэй" (コスプレ, kosupure) гэсэн нэр томьёо бий болсон байна. Ийнхүү  1990-ээд оноос хойш косплэй хийх хүмүүсийн тоо хурдацтай өсөж, Японд төдийгүй Зүүн Ази болон барууны орнуудын чухал соёлын нэгт тооцогдох болжээ. Аймшгийн баярыг тохиолдуулан дүрд хувирах соёлыг Монголд түгээн дэлгэрүүлж яваа авьяаслаг залуусын төлөөлөлтэй ярилцсан ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэе!  

“Кицүнэ” Монголын косплэй сонирхогчдын холбооны багийн ахлагч Г.Намуунзул

“Дүрийн хувцас, хэрэглэлээ өөрөө урлах нь косплей соёлыг улам үнэ цэнтэй болгодог”

-Бидний урилгыг хүлээн аван, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэхүү ярилцлагаа таны косплей соёлтой хэрхэн танилцаж байсан бяцхан түүхээс нь эхэлье. Анх косплей гэдэг зүйлтэй хэрхэн танилцаж байсан бэ?

-Миний хувьд косплей хийж эхлээд найман жил болж байна. Анх 2015 онд найз маань “Талбай дээр Япон поп соёлын өдөрлөг гэж болдог гэнэ ээ. Тэр өдөрлөгт чиний үзэх дуртай анимийн дүрүүд ирдэг юм байна” гэхэд “хүмүүс дүрд хувирдаг” гэдэг нь их хачирхалтай санагдаж, ямар ч л байсан тэр өдөрлөгт нь очиж үзье гэж шийдсэн юм. Тухайн үед косплей хийдэг хүмүүс гэж арай өөр сэтгэхүйтэй, нэг тийм бусдаас “ангид” хүмүүс байдаг юм байна гэж ойлгодог байлаа. Магадгүй энэ ойлголт одоо ч түгээмэл байдаг байх. Харин өөрөө косплей хийж эхлээд дөнгөж төрсөн нярай хүүхдээс өндөр настан хүртэл хүн бүр дүрд хувирах боломжтой, нэг төрлийн урлаг юм байна гэдгийг ойлгосон. Косплей гэдэг үг нь “costume болон play” гэх үгээс гаралтай. Шууд утгаараа бол хувцас өмсөөд ямар нэгэн дүрд орж тоглохыг л хэлж байгаа хэрэг. 

-Хамгийн анх ямар дүрд хувирч байсан талаараа бидэнтэй хуваалцаач? 

Хамгийн анх Онмёжигийн ихэр од /Sousei no Onmyouji/ анимийн Субару Митэжима гэх дүрд хувирч байсан юм. Урт шаргал үстэй, цагаан сиси даашинзтай болохоор хүмүүс барби гэж андуурч байсан. Тухайн үед дүрийнхээ хувцас хэрэглэл, зан төрх гээд бүхий л зүйлсийг нь илэрхийлж гаргахын тулд маш их судалгаа хийсэн. Анх удаа косплей хийж байгаа болохоор ямар материал сонгох, хувцсаа яаж оёхоо ч мэдэхгүй, хувцас оёдог эгчээсээ тусламж хүссэн юм. Гэтэл эгч маань “өөрийнхөө юбка, цамцыг хараад л  дагаад хий” гэж хэлсэн. Тэгээд л өөртөө таардаг, сунадаггүй материалтай цамцаа даавуун дээр тавьж байгаад анхныхаа эсгүүрийг гаргаж байлаа. Дараа нь даашинзны дэрвэгэр хормойны төмрийг Монголд зардаггүй болохоор өөрөө төмөр утаснуудыг холбоод хормойны хэлбэрээ гаргаж байсан. Энэ мэтчилэн чимэглэл бүртээ нарийн анхаарч, хоёр сарын хугацаанд хийсэн учраас хэдий анхных мөртөө хувирч байсан хамгийн гоё дүр минь.

“Дүрийн хувцас, хэрэглэлээ өөрөө урлах нь косплей соёлыг улам үнэ цэнтэй болгодог”

-Таны хэлснээр “косплей гэдгийг өвөрмөц хүмүүс л хийдэг” гэх ойлголт одоо ч нийгмийн дунд байгаа байх. Одоогоос есөн жилийн өмнө косплей гэх ойлголт төдийлөн дэлгэрээгүй байлаа шүү дээ. Гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Эхэндээ гэрийнхэн маань “Чи яг юу л хийгээд байна даа. Хувцас оёх юм, тэгснээ нүүрээ будаад л гараад явах юм” гээд төдийлөн сайн ойлгодоггүй байлаа. Нэг удаа эмээ маань “Миний охин хөөрхөн байна л даа. Гэхдээ ингээд гадуур гарах юм уу?” гэж асууж байсан. Тухайн үед “Тийм ээ, тэгнэ. Хүмүүс намайг “ямар хөөрхөн юм бэ” гээд хамт зургаа авхуулдаг байхгүй юу гэхэд “Аан, хүүхэлдэйн баатрын хувцас өмсчхөөд мөнгөөр зургаа даруулдаг ажил хийж байгаа юм уу” гэж хүртэл гайхаж, асууж байсан юм. Одоо бол косплей гэж ийм соёл байдаг гэдгийг ойлгоод дэмждэг болсон. 

-Косплей хийж эхэлснээс хойш танд ямар нэгэн өөрчлөлт гарсан болов уу? Ажиглаад байх нь ээ, косплей хийдэг хүмүүс олны хараанд байдаг юм шиг санагдсан.  

-Би өмнө нь их дотогшоо, чимээгүй хүүхэд байсан юм. Косплей хийж эхлээд л нээлттэй болсон доо. Учир нь дотогшоо хүний хувьд “Энэ материалын үнэ хэд вэ? гэж асуух хүртэл маш том зориг байдаг шүү дээ. Дуртай зүйлээ хийхийн тулд тэр үйлдлээ хүссэн хүсээгүй давтаад байхаар “Аан, ингэж бусдаас юм асуух чинь зүгээр юм байна шүү дээ” гэдгийг ойлгоод, харилцааны хувьд нээлттэй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болсон. Мөн косплей хийнэ гэдэг хүний олон төрлийн чадварыг хөгжүүлж байдаг. 

“Дүрийн хувцас, хэрэглэлээ өөрөө урлах нь косплей соёлыг улам үнэ цэнтэй болгодог”

Жишээлбэл, хувцсаа яаж оёх, нүүрээ хэрхэн будахаа мэдэхгүй байгаа үедээ YouTube-с бичлэг их үзнэ. Цахим орчныг маш сайн ашиглаж, өөрт хэрэгтэй мэдээллээ олон төрлийн эх сурвалжаас авч чаддаг. Дагаад хэлний мэдлэг сайжирна. Косплей тэмцээнүүдэд үзүүлбэр үзүүлэх хэсэг байдаг учраас тухайн дүрийнхээ талаар судалгааг маш сайн хийнэ, дүрээ илэрхийлэхийн тулд дуулна, жүжиглэнэ, бүжиглэнэ. Үзүүлбэртээ тохирох аяа олж эвлүүлэхэд хүртэл технологийн ур чадварт суралцаж байдаг.  Тиймээс косплей гэдэг маань олон төрлийн ур чадварыг багтаасан урлаг, соёлын нэг хэлбэр юм. 

-Монголд косплей соёлын талаарх ойлголт хэрхэн өөрчлөгдөж байгаа бол? 

-Монголд зохиогдож байгаа ихэнх косплей тэмцээний гол шалгуур нь заавал өөрөө хувцсаа хийсэн байх ёстой. Учир нь нарийн чимхлүүр чимэглэлээс авхуулаад бүх хувцас, хэрэглэлээ өөрөө хийж, дүрд хувирч байгаа хүнийг косплейр /Cosplayer/ гэдэг. Өөрөө хийж байгаа гэдэг нь косплей соёлыг улам үнэ цэнтэй болгодог гэх юм уу. Тиймээс 2017 онд өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүстэй нэгдэхээр “Кицүнэ” косплей багт орж, жилийн дараа багийн ахлагч болсон. Энэ хугацаанд косплей хийхээ больё гээд шантарч байсан үеүд олон байсан. Гэхдээ шууд больж чадахгүй байсан болохоор “Ерөөсөө л надаас косплей гэдэг зүйл салахгүй юм байна. Би үүнийг ажил, амьдралынхаа нэг хэсэг болгож байж л Монголд косплей соёлыг дэлгэрүүлж чадах юм байна” гэдгээ ойлгосон доо. Ажиглаад байх нь ээ, жил ирэх тусам косплей сонирхогчдын тоо нэмэгдэж байгаа ч  өөрөө хувцсаа урлаж, тэмцээнд оролцох хүмүүсийн тоо багасаж байна. Өнгөрсөн зун гэхэд л манай  “Кицүнэ” багийн зохион байгуулдаг Япон соёлын өдөрлөгт 12,000 орчим хүн сонирхон оролцсон ч 30 гаруй хүн л косплей тэмцээнд оролцсон.

-Анх удаа косплей хийх гэж байгаа залуустаа хандан ямар зөвлөгөө хүргэх вэ?

-Хүссэн дүрдээ 100 хувь хувирахын тулд маш их цаг хугацаа, хүсэл эрмэлзэл шаарддаг. Дунджаар нэг дүр амилуулахад нэгээс хоёр сар зарцуулдаг болохоор маш сайн тууштай байх хэрэгтэй. Хэдий дүр бүтээх үйл явцад шантармаар зүйлс олон тохиолддог ч бүх зүйлээ өөрөө хийгээд, өөрийн дуртай баатрын дүр шиг болох өдрийн мэдрэмж хамгийн гоё нь. Бид ганц олдох амьдралдаа, аль эсвэл зүүдэндээ ч болов “од” болохыг хүсдэг шүү дээ. Магадгүй тэр мэдрэмжийг дүр бүтээх үеэрээ авдаг болохоор тухайн өдрийн дурсамж маш үнэ цэнтэй, гоё санагддаг байх. Эцэст нь косплей хийж эхлэх гэж байгаа залуустаа хандаж хэлэхэд “Косплей гэдэг нь зүгээр нэг хүүхдийн тоглоом шиг зугаагаа гаргах төдий зүйл биш шүү. Косплей хийдэг хүмүүс нэг өдөр косплейг өмсөхийн тулд нэг сараас нэг жил хүртэлх хугацааг зориулж, өөрийн бүхий л хүч хөдөлмөрийг шингээн дүрээ бүтээдэг учраас тухайн хүний хувьд маш үнэ цэнтэй зүйл байдаг юм шүү. Өөрийн урласан хувцсыг өмсөөд явна гэдэг косплей хийдэг хүмүүсийн хамгийн том бахархал шүү дээ.  

“Кицүнэ” багийн гишүүн А.Тэнүүнгоо

“Дүрийн хувцас, хэрэглэлээ өөрөө урлах нь косплей соёлыг улам үнэ цэнтэй болгодог”

“Би багаасаа л ахтайгаа хамт анимэ үзэж өссөн. Анх 2012 онд косплей соёлын талаар мэдэж авч, ахтайгаа хамт косплей сонирхож эхэлсэн юм. Тухайн үед косплей хийдэг хүмүүсийг зарим хүмүүс “Юу хийгээд байгаа юм бэ? Сүнсний баяр биш шүү дээ” гэх мэтээр эергээр хүлээж авах нь ховор байсан юм. Ийнхүү 2021 онд “Tekken” тоглоомын Элисагийн дүрээр анхныхаа косплейг тэмцээнд зориулан хийж байсан. Косплей гэдэг маань өөрөө яг тухайн дүрээ л бодитоор амилуулж, дүр шигээ болох шаардлагатай шүү дээ. Тиймээс урласан хувцас нь хэр нийцсэн байна, маск, хэрэглэлтэй дүр байвал түүнийгээ хэрхэн хийсэн байна, нүүр хувиргалт, үс засалт хэр байна, дүрээ илэрхийлэх үзүүлбэр хэр оновчтой байна зэрэг олон шалгуураар тэмцээн зохион байгуулагддаг. Тиймээс косплей хийж байгаа хүмүүс маань аль болох бусдын сөрөг сэтгэгдлийг тоох хэрэггүй. Учир нь чиний юу хийхийг хүсэж байгааг, чиний үзэл бодлыг хэн нэгэн зогсоох шаардлага байхгүй шүү дээ. Тиймээс жинхэнэ косплейр гэж миний хувьд хийж байгаа дүрдээ хайртай, яг тэр дүр шигээ болох гэж хичээдэг хүсэл эрмэлзэлтэй хүнийг хэлнэ гэж боддог юм. Өнөөдөр “Valorant” тоглоомын Вайпер дүрээр ирсэн байна. Энэ дүрийн хамгийн сайн хувилбарыг хиймээр байсан учраас маш их хайрлаж, дүрээ бүрэн илэрхийлэхийг зорьсон байгаа.”

Амжилттай дүр бүтээхэд туслах зөвлөгөө

“Дүрийн хувцас, хэрэглэлээ өөрөө урлах нь косплей соёлыг улам үнэ цэнтэй болгодог”

Ийнхүү косплей хийж эхэлж байгаа залуустаа зориулан анхныхаа дүрд амжилттай хувирах нууцаасаа бидэнд хуваалцсан юм. 

Өөрийн дуртай дүрийг сонгох

Маш олон дуртай дүрээсээ “алийг нь онцолж, дүр бүтээх вэ?” гэдэг хамгийн хэцүү сонголтуудын нэг. Хамгийн анхны косплей хийж байгаа цаг үеэ аз жаргалтайгаар мэдрэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс аль дүр нь чиний царай төрхөд тохирч, санхүүгийн бололцоонд таарч байна, цаг хугацааны хувьд хийж амжихаар байна уу гэдгээ харгалзан үзэх хэрэгтэй. Дараа нь тухайн дүрийн хувцас, хэрэглэл нь ямар билээ гэдгээ тооцоолж, материалаа зөв сонгох нь чухал.

Материалаа зөв сонгох

Анх эхэлж байгаа хүмүүс маань ямар материал сонгохоо мэдэхгүй байвал даавуунаас эхлэхийг зөвлөж байна. Материалын хувьд даавуу, атлас, шифон, габардин гээд маш олон төрөл байгаа. Жишээлбэл, габардин бол үрчийдэггүй, үнэтэй материал. Атласын хувьд индүүдлэг авдаг ч амархан сэмэрдэг материал. Тиймээс хэрээсний машин хэрэглэх шаардлагатай болдог. Иймд аль  болох хөвөрдөггүй материал сонгох хэрэгтэй. Даавууны хувьд хөвөрдөггүй, үнийн хувьд 5,000-8,000₮ хооронд байдаг харьцангуй хямд материал.

Эсгүүрээ зөв гаргах

“Дүрийн хувцас, хэрэглэлээ өөрөө урлах нь косплей соёлыг улам үнэ цэнтэй болгодог”

Эсгүүрийн хувьд бэлэн эсгүүр худалдаж авах эсвэл өөрөө эсгүүр гаргах боломжтой. Жишээлбэл, Наруто анимийн Сакурагийн дүрд хувирахаар боллоо гэж бодъё. Улаан хүрэмтэй байдаг шүү дээ. Тэр хүрмийг хийхийн тулд эхлээд “Надад улаан өнгийн хүрэм байдаг бил үү” эсвэл “Ямар төрлийн цамц маань үүнтэй төстэй загвартай билээ” гэж эхлээд бодох хэрэгтэй. Тэгээд даавуун дээрээ цамцаа тавьж байгаад шохойгоор зураад, хэлбэр, хэмжээгээ гаргаад үзээрэй. Харин дараа нь эсгүүр хийгээд сурчихвал илүү хялбар болно. Эсвэл онлайнаар бэлэн эсгүүр зардаг газрууд байгаа. Тэрийг хэвлүүлж аваад эсгүүрийн дагуу хийхэд болно.

Нүүрээ цав цагаан цаас гэж бодох хэрэгтэй

Өөрийн дуртай дүрд хувирч, нүүр хувиргалтаа яг адилхан гаргахын тулд нүүрээ яг л цав цагаан цаас гэж бодох хэрэгтэй. Царай төрх, нүүрний хэлбэр өөр тохиолдолд юун түрүүнд линзний өнгө, үсний засалтаа адилхан байлгах гэж хичээдэг. “За нүд нь бөөрөнхий юм байна. Нүдээ жаахан бөөрөнхий будах хэрэгтэй юм байна. Давхраа, сормуусаа ингэж наая” гэдгээ олон удаагийн туршлагаас  мэддэг болдог тул оролдлого маш чухал. 

“Хамгийн анх косплей хийж эхэлж байхад бүх юм төгс байх албагүй. Энэ ч болохгүй байна, тэр ч болохгүй байна гээд шантрах зүйлс маш их гарна. Тэр бүрд бууж өгөлгүй, өөрийн урласан хувцсыг өмсөөд дуртай дүрдээ хувирах мэдрэмж л хамгийн гоё” хэмээн тэд хуваалцаж байлаа. Косплей соёлыг таниулан яваа нэгэн үеийн төлөөлөлтэй хэсэгхэн хором ярилцахад энэхүү өвөрмөц хэр нь сонирхолтой соёлын өнгөц хэсэгтэй л танилцсан мэт санагдана. Косплей хийнэ гэдэг амар зүйл биш. Гэхдээ дүрд хувирч үзмээр байвал хүссэн зүйлээ хийгээд л үзээрэй. “Бусад хүн юу гэж бодох бол” гэсэн бодол биш бидний хүссэн зүйлээ хийж, түүнээсээ мэдрэх мэдрэмж л биднийг аз жаргалтай болгоно шүү дээ.