Худал ташаа мэдээлэл газар авч, шийдвэр гаргахад улам төвөгтэй болж буй дижитал эрин үед critical thinking буюу нухацтай сэтгэлгээтэй байхын ашиг тус арвин. Судлаач Хэдир Батлерын судалгаагаар нухацтай сэтгэлгээний чадвар эзэмшсэн хүн амьдралын муу муухайг бага мэдэрдэг гэнэ. Тухайлбал, уг чадвар өндөртэй хүн амьдралаа эрсдэлд оруулах магадлал бага байдаг. Харин эсрэгээрээ дутмаг бол гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, согтуугаар жолоо барих гэх мэт асуудалд орох магадлал өндөр байдаг ажээ. Ганц л амьдрах гэхээс илүүтэй өдөр бүр амьдарч ганц л үхдэг энэ амьдралдаа алдаа бага гаргаж, амьдарсан шиг амьдрахыг хүсэж буй хэн бүхэнд уг чадвар хэрэгтэй билээ. Иймээс бидний дунд оршин буй олон ертөнцийг уншигч танд таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа “Нухацтай сэтгэлгээ” номын зохиогч С.Өнөрийг онцоллоо. Уншигч та ч мөн энэхүү ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болоорой.
Дэлхийн эдийн засгийн форумаас зарладаг чухал ур чадварын эхний гуравт тогтмол багтдаг “critical thinking” гэх ойлголтыг Монголд шүүмжлэлт сэтгэлгээ хэмээн орчуулж хэвшсэн. Яагаад энэхүү тогтсон нэршлээс өөрөөр орчуулах болсныг асууснаар бидний яриа эхэлсэн юм.
Үгийн үүслийн хувьд латин хэлний “criticus” гэх үг нь шүүн таслах гэсэн утгатай учраас шүүмжлэлт сэтгэлгээ хэмээх нь зөв. Гэвч шүүмж гэдэг үг өөрөө сөрөг утгатай тогтсон ойлголт болчихсон. Иймээс нягтлан харж, ул суурьтай дүгнэлт хийх гэсэн утгаараа нухацтай сэтгэлгээ гэх нь илүү оновчтой юм. Нэг хэлээс нөгөө рүү орчуулга хийх үед ойлголтын зөрүү тогтмол гарч, утгыг бүрэн илэрхийлэхгүй байх нь бий. Нэг түүхээс дурдвал, катализатор гэх үгийг хурдасгуур гэж орчуулахаар Хэлний зөвлөлийнхөн хуралдаж л дээ. Гэтэл нэг нь “Үүгээр бас удаашруулж болдог учраас хурдасгуур гэж болохгүй юм биш үү” гэж. Хариуд нь Б.Ринчен гуай “Хүү минь чи гэрлээ асаагаадах” гэхэд залуу асаажээ. Б.Ринчен гуай “Наад товчлуурыг чинь юу гэдэг билээ?” гэхэд залуу “Унтраалга” гэв. Их багш хариуд нь “Чи тэгвэл сая асаачихлаа шүү дээ” гэсэн гэдэг. Тэгэхээр орчуулгад бүрэн илэрхийлэл байхгүй байсан ч хүмүүст түгсэн ойлголт л тогтож үлддэг байх нь. Иймээс уг ойлголтыг өөрчилж, илүү тохирохоор нь солихын тулд хоногшуулах ажил үлдэж байна.
“Хүүхэд ахуй насанд минь байрны атмаанууд их байсан учраас бусад хороолол, хотхон руу орохдоо биеэ хэрхэн авч явах зэргээр бодож, эргэцүүлэхийг нийгэм нь их шаарддаг байв. Эндээс л хэрсүүжиж, юмыг наанатай цаанатай харах эхлэл тавигдсан байх даа. Сургуульдаа математик, физикийн шинжлэх ухааныг сонирхож, ноцолдох болсон маань нухацтай сэтгэлгээг хөгжүүлэхэд тусалсан гэж боддог юм. Аристотелийн “Философи сониуч байхаас эхэлнэ” гэсэн үг бий. Хүний хүүхэд нас хамгийн сониуч үе шүү дээ. Тэр үед нь төвөгшөөлгүй хариулдаг байх хэрэгтэй. Би ч багадаа их юм асуудаг хүүхэд байлаа. Гэр бүлийнхэн маань асуулт асуух үед цааргалалгүй хариулдаг байсан.”
С.Өнөр багш багадаа үлгэр сонсох их дуртай хүүхэд байжээ. Энэ нь ч нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан байж болох юм. Америкийн “Хүүхдийн анагаах ухааны академи”-ийн судалгаанаас үзэхэд үлгэр ярих нь хүүхдүүдэд нийгмийн ээдрээтэй нөхцөл байдлыг ойлгоход тусалж, үлгэрт өгүүлэх ёс суртахууны асуудалд нухацтай хандаж, амьдралдаа хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлдэг аж /Mar, R.A., (2006), "Narrative fiction and its relation to theory of mind," Psychological Science/. “Надад сүүлдээ үлгэр уншиж өгөх хүн олдохоо байсан учраас даруйхан л уншиж сурахыг хүссэн. Хүн царайчлаад, үлгэр сонсох цагаа хүлээх биш өөрөө уншчихсан нь амар санагдсан хэрэг” гэснээс нь түүний хэчнээн сониуч хүүхэд байсан нь илхэн.
“Дунд ангийн цаг хугацааг маань интернэтэд “үүр цайсан” үе гэж болно. Интернэтээс олон төрлийн мэдээлэл их уншдаг байлаа. Мөн тухайн үед фэйсбүүк байгаагүй учраас залуучууд маш их блог бичдэг байсан. Нэгнийхээ блогийг идэвхтэй уншиж, сэтгэгдэл үлдээдэг байв. Фэйсбүүкийн нийтлэлийг бодвол урт учраас эсээний шинж чанар бүхий зүйл бичихийн тулд их бодож, эргэцүүлэх шаардлага гардаг байлаа.”
Видео тоглоом ч нухацтай сэтгэлгээг хөгжүүлэхэд тусалдаг гэнэ. Тэрбээр “Age of Empires” стратегийн тоглоом тоглодог байсан үеэ бидэнд хуваалцсан юм. Видео тоглоомын сөрөг талыг ярих нь их байдаг ч эергийг нь дурдах хүн ховор билээ. Энэ төрлийн тоглоомууд асуудлыг шийдвэрлэж, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлснээр нухацтай сэтгэлгээг сайжруулдаг. Стратегийн сэтгэлгээ, хурдан шийдвэр гаргах, дасан зохицох чадварыг шаарддаг учраас ч хүн бүр мэргэжлийн тоглогч болж чаддаггүй биз ээ.
Эртний соёл иргэншлүүдийг харуулдаг “Age of Empires” тоглоомыг тоглосон нь түүний түүх сонирхох эхлэл болжээ. Тэрбээр “Хүн дэлхийн түүх сонирхоод эхлэхээр “Яагаад энэ улсууд нэгэн рүүгээ дайрсан юм бол” зэргээс эхлээд их асуулт асууж, сониуч болдог юм билээ” хэмээсэн юм. Түүний бага нас тэр чигтээ сониучирхал дунд өнгөрчээ. Өөрөөсөө болон өрөөлөөс “яагаад” гэж тогтмол асууж, хариултын эрэлд гарсан нь өнөөдрийн номоо бичихэд эртнээс хөтөлсөн мэт.
Сониуч байсан гэхээр аливаа зүйлийг өөрөөр харах хандлагатай байсан байх. Нийгмийн тогтсон хэм хэмжээнээс өөрөөр сэтгэдэг байх үед тэрслүү, эсэргүү үзэлтэй гэж хэлэгдэх нь бий. Та багадаа хэр тэрслүү хүүхэд байв?
Монгол туркийн хамтарсан сургуульд ахлах ангидаа элсэн орсноор аливаа зүйлийг өөрөөр харах болсон гэж боддог. Анх удаа гадаад хүмүүстэй ойр байж, гадаад багш нараар хичээл заалгаж, соёлын солилцоонд орсон маань миний нүдийг нээх шиг болсон. Тэр үед багш, удирдлагатайгаа нээлттэй илэн далангүй харилцах ёстой юм байна гэдгийг ойлгож авч байлаа. Мөн аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж “Надад таалагдахгүй байна” гэж орилоод байх биш “Бидэнд ийм асуудал байна. Үүнийг шийдэхийн тулд та нар болон бид юу хийж чадах вэ” гэсэн байдлаар ярилцаж эхлэх үед турк багш нар сурагчдыг өөрсөдтэйгөө нэг түвшинд хүлээн авч, харилцдаг байсан. Дотуур байранд амьдардаг байсан учраас бараг л гадаадад очоод нийгэмшсэн хүн шиг байлаа. Сургуулиа төгсөөд СЭЗИС-д элсэн ороход их сонин байсан. Ахлах сургуульд багш нартайгаа илэн далангүй харилцдаг байсан бол монгол сургуулийн соёлд багш бол оройн дээд учраас оюутан айх учиртай гэсэн зарчим үйлчилж байсан. Тэр нь миний эсэргүү болох эхлэл болсон доо. 2004-2006 оны хооронд Монголд либертари үзэл их дэлгэрч байсан учраас энэ үзэл санаа бидний үеийнхэнд их нөлөөлсөн байх. Миний оюутан нас болон багш болсны дараах найман жилийн хугацаа ч тэрслүү гэдэг нэр зүүсэн он цаг байсан даа.
“Монголын лектор төвд Ц.Баатархүү багшаар илтгэл, мэтгэлцээн заалгадаг байлаа. Гэхдээ тухайн үед илтгэл гэх зүйлийг логик талаас нь харахаас илүү уран яруу ярих гэдэгт л анхаардаг байж. Харин 2006 онд аавынхаа ажлаас “Critical thinking” гэдэг ном олж уншсанаар логик болон нухацтай сэтгэлгээтэй танилцсан юм. Ингээд Лектор төвдөө “critical thinking” гэх ойлголтын тухай оршил хичээл орохдоо уг ойлголтыг “нухацтай сэтгэлгээ” гэж орчуулж байлаа. Анх энэ ойлголтыг мэдэж авсан номоо орчуулъя гэсэн ч жишээнүүд нь монголчуудад хэтэрхий хол хөндий, дээрээс нь их хуучирсан байсан. Иймээс номоо бичсэн дээ. Ном маань Монголд уг ойлголтыг цогцоор нь тусгасан бараг анхны ном. Харин манайд логикийн номууд бол бий. Сэтгэн бодох үйл явцыг бүтцийн логик /формал/, бүтцийн бус логик /формал биш/ гэж ангилдаг. “Хүн бүр үхдэг, тиймээс Сократ ч үхнэ” гэдэг нь бүтцийн логик юм. Харин бүтцийн бус логик нь нухацтай сэтгэлгээтэй илүү ойр ойлголт бөгөөд энэ талын ном, сурах бичиг Монголд хомс гэж болно.”
“Нухацтай сэтгэлгээ гэдэг нь ямарваа нэг мэдээллийг үнэн үү, логикийн алдаатай юу гэдгийг үнэлээд дүгнэлт гаргахыг хэлнэ. Нэг ёсондоо аливаа зүйлийг хийхэд тусалдаг хэрэгсэл гэсэн үг. Хэрэгсэл гэсэн утгаараа үүнийг юунд ч ашиглаж болно. Мөн тархины хүчний дасгал гэж ойлгож болох юм. Тархиа үүнд дасгаснаар хууртагдах эрсдэл багасна. Монголд энэ чадвар ус, агаар мэт хэрэгтэй байна шүү дээ.”
“Нухацтай сэтгэлгээ гэх ойлголт гэнэт гарч ирсэн цоо шинэ зүйл огт биш. Бид өдөр тутамдаа сэтгэн бодож, хянуур хандах шаардлага дандаа гардаг даа. Энэ л нухацтай сэтгэлгээ юм шүү дээ. Эйнштейн “Шинжлэх ухаан гэдэг нь бидний өдөр тутамдаа боддог зүйлийг бага зэрэг сайжруулсан хувилбар” гэсэн байдаг. Үүнтэй л адил. Ном маань бидний өдөр тутамд тохиолддог зүйлсийг бүтцэд оруулаад, эмх цэгцтэй болгочихсон шинжлэх ухаан л гэсэн үг. Долоо хэмжиж, нэг огтол гэдэг ардын зүйр цэцэн үг ч нухацтай сэтгэлгээтэй холбоотой юм. Тэгэхээр бид эртнээс л уг чадварыг чухалчилдаг байсан байх нь.
Машин нь асахгүй үед нэг хүн “Аккумляторт нь асуудал байгаа юм биш үү?” гэхэд нөгөө нь “Чи яаж мэдэж байгаа юм?” гэлээ гэж бодъё. Хариуд нь эхний хүн “Чи биш гэдгийг нь яаж мэдэж байгаа юм?” гэх харилцаа яриа болж л байдаг. Энэ бол нотолгоог буруу талаас шаардах төөрөгдөл гэх логикийн алдаа юм. Энэ мэтээр өдөр бүрийн асуудлыг нэршүүлчихсэн л болохоос хүний нийгэмд байсаар л ирсэн зүйл шүү дээ. Амьдрал дээр хүмүүс нэг буруу зүйлийг өөр буруу зүйлээр зөвтгөх гэж оролддог. “Тэр над руу орилсон болохоор би орилно” гэх нь бий. Эхний хүн орилсон нь буруу, гэхдээ зөрж орилох нь ч буруу. Эхний хүний буруутай үйлдэл дараагийн хүний бурууг зөвтгөхгүй гэсэн үг л дээ. Нухацтай сэтгэлгээг хөгжүүлснээр үүнийг ойлгож, уурлахгүйгээр асуудлыг зөвөөр шийдэх боломжтой. Энэ чадварыг зарим хүмүүст бага байхад нь сургаагүй, нэг ёсондоо зэрлэгшүүлээд орхичихжээ. Иймээс бага байхаас нь хөгжүүлж, боловсролын системд ч тусгах шаардлагатай.”
Дэлхий даяарх багш нарын 85% нь шинэ оюутнуудад нухацтай сэтгэлгээ дутмаг гэж үздэг гэнэ. Тэгвэл энэ чадварыг хэрхэн хөгжүүлэн, өөриймшүүлэх боломжтой талаар С.Өнөр багш бидэнтэй хуваалцлаа.
“Ямар ч зүйлийг сурах эхний алхам сониуч байхаас эхэлдэг. Нухацтай сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд тухайн сэдвийг сониучирхан судлах хэрэгтэй. Ажил, сургууль дээрээ яаж ашиглах вэ, найз охин, хөвгүүнтэйгээ харилцахад энэ ур чадвар яаж туслах билээ гээд энгийн байдлаар сонирхох нь чухал. Хоёрдугаарт, сонирхож мэдсэн зүйлээ алхам тутамдаа хэрэглэ. Хэрэглэдэггүй түлхүүр зэвэрдэг гэдэг дээ. Шинэ хэлийг ч байнга хэрэглэсний дүнд сурч, тогтмол ярьсны ачаар мартдаггүй. Хүн байнга амьсгалдгийн адил үргэлж бодож, харилцаанд орж байдаг. Иймээс бодол бүр дээрээ, цаашлаад хүнтэй харилцах болгондоо хэрэглэх боломжтой. Гуравдугаарт, найзуудтайгаа ярилцаж, хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцох нь үр дүнтэй юм.
Номоо бичиж байхад толгойны өвчин болсон ямар асуудал байсан бэ?
Номоо нэг бичиж эхлээд л дундуур нь хаяад, дахин шинээр эхлэх тоолонд цоо шинэ юм эхлүүлж байгаа мэт санагддаг байлаа. Уг нь зориглоод 2017 оноос идэвхтэй бичсэн ч орхиод, 2023 оноос л тууштай ажиллаа даа. Мөн номдоо оруулж байгаа бүх баримт, зургийг зохиогчийн эрхтэй байлгах нь толгойны өвчин шиг л байв. Зохиогчийн эрхийн асуудалгүй зураг олдохгүй үед зураг, жишээгээ тэр чигт нь солих ч шаардлага гарсан. Сайт дээрх нийтлэл, жишээ баримт бүрийг зохиогч руу нь мэйл бичин, зөвшөөрлийг нь авахад цаг хугацаа их шаардсан даа. Номоо бичиж байхдаа “Би чинь логикийн хүн биш байж ийм зүйл бичиж болох бил үү?” гэж өөртөө эргэлзэх үе ч байлаа. Ном бичих гэж буй хүнд зоригтой суугаад 1-2 жилийн дотор шахаж дуусгасан нь үр дүнтэй шүү гэж л зөвлөмөөр санагдсан даа.
Та түүх их сонирхдог хүний хувьд нухацтай сэтгэлгээ нь сайн хөгжсөн хэн нэгэн түүхэн хүнтэй уулзах боломж олдвол хэнтэй уулзах байсан нь сонирхол татаж байна.
АНУ-ын 16 дугаар Ерөнхийлөгч Абрахам Линкольн байх байлаа. Би түүнийг бүх зүйлийг маш системтэйгээр бодож, сэтгэдэг хүн байсан гэж боддог юм. Баримтат киноноос ч түүний хэчнээн ухаалаг, нухацтай сэтгэх чадвар нь хөгжсөн хүн байсныг харж болно. Монголоос бол С.Зориг агсантай уулзахыг хүснэ. Хуучны бичлэгүүдийг нь үзэхэд гүн логиктой ярьдаг хүн байжээ гэж хардаг.
Абрахам Линкольны тухай баримтат кино гэснээс та нухацтай сэтгэлгээний утга учрыг ойлгохуйц кино уншигчдад маань санал болгооч?
Хамгийн сонгодог нь гэвэл “Арван хоёр ууртай эр”. Арван хоёр шүүгч хүн амины хэрэгт буруутгагдаж буй өсвөр насны хүүхдийг яллах эсвэл цагаатгах тухай хэлэлцэн, санал зөрөлдөж, мэтгэлцэж буй үйл явдал гардаг юм. Мөн “Нас барсан найрагчдын нийгэмлэг”, “Мона Лизагийн инээмсэглэл”, “Эмэгтэй хүний үнэр” зэрэг кинонууд бий. Эдгээр киног үзэхэд нухацтай сэтгэлгээний ойлголтыг авч, утга учир, үнэ цэнийг нь мэдрэхийн зэрэгцээ уг чадвараа хөгжүүлэх хүсэл бадарна гэж бодож байна.
“Ромын хаан Нерогийн үед амьдарч байсан Сенека гэх гүн ухаантан “Философи судална гэдэг чамирхал биш. Философи бол бидэнд юуг яаж, ямар зарчимтай хийх ёстойг чиглүүлж өгдөг зүйл юм” хэмээсэн байдаг. Нухацтай сэтгэлгээ ч намайг зарчимтай байж, үнэ цэнээ даган, аливаа зүйлээс дархлаатай байхад тусалсан гэж боддог юм. Түүнчлэн Сократ “Шалгаагүй амьдрал үнэ цэнгүй” гэсэн байдаг даа. Өөрийнхөө амьдралыг байн байн эргэн харж, ирээдүйд гишгэх замаа бодож олоход минь нухацтай сэтгэлгээ чухал нөлөө үзүүлдэг. Наруто дээр “Энэ бол миний нинжагийн замнал” гэдэг шиг өөрөө өөртөө үнэнч байхад минь энэ чадвар тусалжээ. Бараг л миний нинжагийн замнал юм уу даа.
Насанд хүрэгчдийн ердөө 18-23% нь мэдээллийг үнэлэн, баримт шалгаж, эх сурвалжийг баталгаажуулах зэргээр нухацтай сэтгэлгээний чадвартай байдаг гэж “Reboot” сангийн тайлан онцолжээ. Энэ нь нухацтай сэтгэх ур чадвар хүн амын дунд хөгжөөгүй эсвэл уг чадвараа ашигладаггүй гэдгийг харуулж байна. Бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байгаа энэхүү сэтгэлгээ дутмаг байгаагаас бид аливаа мэдээлэлд хурдан итгэж, хууртагдахын зэрэгцээ шийдвэр гаргахдаа удаж, буруу сонголт хийх нь элбэг байдаг ажээ. Нухацтай сэтгэлгээг хөгжүүлсэн түүхээсээ хуваалцаж бусдад сурснаа түгээж яваа С.Өнөр багш энэ удаа “Бидний нэг” боллоо. Нийтлэлийг уншиж, мөн бидний нэг болсон уншигч танд талархъя.
Гэрэл зургийг: Л.Буд