Амьдралын хэв маяг

Б.Оюун-Эрдэнэ: Гэр бүл төлөвлөлтөд залуус шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй

Б.Отгонзаяа -- 2024.11.253 минут унших

            Гэр бүл төлөвлөлт чухал, заавал төлөвлөх хэрэгтэй гэж хүн болгон ярьдаг  хэр нь хэрхэн, хэзээ, яаж төлөвлөх талаар мэдээлэл ховор байдаг. Монгол Улсын хэмжээнд 2023 оны байдлаар өдөрт 48 хос гэрлэлтээ бүртгүүлж, 13 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байдаг гэх тоон мэдээлэл бий. 2013 онтой харьцуулахад гэрлэлт түүнтэй харьцах гэр бүл цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх болжээ. “Гэр бүл төлөвлөлт” гэх энэ нэр томьёо дэлхий дахинд 20-р зууны дунд үеэс үүссэн хэдий ч манай улсад 1990 оноос харьцангуй хожуу нэвтэрсэн байдаг. 1990 оноос өмнө Монгол Улсад гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ байгаагүй учир эмэгтэйчүүд хосууд орчин үеийн жирэмснээс хамгаалах арга  хэрэглэх боломжгүй байжээ. 

Тэгвэл гэр бүл төлөвлөлт гэж юу вэ. Орчин үеийн залуус гэр бүл төлөвлөлтийг хэрхэн ойлгодог, яаж ханддаг бол. Тэдний үзэл бодол байр суурийг тодруулцгаая.  

Б.Оюун-Эрдэнэ: Гэр бүл төлөвлөлтөд залуус шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй

Г.Отгонцэцэг : Амьдралын хэв маяг, зорилготойгоо уялдуулан гэр бүл төлөвлөлтийг хийх хэрэгтэй

Бид алхам тутамдаа том, жижиг олон төрлийн сонголт, шийдвэрүүдтэй нүүр тулж байдаг. Тэдгээр сонголтуудынхаа гарах үр дүнг аль болох эрсдэл багатай, ашигтай байлгахад төлөвлөлт чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний нэгэн адил гэр бүл төлөвлөлтийг ч гэсэн маш нарийн тооцож, төлөвлөх хэрэгтэй.  Миний хувьд хосууд цаашдын ирээдүйн амьдралаа хэрхэн үргэлжлэх, хэдэн хүүхэдтэй болох гэдгээс эхлээд маш олон зүйлсийг цаг хугацаа болон амьдралын хэв маяг, зорилготойгоо уялдуулан төлөвлөж, ярилцахыг гэр бүл төлөвлөлт гэж ойлгодог. Нийгэмд залуусын дунд ажиглагддаг нийтлэг зүйл нь албан ёсоор гэр бүл болоогүй, үерхэж байх хугацаандаа хүүхэдтэй болж, зарим нь хамтын хариуцлага хүлээхээс татгалзаж, үр хөндөлт, салалт гэх мэт эрсдэлтэй алхмуудтай нүүр тулдаг.  Тиймээс ирээдүйд хүсээгүй зүйлстэйгээ нүүр тулахгүйн тулд маш сайн ярилцаж, төлөвлөх хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлт бол орчин үеийн залуу хосууд төдийгүй нийгмээрээ ярьж,  хэлэлцэх хэрэгтэй чухал сэдэв. 

Б.Оюун-Эрдэнэ: Гэр бүл төлөвлөлтөд залуус шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй

Б.Амартүвшин: Төлөвлөлтийн цаана давхар хариуцлага гэх үг дагалдаж байдаг

Би гэр бүл төлөвлөлтийг хосууд болгоны хоорондоо ярилцаж, шийдэх хэрэгтэй чухал асуудал гэж боддог. Төлөвлөлт гэх үгний цаана давхар хариуцлага гэх үг дагалдаж байдаг. Тиймээс амьдралынхаа үлдсэн цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх хүнээ зөв сонгож, тэр хүнтэйгээ хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо сайн ярилцаж, шийдэх хэрэгтэй юм болов уу. Бие биеэ бүрэн таньж мэдээгүйгээсээ үүдэн сэтгэл хөдлөлөөрөө хандан яаран хүүхэдтэй болж, нэг нэгнээ ойлгохгүй, таарч тохирохгүйгээсээ болоод хоёр тийшээ болж, хүүхдээ өнчрүүлэх тохиолдлууд эргэн тойронд мэр сэр ажиглагддаг бас сонсогддог. Тиймээс цаашид хамт амьдрах хүнээ зөв сонгох нь хамгаас чухал. Миний хувьд 25-аас дээш насандаа хүүхэдтэй болно гэж боддог. Их сургуулиа төгсөөд, тогтсон ажил мэргэжил, орлоготой, амьдрах орон байраа бэлдсэнийхээ дараагаар аав болж хариуцлага хүлээнэ. Тэр болтлоо залуу насаа мэдэрч, өөртөө эрх чөлөө олгож амьдарна гэж боддог доо.  

Б.Оюун-Эрдэнэ: Гэр бүл төлөвлөлтөд залуус шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй

Г.Сарангуа: Гэр бүл төлөвлөлт бол нэг өдрийн аяллын төлөвлөгөө биш 

Би 22 настай. Найз залуутайгаа үерхээд найман жил болж байна. Энэ хугацаанд нэгнийхээ сайхан муухай бүхий л зүйлсийг мэдэлцээд, засах зүйлсээ засаад, суралцах зүйлээ суралцаад явж байна. Миний хувьд гэр бүл төлөвлөлтийг маш нухацтай авч үздэг. Энэ асуудал чинь зүгээр л нэг өдрийн аяллын төлөвлөгөө биш шүү дээ. Энэ насныхаа амьдралыг төлөвлөж байгаа хэрэг.  Хүн бүрийн хувьд гэр бүл төлөвлөлт нь өөр өөр. Зарим нь 18, 19 насандаа гэр бүл зохиодог бол нөгөө хэсэг нь 30, 40 нас хүрээд хүнтэй сууж, хүүхэдтэй болдог. Насны хувьд хувьд эдгээр хүмүүсийг гэр бүлээ эрт, орой төлөвлөж байна гэж шүүх нь учир дутагдалтай. Тухайн хүмүүсийн сонголт, эрхийн асуудал шүү дээ. Харин миний хувьд гэр бүл төлөвлөлтийг төсөөлөхдөө хэд хэдэн шаардлага, зарчмыг баримталдаг. Хамгийн эхэнд санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагыг зохицуулж чаддаг байх. Дараагаар нь мэдлэг боловсролтой болох. Үүнд заавал их дээд сургууль төгссөн, дипломтой, дипломгүй байхыг чухалчлахгүй. Хүмүүжил, төлөвшил, ёс зүйтэй, хүнийг хайрлах сэтгэлийн боловсролтой байхыг хэлж байгаа юм. Зөв үзэл бодолтой хүн ирээдүйн иргэнийг зөв хүн болгож хүмүүжүүлнэ шүү дээ. Мөн гэр бүл зохиохыг зөвхөн хос хоёрын асуудал гэж хардаггүй. Аав, ээж, найз нөхдийнхөө төдийгүй нийгмийнхээ өмнө маш их үүрэг хариуцлагыг хүлээж байдаг. Тиймээс  хөнгөн хуумгай шийдвэр гаргалгүй, нухацтайгаар хандаж, ирээдүйд тулгарах эрсдэл, жаргал зовлон бүгдийг нь хамтдаа туулж чадна гэсэн итгэлээр залуусыг гэр бүлээ төлөвлөөсэй гэж хүсдэг.  

Гэр бүл төлөвлөлтийн талаар залуусын үзэл бодол байр суурийг сонслоо. Тэд гэр бүл төлөвлөлтийг хамтын хариуцлага, сонголт, нийгмийн асуудал зэргээр маш чухал сэдэв гэж харж байна. Тэгвэл гэр бүл төлөвлөлт гэж яг юуг хэлдэг, хэзээ хэрхэн оновчтой төлөвлөх талаар Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэнгийн захирал, гэр бүл судлаач доктор /Ph.D/ Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. 

Б.Оюун-Эрдэнэ: Гэр бүл төлөвлөлтөд залуус шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй

-Гэр бүл төлөвлөлт чухал, заавал төлөвлөх хэрэгтэй гэж ярьдаг хэр нь хэзээ, яаж төлөвлөх талаар мэдээлэл залуус, өсвөр үеийнхэн дунд хомс байдаг. Тэгвэл гэр бүл төлөвлөлт гэж юуг хэлэх вэ. Хэзээ, хэрхэн оновчтой төлөвлөх вэ?  

-Гэр бүл төлөвлөлтийг хосууд гэрлэхээсээ өмнө хийх ёстой. Хосууд өөрсдийн нийгмийн эдийн засаг, боловсрол, сэтгэл зүйн байдалдаа нийцүүлэн хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүдээ хэдэн насны зайтай, хэзээ төрүүлэх вэ гэдгийг төлөвлөх процессыг гэр бүл төлөвлөлт гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, ухамсартайгаар эцэг, эх болох үйл явцыг хэлнэ. Гэр бүл төлөвлөлтийн асуудал нь дан ганц хос хоёрын асуудал биш. Хүн ам зүй, хүний эрх, эрүүл мэндийн асуудалтай салшгүй холбоотой байдаг. Орчин үеийн залуус гэр бүл төлөвлөлтийг гэр бүлийн менежментийн асуудалтай хольж, сольж ойлгодог. Гэр бүл төлөвлөлт бол цэвэр хүүхдээ хэдэн насны зайтай, хэзээ төрүүлэх вэ гэдгийг төлөвлөх асуудал. Харин гэр бүлийн менежмент нь гэр бүлийн амьдралын хөгжлийн асуудал. Өрхийн эдийн засаг санхүүгээ хэрхэн төлөвлөх, хүүхдээ ямар аргаар хүмүүжүүлэх, гэр бүлийн амьдралын хэв маяг, харилцаа, ёс зүй ямар байх зэрэг нь гэр бүлийн менежментийн асуудалд ордог. Гэр бүл төлөвлөлт нь улс орны хүн ам зүйн бодлоготой салшгүй холбоотой байдаг. Тухайн улсын Засгийн газар хүн амаа өсгөх бодлого, төрөлтийг дэмжих эсвэл хязгаарлах бодлого баримталж байна уу гэдгээс хамаараад гэр бүл төлөвлөлтийн үзэл санааг хөгжүүлэх, залуучуудад гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөр нь хамаарч байдаг. Хүүхэд төрүүлэх таатай орчин нөхцөл бүрдсэн нийгэмд төрөлт улам бүр нэмэгдсээр байдаг. Харин  эсрэгээрээ хүүхдэд ээлгүй төрөлтийг нийгэм сэтгэл зүйн хувьд дэмжих бодлого нь тодорхой бус орчинд төрөлт багасаж байдаг. 

-Хүүхдээ хэзээ, хэдэн насны зөрүүтэй төрүүлэх вэ гэдэг нь гэр бүл төлөвлөлт юм байна. Тэгвэл оновчтой гэр бүл төлөвлөлт хийхийн тулд хүүхдээ хэзээ, хэдэн насны зайтай төрүүлбэл зохистой байдаг вэ?

-Гэр бүл төлөвлөлтийг дэлхий дахинд хүний эрхийн асуудал гэж үздэг. Хэдэн хүүхдийг хэдэн насны зайтай, хэзээ төрүүлэх вэ гэдэг нь тухайн хосуудын асуудал. Мөн хэдэн хүүхдийг хэзээ, хэдэн насны зөрүүтэй төрүүлэх вэ гэдгээс эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал шууд хамааралтай байдаг. ДЭМБ-аас хамгийн тохиромжтой төрөлтийн насыг 18-35 нас гэж үздэг. Энэ насанд хүүхэд хоорондын зайг хоёр болон түүнээс дээш жил байвал эх нярайн эндэгдэлгүй эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой гэж үздэг. Оновчтой гэр бүл төлөвлөлт нь хамгийн энгийнээр хүссэн цагтаа хүссэн хүүхдээ төрүүлэхийг хэлж байгаа ойлголт шүү дээ. Тиймээс мэргэжил, боловсрол эзэмшээд өөрийн гэсэн ажлын байр, тогтмол орлоготой нийгмийн болон хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх чадамжтай болсон  үедээ гэр бүлээ төлөвлөх хэрэгтэй. Орчин үеийн залуус гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг ойлголт тааруу байгаагаас үүдээд эрсдэлтэй алхмуудыг сонгож байна гэж хардаг. Тухайлбал, одоо хэр нь насанд хүрээгүй охидын жирэмслэлтийн тоо буурахгүй байсаар л байна. Нөгөөтээгүүр, оюутан байхдаа насанд хүрсэн хэр нь гэрлээгүй үерхэж байх хугацаандаа төлөвлөлтгүйгээр хүүхэдтэй болж үүнийгээ үр хөндөлтөөр таслан зогсоож байна. Энэ бол байж болох хамгийн муу сонголт. 

Б.Оюун-Эрдэнэ: Гэр бүл төлөвлөлтөд залуус шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй

Хүүхэдтэй болохоосоо өмнө сэтгэл санаа, эдийн засаг, бие физиологио нэг жилийн өмнөөс бэлдэх хэрэгтэй

-Хүүхэдтэй болох шийдвэрийг хосууд өөрсдөө гаргах хэрэгтэй. Хөндлөнгийн аав ээж, найз нөхөд, ах дүүсийн ятгалга нөлөөнд орж шийдвэр гаргах тохиолдол бас ажиглагддаг. Энэ нь анхнаасаа хосуудын санаа биш байсан учир эргээд хос хоёрт л асуудал болно. Тиймээс маш сайн ярилцсаныхаа дараагаар хүүхэдтэй болох шийдвэр гаргахыг зөвлөж байна. Хосууд эрүүл хүүхэдтэй болохын тулд сэтгэл санаа, санхүү, бие физиологио багадаа нэг жилийн өмнөөс бэлдсэн байх хэрэгтэй. Суурь өвчнөө мэдэлгүй түүнийгээ эмчлүүлээгүй байхдаа хүүхэдтэй болж, хүүхдээ тээж байх явцдаа эмчлүүлснээр эмийн гаж нөлөөгөөр төрөлхийн асуудалтай эсвэл төрөлхийн бие нь сул аливаа ханиад өвчин эмгэг тусахад өртөмтгий  хүүхэд төрөх эрсдэлтэй. Тиймээс хосууд шинжилгээ өгч суурь өвчнөө эмчилж, архи тамхи зэрэг муу зуршлаасаа салсныхаа дараагаар хүүхэдтэй болох хэрэгтэй. Тэгэхээр залуус гэр бүл төлөвлөлтөд илүү шинжлэх ухаанчаар хариуцлагатай хандах хэрэгтэй байх нь.

Энэ удаагийнхаа сурвалжилгаар бид гэр бүл төлөвлөлт хэмээх ерөнхий сэдвийг хөндөж, энэхүү асуудал нь яагаад нийгэмд, тэр дундаа залууст чухал хэрэгцээтэй болохыг залуусын ойлголт, хандлага, байр суурь ямар байгааг тодруулан, хэзээ хэрхэн оновчтой төлөвлөх талаар гэр бүл судлаачтай уулзаж ярилцсан юм. Гэр бүл судлаачийн зөвлөж буйгаар гэр бүл төлөвлөлт сайтай жишиг хосууд гэж дараах зүйлсийг ажил хэрэг болгож, анхаардаг, дараах шинжтэй хосыг хэлдэг юм байна. 

  • Эцэг эх болж хамтын хариуцлага хүлээхэд сэтгэл зүй, эрүүл мэнд, бие физиологийн хувьд бэлтгэгдсэн
  • Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх арга барилтай
  •  Хүүхдийнхээ өмнө хүлээх ээж, аавын хариуцлагыг бүрэн ухамсарласан, хүүхдийнхээ төлөө тогтвортой, эрүүл гэр бүлийн харилцааг бий болгож чаддаг
  •  Хүүхдүүдээ мэдлэг боловсрол олгох орчин нөхцөлөөр нь хангаж чаддаг
  •  Гэр бүлийн орчиндоо хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэггүй, хүүхдийн эрхийг зөрчдөггүй
  • Хүүхэд хоорондын зайг өөрсдийнхөө нөхцөл байдалд тааруулан оновчтой төлөвлөж чадсан хосуудыг гэр бүл төлөвлөлттэй жишиг хос гэж үздэг байна.