Залуусын орон зай

Нэр төргүй ээж гэж хаана ч байдаггүй

TsoilogsoZ2024.01.115 минут унших
Нэр төргүй ээж гэж хаана ч байдаггүй - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Нэг шөнө хүүхэд маань унтдаггүй, би үүрээр тэврээд, бүүвэйлээд сууж байхдаа нэг зүйлийг сайн ойлгосон юм. 

Өөрөө хүүхэдтэй болохоос өмнө ээжтэйгээ ам мурийх үе олон гардаг байлаа. Гэтэл тэр орой миний нойроо үл харамлан энгэртээ тэврэн өсгөж байгаа хүүхэд хэзээ нэгэн өдөр надтай ингэж муудалцах үе ирвэл би хэнд ч гомдож байгаагүйгээрээ гомдох юм шиг санагдсан.


Би 19 настайдаа хөл хүнд болсон, магадгүй харьцангуй залуу ээжүүдийн тоонд орж байгаа байх. Өмнө нь залуу ээжүүдийг хараад хүүхдээ харахаас өөр юм хийж чаддаггүй байх л гэж боддог байлаа.  Өөрөө ээж хүний байр суурин дээр очоогүй байж өнгөцхөн дүгнэдэг байсан хэрэг л дээ. Гэтэл би төрөхдөө 28 цаг өвдөж төрсөн. Тэр үед хамт төрөх гээд өвдөж байгаа ээжүүдийг хараад нэр төргүй ээж гэж хаана ч байдаггүй гэдгийг сайн ойлгосон. Хөл хүнд болж, хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний байгалийн жам хэр нь хүнээс гардаг хамгийн том хөдөлмөр юм. 

Миний хувьд хүүхдээ анх харсан тэр мөч бол хорвоогийн хамгийн том уулзалт байсан.

Хүүхдээ төрүүлээд хоёр сар хүрэхэд нь шууд хичээлдээ орж байсан юм. Тэр үед надад хэд хэдэн том өөрчлөлт гарсан. Жишээ нь, хүүхдээсээ хол байх тэр цаг хугацаагаа зөв зарцуулж, бүтээлчээр өнгөрөөхийг хичээх болсон. Нэг үгээр би өмнөхөөсөө илүү их хичээл зүтгэл гаргаж сурдаг болсон юм. Залуу ээжийн хувьд найзууд хүнтэй болзож, зугаацаж байхад өөрөө гэрийн ажилд дарагдаад явж байгаадаа жаахан сэтгэл дундуур байдаг байлаа. Гэхдээ одоо бодоход тэр бүхний ачаар олон зүйлийг зэрэг амжуулж, өөртөө зориулах цагаа илүү үнэ цэнтэй өнгөрүүлж сурсан юм билээ. Цаг хугацаа ямар үнэтэй гэдгийг ойлгоод, зогсохгүй тэр цагаа нандигнаж сурсан гэмээр.

_TJR4600.jpg

Би архитектурын чиглэлээр сурдаг. Гэхдээ надад тавилгын зураг, дизайн илүү сонирхолтой санагддаг байсан. Өмнө нь зочны өрөө, гал тогооны өрөөний тавилгын загвар их боддог байлаа. Гэтэл төрсний дараа хүүхдэд зориулсан тавилгуудын тухай бодож эхэлсэн. Хүүхэд маань ганцаараа болохоор гэртээ уйдаад байдаг юм. Нэг өдөр хоосон тааз руу ширтээд сууж байгааг нь хараад хүүхдийн хөдөлгөөнд саад болохооргүй тавилга хийх санаа орж ирэн, жишээ загвар гаргаж үзсэн юм. Тэр загвар биеллээ олох хүртэл хагас жилийн хугацаа шаардагдсан. Энэ мэтчилэн тэр жижигхэн оршихуйн надад үзүүлж буй нөлөө, түүгээр дамжуулан хувь хүнд минь гарч буй эерэг өөрчлөлтүүдийг дурдаад баршгүй.

Хүүхэдтэй болсон мөчөөсөө хойш эх хүний нэр төр гэдэг ямар агуу болохыг мэдэрч явна. Ээж болоод эхний нэг жилийн хугацаанд л надаас хэмжээлшгүй их хөдөлмөр гарч байсан. Улмаар ээжийнхээ надад зориулсан тэр олон шөнө, тэр олон өдрийг үргэлж нандигнаж, бахархах болсон.

Уг ярилцлага нь"Global Dignity Day" буюу "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн хүрээнд хийгдсэн бөгөөд уг санаачлагын гол зорилго нь хүн бүрийн төрөлхөөс заяагдсан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршино.

Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Урнаа

Гэрэл зургийг: Э.Тайчар

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд