Нийгмийн тэгш байдлыг бий болгох, тэр дундаа охидын STEM салбар дахь тэгш оролцоог бий болгож, амжилтад хүрч чаддаг гэсэн ойлголтыг олон нийтэд өгөх, зорилгоор охидыг чадавхжуулах EMPOWERING GIRLS in STEM хөтөлбөрийг анх удаагаа хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрийг ТЭСО Группийн санаачилгаар Эмпасофт Технологийн Сургууль, Women in Tech Mongolia, UNICEF MONGOLIA байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм байна.
Энэхүү хөтөлбөрийг санаачлагч залуусын хувьд байгалийн ухаан, технологийн чиглэлээр сурч хөгжих хүсэлтэй охидын сонирхлыг татаж, хөтөлбөрт оролцсон охидоо үлгэр жишээ болгон алдаршуулан бусад охидод итгэл найдвар өгөхөөр EMPOWERING GIRLS in STEM хөтөлбөрийг санаачилсан байна.
Эмпасофт Технологийн Сургуулийн дэд захирал, Women in Tech Mongolia байгууллагын захирал Н.Энхсайхан
“Empowering Girls in STEM” хөтөлбөр маань охидыг шинжлэх ухаан технологи, математик, инженерчлэл, байгалийн ухааны салбарт татан оролцуулах, үргэлжлүүлэн сурах урам зоригийг өгөх зорилготой. Хоёр сарын хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөр маань үндсэн таван хэсгээс бүрдэнэ. Эхлээд шинжлэх ухааны туршилтуудыг гараар хийж үзэх бөгөөд дараагаар нь анхан шатны код бичих хичээлүүд, сайн дурын ажилд хэрхэн оролцох талаар болон дижитал бүтээгдэхүүн хэрхэн гаргах талаар сургалт хичээлүүдийг үе шаттайгаар орно. Хөтөлбөрийн төгсгөл хэсэгт охид маань баг болон хуваагдаж сурсан мэдсэн зүйлсээ ашиглаад цахим бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Энэ цахим бүтээгдэхүүнийг бид сүүлийн нэг сарын хугацаанд хөгжүүлж, зах зээл дээр нэвтрүүлэх тал дээр дэмжиж ажиллана.
Дэлхий дахинд хэрэгжиж байгаа “Women in Tech” хөдөлгөөн 2030 он гэхэд 5 сая охид, эмэгтэйчүүдэд технологийн мэдлэгийг олгож, нөлөөлөх том зорилгыг тавьсан байгаа юм. Технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо тэгш байснаараа энэхүү салбар илүү уян хатан болж, маш олон хүний асуудлыг шийдэж чадах юм байна гэдгийг олон улсад анзаарсан байна. Тиймээс Монгол Улсад энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон групп, компаниуд санаачлан анхаарч ажиллаж байгаад баяртай байгаа. Бид энэхүү хөтөлбөртөө зөвхөн Улаанбаатар хотын 30 охиныг хамруулаад зогсохгүй. Цаашид хөдөө орон нутагт хэрэгжүүлж, илүү олон охидод хүрч ажиллах төлөвлөгөөтэй байна.”
“Empowering Girls in STEM Mongolia” хөтөлбөрт Нийслэлийн ЕБ-ын 25 сургуулийн 11-12 дугаар ангийн 30 охин тэнцэж, хамрагдахаар болжээ. Хөтөлбөрт шалгарсан охидын хичээл танхим хэлбэрээр Эмпасофт Технологийн Сургуульд найман долоо хоногийн турш амралтын өдрүүдэд орох аж. Тэд хөтөлбөрийнхөө хүрээнд шинжлэх ухаан, технологийн туршилт хийж, код бичих, цахим орчин, мэдээллийн аюулгүй байдал, дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар анхан шатны ур чадвар эзэмшиж, үндэсний томоохон компаниудад зочилж, олон улсад мэргэшсэн мэнторуудтай уулзах юм. Тэдний анхны хичээлийг STEAM сургалтын багш Э.Эрдэнэсувд “шинжлэх ухаан, технологийн туршилтууд” Hands-on воркшопоор эхлүүлж байна.
Цахим говь ТББ-ын тэргүүн, STEAM сургалтын багш Э.Эрдэнэсувд
Охид технологийн салбар руу орохгүй байгаа шалтгааныг миний хувьд технологи хэтэрхий дөрвөлжин байгаад учир байна гэж хардаг. Учир нь эмэгтэй хүмүүс ирмэгтэй, өнцөгтэй зүйлийг тэр бүр таашаадаггүй. Машин гэхэд л эрчүүдэд Mercedes-Benz, G-Class зэрэг дөрвөлжин хэлбэртэй машин таалагддаг бол эмэгтэйчүүд илүү зөөлөн, жижиг Aqua, Juke маркийн автомашинууд сонирхдог.
Робот, машин угсарч програмчлах ажилд хөвгүүд илүү сонирхолтой байдаг бол эдгээр нь охидын сонирхлыг төдийлөн татаж чаддаггүй. Тиймээс бид эхний хичээлээрээ охидод ээлтэй гарын доорх материал болох цахилгаан дамжуулагч оёдлын утас, даавуу, скоч, гэрлийн диод, мини мотор, зоосон батарей, соронз зэргийг ашиглан цаасан болон даавуун зөөлөн материал дээр цахилгаан хэлхээ хийж туршиж үзнэ. Ирэх долоо хоногт хувцас дээр лед гэрлэн чимэглэл хийж, түүнийгээ компьютероос програмчлах болно. Өөрөөр хэлбэл, бага багаар охидыг технологийн салбарт дурлуулах суурь хичээлийг би орох юм.
Шинэ зууны удирдагч сургуулийн 12-р ангийн сурагч Э.Гэгээ
“Миний хувьд Эмпасофт Технологийн Сургуулийн цахим хуудаснаас “Empowering Girls in STEM” хөтөлбөрийн талаар мэдээлэл авсан. Тухайн үед хоёр сарын турш зөвхөн охидод зориулсан технологийн хөтөлбөр хэрэгжинэ гэдгийг хараад шууд л хамрагдахыг хүсэж, өргөдлөө явуулсан юм. Анх тэнцсэн гэх хариу мэйлээр ирэхэд автобусанд золтой л орилчхоогүй. Би үнэхээр 310 охиноос 30 охины нэгээр шалгарчихлаа гэж үү, гээд тухайн үед өөртөө итгээгүй. Хөтөлбөрт хамрагдаж байгаа охидтой танилцаж, физикийн сонирхолтой туршилтууд хийж, турших гэж байгаадаа баяртай байна.”
Нийслэлийн ЕБ-ын 51-р сургуулийн 12-р ангийн сурагч Э.Анужин
“Байгалийн ухааны салбар болон шинжлэх ухааны салбарт эрэгтэй хүүхдүүд илүү давамгай байдаг бол энэхүү хөтөлбөр маань тухайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог илүү дэмжинэ гэсэн нь надад үнэхээр их таалагдсан. Миний хувьд цаашид байгалийн ухааны чиглэлийн мэргэжлээр сурах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс “Empowering Girls in STEM” хөтөлбөр маань намайг хүссэн мэргэжлээрээ суралцахад бэлдэж, суурийг минь зөв тавьж өгнө гэдэгт итгэлтэй байна.”