Та жилд хэдэн ном уншдаг вэ? Бид хүүхэд ахуй наснаасаа л Оросын их зохиолч А.М.Горькийн хэлсэн “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэх алдартай эшлэлээр хүмүүжиж, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгчид маань номд дуртай болгохын төлөө үлгэр, домог ярьж, үлгэрлэдэг байсан шүү дээ. Тэгвэл бид энэ соёлоо хадгалж үлдэж чадсан болов уу? Техник технологийн хэт хурдацтай хөгжил бидний анхаарал төвлөрөх чадварт хүртэл нөлөөлж, сошиал орчинд үзэж харж буй зүйлдээ дунджаар 47 секунд зарцуулж байгааг судалгаагаар тогтоожээ. Нэг үгээр хэлбэл бид улам л “залхуу” болж байгаа энэ цагт унших соёл алдагдаж байна гэхэд хилсдэхгүй. Иймд Posted.mn веб сайт номын тухай амттай яриа өрнүүлж, унших соёлыг дэлгэрүүлэх зорилгоор номыг илүү бүтээлчээр уншихад тань туслах “Номын булан” шинэхэн булангаа эхлүүлж байна. Хамтдаа илүү ихийг уншиж, нухацтай сэтгэцгээе!
Хүн төрөлхтөн эрт цагаас оршин буй бүхний үүсэл, учир шалтгааныг эрж хайх замаар амаас ам дамжсан үлгэр домгийг өвлүүлэн, уламжилж ирсэн билээ. Төд удалгүй эртний Грек, Ромын үед улаан хүрэн ургамлын ширхгээр хийсэн бичгийн материал болох папирус, хонь, ямаа, тэмээ зэрэг малын арьсыг тусгайлан бэлтгэсэн бичгийн материал болох пергаментийг цаасны зориулалтаар ашиглаж эхэлснээр “ном” гэгч биет зүйлтэй танилцаж байжээ. Ийнхүү 15-р зуунд Йоханнес Гутенберг анхны хэвлэлийн машиныг зохион бүтээснээр номын ертөнцөд хувьсгал авчирсан төдийгүй тогтмол сонин, сэтгүүл зэрэг хэвлэмэл бүтээгдэхүүн үүсэж, унших соёлын эхлэл тавигдаж байв. Ийн харваас хүн төрөлхтөн бидний үүх түүх, хөгжил дэвшлийн салшгүй нэг хэсэг бол яахын аргагүй ном, товхимол ажээ.
Хоёрхон зууны өмнө бичиг үсгийн соёл зөвхөн нийгмийн элит хэсгийн дунд эрчимтэй тархаж, 1820 онд дэлхийн арван хүн тутмын нэг нь л уншиж, бичиж чаддаг байжээ. Харин өнөөдөр энэ хувь хэмжээ өөрчлөгдөж, арван хүн тутмын ес нь бичиг үсгийн боловсролтой болсон нь дэлхий нийтээрээ бичиг үсгийн өндөр соёлтой гэж тодорхойлогдохуйц цаг үед бид амьдарч байна. Гэтэл энэ соёлт эрин хэр удаан үргэлжлэх бол?
“Соёлыг устгахын тулд ном шатаах хэрэггүй. Зүгээр л хүмүүсийн уншихыг нь болиулчих” Рэй Брэдбури
“Уншихаа боливол сэтгэхээ болино” гэж В.И.Ленин хэлсэн байдаг. Хэдий дэлхий дахинаа бичиг үсгийн боловсрол хоёр зууны өмнөхөөс эрс сайжирсан ч өнөөдөр унших соёл алдагдах нөхцөлд хүрээд байна. Тухайлбал, АНУ-ын насанд хүрэгчдийн 23 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд ганц ч ном уншаагүй бөгөөд унших соёл уналтад орж буй нь ажиглагджээ. Унших соёл гэх ойлголтод бид ном, сонин, сэтгүүл, эрдэм шинжилгээний өгүүлэл зэргийг уншиж судлах, мэдээлэл хүлээн авах дадал зуршил болоод түүнд хандах хандлага, үнэлэмжийн тогтолцоог хамруулан авч үзэж болно. Унших соёл өндөртэй улс орнуудын хувьд тухайн нийгмийн боловсролын түвшин өндөр, нухацтай сэтгэх чадвартай, оюуныг эрхэмлэдэг ард түмний дунд өргөн тархсан байдаг аж.
Тэгвэл технологийн гэгдэх энэ эринд техник, технологийн дэвшил бидэнд юу авчрав? Бид номыг сонсох хэлбэрээр “уншдаг” болж, номын үйл явдал, гол агуулгыг ойлгохын тулд олон хуудас уншихаас илүү YouTube, Spotify, Podcasts зэрэг аппликейшн рүү нэвтрэхэд л хангалттай болжээ. Аудио номын талаар нийгэмд эерэг хандлага үүсэж, Хойд Америкт аудио номын хэрэглээ 46 хувьтай байгаа бол Хятадад 2020 оны байдлаар насанд хүрэгчдийн 35 хувь, насанд хүрээгүй хүүхдүүдийн 43 хувь нь аудио ном сонссон байна. Магадгүй аудио ном, номын товчлол бүхий подкаст сонсох нь өнөө цагт цагаа хэмнэх, завгүй амьдралын дундуур өөрийгөө хөгжүүлэх хамгийн шилдэг арга мөн билээ. Гэвч…
Ажлын ачаалал, амьдралын буруу хэв маягаас үүдсэн стресс, түгшүүрээс ангижрахад ном танд туслах болно. Учир нь ном унших нь стрессийн түвшнийг бууруулж, тав тухтай амархад тусалдаг байна. Тодруулбал, Суссексийн их сургуулийн танин мэдэхүйн мэдрэлийн сэтгэл судлаач, профессор Дэвид Льюисийн хийсэн судалгааны үр дүнд ном унших нь зүрхний цохилт, цусны даралтыг бууруулж, сэтгэл санаагаа тайвшруулахад туслан стрессийг 68 хүртэлх хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.
Уншихын бас нэгэн гайхамшиг бол тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Бид ном уншихдаа зохиолын дүр, зохиолын үйл явдал, өрнөл, зангилаа, тайллыг дотроо төсөөлж, яг л кино үзэж байгаа мэт төсөөлөн уншдаг шүү дээ. Тэгвэл яг энэ үед тархины үйл ажиллагаа идэвхжиж, урт болон богино хугацааны ой санамжийг сайжруулдаг байна. Мөн тогтмол ном уншдаг өндөр настнуудын оюуны хомсдол 32 хувиар бага байдаг аж. Өөрөөр хэлбэл, тогтмол ном унших нь алцгеймер буюу мартах өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг байна.
Ном биднийг сэтгэл зүйгээр дэмждэг. Уран зохиол, нийгэм судлалын төвийн судлаач, доктор Жоси Биллингтоны үзэж буйгаар ном унших нь хүмүүст урьд нь туулж өнгөрүүлсэн мэдлэг туршлага, амьдралын олон саад бэрхшээлийг хэрхэн даван туулж, өнөөдрийн өөрийгөө бүтээснийг нь эргэн санахад тусалж, өөрийн гэсэн байр суурьтай, зорилго тэмүүлэлтэй гэх мэдрэмжийг сэргээхэд тусалдаг байна. Мөн ном уншихдаа бидэнтэй ижил төстэй амьдралтай хүмүүс байдаг гэдгийг анзаарч, бусдаас тусгаарлагдаж, ганцаардсан мэдрэмжээс холддог ажээ.
Мөн тогтмол ном уншсанаар анхаарал төвлөрөх чадвар дээшилж, бүтээлч сэтгэлгээ нэмэгдэн, нухацтай сэтгэлгээнд суралцдаг гээд номын ашиг тусыг дурдаад байвал дуусашгүй олон. “Ухаантай болохын тулд чи арван ном л унших хэрэгтэй. Гэхдээ тэднийг олохын тулд мянган ном унших хэрэгтэй болно” гэдэг үг байдаг даа. Амьдралд тань хэрэг болох тэр арван номыг олох урт аялалд хамтдаа гарцгаая. Илүү урт насалж, илүү ихийг суралцаж, амьдралыг илүү амттай болгохыг хүсвэл “Номын булан”-тай хамт байгаарай!