“Цас орон, хүйтэрч, газар шороо хөлдөх гэж байхад намар мод тарих хэрэг юу байна аа” гэж та бодож байв уу? Буруу л бодож байна даа. Мод тарих хамгийн тохиромжтой үе намар гэнэ шүү. Намар мод тарихад бусад улиралд тарьсан модтой харьцуулахад 10 хувиар илүү ургадаг аж. Иймээс ч “Тэрбум мод - Алтан намар мод тарих цаг” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл яагаад намар мод тарих нь тийм тохиромжтой үе вэ гэдгийг мэдэж авцгаая.
Намрын улирал, мод хоёрыг найзууд гэж үзвэл хамгийн сайн найзууд ажээ. Моддын навч шарлан, нэг нэгээрээ унаж, модод унтаа байдал руу шилждэг энэ улирал ургамлын ургалтыг дэмжих хамгийн таатай үе гэж хэн санах билээ.
Цаг агаар сэрүүсэнгүүт л газар шороо бээрч, хөлддөггүй аж. Агаарын температур буурах хэдий ч зуны улиралд хөрс дулаанаа хадгалж, үндэс ургахад тохиромжтой орчныг бүрдүүлдэг. Нэг ёсондоо бяцхан шинэ модны ургах дулаан “гэр”-ийг бэлддэг гэсэн үг. Энэ нь өвлийн улиралд газар хөлдөхөөс өмнө үндэс суурьших боломжийг олгодог ажээ. Түүнчлэн намрын улиралд тогтмол хур тунадас орох нь элбэг бөгөөд энэ нь шинээр тарьсан модонд тустай. Зуны ангаж цангасан хөрстэй харьцуулахад бороо ороод л шууд ууршчихгүй учраас хөрсөн дэх чийгээр дамжуулж үндэс хангалттай ус авах боломжтой юм.
Ер нь л намрын улирал бяцхан модыг ургуулахын тулд байж болох бүхий л халамж, хайраа харамгүй зориулдаг. Энэ үеэр тарьсан модны үндэс илүү хүчирхэг, бат бөх ургадаг учраас хавар ирэхэд ургалт нь илүү эрчимжин, зуны халууныг тэсэх чадвартай болдог аж. Улмаар урт хугацаанд эрүүл, уян хатан мод ургадаг байх нь.
Намрын сэрүүн температур нь шинээр тарьсан модны стрессийг багасгахад тусалдаг. Тийм ээ, та зөв уншсан, стрессийг нь багасгадаг. Мод ч гэсэн стресстэнэ шүү дээ. Зуны улирлын хэт халуун уур амьсгал нь шинээр ургах гэж тэмцэж буй залуу ургамлын ургалтыг сааруулдаг бол намрын зөөлөн цаг агаар модыг дулааны стресст өртөх эрсдэлийг бууруулдаг байх нь. Модны стресс гэдэг нь модны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өсөлт, оршин тогтнох чадвар буурахад хүргэдэг нөхцөл, хүчин зүйлсийг хэлдэг. Модны стресс нь байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Байгалийн хүчин зүйлд ган, үер, хэт халуун, хүйтэн температур, салхи, шим тэжээлийн дутагдал зэрэг орно. Харин хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй стресст хөрсний нягтрал, хэт тайралт, агаар болон хөрсний бохирдол, зохисгүй усалгаа, барилга байгууламж, тохижилтоос үүдэлтэй биет гэмтэл зэрэг орох юм.
Стресстсэн модны навчны хэмжээ багасах, навчис эрт унах, мөчрүүд нь хатах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Удаан үргэлжилсэн стресс нь модны эрчим хүчний нөөцийг шавхаж, фотосинтезийн үйл явцыг алдуулан, хортон шавж, өвчнийг эсэргүүцэх чадварыг сулруулдаг ажээ. Бидний хувьд ч стресс ингэж л үйлчилдэг. Бид архаг стресст орсон үед дархлалын систем суларч, өвчлөмтгий болдог шүү дээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын зохион байгуулагч Ё.Гантөгсөөс тодруулснаар Монгол Улсын хувьд намрын улиралд есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 26-нд мод тарихад тохиромжтой аж. Хэдий цас арвинтай байгаа ч газар бүрэн хөлдөлгүй, хайлж байгаа учраас мод тарихад асуудалгүй хэмээн уг мэргэжилтэн онцолсон юм. Иймээс эл өдрүүдийг “Бүх нийтээр мод тарих өдөр” болгон улс орон даяар зохион байгуулж байгаа билээ. Тэгэхээр зуны дэлгэр цагт биш өвөл болохтой уралдан, гэнэт л бүгд мод тариад эхэлдэг шалтгаан энэ байх нь. Харин усалгааны хувьд намартаа услан, өвлийн цагт газар хөлдсөн үед ус хөрсөнд шингэхгүй тул услахгүй билээ.
“Намрын улиралд мод тарихдаа хүйтэнд тэсвэртэй мод (нарс, шинэс, улиас) тарих нь чухал. Мөн тарьсныхаа дараа цэнэг усалгааг маш сайн хийх хэрэгтэй. Харин эрдэс бордоо хийх шаардлагагүй. /Эрдэс бордоод азот, фосфор, калийн бордоо мөн нийлмэл бордоо орох бөгөөд эдгээр нь ургамалд түргэн хугацаанд нөлөөлж ургац нэмэгдүүлэх сайн талтай ч хөрсөн дэх ашигтай микро организмыг үхүүлж цаашид хөрсний байгалийн үржил шимийг бууруулах ч талтай аж/ Оронд нь органик бордоо болох био ялзмаг, бууц зэргээр бордож болно. Бидэнд намар мод тарихдаа гаргадаг түгээмэл алдаа хэд хэд бий. Тухайлбал, хүйтэнд тэсвэргүй мод сонгож тарих, усалгаа дутуу хийх, намар навч гөвөөгүй үед буюу яаран эрт тарьдаг. Зарим хүмүүс унтаж байгаа ургамлыг идэвхжүүлэн сэрээх бодис хийж тарих нь ч бий. Ургамал тайван байдалдаа амарч байж хавар эрт ургадаг. Гэтэл ийм төрлийн нэмэлт бодис ашигласнаар энэхүү байгалийн үйл явц алдагддаг билээ.”
Та нэг мод тарьснаар хоёр хүний жилийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангах боломжтой. Иймээс хэрэв та энэ намар мод тарьж амжаагүй бол хавар дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 25-ны хооронд мод тарих үеэр тариарай. Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг дээ.