2023 оны Randstad судалгаагаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 93,7% нь ажил амьдралын тэнцвэрт байдалд хүрэх нь чухал хэмээн үзэж байгаа нь инновацын эрин үед ажиллаж буй хүмүүст тулгарч буй чухал сорилт мөн гэдгийг илтгэж байна. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн зах зээлд хүч түрэн орж буй залуу үеийн бүтээмж, хүлээлтэд тулгарч буй онцлох сорилт нь тус агуулга гэдгийг олон улсын судалгаанууд дурджээ.
Гэвч залуус төдийгүй нийгмийн дунд ажил амьдралын тэнцвэрт байдлыг хэрхэн хангах вэ? Үүнд хүрэхэд ямар алхмуудыг оновчтой хийх вэ? зэрэг шийдэл эрэлхийлсэн асуултууд цөөнгүй. Тэгвэл хариултыг эрэлхийлэхээс өмнө агуулгын хүрээнд ойлголтоо нэгтгэе. Ихэвчлэн бид ажил, амьдралыг хэт ялгаж салгах ойлгон, тэнцвэржүүлэх арга зам хэрэгжүүлэхийг хичээх нь элбэг. Гэвч энэ нь бидэнд зарим нэг сөрөг үр дагаврыг бий болгох хандлагатай байна.
Нэгдүгээрт, ажил нь хувийн амьдралаас илүү их цаг эзэлдэг эсвэл эсрэгээрээ байснаас болоод тэнцвэргүй мэт санагдаж дарамт, бухимдал зэрэг сөрөг мэдрэмж бий болгодог. Хүмүүс аль нэгэнд нь хангалттай цаг зарцуулаагүйдээ өөрийгөө буруутгаж, улмаар стресс, ядрахад хүргэдэг.
Хоёрдугаарт, ажил амьдралаа салгах нь өсөлт, хөгжлийн боломжийг хязгаарлаж болзошгүй. Олон хүмүүс хувийн хүсэл тэмүүлэл, сонирхол нь мэргэжлийн ажилтай нь огтлолцдог бол энэ хоёрыг тусад нь байлгаснаар ур чадвар, туршлагаа тэлэх боломжоо алддаг.
Эцэст нь ажил амьдралыг салгах санаа нь ажил мэргэжил, ерөнхий сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлнө. Ингэж үзэх нь ажил бол сэтгэл ханамжтай амьдралын салшгүй хэсэг гэхээсээ илүү тэвчих ёстой зүйл гэсэн ойлголтыг бий болгож эхэлнэ.
Нөгөө талаас ажил дээр тулгарч буй сорилт (challenge), таны эзэмшсэн ур чадвар (skill)-н зөрүү таны сэтгэл ханамж, нөхцөл байдалд нөлөөлж болзошгүй юм. Таны хувь ажлын байран дээр аль хэсэгт буйг доорх график дээрх энгийн томьёоллоор богино хугацаанд тодорхойлж үзээрэй.
Магадгүй таны ур чадвар, ажлын сорилтуудад хүрэхгүйгээс танд төрөл бүрийн айдас, санаа зовинол байна уу? Таны ур чадварыг ажлын байр хангалттай гаргаж чадахгүй байгаагаас болоод хэтэрхий уйтгартай, чухал биш санагдаж байна уу? Аль эсвэл та өндөр ур чадвар, ажлын сорилтууд уялдуулан илүү сэтгэл ханамжтайгаар хийж байж болох юм.
Дээрх нөхцөлүүдийн аль нэгнээс үл хамааран бидний бодол, сэтгэхүйд гаднаас орж ирж буй тэдгээр сөрөг бодлуудаас салж одоогийн нөхцөл байдлаа дүгнэн, хэрэгжүүлэх арга замуудтай танилцацгаая.
Ажил (Professional life), хувийн амьдрал (Personal life) бүхэлдээ бидний амьдралын (life) нэгээхэн хэсэг бөгөөд эдгээр нь нэгдмэл байвал ажилдаа илүү утга учиртай, зорилготой хандахаас гадна ажлын сэтгэл ханамж, бүтээмж нэмэгдэх боломжтой. Эцсийн дүндээ ажил амьдралын тэнцвэрт байдалд хүрэхийн тулд тэдгээрийг хувийн үнэт зүйл, тэргүүлэх чиглэл, амьдралын томилгоотойгоо (mission) уялдуулан нэгтгэх арга замыг хайж олон, эрүүл мэнд, сайн сайхан байдлаа (well-being) хадгалах нь чухал юм.
Тэгвэл дэлхий дахинд ажил болон хувийн амьдралаа уялдуулан тэнвцэржүүлэхэд анхаарч буй чиглэлүүдтэй танилцъя.
Арга зам/Чиглэл | Судалгаа/Дүгнэлт | Түгээмэл төөрөгдөл/Анхаарах зүйлс |
Уян хатан ажлын байр | Randstad “Workmonitor 2023” (59%) болон Deloitte “Global Gen Z & Millennial Survey 2023” (45%) зэрэг судалгаанууд үүнийг хамгийн чухал давуу тал гэж онцолж байна.Алсын зайнаас ажил, ажлын долоо хоногийг шахах, уян хатан цаг нь ажил амьдралын тэнцвэрт байдалд хүрэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг гэж үзжээ. | Хүссэн цагтаа ажиллах, шаардлагатай үед ажлын байрыг орхих, онлайнаар ажиллах боломжтой зэрэг төрөл бүрээр ойлгож хүлээлт зөрөх тохиолдол бий.Тиймээс “УЯН ХАТАН ЦАГ” гэх тодорхойлолт хэрэв ажлын нөхцөлд байвал хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дүрэмд хэрхэн тайлбарласныг заавал харна уу. |
Хил хязгаарыг тогтоох | Ажил болон хувийн амьдралын хооронд тодорхой хязгаарлалт тогтоох нь маш чухал хэмээн тодорхойлж байна.Мөн Randstad-н судалгаагаар 46% нь энэ стратегийг онцолсон байна. | Аливаа зүйлд хэт хатуу хил хязгаар тогтоох нь эргээд сөрөг нөлөө үзүүлж болохыг санаж албан харилцаанд үүнийг тодорхой зарчмын дагуу баримтлахыг санал болгож байна.Ажлын хугацаанд илүү бүтээмжтэй, сэтгэл ханамжтай байхын тулд бүтэнсайн өдрийн оройг төлөвлөж өнгөрөөх, нэн шаардлагатай үед ажлын бус цагийг ашиглах зэрэг хувийн болон ажлын харилцаанд таныг сэтгэл ханамжтай байж, итгэлцлийг бий болгоход туслах зэрэг арга замуудыг олоорой. |
Сайн сайхан байдлыг эрхэмлэх | Эрүүл дадал зуршил, өөрийгөө арчлах үйл ажиллагаануудаар бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавих нь чухал юм.Randstad-н судалгаагаар тэдний 78% нь ажил амьдралын тэнцвэртэй байхад сайн сайхан амьдралын хэв маягийг нэн тэргүүнд тавих нь чухал гэж боддог. | Та зөвхөн дасгал хөдөлгөөн, нэмэлт үйл ажиллагаанд оролцох нь тийм ч хангалттай биш юм.Харин халуун дулаан, нээлттэй хамт олон болон гэр бүлийн харилцаа, амьдралын томилгоо (mission), зорилго, үнэт зүйл зэрэг нүдэнд үл харагдах ч бидэнд үргэлж эерэгээр нөлөөлөх чухал зүйлийг бодож тунгаан үйлдэл болгох нь чухал юм. |
Цагийн менежмент | Цагаа үр дүнтэй удирдах нь ажил болон хувийн амьдралдаа өөрийгөө зориулах боломжийг олгоно.Эрэмбэлэх, цагийн хуваарь гаргах, анхаарал сарниулах зүйлээс зайлсхийх зэрэг арга хэрэгсэл, арга техникүүд тусалж чадна. | Энэхүү хэсэгт бидний орхидог чухал агуулга бол сахилга бат (discipline) болон зөв дадлууд (habit) юм.Цагийн менежментийг бид зөвхөн цагаар хэт хатуу хэмжиж удирдах боломжгүй тул илүү уян хатан (antifragile) байх, дадал зуршил, сахилга батаар цагийг удирдах нь илүү үр дүнтэй байх болно. |
Энэ мэтчилэн ажил, хувийн амьдралыг уялдуулан тэнцвэржүүлэх судалгаанд суурилсан олон аргуудыг хэрэгжүүлэх боломжтой. Гэвч энэхүү нийтлэлд зөвхөн ажил, хувийн амьдралтай холбоотой агуулга, өнцгөөс тайлбарласан бөгөөд үүний гүнд нь амьдралын (life) суурь чухал агуулгыг дэлгэрүүлэн судлах, түүний талаар хувийн эргэцүүлэл хийх нь чухал гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс уншигч та дараах асуултуудад цаг гарган хариулж үзээрэй.
Та аз жаргалд хүрэх биш аз жаргалтайгаар амьдарч байна уу? Та хувийн болон ажлын харилцаа, амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ? Үүнтэй холбоотой дотор төрж буй сөрөг бодлуудаас өөрийгөө салган жинхэнэ өөрөөрөө эргэцүүлэхэд танд ямар мэдрэмж, бодол төрж байна вэ? Танд амжилт хүсье..
Ашигласан эх сурвалж: