“Номын баяр 2024”: 1,000 төгрөгөөр ч ном авах боломж 
Номын буланНомБоловсрол
Б.Намуун
Б.Намуун
2024.09.17
4 минут
“Номын баяр 2024”: 1,000 төгрөгөөр ч ном авах боломж 

 “Унших соёлыг дэлгэрүүлье” гэсэн уриа эрчээ авч буй өнөө үед хамгийн тохиромжтой, ойр ойрхон болоод л баймаар баяр бол яах аргагүй “Номын баяр” билээ. Есдүгээр сарын 13-аас 15-ны нар хур тэгширсэн өдрүүдэд 36 дахь номын баяр Төв талбайд болж өнгөрлөө. 36 удаа зохиолчид ном, уран бүтээлээ дэлгэн, номд дурлагчид дуртай зохиолчидтойгоо уулзан, хайсан номоо олж, солилцон, хандивласан байна. Энэ баяр аль хэдийн бидний хүсэн хүлээж, зорьж очдог баяр болжээ.  

Иоханнес Гутэнбэрг хэвлэх машин зохион бүтээсний дараа 1949 онд “Франкфуртын номын үзэсгэлэн” зохион байгуулагдсан нь анхны номын баяр байсан гэж тэмдэглэгдэх нь бий. Энэхүү үзэсгэлэн нь цаг хугацааны явцад шинэ номыг сурталчлан таниулах, хэвлэн нийтлэгч, зохиолч, утга зохиолын төлөөлөгчдийг нэгтгэдэг дэлхийн хэмжээний арга хэмжээ болжээ. Харин орчин үед хамгийн алдартай номын баяруудын нэг бол 1983 онд зохиогдсон “Эдинбургийн олон улсын номын баяр” юм. Уг баяр нь хурдан хугацаанд дэлхийн хэмжээний хамгийн том утга зохиолын арга хэмжээний нэг болон, өргөжин тэлсээр байгаа билээ.   

“Номын баяр 2024”: 1,000 төгрөгөөр ч ном авах боломж 

Харин Монгол Улсын хувьд номын баярыг “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар анх 2007 онд зохион байгуулж, 80 гаруй хүн ирж байсан бол өнгөрсөн хаврын баярт 236 мянга гаруй уншигч зорин иржээ. Энэ удаагийн номын баяр ч “Илүү их уншъя!” уриан дор оролцогч ихтэй болж өндөрлөлөө. Бусад жилийнхээс ялгарах онцлог нь өнгөрсөн 32 жилд Монгол Улсын Ерөнхийлөгч нарын номтой холбоотой үйл хэргийн тэмдэглэлийг “Номын ертөнц” сэтгүүлд нийтэлж буй юм. Түүнчлэн дотоодын 500 гаруй хэвлэн нийтлэгчээс гадна ОХУ, БНХАУ, Солонгос, Польш зэрэг улсын зохиолчид ирж оролцлоо.  

Номын баяраар юу хийж болох вэ? 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу номын баярыг тав болон есдүгээр сард орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү нийтээр тэмдэглэх баярын өдрөөр зөвхөн ном худалдаж авахын тулд л төв талбайг зорьдог гэж бодож байна уу? Үгүй дээ. Энд хийх зүйл олон.  

“Номын баяр 2024”: 1,000 төгрөгөөр ч ном авах боломж 

Уншигчид номын зохиолчидтой тэр бүр уулзаж, ярилцаж чаддаггүй шүү дээ. “Энэ хэсгийг бичихдээ зохиолч юу бодсон бол? Яагаад энэ номыг бичсэн юм бол? Яаж түүн шиг бичдэг болох вэ?” гээд л асуулт мундахгүй. Цээжинд багтаж ядах эдгээр асуултынхаа хариултыг авах боломжийг номын баяр бидэнд олгодог.  

Мөн номын баярыг зохион байгуулан ажилладаг өсвөр насны сурагчдаас бүрдэх “Номын ертөнц” клубт элсэхийг хүссэн 7-12 дугаар ангийн сурагчдад клубийн үүд хаалга энэ өдрүүдэд нээлттэй байлаа. Тэгэхээр сонирхол нэгт хүүхэд, залуучуудтай хамтрах, хүрээллээ тэлэх боломжийг ч эндээс олох юм.  Мөн тус клубээс жил бүр зохиодог “Амттай 50 ном” уралдааныг ч энэ удаагийн номын баяраар зохион байгууллаа. Шинэ хүрээлэлд орж, уралдаанд оролцон, үзэсгэлэн үзэх гээд хийх зүйл олон байгаа биз.  

“Номын баяр 2024”: 1,000 төгрөгөөр ч ном авах боломж 

Номын үзэсгэлэн худалдаанд борлуулалтаараа тэргүүлэгч номоос эхлээд хуучны ховор, дахин олдохооргүй бүтээлүүд ч байдаг. Тус баяраар зохиолч, хэвлэн нийтлэгчид ихэвчлэн хямдралтай үнээр номоо борлуулдаг учраас хүсэл байвч хэтэвчний зузаан хүрдэггүй номоо авах боломжтой. Тэр бүү хэл “Бүх ном 1,000 төгрөг” гэсэн асраас богц дүүрэн ном, нүүр дүүрэн баясалтай гарч болох юм. Уг асраас олон ч дээр үеийн сайхан ном олж, уншиж байлаа. Тэгэхээр зориод ирсэн цагт номгүй буцна гэж баймгүй баяр гэдэг нь илэрхий.  

Ямар нэг ном сонгоод, зорьж ирэн авдаг хүмүүс байхад зүгээр л дамжин өнгөрөхдөө таалагдсан номоо аваад гардаг хүмүүс ч их бий. Номын баярт оролцогч, уншигч А.Ариунжаргал “Хоёр дахь удаагаа номын баярт оролцож байна. Энэ удаа найзтайгаа Ц.Анударь зохиогчийн номыг авахаар зорин зорин ирсэн. Жилээс жилд номын баяр илүү гоё болж байгаа мэт санагддаг” хэмээн зохиогчоор нь гарын үсэг зуруулах цуваан дунд зогсохдоо хуваалцсан юм. Бороо ихтэй өдөр байсан ч өнгө өнгийн шүхэр барьсан хүмүүс, энд тэндгүй ном үзэн, инээж хөхрөн явах нь жаргалтай.  

“Номын баяр 2024”: 1,000 төгрөгөөр ч ном авах боломж 

“Номын баярт дөрөв дэх удаагаа ирж байна. Энд ирсэн хүн унших хүсэлд автдаг учраас болдог бол улаанбаатарчуудыг бүгдийг нь туугаад аваад ирмээр байна. Би археологич Д.Эрдэнэбаатар докторыг зорьж ирсэн. Мөн сэтгэл судлалын асуудлыг ойлгох хэрэгцээ  Монголд их болсон энэ үед уг чиглэлийн олон ном байгаад баяртай байна. Гарахдаа хамаад гаръя гэж бодож байна даа” /Номын баярын оролцогч, уншигч Б.Болдбаатар/

Зохиолчид унших соёлын талаар юу хэлэв? 

Олон асар дундаас хараа булаам, чамин асар онцгойрч харагдсаны нэг нь зохиолч Б.Шүүдэрцэцэгийн асар байлаа. Тэрбээр 36 дахь удаагаа номын баярт оролцож байгаа гэнэ. “Энэ өдрүүд бол зөвхөн номоо зарах өдөр биш унших соёлыг түгээж, үндэсний өв соёлоо сурталчлан дэлгэрүүлдэг баяр учраас ач холбогдол өгөн асраа тохижуулдаг. Таван жилийн өмнө Монгол төрийн сүүлчийн их хатны тухай ном бичиж байлаа. Иймээс энэ удаагийн номын баяраар Эх дагина Ц.Дондогдулам хатны 150 насны ойд зориулан асраа чимэглэсэн” гэснээс нь түүний асар харц булааж байсны учиг тайлагдав. 

“Хүн ном уншсанаар улам ухаалаг болно уу гэхээс хэзээ ч солиотой болохгүй” /Зохиолч Б.Шүүдэрцэцэг/  

“Номын баяр 2024”: 1,000 төгрөгөөр ч ном авах боломж 

“Хүүхдэд зориулсан монгол агуулгатай ном ховор байгаад эмзэглэж явдаг. Номын дэлгүүр ороход гаднын ном, үлгэрүүд ихэнх хувийг эзэлдэг шүү дээ. Иймээс “Хотулун гүнж” хэмээх хүүхдэд зориулсан номоо энэхүү баяраар сурталчлан, таниулж байна. Номын баяр бүрээр уншигчид шинэ ном хүсдэг учраас “Улаан даашинз” хэмээх шинэ номоо мөн авч ирсэн. Монголчууд их уншдаг бусад үндэстнүүдтэй харьцуулахад маш муу уншдаг ард түмэн. “Номын хулгай хулгай биш” гэдэг үгийг буруугаар тайлбарлаж, ярих нь ч бий. Өртөг шингэсэн бүтээгдэхүүн яаж хулгай биш байх билээ. “Ном их уншихаар номын цагаан солио тусна” гэж ганцхан монголчууд ярьдаг. Хүн ном уншсанаар улам ухаалаг болно уу гэхээс хэзээ ч солиотой болохгүй. Илүү их уншихын хэрээр монгол үндэстэн сэргэн мандана гэж боддог”.  

“Уран зохиолд хүний зүрх сэтгэлийг ганцхан минутад өөрчилж чадах хүч бий” /Зохиолч Ш.Солонго/ 

“Номын баяр 2024”: 1,000 төгрөгөөр ч ном авах боломж 

Би 2015 оноос хойш номын баярт оролцож байна. Энэ баяр бол уншигчидтайгаа уулзах хамгийн том баяр. Номын нээлт дээр 50-60 хүн л ирдэг бол номын баярт 30-аад мянган хүн ирдэг. Энэ жил бороотой байгаа ч номд дуртай хүмүүс ирсээр байна. Сүүлийн үед хүмүүс номыг уншихаасаа илүү сонсдог болжээ. Гэхдээ номыг барьж уншихад хүний оюун ухаанд бүтэн ертөнц нээгдэж, зохиолчтой хамтдаа номыг бүтээлцдэг. Тиймээс би цаасан номыг хэзээ ч хэрэгцээнээс гарахгүй гэж боддог юм. Номыг гараар барьж, хамраар үнэрлэж, нүдээр харж, тархи оюунаар таашааж уншина гэдэг гайхалтай. Мөн залуучууд уран зохиолын ном уншаасай. Уран зохиолд хүний зүрх сэтгэлийг ганцхан минутад өөрчилж чадах хүч бий. Би багадаа хүний өөдөөс эгцэлж харж ярьж чаддаггүй хүүхэд байлаа. Харин ном уншиж эхэлснээр хоёрхон жилийн дотор миний тархи оюунд “тэсрэлт” болж, маш цэгцтэй ярьж, сэтгэдэг болсон учраас би номыг энэ дэлхийн хамгийн хүчтэй зүйл гэж боддог.  

“Миний номыг хүмүүс сэтгэл зүйч гэж бодож уншаасай” /Зохиолч Ц.Анударь/ 

“Номын баяр 2024”: 1,000 төгрөгөөр ч ном авах боломж 

Ном маань удаан унших урт зохиол биш цэвэр мэдрэмжийн бүтээл юм. Хүн бүрд мэдрэгддэг мэдрэмжүүдийг нийлүүлсэн эшлэл, шүлгийн ном учраас уншигчид маань сэтгэл зүйчтэй уулзаж байгаа мэт бодож уншаасай гэж хүсэж байна. Зарим хүмүүс өөртөө багтраад байгаа асуудлаа ярьж чадахгүй үе бий шүү дээ. Тэр үедээ үүнийг уншаад “Бусад хүмүүс ч ингэж мэдэрдэг юм байна, би ганцаараа биш юм байна” гэж ойлгоосой. Миний хувьд мэдрэмж бол хайр. Би боловсролоос илүү мэдрэмжтэй хүнийг илүүд үздэг. Хэчнээн боловсролтой байсан ч мэдрэмжгүй хүн бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг шүү дээ.  

“Номын баяр 2024”: 1,000 төгрөгөөр ч ном авах боломж 

Уншигч, зохиолчдыг холбож, номд дурлаж, унших соёлыг түгээдэг хамгийн сайхан баяр ийнхүү өндөрлөлөө. Энэ удаагийн баярт ирж амжаагүй бол бидэнд дахиад олон номын баяр бий гэдгийг санаарай. Харин аль хэдийн ирээд, номоо цуглуулж амжсан бол намар авсан номоо уншин хаврын баярыг хүлээх л үлдлээ дээ. Ийнхүү сурвалжилгаа энэ удаагийн номын баярын уриа болох “Илүү их уншъя!” гэсэн үгээр төгсгөе. Илүү их уншиж, илүү ихэд суралцъя! Номын цагаан буян дэлгэрэх болтугай. 

Гэрэл зургийг: Л.Буд