“Гавьяат Нобельтон" ХАН ГАН
Номын буланНомБоловсрол
posted.mn
posted.mn
2024.10.17
5 минут
“Гавьяат Нобельтон" ХАН ГАН

БНСУ-ын Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Алтан гадас одонт, Гавьяат тамирчин Хан Ган…

Мэдэхгүй ээ мэдэхгүй. Улс л юм чинь манайх шиг “гавьяат” цол тэмдгээ өгдөг л байлгүй. Оюун санаагаараа Нобельд уралдаад түрүүлсэн хүндээ шүү дээ. Уг нь БНСУ-ын зохиолч Хан Ганыг дэлхийд алдар суу нь түгсэн Харүки Мураками, Үй Хуа нараас түрүүлж Нобелийн утга зохиолын шагналыг хүртэнэ гэж хэн ч санасангүй. Ер нь л түүнийг Нобель хүртэнэ гэж таасангүй шив. Таавар эвдсэн “бөх” л болж таарлаа. Түүний бүтээлүүдийг “Сэтгэл зүйн түүхэн учир шалтгаантай цочрол, шархтай нүүр тулж, хүний амьдралын эмзэг талыг нээн харуулсан машид хүчтэй, яруу найраглаг туурвил" хэмээн тодорхойлжээ.

Түүний бичсэн бүтээлүүдээс ямар ямар зохиолыг нь эх хэл дээрээ уншиж болох вэ? 

“Гавьяат Нобельтон" ХАН ГАН

“Хөвгүүн ирлээ”

Эл номын сэдэв нь 1980 оны тавдугаар сарын 18-ны Куанжүгийн бослого гэх олон хүний амь эрсэдсэн хар бараан түүхийн талаар өгүүлнэ. Энд өгүүлэх харгис хэрцгий, ард түмний амссан зовлон шаналлыг яаж ч тайлбарлаад илэрхийлж үл болно. Тус номд энгийн  жагсагч иргэд рүү төр буюу цэргүүд хайр найргүйгээр гал нээж амь насыг нь хөнөөж буй талаар ч гарна. Цаашилбал, тус номыг сайн анзаарч уншихгүй бол дүрүүд үл мэдэгдэх бяцхан шугамаар холбогддог, цаг хугацааны хувьд өнгөрсөн ба одоод өрнөх тул маш нарийн төвлөрч харах шаардлагатай. Номын тухайтад хүний дотоод ертөнцийг харгис хэрцгийлэл, айдас түгшүүр, өшөө хорсол, тэсвэр тэвчээр зэргээр нээж харуулахаас гадна сэтгэлзүйн болоод далд ертөнц сүнсний талаарх ойлголт зэргийг уран нарийн аргаар илэрхийлсэн болно.

“Гавьяат Нобельтон" ХАН ГАН

“Цагаан хоолтон”

Хан Ган 2007 онд  “Цагаан хоолтон” романаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөв. Эл номыг “Монсудар” хэвлэлийн газраас гаргасан бөгөөд П.Номинбилэгийн орчуулгаар хүлээн авч унших боломжтой. Тус номын гол баатар Ёнхи махнаас татгалзаж, цагаан хоолтон болно. Зөвхөн энэхүү үйлдлийн цаана л гэхэд зохиолч өөрийн хэдэн мянган үзэл санааг нуусан байдаг. Тодруулбал, хүүхдүүд эцэг, эхийнхээ үгийг үг дуугүй дагадаг, мөнгөний төлөө гэрлэдэг, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй эхнэр нь нөхрөө “та” гэж дууддаг эцгийн эрхт ёс ноёрхсон нийгмийн эсрэг тэр ингэж дуу хоолойгоо өргөв. Зохиолын гол баатар Ёнхи-д үлдсэн цорын ганц эсэргүүцлийн хэлбэр нь махнаас татгалзах явдал байв. 

Зохиолын гол дүр Ёнхи гэр бүлээрээ хооллож ахуйд түүний аав ам руу нь шарсан гахайн мах чихнэ. Улмаар  Ёнхи “Би өөрөө” гээд бугуйгаа хутгаар зүссэний төлөө түүнийг сэтгэцийн эмнэлэг рүү явуулдаг. Хан Ган Солонгосын эцгийн эрхт ёс ноёрхсон нийгэмд хүлцэнгүй байх, өөрийн бие махбодод гэмтэл учруулахаас өөр эсэргүүцлээ илэрхийлэх сонголтгүй нийгмийн үр дагаврын тухай өгүүлнэ. Харин Солонгосын нийгэмд “цагаан хоолтон”-ыг эсэргүүцэл хэмээн тэр бүр хүлээн авсангүй. Ихэнх уншигч номыг махнаас татгалзаж, сэтгэцийн эмнэлэгт очин, нөхрөө алдсан эмэгтэйн түүх л гэж хүлээн авчээ. Харин Хан Ганы баатар эцсээ хүртэл шийдвэртээ үнэнч үлдэх ч харин нийгэм түүний энэ тэмцлийг ялагдал хэмээн үзнэ. “Цагаан хоолтон” анх хэвлэгдэн гарснаас хойш есөн жилийн дараа англи хэлээр гарсан даруйдаа Букерийн шагналыг хүртжээ. 

“Гавьяат Нобельтон" ХАН ГАН

“Миний бүсгүйн үр жимс”

Мөн түүний нэгэн өгүүллийг “Монсудар”-аас гаргасан "Солонгос өгүүллэг, тууж" (2019) номд М.Амартайван "Миний бүсгүйн үр жимс" нэрээр О.Чинбаярын эрхлэн хэвлүүлсэн "Сонгодог өгүүллэгийн дээжис-6" (2022) номд "Миний эмэгтэйн жимс" нэртэйгээр орчуулжээ.

Хан Ган нь 1970 оны арваннэгдүгээр сарын 27-нд БНСУ-ын Гванжу хотод төрсөн бөгөөд өдгөө 53 настай зохиолч. Тэрбээр бага насны эмзэглэл, шархаасаа болж утга, уран зохиол сонирхож эхэлсэн нэгэн гэдэг бөгөөд 1993 онд Солонгосын “Утга зохиол ба нийгэм” сэтгүүл, “Сөүлийн өвөл” нэртэй цуврал шүлгээ хэвлүүлснээр уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ.

“Гавьяат Нобельтон" ХАН ГАН

Хан Гантай холбоотой сонирхолтой таван баримт

1. Түүний аав, ах нар нь зохиолч. Хан Ган бол зохиолч Хан Сын Воны охин юм. Түүний ах Хан Дон Рим нь мөн зохиолч аж.

2. Түүний төгссөн хөтөлбөрийг манай улсаас Г.Аюурзана, Л.Өлзийтөгс тэргүүтэй зохиолчид төгсөж байжээ. Хан Ган Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөрийг төгссөн байна. Уг хөтөлбөрт Монголоос найруулагч С.Бямба, зохиолч Л.Дашням, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Баясгалан нар мөн хамрагдсан байдаг.

3. “Хөвгүүн ирлээ” зохиолд дурдагддаг Кванжугийн бослого болохоос ердөө хоёр сарын өмнө тэдний гэр бүл Сөүл рүү нүүжээ. 1980 оны тавдугаар сарын 18-ны өдөр Кванжугийн цуст аллага болж байв. Яг энэ үйл явдал болохоос ердөө дөрөвхөн сарын өмнө тэдний гэр бүл гэнэтийн шийдвэр гаргаж, Сөүл хот руу нүүх болсон нь тэдний хувьд аврал байсан хэмээн ярьж байжээ. Тэрбээр 12 настайдаа Кванжугийн хядлагын гэрч болсон хүмүүсийн нууцаар хэвлэж, тараасан гэрэл зургуудыг үзэж байсан нь зохиол бичихэд хувь нэмэр оруулсан байна. 

4. Нобелийн шагнал хүртсэн анхны солонгос хүн. Хан Ган Нобелийн шагнал хүртсэн анхны солонгос хүн болж байна. Нобелийн шагналыг 1901 оноос хойш 120 орчим удаа олгосон байдаг бөгөөд энэ хугацаанд утга зохиолын салбарт ердөө 17 эмэгтэй шалгарч байжээ. Хан Ган утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн 18 дахь эмэгтэй зохиолч болсон гэсэн үг. Тэр ч бүү хэл Ази тивээс Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй болж буй юм.

5. Перформанс артист. Тэр зөвхөн зохиолчоос гадна медиа, перформанс артист аж. Түүний бүтээлүүдийг Youtube дээрээс үзэх боломжтой.

“Гавьяат Нобельтон" ХАН ГАН

Хан Ган Нобелийн шагнал хүртсэнээс хойш БНСУ-ын номын дэлгүүрүүдээр түүний бүтээлийг худалдаж авах гэсэн үйлчлүүлэгчид хэдэн арав дахин нэмэгдсэн аж. Улмаар зарим номын дэлгүүрт эмх замбараагүй байдал хүртэл үүссэн байна. Мөн үүнээс гадна түүний зохиолыг бичсэн хоёр ч кино зохиол дахин дэлгэцнээ гарахаар болжээ.  Хойшид Нобeлийн шагналтан гэсэн хүнд хүчир ачааг хэрхэн тэгнэж явахыг гагц цаг хугацаа хэлнэ биз ээ.