Байгаль бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
Байгаль орчинСэтгэл зүй
Enkule
Enkule
2024.08.19
2 минут
Байгаль бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нэг л мэдэх нь ээ намар, өвөл, хавар, зун, намар… Хаашаа ч юм яарч, юунаас ч юм хоцорч буй мэдрэмжид хөтлөгдсөөр юмс хэрхэн өөрчлөгдөж байгааг ч үл анзаарах бидний амьдрал. Заримдаа бид аливаа ажлыг түр хойш тавьж, амсхийх зорилгоор өөртөө амралт өгч, агаар салхинд гарахыг илүүд үздэг. Тэгвэл яагаад өөрийгөө хайрлаж, дотнын хүмүүстэйгээ дурсамж бүтээхдээ, сэтгэл санаа тавгүй, хэт ачаалалтай өдрүүддээ байгаль руу тэмүүлдэг юм бол? Учир нь бидэнд байгаль дутагдаад байна!

Байгаль яг л тэврэлт шиг

Байгаль бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүмүүс яагаад нарны гэрэл шууд тусдаг, тагттай, цонхоор харагдах үзэмж сайтай байр худалдан авахыг илүүд үздэг талаар бодож байсан уу? Учир нь хүн бол байгалийн амьтан. Бидний байгальд хандах хандлага удамшлын шинжтэй аж. Байгальтай ойр байх нь бидэнд эерэг энерги, аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Байгалийн ногоон өнгө сэтгэл санааг тайвшруулж, стресс, түгшүүрийг бууруулдаг байна. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар хүний бүтээсэн орчинд байх нь стресс, сэтгэл гутрал, зүрхний өвчин зэрэг эмгэгийг өдөөж, гэртээ олон цагийг өнгөрөөх нь сөрөг бодлын эх үүсвэр болдог байна. Дербигийн Их Сургуулийн Зэрлэг ан амьтдын нийгэмлэгийн судалгаагаар аз жаргал, сайн сайхан байдлын субьектив мэдрэмж нь байгальд цагийг өнгөрүүлэх буюу ой модоор алхах, амьтад, хүрээлэн буй орчныг ажиглах зэрэгтэй шууд хамааралтай болохыг тогтоожээ. Тиймээс байгалийн өнгө биднийг яг л тэврэлт шиг тайвшруулж, аливаа сөрөг мэдрэмжээс холдуулах хүчтэй аж.

Байгаль биднийг эдгээдэг

Байгаль бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүн байгаль хоёр хүйн холбоотой тул байгалиас хөндийрч, өөрийгөө тусгаарлах үед бид өөртөө итгэлгүй, ганцаардмал, бухимдлаар дүүрэн, аз жаргалгүй нэгэн болж хувирдаг. Тиймээс эдгээр үеүдэд өөртөө хэсэгхэн хугацааг зарцуулж, хаа нэг тийшээ уул руу, мод руу, горхи руу, байгалийн сайхан руу зугтчихаж байгаарай. Яагаад гэвэл ойд алхах, голын урсгал ширтэх, зүгээр л зүлгэн дээр гишгэх зэргээр амьд байгальтай харилцах нь таны дотоод амар амгаланг сэргээж, эрч хүч, энергиэр дүүргэх шидтэй буюу байгаль биднийг эдгээдэг. Байгалийн танин мэдэхүйн ашиг тусын талаар хийсэн судалгаагаар амьд байгальд буюу уул хад, хээр тал, голын эргээр алхдаг хүмүүс хотын гудамжаар алхдаг хүмүүсээс ой тогтоолтын хувьд харьцангуй өндөр байсан бөгөөд байгальд алхах нь стрессийн дааврыг бууруулдаг болохыг тогтоожээ. 

Эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улирал ээлжилдэг манай орны хувьд зуны улирал яг л эмч шиг. Учир нь цаг агаарын эрс тэс байдал, хуурай сэрүүн агаар, нарны гэрэл бага тусах зэрэг нь танин мэдэхүйн үйл ажиллагаа, түгшүүрийн түвшинд нөлөөлдөг байна. АНУ, Их Британи, Хятад, Австралийн сэтгэл судлаачдын баг цаг уурын өөрчлөлт, амьдарч буй орчин хүний зан чанарт хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Судалгааны үр дүнд 22-24 хэм хүртэл дундаж агаарын температуртай оронд амьдардаг хүмүүс илүү нийтэч, эелдэг байдгийг тогтоожээ. (Wei et al., 2017) Тэр ч утгаараа зуны гуравхан сарын хугацаанд бид илүү нээлттэй, эрч хүчтэй болж, тэр л мэдрэмжийг авахын тулд байгалийн ногоон өнгө рүү улам ихээр тэмүүлдэг байна. 

Байгаль бидний оршихуйг сэргээдэг

Байгаль бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нар жаргахыг, үүлс нүүхийг, салхи сэвшиж, шувууд жиргэхийг ажиглах нь бидэнд оршихуйгаа илүү хайрлахад сургадаг. Эдгээр байгалийн тансаг үзэгдэл бидний анхаарлыг өөрийн эрхгүй татаж, сөрөг мэдрэмжүүдийг даран мартагдсан дурсамжуудыг сэргээдэг.  Байгальд өнгөрүүлэх цаг хугацаа бол өөртэйгөө ярилцах, өөрийгөө хайрлах хамгийн боломжит үе юм. Учир нь байгальтай ойр байх нь анхаарал төвлөрүүлэх чадварыг сайжруулдаг гэдгийг Анхаарал сэргээх онолд дурдсан байдаг. Тиймээс энэ үед аливаа зүйлсийг тогтож харан юмс өөрчлөгдөж байгааг ажиглаж, алив бүхний утга учрын талаар гүн бодолд автах хамгийн таатай үе аж.  

Завгүй гэх үгээр өөрийгөө хуурсаар сэтгэл зүй болон бие махбодын хэт их ачааллаар өөрийгөө булахын оронд хэсэгхэн хугацаанд завсарлаж, хааяа ч гэсэн агаар салхинд гарч байгаарай. Өдөр хоногууд ээлжилсээр модод ногоорч, навчис хөглөрөн, цас хаялж, бороо зүсэрсээр л байна. Энэ бүхнийг мэдэрч, амьдралыг илүү аз жаргалтай болгох түлхүүр байгальд л байдаг юм шүү!