Бидний нэг

Г.Мөнх-Эрдэнэ: Монголчууд суурин иргэншилт хүмүүсийг бодвол арай чөлөөтэй сэтгэлгээтэй

Б.Хулан -- 2024.12.117 минут унших

Бидний оршин буй ертөнц, хүний нийгмийн зохион байгуулалт, тэр дундаа өнгөрснөөс эдүгээг хүртэл үе үеийн нийгэм, соёлын асуудлыг ойлгож, угсаатан зүй, үндэстнүүдийн онцлогийг мэддэг байх нь бидний өөрсдийгөө танин мэдэж буй нэгээхэн хэлбэр билээ. Хүн төрөлхтний гарал үүсэл, хөгжлийн түүх, соёл, нийгмийн бүтэц, хэл болон зан үйлийн онцлогийг судалдаг шинжлэх ухаан бол антропологи юм.  Бидний оршихуйн талаар илүү өргөн хүрээтэй ойлголт өгдөг эл салбарт хөдөлмөрлөж яваа залуу үеийн төлөөлөл болох антропологич, хөгжил судлаач Г.Мөнх-Эрдэнийг энэ удаагийн “Бидний нэг” буландаа онцоллоо.

Түүнээс яагаад антропологи хэмээх мэргэжлийг сонгох болсон талаар асуухад “МУИС л бол мэргэжил хамаагүй орох байсан л даа” гэж хариулсан юм. Ийн бидний яриа түүний гүдэс шулуухан зантай сүлэлдэн эхнээсээ илэн далангүй, ил цагаахан өрнөсөн юм.

“Антропологи гэдэг харьцангуй шинэ нэршил юм. Харин хуучин цагт угсаатны зүй, угсаатан судлал гэж ЗХУ-ын үеэс орчуулж хэрэглэж байсан төстэй нэршил бий. Угсаатны зүй, угсаатан судлал гэх мэргэжлээр ЗХУ-д сургууль төгссөн хүмүүс байсан ч Монголд мэргэжилтэн бэлтгэдэггүй байж байгаад МУИС-д 1993-1994 оноос бэлтгэж эхэлсэн. Гэвч одоо тэдгээр нэршлийг биш антропологи гэхийг нь хэрэглэдэг болсон. Намайг дунд сургууль төгсөж байх үед аймагт мэргэжил бүрд нэг, хоёр л хуваарь ирдэг байлаа. Тэр үед би МУИС-д л орно гэж боддог байсан. Тэгээд шалгалт өгөхөд надад таарсан хуваарь нь Угсаатан судлал буюу хожмын антропологи байсан юм. 

Учир нь 1990-ээд оноос өмнө бүх юм өөр байсан шүү дээ. АНУ-ыг дагасан буюу капиталист улсууд, ЗХУ-ыг дагаж байсан улсууд гээд тус тусдаа өөр байсан юм. Нийгмийн ухаан ч хоёр өөр чиглэлээр хөгжиж байсан. Тухайлбал, түүх, философи сэтгэлгээ, тэр байтугай сэтгүүлчийн ажил хүртэл өөр байсан. Харин 1990-ээд оноос хойш монголын нийгмийн ухаан англи хэлтэй улсын чиглэл, нөхцөл байдлыг дагая гэж шийдсэн юм шиг байдаг. Үгүй ядаж дагаж байгаа царай гаргаж, дүр эсгэдэг юм. Түүний адилаар угсаатан судлал гэдэг ухаан ч антропологи хэмээн нэрлэгдэх болсон хэрэг. Антропологийн ухаан азаар гэх үү миний сонирхол, хийж чаддаг зүйлстэй нийцсэн. Би багаасаа жаахан унших, бичих дуртай хүүхэд байсан юм. Ялангуяа уран зохиол, нийгмийн ухаан, түүх, газар зүй зэрэг хичээлдээ сайн байлаа. Үүнээс гадна сурч мэдсэнээ бусадтай ил цагаанаар ярьж, хуваалцах сонирхолтой минь ч авцалдаж таарсан.”

“Бид нэг л өглөө хөгжиж буй, ядуу улс болоод хувирчихсан”

Г.Мөнх-Эрдэнэ: Монголчууд суурин иргэншилт хүмүүсийг бодвол арай чөлөөтэй сэтгэлгээтэй

Тэрбээр МУИС-ийг антропологич мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөнийхөө дараа Австралийн Мэльбөрний Их сургуульд хөгжил судлал чиглэлээр суралцан магистр хамгаалсан билээ. Хөгжил судлал гэдэг нь 1980-аад онд эдийн засаг,  антропологи гэсэн хоёр мэргэжлийн дундаас үүсэн гарсан салбар ухаан аж. 

“Дэлхийн хоёрдугаар дайны ялагч АНУ өөрийнхөө эдийн засгийн ололт, амжилт, элдэв боломжийг бусад улсад түгээнэ, тэдэнд тусална гэсэн номлол гаргасан. Тэгээд тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Харри Трумэн “хөгжиж буй улс орнууд” (underdeveloped countries) гэсэн нэр томьёо гаргасан байна. Хөгжиж буй улс орнууд гэдэгт ямар улсуудыг хэлэх вэ гэсэн чинь бидэн шиг улсуудыг нэрлэсэн байхгүй юу. Ингээд нэг л өглөө гэнэт хүн төрөлхтний 3-ний 2 нь хөгжиж буй, ядуу улс болоод хувирчихсан гэсэн үг. Үүнээс өмнө хэзээ ч албан ёсны баримт бичиг дээр ингэж нэрлэж, хочлон, шошго нааж байгаагүй. 

Улмаар Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн худалдааны байгууллага гэх мэтчилэн дэлхийн гэх гоё нэртэй боловч ерөөсөө дэлхийн биш байгууллагууд байдаг. Монгол мэтийн улс тэнд санал өгөөд, өөрсдийнхөө хүслийг биелүүлдэг бус сая нэрлэсэн байгууллагуудыг удирддаг хэдэн улс л шийдвэр гаргаад явдаг зүй тогтол тухай үеэс бүрджээ. Тэдгээр хэдэн улсын шийдвэр дэлхийн бодлого болж хэрэгждэг гэсэн үг. Нэг үгээр үүнийг хөгжил гэж хэлээд байгаа. Өнөөдөр бидний боддог шиг цаасан аяганд кофе ууж байгаад, маргааш шаазан аяганд кофе уудаг болохыг хөгжил гэж бодож байгаа чинь зүгээр л таны төсөөлөл юм шүү дээ. Анхлан би бүх зүйл эдгээр олон улсын байгууллага болоод үндэстэн дамнасан том компаниудаас хамааралтай болж буй явдлыг ямар сонин юм бэ гэж бодоод судалж эхэлсэн юм. Гэтэл дэлхийд Хөгжил судлал гэдэг ухаан байдгийг мэдээд, тэр ухаанд суралцах юмсан гэж хүсэх болж, хожим Мэлбөрний их сургуульд очин хүслээ биелүүлсэн билээ.”

“Бидний монгол хэлээр хангалттай мэдлэг, мэдээлэл, ухамсар олж авах боломжгүй”

“Миний одоог хүртэл хийж байгаа судалгааны ажлууд хөгжил судлалын судалгаатай хамааралтай. Шууд эрээ цээргүй хэлэхэд Монголын хөгжлийн тухай англи хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл гаргасан хэдхэн хүний нэг нь би. Бидний монгол хэлээр хангалттай мэдлэг, мэдээлэл олж авах боломжгүй. Миний хайрлан хамгаалдаг яруу сайхан монгол хэл мөн. Гэвч монгол хэл дээр аятайхан боловсрол олж авч, мэдлэгт хүрэх боломжгүй нь баримт. Тэгэхээр монгол хэл, кирилл бичгийг ашиглаад чи судалгаа хийнэ гэвэл их түвэгтэй болчхож байгаа юм. 

Хөгжил гэдэг асуудлыг судлаад би ямар судалгаа хэвлүүлсэн юм бэ гэвэл нэгт, олон улсын хөгжлийн төсөл ямар үр дүнтэй байдаг вэ, яаж хэрэгждэг юм бэ гэдгийг алтны нинжа нарын жишээн дээр судаллаа. Хоёрт, яаж монголыг хөгжүүлэх вэ гэж маш их ярьдаг хэсэг бүлэг хүмүүсийг судалж, ер нь монголчууд хөгжил гэж юуг ойлгоод байгаа юм, юуг төсөөлөөд байгаа юм гэдэг асуудлын талаар өгүүлэл хэвлүүллээ. Мөн үүнтэй холбоотой бусад ном, судалгааны ажлыг Монголын Антропологийн холбооны хүрээнд гурван цуврал болгон гаргаж байна. Ингэхлээр би хөгжил гэдэг ойлголтыг антропологийн хүрээнд Монголын жишээн дээр судалж байгаа судлаач юм уу даа.”

“Баримт цуглуулж, одоо оршин буй онолыг сөрөх зориг антропологид чухал”

Түүний хэлж буйгаар ямар ч ойлголт шинжлэх ухаан болохын тулд онол, арга зүйтэй байх ёстой. Мөн дараа үеэ бэлдэж байх ёстой аж. Чигч шулуухан, салбарынхаа талаар дэлгэрэнгүй хүүрнэж буйг нь сонсоод эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа.

“Антропологи нь бусад нийгмийн ухааны салбартай харьцуулахад харьцангуй эрт үүссэн. XIX зууны дунд үед үүссэн гэж дэлхий нийтээрээ үздэг. Эрт үүссэнээс шалтгаалан сайн болон саар зүйл зөндөө бий. Сайнаас нь дурдвал бид хамгийн сайн нийгмийн ухааны онол бүтээдэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн ухааны сайн, хүчтэй онолууд антропологитой ямар нэг байдлаар холбоотой. Яагаад гэвэл антропологи баримт цуглуулдаг. Энэ нь тийм шүү гэж бодож байгаад, түүндээ таарсан баримт олохыг хэлэхгүй. Судалгаа хийхгүйгээр нэг өдөр бодоод, түүндээ таарсан юм олж, өнөөх бодлоо баталдаг маягтай юм хийснээ судалгаа гэж үздэг тал их бий. Антропологи бол заавал судалгаа хийх ёстой. Судалгаа хийж, баримт цуглуулчхаад тэр баримтаараа одоо оршиж, хүчтэй байгаа онолыг сөрж шүүмжлэх ёстой. Судлаач хүн юу хийдэг юм бэ гэвэл ерөөсөө л шүүмж бүтээдэг. Бөх хүн барилддагтай адилхан судлаач хүн сэтгэж, шүүмжлэх ёстой. Энэ талаараа антропологи их сайн. Ам бардам хэлэхэд манай монголын антропологийн судалгаа, сургалт дэлхийн олон томоохон сургуулийн зэрэгт хүрсэн. Өөрөөр хэлбэл, монголын нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт антропологи шиг барууны том том сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж, судалгаа хийн, төсөл хэрэгжүүлдэг ухаан тийм ч олон биш.”

Г.Мөнх-Эрдэнэ: Монголчууд суурин иргэншилт хүмүүсийг бодвол арай чөлөөтэй сэтгэлгээтэй

Эрдэмтэн судлаачидтай холбогдох нэн тэргүүний асуудал бол оюуны өмчийн талаар байдаг билээ. Судлаач хүн судалгааны бүтээлдээ бусдын хийсэн зүйлийг дурдах шаардлагатай тохиолдолд няхуур хандаж, оюуны өмчийн талаар мэдлэг сайтай байх ёстой юм. Тиймдээ ч түүнээс Монгол Улс оюуны өмчийн тал дээр ямархуу нөхцөл байдалтай байгааг асуулаа.

“Оюуны өмчийн тал дээр мэдээж би ганцаараа биш. Дөрвөн жилийн өмнөөс энэ тал дээр илүү эрчимтэй дуугарч эхэлсэн. Хууль эрх зүйн хувьд манайд оюуны өмчийн янз бүрийн дүрэм, хууль байдаг. Аль 1920, 1930 онд нас барсан хүний бүтээл хүртэл оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан байдаг. Тухайн хүнийг өнгөрснөөс хойш 60 жилийн дараа эрх нь нээлттэй болсон байлаа гэхэд чи тэр бүтээлийг нь шууд ашиглах боломжгүй, хуулиар хамгаалагдсан байдаг. Хэрвээ чи ашиглах шаардлагатай бол оюуны өмчийн газраас энэ хүний ийм бүтээлийг ингэж ашиглах гэсэн юм гэх зөвшөөрөл авах зохицуулалттай. Миний яриад байгаа асуудал бол ийм хүмүүсийн бүтээлийг өөрийн болгож хэвлээд байгаа явдал юм. Нас барсан зохиогчийнх нь эрх шийдэгдээгүй байхад минийх гээд бичээд байдаг хүмүүс байдаг. Тэгээд “оюуны өмчийн заалтаа дагаач ээ” гээд шүүмжлэхэд хүмүүс харьцангуй өөрчлөгдсөн. Үүгээр бидний хийсэн зүйл шууд эерэг нөлөөлсөн гэж хэлэхгүй ч их бага хэмжээгээр нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Одоо их сургуулиуд оюуны хулгайг илрүүлэх системтэй болсон. Эшлэл авахгүй шууд богдын бошго шиг зүйл бичдэг байсан хүмүүс эшлэл авдаг болсон байна. Манай алдарт “Чампион оф плажиризм” маань бусдын оюуны бүтээлийг хулгайлж чадахаа байчхаж. Алдаа гаргасан бол хариуцлага хүлээдэг байх ёстой. Тэгэх юм бол энэ асуудал цэгцэрнэ. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Баруунд ийм зүйл байдаггүй биш байдаг. Том том сургуулийн профессорууд ч ичмээр алдаа гаргасан байдаг. Гол нь түүндээ хариуцлага хүлээдэг байхгүй юу.” 

“Харвард, Оксфордод магистрын хөтөлбөрүүд нь мөнгө олох л зорилготой”

“Гаднын улсад сайн зүйл зөндөө, тэр хэрээрээ муу зүйл зөндөө бий. Монголд ч сайн зүйл их. Муу зүйл зөндөө бий. Үүнийг анзаарч харах хэрэгтэй. Түүнээс гадаадын нэр хүндтэй сургуульд магистрын зэрэг хамгаалахгүй бол болохоо байгаад, байж ядаад байх зүйл ерөөсөө байхгүй. Би бол хувьдаа гадаадад магистрт сурахыг сүйдтэй дэмждэг хүний нэг биш. Би өөрөө хамгаалсан, гэхдээ дэмждэггүй. Яагаад гэвэл дэлхийн аль ч том сургуулиуд буюу Харвард, Оксфордод магистрын хөтөлбөрүүд нь мөнгө олох л зорилготой байдаг. Тэнд очоод чи үнэндээ юу ч сурахгүй. Яагаад гэвэл нэгт, чиний төрөлх хэл биш. Магистрын хөтөлбөрт суугаад юм уншиж амжихгүй. Тэнд очсон магадгүй зуун монгол оюутнаас хоёр нь л амжина. Энэ бол монгол хүн мангар тэнэгтээ биш, мьянмар оюутан ч тэгнэ, вьетнам оюутан ч ялгаагүй. Гол учир шалтгаан нь юу вэ гэхээр шинжлэх ухааны мэдлэг гэдэг чинь тусдаа ертөнц байхгүй юу. Чи энд бакалавр магадгүй магистр хамгаалахдаа тэр суурийг олж аваагүй бол өөр газар хөвж явж байгаад л ирнэ. Тэр суурийг олоод авсан бол өөр хэрэг. Үгүй ядаж л чиний амьдралдаа сонсоогүй баахан судлаач, эрдэмтний нэр гарч ирнэ. Тэгээд чи тэнд дурдагдах хоёр, гуравхан эрдэмтний хоёрхон өгүүллийг унших гэж дахиад хорь, гучин зүүлт, эшлэл унших шаардлагатай болно. Чи чадах уу? Гадаадад сурах гоё ч бодит байдлаа бас бодож байх хэрэгтэйг сануулах гэж үүнийг хэлж байгаа юм шүү. 

Хоёрдугаарт, орчны асуудал яригдана. Гоё сайхан орчин байгаа боловч чиний хорин хэдэн жил амьдарсан орчноос тэс өөр шүү дээ. Тэгэхээр чи тийшээ бүрэн тэтгэлэгтэй л очихгүй бол тэндээ очоод ажил хийх үү. Ихэнх нь ажил хийнэ гэж балайрдаг байхгүй юу. Чи ажил хийвэл юм сурахгүй. Тэгээд яах вэ, өөрийгөө золиослоод хоол унд ч идэхгүй ном уншаад суугаад байх уу. Иймэрхүү асуудлууд гарч ирдэг. Ингэлээ гээд битгий яв гэж байгаа юм биш, тэр бол угаас хувь хүний асуудал, би чиний сонголтонд нөлөөлж чадахгүй. Үүнийг төсөөлөлд орших сайхан хөөснөөсөө өөр юм бодоорой гэсэн үүднээс хэлж байгаа юм шүү. Түүнээс гоё сайхан зүйлийг нь бараг интернэтээр хайхад л гараад ирнэ шүү дээ.”

“Бидэнд асуулт асууж, хариулт эрэлхийлэх зориг байхад дэлхий өөрөө бидний судлагдахууны талбар юм” хэмээн Мари Кюри хэлсэн байдаг. Хэзээд шинийг эрэлхийлэх зориг, тогтсон тодорхойлолтуудыг няцаахаас эмээдэггүй шинж чанар нь түүнийг судлаач болоход ав цав тохирсон мэт санагдана.

Оксфордод хүмүүний газар зүйгээр докторант болсон анхны монгол хүн

Г.Мөнх-Эрдэнэ: Монголчууд суурин иргэншилт хүмүүсийг бодвол арай чөлөөтэй сэтгэлгээтэй

“Жилдээ манай тэнхимд 6-7 хүүхэд төгсдөг. Үүнийг би яг зөв тоо гэж хувьдаа боддог юм. Харин сургууль бол мэдээж өөр бодолтой, аль болох их оюутан төгсгөхийг бодно шүү дээ. 7-8 хүүхдийн хоёр юм уу, гурав нь мэргэжлээрээ ажиллаад үлдсэн нь өөр чиглэл рүү хөрвөх нь эрүүл зүй тогтол болов уу гэж бодоод байна. Монгол Улс хүний нөөцийн хувьд ч тэр, санхүүгийн хувьд ч тэр хязгаарлагдмал нөөцтэй улс. Үүнд менежментийн алдаа л гарч байгаа байхгүй юу. Антропологиор 7-8 хүн төгсдөг юм байж. Өөр мэргэжлээр хорин хэдэн хүн төгслөө гэхэд үүнийгээ зөв хуваарилж чадахгүй байна. 

Ер нь манай төгсөгчид Кэмбрижийн Их сургууль руу илүү яваад байгаа. Учир нь Кэмбрижид дэлхийн Монгол судлалын хамгийн том төв байгаа. Иймд, антропологиор суралцах, Монголын талаар судалгаа хийх гэж байгаа бол чиний нэг номерт сурах газар Кэмбрижийн Их сургууль болчхоод байна шүү дээ. Монголчууд Оксфордод магистр их хамгаалдаг бол Кэмбрижид магистр бага хамгаалдаг. Харин Кэмбрижид илүү олон монгол хүн доктор хамгаалсан бол Оксфордод хоёрхон монгол хүн доктор хамгаалсан онцлогтой.

Оксфордын антропологид одоогоор монгол хүн байхгүй. Миний сурч байгаа докторын хөтөлбөр хүмүүний газар зүй гэж явдаг. Хүмүүний газар зүйгээр докторант болсон анхны Монгол хүн бол би. Харин Оксфордын Их сургуулийн докторын хөтөлбөрт тэнцсэн гурав дахь монгол хүн юм.” 

“Антропологи, хөгжил судлал гэдэг нь эцэстээ хүн болон хүний нийгмийн талаар судалдаг юм бол үндэстнүүдийн онцлог, соёлын аж байдлын талаар асуух хэрэгтэй юм байна” хэмээх бодол төрж, монгол хүний онцлогийн талаар асуулт тавихад тэрбээр “Би эх хэл мөхнө энэ тэр гэсэн даяаршилтай холбоотой явдалд санаа зовдоггүй” хэмээн хариулсан юм.

“Монгол Улсын суурь бүтэц чамайг судалгаа хийхийг хориглосон”

“Шууд антропологи гээд хайвал ажил олдохгүй. Яагаад гэвэл энэ чинь их нарийн мэргэжил. Би онолын физик, онолын математик зэрэгтэй харьцуулж ярих дуртай. Мэргэжлээрээ ажиллана гэвэл их сургуулийн багш болж болно, ямар нэг эрдэм шинжилгээний байгууллагад судлаач хийж болно. Барууны сургуулиудад багшилна гэдэг судалгаа хийнэ л гэсэн үг. Сайндаа нэг семестрт нэг л хичээл заадаг, үлдсэн цагтаа судалгаа хийдэг жишээний. Монгол Улсад зарлагдаж байгаа соёл, түүхийн судалгаатай холбоотой газарт ажиллаж болно. Эсвэл олон улсын, дотоодын том төслүүдэд судлаачаар ажиллаж болж байна. Тэгэхээр шууд ямар ажил хийх вэ гэвэл ийм дөрвөн гарц байна. 

Жишээ нь, би Оксфордын их сургуультай хамтраад, “Монголын малчдын нийгмийн өөрчлөлт” гээд монголоор бараг хоёр тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй судалгааны төслийн монгол талын удирдагчаар ажиллаж байна. Судалгааны бүх зардлыг даадаг учраас би хөдөө, гадаа дураараа судалгаандаа явж байгаа байхгүй юу. Хэрвээ тэгээгүй бол их сургуудийн багшийн хоёр сая гаруй төгрөгний цалингаар судалгаа хийнэ гэж байхгүй. Монголд судалгааг дэмждэг хараат бус судалгааны санхүүжилт байхгүй. Тэгэхээр Монгол Улсын суурь бүтэц судалгаа хийхийг хориглочихсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эргээд сэтгэн бодох, бусдаас өөр байхыг хориглосон болчхож байгаа юм. Тиймээс бид антропологийн хувьд ийм боломж нээхийн тулд хараат бус, олон улсын төсөл олоод, түүндээ оюутнуудаа судлаачаар ажиллуулдаг туршлагатай. Тэр нь заавал жил тойрон тухайн судлаачийг цалинтай байлгах албагүй. Зуны гурван сарыг нь ч юм уу, хоёр сарын цалин өгөөд, судалгааны зардалыг нь даагаад олон улсад үр дүнгээ хэвлүүлэх, хамтрагч сургуулиудад цөөн сараар ч гэсэн зочилж судалгаа хийхийг дэмждэг гэсэн үг.”

“Монгол хүний онцлог бол аливаад өөдрөг, элдэв асуудалтай нүүр тулгарахдаа сайн”

Г.Мөнх-Эрдэнэ: Монголчууд суурин иргэншилт хүмүүсийг бодвол арай чөлөөтэй сэтгэлгээтэй

“Энгийн ухамсрын түвшинд анзаарагддаг зүйл гэвэл монгол хүний онцлог нь аливаад өөдрөг, элдэв асуудалтай нүүр тулгарахдаа сайн гэж боддог. Бид асуудал тулгарвал “даваад гарна аа, болгоно, бүтээнэ” л гэж ярьдгаас биш, “өө, ингээд болохоо байж, стрессдчихлээ, дарамтад орчихлоо, сэтгэл зүйч дээр очъё” гэдэг хүмүүс биш гэж анзаарсан. Дараагийн нэг хувийн ажиглалтаар бол их сайхан нээлттэй сэтгэж чаддаг. Магадгүй барууны нэг нөхөр хүрэмнийх нь цахилгаан эвдэрсэн байвал засаж чадахгүй шүү. Ийм явдал манай нэг найзад тохиолдож байсан юм. Монгол хүн харин тэр эвдэрсэн цахилгааныг хазна, хавчина, лааны тосоор тосолдог уу, саванддаг ч юм уу, ямар ч л байсан болгоно. Суурин иргэншлийн хүмүүсийг бодоход монголчууд арай чөлөөтэй сэтгэж, учиртай ханддаг юм болов уу. Барууны улсад шалгалт нь ойртоод ирэхэд оюутнууд нь стрессдээд, анхаарал төвлөрүүлэх, стресс бууруулах эм уугаад, зөвлөгөө авдаг. Монгол оюутнууд ингэж хандах нь харьцангуй бага байдаг. Эмийн компаниуд ч гэсэн эмээ зарахын тулд чамайг уутал рекламдаж байна. Ийм юмнаас монголчууд хол юм шиг.”

-Танд Монголын түүхэн үеэс аль нэг цаг үе рүү очих боломжтой гэвэл хаашаа очих вэ?

-Боломжтой гэвэл би XIII зуунд очно. Монголчуудын хамгийн гоё сэргэн мандаж, бадарч явсан үе. Одоо чинь “монгол хүн чадахгүй ээ, гаднын хүн аваад ир, монголчууд болсон хойно ингэж л таараа, та нар байгаа болохоор ийм улс төрчид байгаа юм” гээд аль болон монгол хүнээ доош хийдэг болчихсон юм шиг. Тиймээс би XIII зуунд очоод “энэ чинь монгол хүндээ биш, бид чадаж байсан, бид мундаг байгаа шүү дээ” гэдгийг гоё загвар болгож харуулмаар байна. 

Судлаач хүн байна гэдэг амар ажил биш. Ихээхэн оюуны хөдөлмөр, зүтгэл шаардсан зүйл шүү дээ. Иймд судлаач хүн шүүмжилдэг байх ёстой гэх үгийг нь дэлгэрүүлж сонсохыг хүслээ.

“Хоёр хос хэрэлдэж байгаа хүртэл ойлголцож байгаагийн нэг хэлбэр”

“Антропологич хүн сайн уншиж бичиж, юмыг ажиглах, шүүмжлэх ёстой. Судалгааны үр дүнг гаргахын тулд задлан шинжилж, бодож бичих ёстой. Бичнэ гэдэг амар ажил биш. ChatGPT бичээд өгчих юм шиг боддог хүн байж болно, үгүй шүү дээ. Мөн шүүмжлэх гэдэгт хоёр зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Шүүмжлэх гэдэг муу зүйл биш. Манай тогтолцоо ийм тийм гэсэн тодорхойлолт их заадаг. Хүмүүс хэрэлдэх муухай, ярилцах нь сайхан гээд байдаг байлаа гэж бодъё. Үнэндээ хэрэлдэх чинь хүртэл ойлголцож байгаа явдал юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, жишээ нь, капитализмын тухай ойлголттой болох гэж байна гээд капитализмын тухай сайхан гэсэн эерэг тодорхойлолтуудыг уншаад уншаад чи капитализмыг ойлгож байна гэсэн үг биш. Капитализм ингээд ингээд муухай гэсэн шүүмжийг уншиж байж, капитализмын тухайх ойлголтыг бас авч байна гэсэн үг. Хоёрт, үнэхээр чадахгүй байгаа бол онлайн хичээл үзээд бичээд оролдоод байх хэрэгтэй. Анх миний судалгааны ажил ч хангалттай эрдэм шинжилгээний ажил биш, хангалттай шүүмжит болж чадахгүй байсан. Тэгэхээр энэ тал дээр шүүмж, шүүмжлэгчээ олох чухал. Тэгээд шүүмжлэгчийн зүгээс “Чи ингэж хэлж болох байтал яагаад хэлээгүй юм, яагаад идэвхгүй тоочоод байгаа юм” гэхчлэн хэцүү хэцүү шүүмжүүд ирнэ шүү дээ. Тэр бүрийг нь засаад явбал чи сайжирна. Монголд шүүмжилнэ гэхээр муулах гэж ойлгоод байдаг.” 

“Шинжлэх ухаан гэдэг дэлхийн нийтийн зүйл”

“Манай улсад шинжлэх ухаанд зориулсан санхүүжилт бага учраас манай антропологийнхон олон улсын санхүүжилт рүү л ороод байна. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын судалгааг урагштай явуулъя гэвэл санхүүжилтын асуудал нэгт чухал. Хэн нэгнээс хамаарахгүй, нэг намын нөхөртэй ярилгүйгээр шударгаар өрсөлдөх ёстой. Хоёрт, судалгааны ажлаа монгол хэлээр гаргахаас гадна англи хэлээр гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол арал дээр хорин хэдэн жил амьдарсан Робинзон Крузо шиг, нөхрийг тэнд юу хийгээд байгааг дэлхий мэддэггүй, дэлхий дахинд юу болж байгааг мань нөхөр мэддэггүй. Шинжлэх ухаан гэдэг дэлхийн нийтийн зүйл. Оксфорд, Харвардын нэг оюутны суугаад уншиж байгаа текст, сонсож байгаа судлаачийг бид ч сонсоод, уншиж байх ёстой. Гэтэл манайд тэгдэггүй. Бид тэгэхээр зөвхөн өөрсдөдөө зориулсан арлын юм хийгээд байна. Тэгэхээр энэ түрүүний ярьсан хөгжил гэдэгтэй чинь авцалдахгүй байгаа юм. Үүнийг сайжруулахын тулд бие даасан санхүүжилттэй байх ёстой.” 

Г.Мөнх-Эрдэнэ: Монголчууд суурин иргэншилт хүмүүсийг бодвол арай чөлөөтэй сэтгэлгээтэй

Монгол улсын нийгэм, цаг үеийн нөхцөл байдал, антропологи хэмээх их ай савыг ухаж төнхөхөд ч гарцаагүй эдийн засаг гэх ойлголт гарч ирж байна. Өнөөдөр манай улс ямар эдийн засгийн бодлогоор зөв болохыг маргалдаж, цэц булаалдсаар ирсэн билээ.

-Бид ер нь ямар эдийн засгийн бодлогоор яаж явж ирэв ээ. Цаашид нийгэм, эдийн засгийн хувьд ямар тогтолцоогоор явбал зохих бол. Чөлөөт зах зээлийн тогтолцоо бидэнд зохих уу?

-Бид одоо неолиберал дэглэмд амьдарч байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дээр дурдсан олон улсын байгууллагыг гаргасан бодлого, зөвлөмжийг дагахыг хэлж буй юм. Анхлан неолиберал дэглэм бол 1980-аад оноос эхлэлтэй л дээ. 1979 онд Маргарет Тетчер засгийн эрхэнд гарсан, 1980 онд Роналд Рейган гарсан. Энэ хоёрын хэрэгжүүлж эхэлсэн бодлогыг л неолиберал бодлого гэж нэрлэж байгаа. Аль эдийн засгийн бодлого ч юм уу эсвэл улс төрийн бодлогын энэ нь зөв, энэ нь буруу гэж хэлэх бол зүгээр л маргааны сэдэв. Бодит амьдрал дээр хүн, аль нэг улс эсвэл нэг удирдагч өөрт зөв санагдсанаа л хийдэг. Чөлөөт зах зээлийн тогтолцоог Чилийн дарангуйлагч Аугусто Пиночет хийх гэж үзсэн. Үр дүн нь их маргаантай. Түүний бодлогыг буруу байсан гэж үздэг судлаач зөндөө бий. Сүүлийн жил гаруйн хугацаанд бол Аргентинийн Ерөнхийлөгч Хавьер Милей хийх гэж оролдож байна. Яг одоогоор тус улсад ядуурлын түвшин 42%-оос 53% болтол өссөн, инфляци нь 200% орчим буюу дэлхийн хамгийн их инфляцитай улсын нэг хэвээр л байна. Монголын бодлогыг харах юм бол бид зөндөө л холимог шинжийг агуулж байгаа. Судлаач хүн юу хийдэг вэ гэхээр бодит байдал дээр энд юу болж байгаа вэ гэсэн датаг цуглуулаад, ийм зүйл боллоо, яагаад ийм зүйл тохиодов гэхээр ийм учраас, энэ болсон зүйл нь өмнөх судалгааны тэрэнтэй зөрчилдөж байна гэх мэтийг хэлнэ гэсэн үг. Тэгэхээр судлаач хүн зөв буруугийн тухай ярихгүй, байгаа баримтыг тайлбарладаг ажил хийдэг. Гэтэл манайд судлаач гэхээр лаг ухаантай, бүхнийг мэдэгч хүн байдаг, түүнийг дагаад явчихвал цэнгэлийн манлайд хүрчихнэ гэж бодоод байдаг тал ажиглагддаг. Зарим судлаач гэх хүмүүс ч өөрийгөө тэгж бодоог аятай бүх асуултанд хариулах гэж марзагнадаг. Хэрэв тийм байсан бол хэдүүлээ аль хэдийн цэнгэлийн манлайд хүрсэн л байгаа. Учир нь биднээс ухаантай хүмүүс зөндөө л амьдарч байсан шүү дээ. Аливаад нэг хариу, ганц гарц байдаг мэтээр сэтгэдэг энэ байдал бол өмнөх Зөвлөлтийн үеийн боловсролын нөлөө тусгал юм.