Бидний нэг

Б.ИРЭЭДҮЙ: Гэрэл зураг бол миний өдрийн тэмдэглэл

М.Энхмаа -- 2024.11.284 минут унших

Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ. 

Бидний амьдралын нандин мөч, үнэ цэнтэй агшин бүрийг түүхийн хальснаа мөнхөлж, эргэн дурсахад урьдын адил танил, дотно мэдрэмжийг бидэнд төрүүлдэг гайхамшигт урлаг болох гэрэл зургийн талаар МУАУЗ, яруу найрагч Д.Цоодол гуай ийн хэлсэн байдаг. Гэрэл зураг тэр дундаа баримтат гэрэл зураг нь тухайн цаг үеийн үйл явдлыг баримтжуулж, ирээдүй хойч үедээ үнэ цэнтэй эх сурвалжийг үлдээдэг билээ. Энэ л жишгээр Дэлхийн II дайны үеийн болон Иргэний эрхийн хөдөлгөөний зургууд өнөөдөр ч гэсэн түүхэн ач холбогдлоо хадгалсаар байна. Иймээс бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа гэрэл зурагчин Б.Ирээдүйг онцолж байна.

Ахлах ангийн сурагч байхаасаа Canon EOS 700 загварын камераар гэрэл зураг дарж эхэлсэн тэрбээр өдгөө Noise Art Media-д гэрэл зурагчнаар ажиллаж байна. Гэрэл зураг дарах сонирхолтой, эргэн тойрон дахь юмс үзэгдэл, найз нөхдийнхөө хөрөг зургийг дардаг байсан хүү СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуульд кино зураглаачийн мэргэжлээр элсэн орсноор гэрэл зургийн талаарх онолын мэдлэгээ тэлж, баримтат гэрэл зурагтай танилцаж байжээ. 

“Би өдөр бүр камертай явдаг. Учир нь…”

Б.ИРЭЭДҮЙ: Гэрэл зураг бол миний өдрийн тэмдэглэл

“Арван жилдээ гэрт байдаг камераараа тааралдсан юм болгоныхоо зургийг дардаг байлаа. Найзуудынхаа хөрөг зургийг, мотоциклоор уралдаж байх агшныг гээд л ер нь эргэн тойрныхоо зургийг их дардаг байж байгаад, нэг хэсэг орхичихсон байсан юм. Тэгээд 2017 онд СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн кино зураглаачийн ангид элсэн орж, Д.Давааням багшийн шавь болсон. Ангийн багш маань гэрэл зурагчин учраас “Гэрэл зургийн онол”, “Баримтат гэрэл зураг” зэрэг хичээл орж эхлэхэд биднийг камер бариулаад л гаргачихдаг байсан юм. Гудмаар явж их зураг дардаг. Тэгээд орж ирээд дарсан зургийнхаа тухай их ярилцдаг байсан нь энэ чиглэлийг сонирхоход нөлөөлсөн болов уу. Ингээд бодох нь ээ чиглүүлэх хүн хэрэгтэй байсан юм шиг байгаа юм.” 

Тухайн эгшнийг ганцхан кадрт багтаан ямар нэгэн давс хужиргүйгээр илэрхийлэх боломжтой нь гэрэл зургийн гайхамшиг. Харин алив юмсын хөдөлгөөн бүрийг алдалгүй хальснаа буулгах нь дүрс бичлэгийн онцлог билээ. Иймээс эзэмшсэн мэргэжил, сонирхож татагдсан салбараа аль алиныг нь орхигдуулахыг хүсдэггүй талаараа тэрбээр хуваалцсан юм. 

Б.ИРЭЭДҮЙ: Гэрэл зураг бол миний өдрийн тэмдэглэл

“Би өдөр бүр камертай явдаг. Ямар нэгэн сонирхолтой үйл явдал тохиоход камергүй явж байвал зурагчин хүний хувьд азгүй явдал шүү дээ. Тиймээс байнга л камертай явахгүй бол болохгүй юм шиг санагддаг болчихсон. Сүүлийн хэдэн жил гудамжны гэрэл зураг буюу гудамжинд өрнөж буй үйл явдлын зургийг түлхүү дарж байгаа. Магадгүй миний хүрээлэн буй орчин, нөхөрлөж байгаа хүмүүс, үзэж харж байгаа юмс гээд бүхий л зүйлс энэ төрлийн гэрэл зураг дарахад минь нөлөөлсөн байх.”

“Гудамжны гэрэл зурагт тавилттай зүйлс нэг ч байдаггүй”

Хотын гудмаар холхилдох, хаашаа ч юм яарсан, юу руу ч юм тэмүүлсэн хүмүүс. Амьдралын олон өнгө, баяр гунигийн мэдрэмж ээлжилсээр өдөр бүр шинэ түүх бичигдэх энэ газарт амьдрал буцална. Бидний төдийлөн анзаардаггүй энэ мөчийг гэрэл зургийн хальснаа буулгаж, баримтжуулан үлдээдэг нь гудамжны гэрэл зургийн онцлог юм. Манай улсад энэхүү баримтат гэрэл зургийн төрөл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжих болсон нь “Гудам” фото клуб байгуулагдсантай холбоотой ажээ.

Б.ИРЭЭДҮЙ: Гэрэл зураг бол миний өдрийн тэмдэглэл

“Жил гаруйн өмнөөс “Гудам” төслийг санаачлагч М.Мөнхжаргал, Д.Давааням нар өөрсдийн хүрээллийн гудамжны гэрэл зураг төрлөөр зураг дардаг хэдэн залуучуудаа нийлүүлье гэж зорьсон юм билээ. Зорилго нэгтэй хүмүүс чинь хоорондоо их хурдан нийлчихдэг юм билээ. Одоо энэ чиглэлээр гэрэл зураг дардаг, “Гудам” фото клубийн гишүүн хорь гаруй залуус байна. Миний хувьд “Гудам” нээгдсэнээс хойш гудамжны гэрэл зураг дарах хүсэл маань илүү нэмэгдсэн. Учир нь гудамжны гэрэл зурагт тавилттай зүйлс нэг ч байдаггүй. Манай нийгэм гоё үедээ гоё ч гэлээ Улаанбаатарт зураг дарахад заавал ямар нэгэн асуудал олоод харчихдаг. Асуудал хөндөхгүй зураг даръя гэж бодсон ч тэр шүү дээ. Тэр тусмаа өвлийн улиралд зураг дарах нь өөрөө Улаанбаатарын хамгийн том асуудал юм шиг санагддаг болсон.”

“Зураг дарахад хүмүүс их хүндээр хүлээж авдаг. “Юун зураг аваад байгаа юм” гээд л. Байнга ийм асуудалтай тулгардаг учраас ихэвчлэн бусдад мэдэгдүүлэхгүй дардаг юм. “Та энд зогсож байгаач” гэж хэлээд дарах үе ч байна. Заримдаа зүгээр л ярилцдаг. Жишээлбэл, би одоо Халдвартын тэнд амьдарч байгаа. Нарантуул захын яг хойно байдаг болохоор өдөр бүр янз бүрийн л хүмүүстэй таардаг. “Мангасын ам” хавиар явах үедээ ганц нэг хүмүүстэй ярилцана. “Урьд нь ийм байсан, тийм байсан” л гэдэг юм. Энэ мэтчилэн олон бужигнасан газар, өөр өөр амьдралтай танилцаж, гэрэл зургаар дамжуулан тэр амьдралаар амьдарч болдог нь гудамжны гэрэл зургийн онцлог байх” хэмээх түүний ярианаас өдөр бүр өөр өөр амьдралтай танилцаж, гэрэл зургаар дамжуулан тухайн хүний амьдралаар түр ч атугай амьдрах боломжийг олгодог нь гудамжны гэрэл зургийн онцлог байх хэмээн бодогдон суусан юм.

Агшин мөч бүрийг нандигнах нь

“Гудамжны гэрэл зураг бол энгийн зүйлсийн гоо үзэсгэлэнг олж харах чадвар юм” хэмээн гэрэл зурагчин Эллиотт Эрвитт хэлсэн байдаг. Цаг хугацааны хоромхон агшныг түүх болгон үлдээхийн тулд аливааг сониучирхах, тогтож ажиглах нь мэргэжлийн онцлог ажээ.

Б.ИРЭЭДҮЙ: Гэрэл зураг бол миний өдрийн тэмдэглэл
Гэрэл зургийг: Б.Ирээдүй

“Гэрэл зураг дарж эхэлснээсээ хойш би илүү “өлөн” болчихсон байх. Байнга л хаана, юу болж байна гээд гоё юм хайгаад, эрэл хайгуул хийгээд явж байдаг юм. Баримтат гэрэл зурагчид агшин алдалгүй шууд дарах нь чухал шүү дээ. Тиймээс юм болгоныг тайван, тогтож ажиглаад цаг хугацаа, орон зайн баримжааг тооцоолох чадвартай болдог юм билээ. Жишээлбэл, “За энэ газарт эмэгтэй хүн байх нь зохимжгүй юм байна. Тэр залууг энд ирэхээр нь даръя” эсвэл тухайн хүний хөдөлгөөнийг нь таамаглаж, “За энэ хүн үсэрлээ гэж бодоход энэ үед иймэрхүү зураг дарна даа” гэсэн баримжаатай байх хэрэгтэй. Ямар нэгэн үйлдэл хийж байгаа агшныг дарж байж гудамжны гэрэл зураг илүү бодит болдог учраас илүү гярхай болдог юм байна.” 

“Гэрэл зураг хэн нэгэн хамт байгаа юм шиг, ханьтай мэдрэмж төрүүлдэг”

“Ерөөсөө сайн зураг гарахгүй байх үе жилдээ нэг тохиодог. Тэр үед зүгээр л зураг авахаа болиод амарчихдаг. Камергүй гараад тайван алхдаг. Ийм үе нэг сар л үргэлжилдэг юм. Энэ хэсэг хугацааны завсарлагын дараа эргээд л зургаа авдаг. Гэрэл зураг миний өдрийн тэмдэглэл шиг болчихсон учраас зураг дарахаа боливол надад хэцүү байх байх. Учир нь гэрэл зураг хэн нэгэн хамт байгаа юм шиг, ханьтай мэдрэмж төрүүлдэг юм. Зүгээр алхаж байснаас зураг дараад алхах нь илүү тухтай байдаг. 

Б.ИРЭЭДҮЙ: Гэрэл зураг бол миний өдрийн тэмдэглэл
Гэрэл зургийг: Б.Ирээдүй

Жишээлбэл, энэ бол миний хамгийн дуртай зураг. Дөнгөж зураг дарж эхэлж байх үеийн өвлийн нэг өглөө. Гэрээсээ гараад алхаж байхдаа шонгийн модон дээр сууж байгаа тагтаануудыг хараад энэ зургийг дарж байсан юм. Тухайн үед яагаад ч юм тагтаа их авдаг байсан. Энэ зургийн хуваалт, харьцаа, тагтаа үргээд хоёр тийшээ салж явж байгаа гээд л. Анх өнгөт зураг байсан болохоор засварыг нь ч бас санамсаргүй байдлаар хийчихсэн. Зураг дарж эхэлж байх үедээ авсан болохоор тэр үеийн мэдрэмж нь хамгийн тод үлдчихсэн байх л даа. Ер нь анх эхэлж байх үеийн зургууд илүү задгай, бүтээлч, гоё байдаг юм. Юунд ч баригдахгүй, бүх зүйлс сонирхолтой санагдаад л. Бүх юмны зургийг дармаар. Тэр үеэс л хоттойгоо дахин танилцаж байгаа байхгүй юу.

Б.ИРЭЭДҮЙ: Гэрэл зураг бол миний өдрийн тэмдэглэл

Хүмүүс миний дарсан зургийг хараад, тухайн үед миний мэдэрч байсан тэр мэдрэмжийг аваасай л гэж хүсдэг. Тэндээс жаахан ч гэсэн юм мэдэрчихвэл миний зорилго биелэх юм шиг санагддаг юм. Гэрэл зураг баримт болон үлдэх учраас дараа нь эргээд харахад “Энэ үед ийм байсан” гэх түүх үлдэнэ шүү дээ. Баримтат гэрэл зургийн үнэ цэн нь энэ болохоор баялаг бүтээж байна даа л гэж боддог. Ээж, аавынхаа үеийн зургийг харах гоё байдаг шүү дээ. Бидний хэн ч тэр үеийг туулаагүй хэр нь гэрэл зургаар дамжуулаад мэдэрч болдог. Яг л үүнтэй адил баримтат гэрэл зургийн үнэ цэн он цаг улирах тусам нэмэгддэг. Миний дарж байгаа зургууд ч бас хойч үед маань хадгалагдан үлдэх байх. Тиймээс гарын үсэг шиг, хэн ч харсан “Өө, энэ түүний дарсан зураг байна” гэж мэдэхээр тийм л сайн зураг дарах юм сан гэж боддог юм.”

Техник, технологи хөгжихийн хэрээр хүн бүр халаасандаа “гар утас” хэмээх камертай явах болж, хэн бүхэн гэрэл зурагчин болсон мэт санагдана. Гэвч камер бариад л гэрэл зурагчин болчихдоггүй бөгөөд гэрэл зурагчны торгон мэдрэмж, аливааг тооцоолох ухаан, аливаа агшныг алдалгүй дарах авьяас чадвар, адал явдал эрэлхийлэгч тууштай зан, ажигч гярхай байдал гээд хүн бүрд төдийлөн байдаггүй эдгээр чанаруудын нэгдлээс сайн гэрэл зураг төрдөг гэдгийг Б.Ирээдүйтэй ярилцаад мэдэрсэн билээ. Бодит амьдралын тусгалыг камерын хальснаа буулгаж, өнгөрснийг өнөөдөрт мөнхөлж, ирээдүйд үнэлэгдэх баялаг бүтээж яваа гэрэл зурагчин Б.Ирээдүй энэ удаа бидний нэг боллоо. Нийтлэлийг уншиж, мөн бидний нэг болсон уншигч танд талархъя. 

Гэрэл зургийг: Л.Буд