Өнгөрсөн жил Дэлхийн аварга болох зорилготой ДАШТ-нд оролцсон ч шүүгчийн асуудлаас болж маш харамсалтайгаар Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга Азарбайжаны бөх Хажи Алиевт ялагдсан. Тэр үед дэлхийгээс медальгүй хоцорч, Олимпын эрхээ ч авч чадаагүй. Тэгээд 2024 оны нэгдүгээр сард Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд өвдөг шороодож, Дэлхийн аварга болно гэж зорьж байсан залуу хэн ч биш болж хувирсан…
Спортын амьдралд уналт, босолт олон тохионо. Дараа нь харах нь ээ тэр уналт, босолт л энэ спортын хамгийн амттай зүйл юм шиг ээ. Би яг одоогоор хамгийн амттай цаг үеэ мэдрээд явж байна. Олимпын эрхийн төлөөх өөрт олдсон хамгийн сүүлийн боломж болох Дэлхийн эрхийн тэмцээнд оролцож, маш хүнд барилдаануудыг хийсэн. Дээд жингийнхээ аварга Америк болон Оросын хоёр легонер тамирчин, Энэтхэгийн шинэ залуу од зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг ялж, Олимпын эрхээ авсан. Энэ олон нугачаан дундаас хоёр дахь Олимпынхоо боломжийг атгачихсан байгаа энэ мөч бол миний хамгийн амттай цаг үе.
Олимп гэдэг анх удаагаа оролцож байгаа хүнд төсөөлөхөд бэрх. Өөртөө маш их дарамт өгдөг гэж харсан. Миний хувьд Токиогийн Олимпод өөртөө маш их дарамт өгөөд тэмцээний үед нойрны эм уугаад ч нойр хүрэхгүй байсан. Туршлага дутуу, их түүхий байсан болохоор тэр байх. Одоо тэр үеэ бодоход алдаж, онох бүх зүйлээ үзчихсэн тул сэтгэл зүй харьцангуй тогтвортой байна. Учир нь сэтгэл зүйн байдал олон жилийн туршлагаас үүсдэг. Бэлтгэлээ маш сайн хангасан тамирчдын сэтгэл зүй аяндаа өндөр түвшинд байдаг юм. Манай жинд Олимп, Дэлхийн медальтай тамирчид олон байдаг болохоор хоорондоо сэтгэл зүйн тулаан л хийдэг.
Медалийн тавцан гэдэг өөрөө гоё зүйл. Заавал нэгдүгээр тавцанд зогсож байж Төрийн дуулал эгшиглэнэ. Зөвхөн тэр л тавцан дээр зогсоод олон хүнд Төрийн дууллаа сонсгоно гэдэг гайхамшигтай. Яг тэр мөчид өөрөөрөө бахархана, эх орондоо баярлана. Амжилт гэдэг талархлаа илэрхийлэх цаг хугацаа юм болов уу гэж хардаг юм.
Чөлөөт бөхийг тулааны спортын хамгийн хүнд төрөл гэж боддог. Ямар ч барьцын барилдаан байхгүй, хүний бие дээр мэдрэмж авч барилддаг мэдрэмжийн тулаан. Харахад хэдий хоёр хүн хоорондоо барилдаад, ноцолдоод байгаа боловч чөлөөт бөх цаагуураа бол оюуны спорт. Өөрийн тархиар нөгөө хүний тархийг л хуурах асуудал. Тиймээс математикч хүн өдөр бүр математик боддог шиг бид дэвжээн дээр өдөр бүр л математик боддог гэсэн үг.
Спорт гэдэг амар зүйл биш. Маш хатуу тоглоом. Бусдаас илүү хөдөлмөрлөсөн залуу л арай илүү түрүүлж гарч ирнэ. Шантрах зүйлс ч маш их. Нэг өдөр амжилт гаргахад маргааш амжилтгүй хоцорч, шалдаа бууж болно. Чамайг өөр түвшинд аваачих ганцхан зүйл бол чи өөрөө. Өөр хэн нэгэн биш. Тийм учраас өөрөө өөртөө л анализ хийж, өөртэйгөө ярилцаж, өөрийгөө хянаж, ялан дийлж чаддаг байх нь хамгийн чухал. Мөн спортын гол зарчим бол сахилга бат. Сахилга батаа сайн сахиад, хичээх юм бол цаг хугацаа бүхнийг харуулна яарах хэрэггүй байх. Дэлхийн хаана ч байхгүй бие физиологи манай монгол тамирчдад байдаг. Гэм нь өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн байдал дутмаг. Тэр зүйлээ олсон монгол тамирчин дэлхийд ноёлно гэж би боддог юм. Гэрийн даалгавраа сайн хийсэн тамирчин тухайн өдөр ямар байх нь ойлгомжтой. Монгол Улсаа дэлхийд тамгалъя!