Ч.МӨХТӨР: Бид хоолны нэр төрөл, соёлоороо бусад улс үндэстнээс дутахааргүй түүхтэй
ХоолХэл соёл
Б.Отгонзаяа
Б.Отгонзаяа
2024.10.27
4 минут
Ч.МӨХТӨР: Бид хоолны нэр төрөл, соёлоороо бусад улс үндэстнээс дутахааргүй түүхтэй

Та амьдрахын тулд хоол иддэг үү, идэхийн тулд амьдардаг уу? 

                А.Амьдрахын тулд иддэг. 

                Б.Идэхийн тулд амьдардаг. 

Аль нэг хариултыг сонгосноос үл хамааран хоол хүнс нь хүний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой. Машиныг бензинээр цэнэглэж хөдөлгөдөг бол бидний хувьд хоол хүнсээр дамжуулан өдөр тутамдаа авах хэрэгтэй энерги, амин дэмээ сэлбэдэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн үүссэн цаг үеэс хоол хүнстэй холбоотой түүх эхлэх юм.  

Улс орон бүр өөр өөрсдийн соёлыг илтгэх өвөрмөц амт, үнэр, орц найрлага, жороос бүрдэх үндэстний хоолтой. Япон улс сүши, рамен, зэрэг хоолоороо цуутай бол Солонгос улс самгёбсаль, бибимбаб зэрэг хоолоороо алдартай. Тэгвэл монголчуудын уламжлалт хоол хүнс юу вэ. Бидний хоол хүнсний талаар түүх хэдий үеэс хэрхэн эхэлдэг тухай асуултын хариултыг Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнхтөртэй хийсэн ярилцлагаас хүлээн авч уншаарай. 

-Монголчуудын хоол хүнсний соёл хэдий үеэс эхлэлтэй, бидний хоол ундны соёл хэр баялаг талаар ярилцлагаа эхэлцгээе. 

-Эх газрын эрс тэс уур амьсгалтай, Монголын өндөрлөгт хүн үүссэн цагаас эхлэн энэ бүс нутагт аж төрж ирсэн ард түмний хоол хүнсний соёл бүрэлдэж тогтсон гэж үзэх нь зүйтэй байх. Монголчуудын хоол хүнсний талаар нийтлэгдээ гадныхан төдийгүй бид ч өөрсдөө мах, гурилаас өөр зүйл хэрэглэдэггүй мэт төсөөлж, ярих нь элбэг байдаг. Гэвч бид хоол хүнсний нэр төрөл, холбогдох соёлоороо дэлхийн аль ч улс үндэстнээс дутахааргүй түүхэн уламжлалтай ард түмэн. 

Монголчуудын оршин амьдарч буй газар зүйн байрлал нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой учир энэ төрлийн аж ахуйг хэдэн мянган жил эрхэлж ирсэн байдаг. Тиймээс ч бидний хоол, хүнсний гол орц нь мах байхаас өөр аргаггүй юм. Газар тариалан эрхэлдэг Хятад үндэстний хоолны гол орц нь ногоо, япон, солонгосчуудынх будаа, кимчи байдагтай адил.

Аливаа улс үндэстний хоол ундны тогтолцоо нь тухайн орныхоо байгаль, газар зүй, цаг уур, эрхлэх аж ахуйтай салшгүй холбоотой байх нь. Мөн монголчуудын хоол хүнсний угсаа гарвал бууз, банш, хуушуур, хорхог, боодгоор хязгаарлагддаггүй. Угтаа бид хоол хүнсний талаар соёлоо орхигдуулаад байгаа болохоос биш бидний түүх соёл, уламжлал дундаршгүй арвин аж. 

Монголчуудын махтай холбоотой өв уламжлал далай шиг арвин

Ч.МӨХТӨР: Бид хоолны нэр төрөл, соёлоороо бусад улс үндэстнээс дутахааргүй түүхтэй

-Газар зүйн байршил, цаг уур, амьдралын хэв маягаас шалтгаалаад тухайн ард түмэнд хоол ундны бүхэл бүтэн тогтолцоо байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр бид чинь жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай бүсэд аж төрдөг гэдэг талаасаа авч үзвэл хоол хүнсээ хэрхэн зохицуулж хэрэглэж ирсэн юм бол? 

-Монголчууд жилийн дөрвөн улиралд өглөө, өдөр, оройгүй мах хэрэглэж ирсэн гэвэл өрөөсгөл ойлголт болно. Хүйтэн сэрүүний улирал өвөл, хавартаа махан төрлийн хоол хүнс түлхүү хэрэглэж, урин дулаан зун, намар цагт сүү, айраг цагаан идээгээрээ хооллож ирсэн ард түмэн шүү дээ. Зуны улиралд хэрэгцээ гарвал хатааж, холестерин тослогийг нь багасгасан борцоо хэрэглэнэ. Ер нь тэгээд махыг төрөл бүрээр нөөцөлж хадгалах, боловсруулах арга технологи, хоол хийх орц найрлага гээд баялаг жорын сантай. Түүнийгээ бие эрхтний системийн үйл ажиллагаа, өвчин зовуурьт тааруулж хэрэглэж ирсэн арга ухаан зэрэг махтай холбогдох монголчуудын өв соёл, уламжлал бол далай шиг арвин. Хамгийн энгийн жишээ гэхэд махыг бид хэд хэдэн төрлөөр нэрлэдэг. Хар мах, бор мах, цагаан мах, улаан мах, алаг мах, тураг мах, эм мах, эр мах, зум мах, зовсон мах, зовлого мах, зүлд мах, гэр мах гэх мэтчилэн.   

Өнөөдөр бид энэ мах гэдэг хоол хүнсний гол түүхий эд, түүнийгээ боловсруулах арга технологи, хэрэглэж ирсэн хэв горим, хоол хийх уламжлалт орц жороо өдөр тутмын амьдралын хэмнэлдээ тохируулж, мөрдөж байна гэж хэлэхэд хэцүү. Олон улсад ялгарах боломжтой энэ соёлоо бид зах зээлийн эргэлтэд оруулж, үнэ цэн, брэнд болгох нь хамгийн чухал байна. 

Тодруулах нь:  Махны нэр төрлийг дурдсантай холбогдуулан та бүхэндээ монгол хэлний их тайлбар толиос дараах үгсийн тайлбарыг хүргэе. Хар мах гэж өөхгүй цул махыг, толгой шийр, гэдэс дотроос бусад махыг тураг мах,  хошногоны гадна үзүүрийг цагаан мах, нуруу, хүзүү, хавирга, сээр, гургалдай, бөөр, зурх, хужирхай, цус, зэргээс бүрдсэн махны цуглуулгыг гэр мах гэж нэрлэдэг юм байна. 

-Эзэнт гүрний үеийн монголчууд тариа, ногоо тарих боломжгүй байсан хэдий ч мах сүү хоёроор л амьдарч байгаагүй юм байна. Хоол хүнсэндээ зэрлэг төмс, мангир, гогод, таана, сонгино, цулхирын гурил, үр жимс хэрэглэж байсан талаар сурвалжуудад дурдсан байдаг. Энэ талаар та судалж байсан уу. Сонирхолтой баримт жишээг бидэнд хуваалцаач?

-Бид махнаас өөр хоол хүнс хэрэглэж байгаагүй ард түмэн огтоос биш. Гурил будаа, ногоо цагаа, жимс жимсгэнэ, цай унд бүгдийг л хэрэглэж ирсэн. Ингэхдээ ихэнхийг нь өнөөдрийн хүн төрөлхтний тэмүүлж байгаа байгалийн цэвэр органик байдлаар түүж, хурааж хэрэглэдэг байж. Өдгөө ч энэ нөөц хөдөө, хээр байгальд байсаар л байна. Гагцхүү бид түүнийгээ тоохгүй, хэрэглэхээ больж, мартаж байгаа нь асуудалтай. 

Ч.МӨХТӨР: Бид хоолны нэр төрөл, соёлоороо бусад улс үндэстнээс дутахааргүй түүхтэй

Манай орны нутаг дэвсгэрт бидний өвөг дээдэс эртнээс нааш зохих хэмжээнд газар тариалан эрхэлж, гурил будааныхаа хэрэгцээг хангаж байсныг нотлох археологийн дурсгалууд олон илэрсэн. Орхон, Сэлэнгэ, Халх гол, Алтайн нурууны сав газруудад эртний газар тариалангийн ул мөр тариг, шуудуу нь ч байна. Тэр бүү хэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт байх хадны зурагт анжис хөлөглөсөн үхрээр газар хагалж буй дүрслэл байх жишээтэй. Хүннү болон бусад цаг үеийн булш оршуулга дахь ваар, сав суулганаас халтар арвай, монгол амууны үлдэгдэл ч олон илэрсэн байдаг. Түүнчлэн Бурхан буудай, Будаат богд зэрэг буудайны нэр орсон сав газрын ард түмний дунд тариа буудай тариалж байсан тухай өгүүлэмжтэй аман домгууд ч байдаг. Халтар арвай, монгол амуу, хар будаа сагаг гэхчлэн давжаа буудайн төрлүүд нь Монголын өндөрлөгт зохицсон эртнээс нааш тариалж ирсэн төрөл зүйл болохыг судлаачид баталсан байдаг. Өнөөдөр ч гэсэн Булган, Сэлэнгэд уламжлалт хар будаа, Ховд, Алтайд хөх тарианы уламжлал тасраагүй байна. Суль, сульхир гэхчлэн зэрлэг буудайн төрлийг говийн бүс нутагт түүж, боловсруулж хэрэглэсээр ирсэн. Тиймээс бид гурил, будаагаар үеийн үед Хятад улсаас хараат байсан юм шиг ярьж ойлгож болохооргүй байгаа юм.

Мэдээллийн хачир: Бурхан буудай уул нь Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт оршдог өвөрмөц тогтоцтой мөнх цаст уул юм. Тус уулын ноён оргил нь 3,765 метр. Нутгийн иргэд уулын нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг эрт дээр үеэс тахин шүтэж иржээ. Эртнээс сүсэглэн шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Цагаан идээний тухайд 2020 онд Макс Планкийн нэрэмжит Хүн төрөлхтний түүхийн шинжлэх ухааны хүрээлэнгээс хэрэгжүүлсэн төслийн судлаачид Монгол нутаг дахь хүрэл зэвсгийн үеийн оршуулгаас гарсан хүний шүдний өнгөр чулуунд хийсэн шинжилгээгээр гүүний сүүний уургийн нэгдэл илэрсэн байдаг. Тэгэхээр бидний уух дуртай гүүний сүү, айргийг 5,000-3,200 жилийн тэртээгээс хэрэглэж байж гэж ойлгож болохоор байна. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг Хориг уулнаас археологич Ж.Баярсайхан тэргүүтэй эрдэмтэд Их Монгол Улсын үед холбогдох оршуулгад хийж цэвдэгт гүн хөлдөж сайн хадгалагдсан ваартай шар тос, өрөм зэргийг илрүүлсэн байдаг. Энэ мэтчилэн бидний өвөг дээдсээс хэрэглэж ирсэн хоол хүнстэй холбоотой баримт жишээ, баялаг уламжлалыг тоочоод байвал дуусашгүй.           

Хятадууд биднээс бууз хийх аргыг сурсан байвал яах вэ?

Ч.МӨХТӨР: Бид хоолны нэр төрөл, соёлоороо бусад улс үндэстнээс дутахааргүй түүхтэй

-Монголчууд бидний уламжлалт баяр болох Цагаан сар, Үндэсний баяр наадмаар хийдэг бууз, банш, хуушуурыг Хятадаас гаралтай гэж ярьдаг. Гэсэн хэдий ч бид Цагаан сарыг буузгүйгээр, Наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй болтлоо үндэсний хоол болгон хөгжүүлсэн байна. Таны хувьд эдгээр хоолыг Монгол үндэстний уламжлалт хоол мөн гэж үзэх үү. Бидний уламжлалт хоол хүнс юу юм бэ? 

-Хуушуур, бууз, банш, цуйван, лавшаа гэхчлэн өдгөө бид хийж идэж байгаа ихэнх хоолыг Хятадаас гаралтай юм шиг ойлголт олон нийтийн дунд түгээмэл байдаг. Ингэхээр ер нь явж явж бүхэл мах, хорхог, боодгоос өөр монгол хоол үлдэхгүй болдог. Хоол хүнс бол хэрэглээний соёл тул хөрш зэргэлдээ, нэг бүс нутагт олон зуун жил оршсон ард түмэн бие биеэсээ суралцах, авах зүйл байж л таараа. Гэвч бид эдгээр хоолыг эрт үедээ хэрэглэж байгаагүй гэж хэлэх ямар ч боломжгүй юм. Яах вэ хүмүүс “包子 баози буюу бууз” гэдэг үгийн гарал, утгыг мөшгөж хөөгөөд л Хятадынх гэж хэлээд байдаг. Миний хувьд бол эсрэгээрээ харин ч хятадууд биднээс авсан байх боломжтой юм биш үү гэж хэлмээр санагддаг. Учир нь Хан үндэстний хоолнуудын нэр ихэвчлэн орцоороо, болгосон аргаараа (ямар ямар түүхий эд орсноороо, тэгээд шарсан уу, чанасан уу гэдгээрээ) нэрлэгдсэн байдаг. Харин монголчуудын хоолны нэр бол тийм биш. Тусгай орц, хольцоос хамааралгүй оноосон нэршилтэй байдаг тал бий. Жишээлбэл, Бээжингийн алдартай хоол “каояа” гэхэд шарсан нугас гэсэн утгаараа, гэтэл бид шарсан тарвага, шарсан ямаа гэдэггүй “хорхог”, “боодог” гэдэг. Бидний сайн мэдэх монголчуудын нэрлэснээр “наашаа, цаашаа” гэх хоол бий. Түүнийгээ хятадууд Юйшаорөүси буюу загас, туузалж хэрчсэн шарсан гахайн мах гэх жишээтэй. Монгол Улсын зарим нутагт хонин буузыг “тоймий” гэж нэрлэх нь ч бий. Түүнээс гадна Юань гүрний үеийн монгол хувцастай хүүхдүүд бууз маягийн юм чимхэж, өрөөд сууж байгаа гэмээр зураг ч байдаг. Тэгэхээр бидний одоо цагт хийж идэж буй бууз, хуушуур, цуйван, лавшаа хорхог, боодог, таван цул, толгой шийр гээд бүгдээрээ л бидний уламжлалт хоол хүнс мөн.

Ч.МӨХТӨР: Бид хоолны нэр төрөл, соёлоороо бусад улс үндэстнээс дутахааргүй түүхтэй
\Юань гүрний үеийн түүхэн зураг\

Нээрэн л монголчуудын уламжлалт хоол хүнс юу вэ? гэх асуултад хариулах гэхээр хорхог, боодгоос бусад нь өөр нэг улсад харьяалагдчих гээд байсныг нуух юун. Уншигч таны ч гэсэн уламжлалт хоол хүнсний талаар эргэлзээтэй бодлууд Ч.Мөнхтөр судлаачийн ярианаас бага ч гэсэн тайлагдаж, цаашид судалж, мартагдсан хоолны орц, найрлагыг эрэн хайх хүсэл төрсөн гэж найдаж байна. Бид дараа дараагийн нийтлэлээр Монголын Эзэнт Гүрний үеийн монголчууд хоол хүнсэндээ юу хэрэглэдэг байсан талаар, өөр сонирхолтой баримтуудыг хүргэх болно.  Ч.МӨХТӨР: Бид хоолны нэр төрөл, соёлоороо бусад улс үндэстнээс дутахааргүй түүхтэй