Дэлхий нийт техник технологийн асар хурдацтай хөгжил, даяаршлын эсрэг зүгт оршин тогтнох болжээ. Аль болох “Би хэн бэ”, “манай үндэстэн, улсын гол онцлог юу вэ”, “бид бусдаас юугаараа ялгарах вэ” хэмээн асуугаад, нэг ёсондоо өөр өөрсдийгөө хайх эрэлд гарсан гэсэн үг. Хиймэл оюун ухааны хөгжил дээд цэгтээ тулсан ч энэ нь хүний тархи сэтгэлгээ, санаанаас гарсан зүйл мөн гэж үзээд, өнөөх “хүн” гэдэг зүйлээ тодорхойлохоор хичээн чармайх болсон.
Тэгвэл танд “хүн” гэж юу вэ, тэр дундаас “монгол хүн гэж хэнийг хэлэх вэ” гэсэн асуултад хариулт өгч чадах Г.Аюурзана зохиолчийн “Монгол хүн” гурван цуврал номыг энэ удаагийн номын буландаа онцолж байна.
Ерөөс манай улсын зохиолчид дунд “Бүүкэр”, “Нобелийн шагнал” хүртэх бүрэн боломжтой хэдхэн хүн бий. Азийн тэргүүн яруу найрагч Д.Урайнхай, Ч.Галсан, Г.Аюурзана нар мөнөөсөө мөн. Хамгийн сүүлд л гэхэд Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман Серби хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн.
Тус зохиолчийн уран бүтээлүүдийг ажвал монголчуудын оюун санаа болоод шашин шүтлэгийн хувьд бүрэн нээж харуулсан ч юм шиг санагдана. Цухас дурдвал бөөтэй холбоотой “Бөөгийн домог”, буддын шашинтай холбоотой “Шүгдэн”, бариач, домчтой холбоотой “Судасны чимээ” романууд бий. Харин энэ удаа бидний мөн чанар, үзэл бодол, үнэт зүйл, дагаж мөрдөх үндсэн философийг дурдаж өгсөн бидний ширээний ном байж болохуйц эл гурван цуврал номын тухай уншсанаа ийнхүү сийрүүллээ.
Монголчуудын эрхэм сайхан зан чанарууд түүхэн сурвалжид хэрхэн туссан тухай энэхүү номыг 2019 оны хавар бичсэн бөгөөд “Монголын нууц товчоон” бол монгол үндэстний “ёс зүйн библи” гэсэн санааг дэвшүүлсэн болно. Монгол Улс бүх талаараа дэлхийд тэргүүлж явсан үеийн сэтгэлгээгээр л бид үр удмаа хүмүүжүүлэх учиртай билээ хэмээн зохиолч өөрөө тодорхойлжээ.
Тус номыг дөнгөж дэлгээд удиртгал хэсгийг харвал,
“... Монголчууд хэрүүл маргаан өдөөх нь тун цөөн, ер нь л хэрэлддэггүй бөгөөд хэзээ ч өөр хоорондоо зодолддоггүй дотроо дайтдаггүй, тэнд хүн амины хэрэг гардаггүй. Бас хулгайч дээрэмчин байдаггүй тул гэр байрандаа цоож цуурга хэрэглэдэггүй… Эмэгтэйчүүд нь маш журамтай тэдний зүгээс нэр төрөө сэвтээсэн тохиолдол нэгээхэн ч дуулдаагүй…”
Монголчууд дэлхийд оройлон мандаж явсан үед буюу 1246 онд их хаан Гүюгт бараалхаж асан, Ромын папын элч Плано Карпини ийнхүү бахдан бичсэн байдаг.
хэмээх агуулгаар эхэлж буй. Энд л бидний алдаж, хаяж гээсэн мөн чанар бий. Өнөөгийн нийгэмд гараад л түгжрэл, хэрүүл, уруул, зодоон, нүдээн, хов жив, тэмцэл өрнөн буй. Гэтэл бид узуураасаа тийм хүмүүс байсан уу гэвэл үгүй мэт. Бид л өөрсдийгөө хулгайч, худалч хэмээн доош хийдгээс хамаг юмны эхлэл тавигдсан байж болох шүү дээ.
Дээр дурдсанчлан гэр байрандаа цоож цуургагүй явж оддог нинж сэтгэл одоо ч буй. Говийн аймгийн айлууд өвлийн цагаар адуу малын эрэлчид даарч хөрж явахдаа хоол хош хийж идээд яваг хэмээн өрх гэрээ цоож цуургагүй үлдээж явдаг уламжлал хадгалагдан үлдсэн байдаг юм билээ.
Аж байдлын энэ шинж чанар шүлэг яруу найрагт ч туссан байдаг. 1989 оны "Болор цом-7" наадмын тэргүүн Ц.Чимэддоржийн “Малчин” хэмээх шүлэгт,
“Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай
Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй
Давхиад очиход цоожгүй айл малчин танайх
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных” гэж бичсэн нь үүний нотолгоо болно.
Цаашлаад “Монголын нууц товчоон”-ы гол агуулга мөн чанаруудыг маш энгийнээр кодчилон харуулсан байгаа юм. Ингэхдээ 14 бүлэгт хуваан тайлбарлажээ.
1. Монгол хүн түүхээ маш сайн мэддэг, өвөг дээдсээ шүтээнчлэн дээдэлдэг
2. Монгол хүн байгальтайгаа амь нэг
3. Монгол хүний андын журам
4. Монгол хүн ачийг үл умартдаг
5. Монгол хүн итгэл даадаг, хэлсэн үгэндээ хүрдэг
6. Монгол хүн цагийг нягт баримталдаг
7. Монгол хүн эдийн шуналгүй
8. Монгол хүн гэр бүлсэг, ураг садандаа элгэмсүү
9. Монгол хүн аливаад дасан зохицох чадвартай
10. Монгол хүн амьдралд бодитой, ухаалаг ханддаг.
11. Монгол хүн хүлээцтэй, дайснаараа ч нөхөр хийж чаддаг
12. Монгол хүн амны бэлгээр
13. Монгол хүн хууль ёсоо чанд мөрддөг
14. Монгол хүн төр улсаа дээдэлдэг
Жишээ нь, номын эхний бүлэгт “Тодруулбал, монгол хүн бүр төрсөн цагаасаа л өвөг дээдсээ шүтээнчлэн дээдэлж өсдөг нь удам судраа хэн ч огоорч мартдаггүйн гол нууц учиг юм” хэмээгээд “Үүх түүхээ эрхэмлэх, өвөг дээдсээ шүтээнчлэн дээдлэх үзлийг хүн бүрт төлөвшүүлэх нь Монгол үндэсний онцлогийг мөнхөд авч үлдэх, монгол хүнийг дээд ёс суртахуунтай байлгах хамгийн анхны үнэ цэнтэй арга зам мөн” гэж тодорхойлсны цаад санаа нь мөн л өнөө цагт тулгараад буй цус ойртолт, удам судраа танин мэдэхийн талаар сэрж сануулсан байж болох. Нээрээ л “Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-Чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ” гэж цээжлээд байхаар өөрийн үндэс угсаа мөн чанараа таньж судалж мэдэхгүй яах билээ дээ. Цаашлаад энэ нь удмын бичиг, ургийн мод зэрэгтэй холбогдож болох мэт санагдана.
Г.Аюурзана “Монгол хүн: Үндэсний үзэл бодол” 18 дахь тал.
Г.Аюурзана “Монгол хүн: Үндэсний үзэл бодол” 157 дахь тал.
Г.Аюурзана “Монгол хүн: Худам бичгээс гүн сэтгэлгээ рүү”, 55 дахь тал.
Г.Аюурзана "Монгол хүн: Худам бичгээс гүн сэтгэлгээ рүү" 6 дахь тал.
Г.Аюурзана “Монгол хүний эрхэм дээд чанарууд Монголын нууц товчоонд”, 53-54 дэх тал.
Цувралын хоёр дахь номын тухайд бидний сэтгэлгээний ур чадвар, цар хүрээ тийм ч бага биш гэдгийг бичиг үсгийн соёл, боловсролын сонгодог уламжлал зэргээс харж болно гэх утга бүхий эсээгээр эхэлнэ. Цаашид эл үйл хэрэгт оролцож явсан бичгийн их мэргэдийн намтраар үргэлжилнэ.
Эл номыг уншсаны дараа танд Монгол үндэстэн бусдаас илүү ч биш, дутуу ч биш. Гэхдээ бид илүү гэж өөрсдийгөө дөвийлгөхөөсөө наана ухаан, бодол, бодлого, хүн ёсны ноён нуруугаар бусад ард түмнээс дутуу байх эрхгүйгээ нэн тэргүүнд ухамсарлах ёстой юм гэсэн бодол төрөх вий.
Эл ном цэвэр үзэл санааны ном гэж ойлгож болно. Хамгийн эхэнд дурдсан бидний ондоошил, хоорондын ижилсэл, жинхэнэ үзэл санаа юу байх ёстой юм гэдгийг нягт нарийн харуулсан 12 эсээнээс бүтжээ.
Өнөөдөр монголчууд нэгдэж үл чаддагтаа дэлхийд гарч чаддаггүй. Энүүхэндээ тогоогоо тойрон үзэлцээд байдаг ч юм шиг.
Уг нь нэгдэж нийлээд 1+1*>3 гэсэн зарчмыг баримталбал хэчнээн хол явахыг бид мэдэхгүй. Ямартай ч Монгол үндэстнийг нэгтгэсээр ирсэн, нэгтгэж буй, хойшид ч нэгтгэсээр байх хамгийн чухаг үнэт дархлаа гэвэл нэн тэргүүнд хэл, соёл, түүх гурав. Мэдээж яс, үндэс, газар нутаг зэрэг ойлголтууд бий. Гэхдээ оюун санааны энэ л гурван үнэт зүйлээр бидний орон зай тодорхойлогдож, тэр л орон зайн хүрээнд бидний оршихуйн мөн чанар, эрх ашиг, итгэл үнэмшил тогтсон учраас л бид өөрсдийгөө “монгол хүн” гэж бахархалтай хэлдэг байх.
Тиймээс хэл, соёл, түүх гурваа ойлгож, судална гэдэг бидний үүрэг, хариуцлага болж буйг ухаарч ойлговол зохилтой.
Эцэст нь хэлэхэд бид эл номуудын маркетингийн ажилд огт хамаагүй болой. Хэвлэгдээд бүтэн нэг жилийн хугацааг үдсэн эл номын араас ийнхүү “шиншлэн” буй нь ердөө л эх оронч үзэлтэй минь холбоотой. Хар мунхгаар би монгол хэмээн хашхирахаас илүүтэйгээр ийм нэг цуврал ном унших нь хэн хэндээ тустай юм болов уу хэмээн бичлээ.