Critical thinking: Насан туршийн ур чадвар
Хувь хүний хөгжилБоловсролХарилцаа
Namuun.B
Namuun.B
2024.09.12
3 минут
Critical thinking: Насан туршийн ур чадвар

Дэлхийн эдийн засгийн форумаас зарладаг чухал ур чадварын топ гуравт “critical thinking” буюу нухацтай сэтгэлгээ тогтмол багтдагийг та мэдэх үү? Төрөл бүрийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хүссэн нь мэдээлэл түгээж буй энэ үед худал ташаа мэдээлэлтэй бид үргэлж таардаг. Иймээс орчин үеийн амьдралын нарийн төвөгтэй байдлыг даван туулахад зайлшгүй шаардлагатай нухацтай сэтгэлгээний ач холбогдлыг ойлгож, өөртөө төлөвшүүлэхэд тань туслахаар “Тасралтгүй боловсрол судалгааны институт”-тэй хамтран “НУХАЦТАЙ СЭТГЭЛГЭЭ” шинэ булангаа эхлүүлж байна. Ямар ч зүйлд суралцаж, мэдэж авахад хэтэрхий оройтно гэж хэзээ ч үгүй. Бидэнтэй хамт байж шинэ ур чадвараа хөгжүүлээрэй.  

“CRITICAL THINKING” ГЭЖ ЮУ ВЭ? НУХАЦТАЙ СЭТГЭЛГЭЭ VS ШҮҮМЖЛЭЛТ СЭТГЭЛГЭЭ 

Critical thinking: Насан туршийн ур чадвар

Эхлээд “critical thinking” гэж юу болохыг агуулгын үүднээс товч тайлбарлая. Энэ нь бусдаас хараат бусаар бие даан тодорхой, оновчтой сэтгэх, аливаа мэдээлэл, асуудалд нотлох баримт, дүн шинжилгээтэй хандан, эргэцүүлэн бодож, үндэслэлтэй шийдвэр гаргах чадварыг хэлнэ.   

Монгол хэлэнд уг ойлголтыг ихэвчлэн шүүмжлэлт сэтгэлгээ гэж тусгадаг. Гэвч энэ нь асуудлыг зөвхөн шүүмжлэх үүднээс харж, шүүх л мэт ойлгогдох нь түгээмэл. Энэ тухай “Нухацтай сэтгэлгээ” номын зохиогч С.Өнөр “Үгийн үүслийн хувьд латин хэлний “criticus” гэх үг нь шүүн таслах гэсэн утгатай учраас шүүмжлэлт сэтгэлгээ хэмээх нь зөв. Гэвч шүүмж гэдэг үг өөрөө сөрөг утгатай тогтсон ойлголт болчихсон. Иймээс нягтлан харж, ул суурьтай дүгнэлт хийх гэсэн утгаараа нухацтай сэтгэлгээ гэх нь илүү оновчтой” гэсэн билээ. Иймд бид цаашид уг ойлголтыг нухацтай сэтгэлгээ гэж нийтлэлдээ тусгахаар шийдэв.  

ЯАГААД НУХАЦТАЙ СЭТГЭЛГЭЭ ЧУХАЛ УР ЧАДВАР ЮМ БЭ? 

Магадгүй та “Нэг мэдэхэд л янз бүрийн нэр томьёо гарч ирээд, заавал эзэмших ёстой чухал чадвар гэх юм аа” гэж бодож байж болох юм. Гэхдээ энэ бол гэнэт л гараад ирсэн, цоо шинэ ойлголт биш. Хүний тархинд өдөрт 60 мянга орчим бодол эргэлддэг гэсэн тооцоо байдаг. Энэ дунд зүгээр л санаанд ороод, нухацтай бодохгүйгээр өнгөрөх нь ч бий, эргэцүүлэн тунгаах нь ч бий. Эдгээр бодол дунд бид зөв шийдвэр гаргаж сурах нь чухал билээ. Иймээс бодол хүнтэй цуг үүссэн тэр цагаас л нухацтай сэтгэлгээ хамт хөгжсөөр ирсэн гэсэн үг юм.  

Техник технологи хурдтай хөгжиж, интернэт бидний амьдралын нэг хэсэг болсон өнөө үед 60 мянган бодолд маань цахим орчин дахь элдэв худал хуурмаг, хов живийн мэдээлэл ч ихээхэн хувь нэмэр оруулах болсон. Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийн урсгал дунд өөрт хэрэгтэй мэдээллийг шүүж, шүүснээсээ баримт нотолгоог нь олж, амьдралдаа хэрэгжүүлж сурахад л энэ чадвар зайлшгүй хэрэгтэй байгаа юм шүү дээ.  

Дэлхийн эдийн засгийн форумын 2020 оны тайланд дурдсанаар, буруу мэдээлэл маш хурдан тархаж буй дижитал эрин зуунд нухацтай сэтгэлгээ нь мэдээлэлд тархиа угаалгаж, удирдуулах бус мэдээллийг удирдах, үндэслэлтэй шийдвэр гаргахад шаардлагатай ур чадваруудын нэг гэжээ.  

"Хоёр дахиа амьдарч үзсэн хүн” 

Critical thinking: Насан туршийн ур чадвар

Амьдралын том асуудал бүү хэл “Оройн хоолондоо юу идэх вэ” гэсэн энгийн жижиг асуултад ч шийдвэр гаргах хэцүү байдаг даа. Олон хувилбар дундаас аль оновчтойг нь олж сонгоно гэдэг төвөгтэй. “Өмнө нь амьдарч үзээгүй болохоор алдах л юм байна шүү дээ” гэх хүмүүс олон. Үнэн, гэхдээ нухацтай сэтгэх чадварт суралцвал өмнө нь амьдраад үзсэн хүн шиг л оновчтой шийдвэрүүд гаргах боломжтой юм.  

Өнөөдөр бид эрүүл мэнд, санхүү, хүн хоорондын харилцаанаас эхлээд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөхгүйгээр байгальд ээлтэй сонголт хийх, дараагийн дөрвөн жилээ харж сонгуульд саналаа өгөх хүртэл нийгэм, байгаль орчныг хамарсан цогц шийдвэр гаргаж байна. Харин нухацтай сэтгэлгээ нь хүмүүст нарийн төвөгтэй асуудлуудад дүн шинжилгээ хийж, олон өнцгөөс харах, нотлох баримт, логик үндэслэлд тулгуурлан бодолтой сонголт хийх боломжийг олгодог.  

Ажлын байрны шинэ эрэлт хэрэгцээ 

Өдөр ирэх тусам улам автоматжиж буй ертөнцөд ажлын байранд шаардлагатай ур чадварууд ч өөрчлөгдөж байна. Хялбар хийж болохуйц ердийн ажлыг хиймэл оюун ухаан хийж, алгоритмууд бидний өмнөөс ажилладаг болжээ. Энгийн мэдээг заавал сэтгүүлч биш хиймэл оюун ухаан бичиж, телевизийн нэвтрүүлгийг ч тэд хөтөлж эхэлсэн байна. Иймээс ажил олгогчид ажилтнуудаасаа нухацтай сэтгэлгээ, бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх чадвар зэрэг компьютерын үл чадах ур чадварыг хүсдэг болжээ. Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны “Ажлын байрны ирээдүй” тайланд нухацтай сэтгэлгээг ирээдүйн боловсон хүчинд шаардлагатай арван ур чадварын нэг гэж жагсаасан бөгөөд энэ нь дасан зохицох чадвар, шинэлэг сэтгэлгээг чухалчилж буй шинэ хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгдэх чадвар юм. 

Эв нэгдэлтэй “хөөрхөн” дэлхий 

Critical thinking: Насан туршийн ур чадвар

Дэлхий урьд урьдынхаас илүү харилцан уялдаатай байж, Монголд болж буй асуудлыг дэлхий нийт зэрэгцэж мэдээд, ярилцдаг болжээ. Мөн үүнийгээ дагаад бүр ч туйлширдаг болсон байна. Туйлшрал гэж дан ганц бусдыг даган дуурайхын нэр биш, өөрийн үзэл бодол өөртөө зөв хэмээн буруу ишилсэн сүх шиг гөжүүдлэн дайрахыг ч хэлнэ. Нухацтай сэтгэлгээ нь хувь хүмүүст өөрсдийн өрөөсгөл хандлагыг эргэж нэг харан, бусдын үзэл бодлыг ойлгох, бүтээлч харилцан яриа өрнүүлэхэд түлхэц өгдөг. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн мэдээлснээр нухацтай сэтгэлгээ нь хүмүүст итгэл үнэмшилдээ шүүмжлэлтэй хандаж, бусдыг тэвчээртэй ойлгож сонсон, хэлэлцээр хийхэд тусалснаар туйлшралыг бууруулж, нийгмийн эв нэгдлийг дэмжих юм /American Psychological Association. "Critical Thinking and Social Cohesion., 2022"/.  

Нухацтай сэтгэлгээ насан туршийн ур чадвар болох нь 

Бид амьдралынхаа бүхий л үе шатад тодорхой хэмжээний шийдвэр гаргадаг. Хүүхдийг ч хүүхэд гэж үл ойшоож болохгүй. Та ч гэсэн багадаа энгийн жижгээс эхлээд зарим том хүний ч боддоггүй зүйлийг бодож, хэрхэн шийдэхээ тунгааж байсан байх. Тэгэхээр уг ур чадварыг эзэмшсэнээр насан туршдаа аливаа зүйлийг олон талаас харж, шүүж тунгаан, оновчтой шийдвэр гаргах боломжтой болох юм.  

Critical thinking: Насан туршийн ур чадвар

Нухацтай сэтгэлгээг хөгжүүлэх ХЯЛБАР 3 АЛХАМ 

Энэхүү хэрэгтэй, чухал ур чадварыг тэгвэл яаж өөриймшүүлэх вэ? Нухацтай сэтгэлгээг хөгжүүлэх олон янзын арга бий. Харин хамгийн энгийн бөгөөд хялбар гурван алхмыг “Нухацтай сэтгэлгээ” номын зохиогч С.Өнөр хуваалцлаа.  

Critical thinking: Насан туршийн ур чадвар

"Нухацтай сэтгэлгээ" номын зохиогч С.Өнөр

Ямар ч зүйлийг сурах эхний алхам сониуч байхаас эхэлдэг. Нухацтай сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд уг сэдвийг сониучирхан судлах хэрэгтэй. Ажил, сургууль дээрээ яаж ашиглах вэ, найз охин, хөвгүүнтэйгээ харилцахад энэ ур чадвар яаж туслах билээ гээд энгийн байдлаар сонирхох нь чухал. Хэрэглэдэггүй түлхүүр зэвэрдэг гэдэг дээ. Иймээс хоёрдугаарт, сонирхож мэдсэн зүйлээ алхам тутамдаа хэрэглэ. Шинэ хэлийг ч байнга хэрэглэсний дүнд сурч, тогтмол ярьсны ачаар мартдаггүй шүү дээ. Хүн байнга амьсгалдгийн адил үргэлж бодож, харилцаанд орж байдаг. Иймээс бодол бүр дээрээ, цаашлаад хүнтэй харилцах болгондоо хэрэглэх боломжтой. Гуравдугаарт, найзуудтайгаа ярилцаж, хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож байгаарай. 

Тэгэхээр нухацтай сэтгэлгээ нь зөвхөн аль нэг салбарынханд л хэрэгтэй эд биш аль ч насны, ямар ч хүнд чухал ур чадвар байх нь. Иймээс дээр хэлсэнчлэн юуг ч сурахад хэтэрхий оройтно гэж байхгүй. Хэрэв танд энэ чадвар дутмаг байгаа юм шиг санагдвал одоогоос эхлээд хөгжүүлээрэй. Яагаад юм бол хэмээн бодож явдаг зүйл эсвэл санааг тань удаан зовоож байгаа ч шийдэж чадахгүй байгаа асуудлаа тунгааж, олон талын баримтууд цуглуулан, жаахан эргэцүүлээд үзэхэд хариултыг шууд олохгүй байсан ч та хамгийн гол нь эхний алхмаа хийх болно.  

“Бие даасан сэтгэхүйн мөн чанар юу бодож байгаад бус, хэрхэн бодож байгаад оршдог.”  

                                                                                                      /Кристофер Хитченс/