Амьдралын хэв маяг

Хуучин он, хуучин би

Б.Намуун -- 2024.12.314 минут унших

“...Гурав, хоёр, нэг!” гээд шинэ он гарна. “Нэг, хоёрын, гурав аа!” гээд бүх юм шинээр эхэлнэ. Цаг хугацаа урсан өнгөрч, дахин нэг 365 хоног, ахиад нэгэн “шинэ” хүн болох зорилго тэмдэглэлийн дэвтрийн хуудаснаа бичигдэнэ. Он цагийн тоолол өөрчлөгдөх мөчид бидний сэтгэлд энэ л бодол ээрэгдэн, зүрх булгилах нь бий. Шинэ зорилго, шинэ хэв маяг, шинэ амжилт… Бүгдийг эхнээс нь шинээр эхлэх хүсэл. Гэвч бидний энэхүү шинэчлэл рүү тэмүүлэх зүрхний цохилт дунд нэгэн чухал зүйл мартагдах нь бий. Тэр нь "хуучин би". Ер нь шинэ хүн болъё гэсэн зорилго хүн төрөлхтөнд хэзээнээс үүссэн бол? Хомо сапиенсууд 70,000 орчим жилийн өмнө анхдагч соёл гэх нарийн бүтцийг бий болгосон цагаас энэ хүслийг тээх болсон юм болов уу? Эртний Ромд нэгдүгээр сарыг Ромын шинэ эхлэлийн бурхан Янусын нэрээр нэрлэж, Януст тахил өргөн, ирэх онд өөрийгөө сайжруулах амлалт өгдөг уламжлалтай байсан гэдэг. Тэгэхээр ямартай ч өнө эртний л бодол байх нь.  

Өнгөрсөн он минь чи миний алдаа, амжилтын гэрч 

Хуучин он, хуучин би

Дэлхий даяар хэчнээн хүн шинэ жилийн үдэш өнгөрсөн дэх өөрийгөө таягдан хаяж, цоо шинэ хүн болохоор төлөвлөдгийг таашгүй. Би ч тэдний нэг байв. Шинэ оны нар тэнгэрт хөөрч, нэгэн жил дахин эхлэхэд илбийн байдлаар өөрчлөгдчих ч юм шиг... Даанч жил бүрийн төгсгөлд өнөөх мөрөөдлийн “шинэ би” болоогүйдээ сэтгэлээр унан хоцордог байв. Судалгаанаас үзэхэд ч хүмүүсийн 80 орчим хувь нь шинэ жилийн төлөвлөгөөгөө хоёрдугаар сар гэхэд хаядаг бол ердөө 8 орчим хувь нь бүтэн жилийн турш хэрэгжүүлдэг ажээ.  Зорилгодоо хүрч чадалгүйгээр хуучин өөртэйгөө зууралдан хоцорсон уг хэсэг бүлэг хүн шинэ жилийн орой өөртөө сэтгэл гонсойн, "Дараа жил бүх зүйл өөр байх болно” хэмээн амладаг биз. Ингэн ингэн бид шинэ хүн болох ёстой юу? Хувь тавилантайгаа эвлэрсэн гэдэг шиг олддоггүй тэр шинэ хүний эрэлд би гарахаа байсан. Харин оронд нь хуучин өөрийгөө хүлээн зөвшөөрч, хайрладаг болжээ.  

Тэгэхээр хүндэт Өвлийн өвөө, хуучин оны хуучин би энэ жил ч хэвээрээ. Дараа жил ч энэ л би тань руу захидал хаяглан суух болно. Өнгөрсөн оноо эргэн харахад алдаа, амжилт, баяр хөөр, гуниг зовлон гээд олон өнгийн өдрүүд ард үлдсэн байдаг. Заримдаа бид тэдгээрийг дурсахдаа "Би яагаад илүү ихийг хийж чадаагүй юм бол?" гэж өөрийгөө буруутгадаг даа. Гэвч үнэндээ хийж чадаагүй зүйлс маань ч өнөөдрийн биднийг бүтээжээ. Өмнө нь би өнгөрсөнд очин шийдвэрээ өөрчилж чаддаг ч болоосой гэж боддог байв. Харин одоо “Бүх зүйл нэг дор, хаа сайгүй” (Everything Everywhere All at Once) кинонд гол дүрийн бүсгүйн нөхөр өөр ертөнцөд гэрлэж чадаагүй эхнэртэйгээ таараад, “Би өөр амьдралдаа чамтай гэрлэж, угаалгын газар ажиллуулангаа татвараа төлөх гэж зовохдоо баяртай байх байсан” гэдэг шиг л сайн, муу бүхий л шийдвэрээ хайрладаг болжээ. Одоо надад өнгөрсөнд очих боломж олдвол юуг ч өөрчлөхгүйгээр тэр үеийн өөрийгөө инээмсэглэн ажиглах болно. Өнгөрсөн, одоо, ирээдүй дэх “Та” цаг хугацаанаас үл хамааран үүрд үнэ цэнтэй.  

Хайртай шүү, хуучин би! 

Хуучин он, хуучин би

Хүмүүс шинэ он гарахад шинэ хүн болохыг мөрөөддөг ч бидний "хуучин би" өнгөрсөн амьдралын бүх туршлага, сурсан зүйл, туулсан зовлон, амссан баяр баясгалангийн нийлбэр гэдгийг мартчихдаг нь харамсалтай. Өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийн хуучин хувилбарыг ч хүлээн зөвшөөрч, түүнд талархах гэсэн үг. Та өнгөрсөн дэх өөрийгөө тэвэрч, өөрийгөө шүүмжлэх бус, харин хайрлах учиртай юм. Бид бүгд төгс биш, гэхдээ энэ төгс бус байдал маань биднийг өвөрмөц, дахин давтагдашгүй болгодог. Хэрвээ та улиран одож буй 2024 онд алдаа их гаргасан бол энэ нь танд сурч, сайжрах боломжийг өгчээ. Үйлдэл хийсэн хүн л алддаг болохоос юу ч хийлгүй зүгээр суусан хүн алддаггүй юм шүү дээ. Амжилтын замд тань тохиосон бүтэлгүйтэл бүхэн таныг илүү хүчтэй, ухаалаг болгодгийг санаарай. 

Шинэ биш хуучин 

Хуучин он, хуучин би

Шинэ жил бол эхлэл биш, харин үргэлжлэл юм. Хэдий хуучин оноо дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх үе ч гэлээ заавал бүхнийг шинээр эхлэх шаардлагагүй. Өнгөрсөн оны туршлагууд таныг өнөөдрийн та болгосон. Тиймээс шинэ он гарахад шинэ хүн болохыг оролдох бус, өөрийнхөө хамгийн сайн хувилбар болох замдаа тууштай байгаарай. Өөрийгөө өмнөх бүх ялалт, бүтэлгүйтэлтэй нь хамт хайрла. Хуучин та бол ирээдүй рүү тэмүүлэх бат бөх суурь юм шүү.  

Хуучин он, хуучин би

Хүндэт Өвлийн өвөө, би энэ жил ийм нэгэн бодол тээн сууна. Танд таалагдах эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ бид угаас хэн нэгэнд биш өөртөө таалагдах гэж амьдардаг шүү дээ. Хуучин оны хуучин би тэнэг сонголт их хийж, заримдаа хүн гомдоож, өөрийгөө ч зовоож байсан ч чангаас чанга тэвэрч, үнсээд шинэ оноо эхлүүлэх гэж байна. Магадгүй та ч энэ жил өөртөө таалагдаагүй байж болох л юм. Тэгвэл уучлаад, хайрлаарай. Хуучин он надад аль хэдийн биелүүлж амжаагүй хүсэл, эдлээгүй өнгөрөөсөн жаргалыг минь үлдээгээд одож буй тул танаас хүсэх хүсэлтгүйгээр халгин цалгин байна. Иймд харин ирэх онд нийт уншигчдадаа аз жаргал, хайр, сэтгэлийн амар амгаланг танаар дамжуулан хүсье. Шинэ оны мэнд! 

Хүндэтгэсэн,  

Хуучин оны хуучин би-гээс