Улаанбаатарын хаа сайгүй ханиаж, найтаасан хүнээр дүүрчээ. Автобусан дахь зорчигчид ч дуу дуугаа авалцан ханиаж, эмнэлэгт ч ханиад шуухинаагаа үзүүлэх гэсэн оочир дараалал их. Бид ийм өвчлөмтгий байгаа нь дархлааны системтэй шууд холбоотой. Тогтмол дасгал хийдэг хүн дасгал хийдэггүй хүнтэй харьцуулахад амьсгалын дээд замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл ойролцоогоор 43 хувиар бага байдаг аж. Иймээс хэрвээ та дасгал хийдэггүй бол ойр ойрхон өвдөж, ядраад байгаа шалтгаан чинь тодорхой байна шүү дээ. Дасгал хийж дархлаагаа дэмжих зайлшгүй байгаа энэ үед хэд хэдэн спортын төрлийг өөртөө шингээсэн, эрчимтэй дасгалын нэг төрөл болох кроссфитын спортыг уншигчдадаа танилцуулахаар “976 CrossFit” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Б.Ундралбатыг “БИДНИЙ НЭГ” буландаа онцоллоо. Уншигч та ч энэхүү ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болоорой.
“976 гэдэг чинь олон улс дахь Монголын зип код шүү дээ. Монгол гэх нэр ашиглахын оронд зип кодоороо нэрээ өгч, Монголын анхны албан ёсны эрхтэй кроссфитын заалыг нээн, энэ спортыг таниулан ажиллаж эхэлсэн дээ...” Ийнхүү бидний яриа эхэлсэн юм. Монголд албан ёсоор 2018 оноос “976 CrossFit” клуб үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө хэдийн тогтмол хичээллэдэг 200 гаруй гишүүнтэй болжээ.
Багаасаа л элдэв спортоор хичээллэж эхэлсэн хүүхдүүд байдаг бол би эсрэгээрээ огт спорт хөөдөггүй хүүхэд байв. Тэгэхээр багын спортлог байдал маань кроссфитыг сонирхоход нөлөөлсөн гэж дэгсдүүлэн худлаа ярьж боломгүй. Харин аав, ээж маань Гадаад харилцааны яаманд ажилладаг байсан учраас намайг хоёрдугаар ангид байхад Чех улсын Элчин сайдын яаманд ажиллахаар явсан юм. Ийнхүү 2-6 дугаар ангидаа Европт өсөх боломж олдсон. Ингэснээр англи, орос, чех гэх гурван хэлийг судалж эхэлсэн дээ. Тухайн үед үзэж харж, сурсан зүйлс маань миний хожмын амьдралд маш том нөлөө үзүүлсэн гэж боддог. Нэг ёсондоо өөр улсын соёлтой танилцсан маань хожим кроссфит гэх спортыг олж, судлан, Монголд оруулж ирэхэд тусалсан юм болов уу.
Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг тийм ч амаргүй. Бусдын мөрөөр алхах биш цоо шинэ мөр үлдээж алхана гэсэн үг шүү дээ. Б.Ундралбат багш спортоор огт хичээллэдэггүй хэр нь энэ салбар руу гэнэтхэн л хүч түрэн зоригтой орж иржээ.
Монголд анхны кроссфит байгуулагдаад зургаан жил болж байна. Анх кроссфитээ нээхдээ зааланд нь амьдралдаа нэг удаа ч орж үзэлгүйгээр, зөвхөн интернэтээр судалж байв. Тэгэхээр нүдээр харж, гараар барьж үзээгүй зүйлээ зөвхөн интернэтээс судлан, стандартын дагуух анхны кроссфитыг нээхэд ээж аавын маань шаргуу зангийн үлгэрлэл, өссөн орчин маань л нөлөөлсөн байх. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд, 16 жил оффисын ажил хийсэн. Суугаа ажилтайн дээр спортоор хичээллэдэггүй байсан учраас дөнгөж 30 гарч байхдаа л даралт ихэсдэг, илүүдэл жинтэй болчихсон байлаа. Энэ спорттой интернэтээр танилцсанаас хойш амьдрал маань өөрчлөгдсөн дөө.
Би гурван хүүхэдтэй. Хоёр том хүүхэд маань 16, 17 настай, ойрхон төрсөн. Хоёр хүүхэд харж байгаа учраас спортоор хичээллэх боломжгүй байсан эхнэр маань интернэтээс функциональ фитнесийн (functional fitness) бичлэг үздэг байлаа. Гэтэл гадаа зүлгэн дээр гоё биетэй хүмүүс хүнд жингээр дасгал хийж, жингээ шидээд, гүйгээд байгаа нь их сонирхолтой харагдсан. Тэр нь кроссфит байсан юм билээ. Судлаад үзтэл дөнгөж хөгжиж байгаа шинэ спорт байсан. Тухайн үед Патрик хэмээх америк залуу Монголд функциональ фитнесийн сургалт явуулдаг байв. Тэр залуутай танилцаад, энэ спортыг илүү том хэмжээнд таниулахаар ажиллаж эхэлсэн. Анх Патрик, эхнэр хоёр маань дасгалжуулагч багш хийгээд би өөрөө оффисын ажлаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй эхэлж байв. Заалаараа нэг, хоёр л орж гардаг байхад би чинь “Захирлын нөхөр” гэдэг нэртэй байлаа. Амралтын өдөр зааландаа тэмцээн зохиоход турник дээр анхан шатны хүнд зориулсан цэнхэр резинтэй гурав дөрөв л суниасан байх. Үнэхээр хүнд, бараг л харвачих гээд. Заалныхан маань ч “Захирлын нөхөр, захирлын нөхөр” гээд алга ташаад, дэмжээд л байсан. Дараа нь би гарч гүйж, бөөлжөөд их юм болсон доо. Ямар ч хөдөлгөөнгүй байж байгаад огцом дасгал хийхэд хүнд юм билээ. Ядаж байхад би чинь тэр бизнесийг явуулж байгаа захирлын нөхөр шүү дээ. Тэгэхэд захирлын нөхөр дасгалаа хийж чадахгүй байж болохгүй. Иймээс эхнээс нь суралцахад мэдээж шантармаар үе их байсан.
Кроссфит нь бусад спортыг бодвол хөгжиж эхлээд 25 жил болж байгаа харьцангуй залуу спорт. Ганц спортоор дагнах биш бодибилдинг, хүндийн өргөлт, мэргэжлийн гимнастик, сэлэлт, гүйлт зэрэг олон спортын давуу талуудыг нийлүүлэн хурдтай, хүчтэй, тэсрэлттэй, тэсвэртэй, уян хатан тамирчныг бэлддэг спортын төрөл билээ. Хэдийгээр кроссфит хөгжөөд удаагүй гэгддэг ч бараг 10,000 жилийн өмнө үүссэн гэж болно. Эртний хүмүүс хоолоо олж идэхийн тулд том чулуу барьж гүйгээд ангаа хийж, агуйдаа чирж ирдэг байсан шүү дээ. Энэ мэт хүний өдөр тутам хийдэг зүйлийг боловсруулсан л спорт юм. Хүний өдөр бүр сууж, босон, алхаж, гүйдэг үйл явцыг л дасгал болгочихсон хэрэг. Мөн “кроссфитын хоол тэжээл” (crossfit nutrition) гэх тусдаа бүлэг сэдэв байдаг учраас эрүүл зөв хооллолтыг ч тусгаж өгсөн.
Шинэхэн спортын төрөлтэй танилцаж байгаа монголчууд маань анх кроссфитыг сайн ойлгохгүй, тураах төв юм уу, фитнес юм уу гээд их л гайхширдаг байж. Сонсож дасаагүй шинэ нэршлийг ойлгох гэж эргэлзэх нь гарцаагүй.
Хүмүүс анх “тураах төв юм уу” л гэж асуудаг байсан. Чухамдаа кроссфит нь өндөр эрчимтэй дасгал, хүндийн өргөлт, зүрх судасны дасгал, функциональ хөдөлгөөний элементүүдийг хослуулсан хөтөлбөр юм. Тэгэхээр зөвхөн тураах төв эсвэл уламжлалт фитнес биш, хэд хэдэн спортыг хослуулсан спортын төрөл. Хүмүүс нарийн ойлголтгүй байх үед үүнийг түгээхэд идэвхтэй хичээллээд, бусдад үлгэр дуурайл болох залуучууд их нөлөө үзүүлсэн юм. Хүн хүнээ дагадаг учраас энэ арга ч үр дүнтэй л дээ. Тогтмол дасгал хийж, эрүүл, гоё биетэй амьдарч байгаа бусдыгаа хараад хүмүүс даган дуурайдаг. Хүн бас шинэ юманд сонирхолтой байдаг даа. Шинэ юм нээгдсэн байна очоод үзье гэдэг ч юм уу... Хүн хүнээс буюу ам дамжсаар л танигдсан. Ямар ч том хэмжээний маркетинг, танилцуулга хийгээгүй шүү дээ. Мөн нээлттэй хичээл явуулдаг байсан нь хүмүүст таниулахад их тусалсан. Нэгэнт тухайн хаалгаар ороод ирсэн хүн ямар эерэг, гоё байгааг мэдэрчих л юм бол мэдэж авсан шинэ сайхан зүйлээ бусадтай хуваалцахыг хүсдэг гэсэн үг. Манайд 40 гаруй хүнтэй нэг анги байлаа. Гэтэл тэр ангийнхан нэг хүнийг л дагаж ирсэн байсан. Тухайн нэг хүн анх явж эхлээд, нэгнээ ямар нэг байдлаар таньдаг хүмүүс бусдадаа нөлөөлж авч ирсээр бүтэн анги бүрдүүлчихсэн нь тэр. Гайхалтай биш гэж үү. Дотоодын арга хэмжээнд зураг авахаар ирсэн зурагчин залуу “Би хэзээ ч ийм дасгал хийхгүй” гэж байснаа 40 гаруй хүнтэй анги бүрдүүлчихсэн дээ.
Кроссфитын хамгийн чухал ялгарал бол хамт олноороо дасгал хийдэг нь. Тухайн хүн ганцаараа дасгал хийхгүй, ангиараа цуглаад яг адилхан дасгал хийдэг. Тухайн ангид Олимпын түвшний тамирчин, хүүхэд, хөгшид гээд бүх төрлийн хүн бий. Мэргэжлийн дасгалжуулагчид тухайн өдрийн дасгалуудыг хүн нэг бүрд тохируулан хялбарчилж заадаг учраас энэ нь боломжтой юм. “Leave your ego!” буюу кроссфитын заалаар орж ирсэн л бол хэн ч байсан эгогоо орхиод бусадтайгаа ижил дасгал л хийнэ. Бүгд адил дасгал хийх ч дасгалжуулагч тухайн хүний түвшинд тохируулан хялбарчилж, зааварчилгаа өгдөг учраас шууд хүнд дасгал хийнэ гэж айх шаардлага огт байхгүй.
Б.Ундралбат багшийг ийнхүү ярихад сэтгүүлч би ч анх кроссфитээр хичээллэж эхэлсэн үеэ санав. Огт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж байгаагүй хүн бусдын хүнд хэмээн жийрхдэг спорт руу зориг шулуудан орж ирэхдээ бусадтайгаа яг л ижил дасгалыг хялбаршуулан хийсээр нэг л мэдэхэд илүү хүнд жин өргөдөг болсон байж билээ.
2023 онд Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Монголд 15-69 насны хүн амын 49 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байгааг тогтоожээ. Ингэхдээ насны бүлэг ахих тусам илүүдэл жин ба таргалалт нэмэгдэж байгаа аж. Энэ нь амьдралын буруу хэв маягтай шууд холбоотой билээ.
Энэ онд Тайландад кроссфитын олон улсын тэмцээнд +40 насны ангилалд оролцсон юм. Монголд 30, 40 гараад л ахимаг насны хүн ч юм шиг аашлаад байдаг даа. Гэтэл тэнд дөчөөс дээш насныхны амьдралын хэв маяг монголчуудтай харьцуулахад тэнгэр газар шиг байсан. Бүгд манай Монголын хорин настай залуучууд шиг л байсан даа. Монголд хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос үүдэн жингийн илүүдэлтэй болсон хүн маш их. Жингийн илүүдэл нь зүрх судасны өвчин, даралт ихсэлт, ясны сийрэгжилтийн үндэс болдог. Монголд арван залуугаас 5-6 нь амьдралын буруу хэв маягтай байх нь бий. Бас одоо үеийн хүүхдүүд гудамжинд тоглохоо болиод ихэнх нь компьютер, гар утастай харьцдаг болсон учраас хүүхдүүдийн хөдөлгөөний дутагдал ч их байна. Манай зааланд 13, 14 настай хүүхдүүд ирээд сууж босож чадахгүй, биеэ дийлэхгүй байх нь элбэг. Гэхдээ бүх залуучууд ийм биш л дээ. Спортоор багаасаа хичээллэдэг хүүхдүүд ч их болсон байна. Аль аль тал нь л байна даа. Харин ахимаг насныхан бараг л нийтээрээ хөдөлгөөний дутагдал, буруу хооллолттой болжээ.
Кроссфитээр хичээллэж болохгүй заалттай хүн гэж байдаг болов уу?
Кроссфитээр хичээллэж болохгүй гэсэн заалттай хүн бараг байхгүй. Хөдөлгөөнөө хориулсан хүн ч дасгал хийж эхлээд л зүгээр болдог. Манайд үений шохойжилттой, байнга гадагшаа явж тариа эмчилгээ хийлгэдэг, хөдөлгөөнөө хориод огт дасгал хийдэггүй нэг хүн байлаа. Сууж босож ч чадахгүй учраас резинээс зуурч байгаад сууж босдог байв. Яваандаа резингүй сууж босдог болоод, жил гаруйн дараа бусад шигээ жин аваад дасгал хийдэг болсон. Нэг удаа над дээр ирээд “Би машиныхаа дугуйг аваад, өөрөө солиод явчихлаа. Би амьдралдаа хэзээ ч өөрийгөө ингэж хөдөлдөг болно гэж бодоогүй” гэсэн юм. Одоо амьдралын энгийн хэв маягтай болсон. Солонгост эмчилгээ хийлгэдэг байсан эмнэлэгтээ очоод кроссфит хийж байгаагаа хэлтэл эмч нь гайхаад “Чи яг одоо хийж байгаа юмаа л үргэлжлүүлээд хийгээд бай” гэсэн гэнэ лээ. Шууд орж ирээд мэргэжлийн тамирчин шиг дасгал хийх хүн мэдээж ховор. Эхлээд хүний тусламжтайгаар хийж байгаад яваандаа өөрөө хийдэг болно. Энэ чинь л ахиц шүү дээ. Бид төрөхдөө л бүхнийг чаддаг болоод төрдөггүй.
Кроссфитын зааланд орж ирж байгаа зарим хүний хувьд дасгал хөдөлгөөн огт чухал биш зүгээр л тэр өдрийн стресс, ажлын ачааллаа мартах гэж ирэх нь бий. Дасгалын хугацаанд өөр юу ч бодохгүйгээр зөвхөн дасгалдаа төвлөрөн хийгээд дууссаны дараа сэтгэл зүй их сайхан болдог. Орчин, хамт олондоо дурлаад, хамт олонтойгоо цуг байх гэж санагалзан ирдэг хүмүүс ч бий. Аль ч шалтгаан нь бай эцсийн дүндээ тэр хүн ямар нэг байдлаар дасгалаа хийгээд дууссан нь л чухал юм. Кроссфитэд түрүүлж дууссан хүнээр бахархахаас илүүгээр цаг дуусах гэж байхад өөрийгөө шахаад дасгалаа хийж дуусгаж байгаа хүнийг бүгд дэмждэг нь сайхан. “Чадахгүй нь ээ” гэсэн хүнийг алга ташин дэмжиж байгаад, чадуулаад дуусгадаг нь маш том давуу тал. Хийхээс айж байсан юмаа хийгээд, ард нь гарсан хүнийг дэмжиж баяр хүргэх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн Монголд ч биш дэлхий даяар кроссфитын хамт олон нэгнээ ингэж дэмжиж, урам өгдөг уламжлалтай. Аялж яваад кроссфитын ямар ч зааланд очоод дасгалаа хийхэд адилхан уур амьсгал хүлээж авдгаараа онцлогтой. Манай залуучууд орон орны кроссфитын заалаар ороод л гардаг. Хаана ч халуун дотноор угтаад л авна.
Эрүүл амьдралын хэв маягт дан ганц дасгал биш хооллолт ч чухал үүрэгтэй. Эрүүл зөв хооллолт гэж хамгийн энгийнээр юу юм бол?
Эрүүл хооллолт гэхээр хүмүүс хатуу дэглэм бодоод байдаг. Энэ ойлголтыг халах хэрэгтэй. Хамгийн эхэнд калори буюу илчлэгээ мэдэхээс эхэлнэ. Машинд түлш хийгээд түлшээ буцааж зарцуулдагтай л адил юм. ДЭМБ-ын судалгаагаар нэг хүн өдөр бүр дунджаар 2,000 калори зарцуулна гэсэн байдаг. 2,000 калори авсан бол буцаагаад үүнийгээ шатаана. Калорийн илүүдэл болбол жин ихэснэ, дутагдалд орвол жин багасна. Тэгэхээр өөхний хувь багасгах гэж байгаа бол 2,000 калори шатаалаа гэхэд 1,500-1,800 калори багасгаж авах учиртай. Нэг килограмм өөх дунджаар 8,000 калори гэж бодохоор хоёр долоо хоногийн дараа 500 грамм өөх хасах боломжтой гэсэн үг юм. Мөн хоол хүнсэндээ заавал уураг, нүүрс ус, өөх тосыг хосоор нь авах хэрэгтэй. Дан нүүрс ус аваад байвал илүүдэл жинтэй болно, дан уураг хэрэглээд байвал энерги авч чадахгүй, өөх тос л хэрэглээд байвал үе мөчний үйл ажиллагаа явагдахгүй. Түүнчлэн өндөр, жиндээ тохируулан уураг, нүүрс ус, өөх тосоо авах учиртай. Энэ мэдээлэл дутмаг байгаагаас болж хүмүүс буруу хооллодог.
Танай гэр бүлийн хувьд эрүүл амьдралын хэв маягийг аль хэдийн хэвшил болгосон байх даа...?
Бид гэр бүлээрээ кроссфитээр хичээллэдэг. Найман настай охин маань өглөөний цай бэлдээд өгөхөд “Уураг нь хаана байгаа юм? Энд дан нүүрс ус, хэтэрхий их сахар байна шүү дээ” гээд тавагтай хоолыг нүүрс ус, уураг, өөх тосоор нь ялгаж хардаг болчихсон. Энэ нь хүүхэд хэцүү дэглэм бариад байна гэсэн үг биш. Зөв хооллолтыг одоо сурчихсан хүүхэд амьдралынхаа турш хөнгөнөөр өөртөө зовлон болгохгүй хооллоно л гэсэн үг. Манай гэр бүлийнхэн пицца, бургер иддэг үү гэвэл иднэ. Гэхдээ яаж, ямар хэмжээтэй идэхээ мэддэг байх хэрэгтэй. Газтай ундаа гэхэд ойролцоогоор 200 калоритай, дотор нь 70 орчим грамм сахар байна гэдгийг мэддэг болчихсон байхад хэмжээгээ хянаж чаддаг. Дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг ингэж л бага багаар хэвшил болгох ёстой болохоос биш гэнэт хүнд дэглэм барьж байгаад түүнийгээ хэсэг хаяад байж болохгүй.
Тогтмол өндөр эрчимтэй дасгал хийх нь стрессийн даавар кортизолыг 15-30 хувь бууруулж, сэтгэл санааны байдал, стрессийг тэсвэрлэх чадварыг сайжруулдаг эндорфины түвшнийг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Тэгэхээр дасгал хийх нь дан ганц сайхан бие биш түм түжигнэж, бум бужигнасан завгүй их хотын амьдралд стрессгүй амьдрахад тусалдаг байх нь.
Дасгалаа таслаад, ямар нэг байдлаар хийхгүй байхаар нэг юм дутуу санагдаад л, стресстэж эхлэх гээд байдаг. Стресстсэн үед дасгал хөдөлгөөн сэтгэл зүйг маш сайн дэмждэг л дээ. Одоо бол би дандаа эерэг залуучуудтай өглөөнөөс орой хүртэл хамт байж, тогтмол дасгал хийдэг учраас бараг стресстдэггүй. Оффисын ажилтан байхад стресс их байсан. Тэр үеийн илүүдэл жинтэй, даралтны эм байнга авч явдаг, гутлаа тайлж, өмсөхдөө аахилж уухилан стресстдэг байсан өөрийгөө их арчаагүй байж дээ гэж боддог юм.
Бид энэ зургаан жилийн хугацаанд гурван шинэ заал барих хэмжээний ажил хийсэн дээ. Анхны заалаа жил гаруйн даруу томруулан засвар хийгээд, дууссан чинь КОВИД-19 гарчихсан. Баахан санхүүжилт, зээл авчихсан байтал КОВИД-19 гараад, заал маань хаагдсан юм. Тэр жил маш хүнд байсан. КОВИД-19-ийн хөл хорио дуусаад, дахиад нэг жил ажиллан, дөнгөж өр зээлээ төлөөд байж байтал “Талбайгаа чөлөөлж өг” гэсэн мэдэгдэл ирсэн юм. Ингээд аргагүйн эрхэнд нэгдүгээр сарын 1-нд бүх юмаа буулгаад, газар хайж эхэлсэн. Гишүүд маань ч хамтдаа хайж, одоогийн байршлыг маань олж өгсөн юм. Дүн өвлийн хүйтнээр шинэ зааландаа засвар хийж орж байлаа. Энд ирээд гурав дахь жил рүүгээ орох гэж байна. Тэр үеүд бол хөрөнгө санхүүгийн талаас төвөгтэй, үнэхээр шантармаар үе байсан шүү. Манай гишүүд гэр бүл шиг л байдаг учраас өвлийн хүйтэнд ажралгүй залуучууд маань машин тэрэгтэйгээ ирээд хамт нүүлгэлцсэнд одоо ч баярладаг. Ганц би заал хайж, нүүлгэх гэж гүйгээгүй, нийт гишүүд маань дараагийн заалаа хамтдаа бий болгосон юм.
Шантармаар хүнд үеүддээ та хэнээс хамгийн сайхан урмыг сонсож байв?
Яг хос багана шиг бие биеэ дэмжиж явдаг учраас хамгийн сайхан урмын үгсийг эхнэрээсээ сонсдог. Мөн залуучууд маань өдөр бүр урагшаа ахих, хөдлөх эрч хүч, урам болж байдаг юм. Энэ хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлж, аз жаргалтай, эрүүл амьдрахад тусалж байгаа маань хамгийн том урам маань. Шантраад нулимс унагаах үе надад зөндөө байсан. Тэр үед гишүүдээ хараад, “Дахиад шинэ заалтай болно, битгий санаа зов” гэж бодох маань хүртэл намайг хөдөлгөгч хүч байлаа. Ганц Ундралбат кроссфитыг хөгжүүлээгүй, бид бүгд хамтдаа хөгжүүлж байна. Кроссфит миний хувьд гэр бүл, амьдрал, ажил, бүх юм. А-гаас нь эхлүүлсэн зүйл маань ингэж хөгжиж байгааг хараад улам илүү хөгжүүлэхийг хүсдэг. Өөрөө илүүг сурч мэдээд, бусдад түгээх хэрэгтэй шүү дээ. Монголчууд ч бүх нийтээрээ заавал кроссфит гэлтгүй ямар нэг байдлаар тогтмол дасгал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Ач, зээгээ тэврээд илүү хол алхахын төлөө, илүү удаан аз жаргалтай амьдралын төлөө бид дасгал хийх хэрэгтэй.
Дааж дийлдэггүй байсан юмаа өргөхдөө, хэд алхаад л амьсгааддаг байсан газартаа гүйж хүрээд инээмсэглэн зогсохдоо та дасгал хийж эхэлсэндээ баярлах болно. Таны өөрийгөө ялан дийлж дасгалын зааландаа очсон өдрүүд, дусал хөлс бүр тань илүү хүчирхэг хувилбарыг тань бүрдүүлж байдгийг санаарай. Эрүүл, зөв амьдралын хэв маягийг түмэнд түгээн, зааж чиглүүлж яваа Монголын анхны албан ёсны кроссфитын клуб болох “976 CrossFit” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Б.Ундралбаттай хийсэн энэхүү ярилцлага таныг дасгалаа идэвхийлэн хийж эхлэхэд нөлөө үзүүлсэн гэж найдаж байна. Эрүүл, аз жаргалтай амьдрал алсад биш ердөө таны сонголтод л байдгийг санан, өнөөдрөөс өөрийн илүү дээр хувилбарыг бүтээцгээе! Ярилцлагатай хамт байж, бидний нэг болсон уншигч танд баярлалаа.
Гэрэл зургийг: Л.Буд