1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо зарлахын сацуу БНМАУ-ын Нийслэл хотын нэрийг Улаанбаатар хэмээн өөрчлөөд хэдийн 100 жилийн түүхийг бүтээжээ. Өнөөдөр хэдий олон асуудалтай байгаа ч түүндээ төрөл бүрийн шийдэл хайж онож, бүдэрч яваа бидний нийслэл Улаанбаатар 2124 онд ямар байх бол. Ирээдүйгээ харахын тулд эхлээд өнгөрснөө мэддэг байх нь хамгаас чухал. Тэгвэл одоо цагийн асуудлуудаа түр орхиод өнгөрсөн рүүгээ буцъя.
Түүхэндээ 29 удаа буурь сэлгэж, тавантаа нэрээ сольсон Улаанбаатар хотын түүх 1639 онд өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнээр залж, орд өргөөг нь одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур хэмээх газар байгуулснаар эхэлдэг. 139 жил нүүдэллэсний эцэст 1778 онд Алтан тэвшийн хөндийд суурьшиж, энэ хөндийд ард иргэд амьдарч, түүхийг гэрчлэх дурсгалт барилга байгууламжууд сүндэрлэж эхэлснээр өнөөгийн Улаанбаатар хотын суурь тавигдсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот байгуулагдаад 385 жил, ийслэл хот маань Алтан тэвшийн хөндийд суурьшаад 246 жил, Улаанбаатар хэмээх нэртэй болоод 100 жилийн нүүрийг үзэж байна.
Хамгийн анхны нэр нь “Өргөө” бөгөөд энэ нэрээр 1639-1651 он хүртэл 12 жил овоглож, 1651-1706 он хүртэл “Номын хүрээ” болж өөрчлөгдөн, 55 жил Номын хүрээ нэрээр овоглосон түүхтэй. Дараагаар нь 1706-1911 он хүртэл “Их хүрээ” болж, 205 жил буюу түүхэндээ хамгийн удаан энэ нэрээр овоглосон байдаг. Үүний дараа 1912-1924 он хүртэл буюу одоогоос 100 жилийн өмнө Улаанбаатар хот “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэгдэж, манай улсын улс төр, шашин, соёл, худалдааны төв байсан түүхтэй.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, туурга тусгаар улс гэдгээ дэлхий дахинаа зарлах үест Улаанбаатар хот ямар дүр төрх, хэв маяг, бүтэц зохион байгуулалттай байсан талаар бид Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяраас тодруулсан юм.
100 жилийн өмнөх нийслэлийн хот төлөвлөлтийг Богдын таалалд нийцүүлэн хийдэг байжээ.
“Нийслэл хүрээний үеийн хот төлөвлөлт тун сонирхолтой бүтэцтэй. Орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан нэгдсэн бүтэц, төлөвлөлтгүй уламжлалт хот байсан учир тухайн нийгмийнхээ үзэл санаанд тулгуурлан хот төлөвлөлтөө хийдэг байв. Нийслэл хүрээнд VIII Богд онцгой байр суурь, эрх дархтай байсан учир түүний таалалд нийцүүлэн хот төлөвлөлтөө хийдэг байж. Хотын төв нь Богдын хүрээ байсан бөгөөд Богдын салхины дээд талд гаднын иргэд буюу харь гаралтай шашинтан байж болохгүй гэж үздэг. Тиймдээ ч Богдын салхин дор зүгт гаднын ард иргэдийг суулгадаг.
Одоогийн Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урд, Бага тойруугийн уулзварт Богдын шар ордон буюу зүүн хүрээний төв байрладаг байсан ба түүний салхин дор буюу зүүн зүгт орос, хятадуудыг суулгадаг байсан. Түүхийн явцад Богдын салхин дээр буюу Тасганы овооны ойролцоо хятадууд худалдаа хийх нэрийдлээр газар авч дараа нь суурьшихад, тэдний салхины дээд талд Ганданг байршуулсан учиртай.”
Энэ үед хүн амын бүлэг оршин суугчид нь тухайн үеийнхээ хүрээний зохион байгуулалтыг илэрхийлдэг байж. Өөрөөр хэлбэл, Хүрээнээс зүүн зүгт байрлах аймаг хошуудын ард иргэд хотод суурьшихдаа зүүн хороонд суурьшина. Хүрээнээс баруун зүгт байрлах аймгийн ард иргэд, баруун хороонд л сууна. Лам нар хүрээнд хүрээлж, сүм хийдээ тойрон суудаг байсан бол харчууд /лам биш хүмүүс/ тухайн хошууны ноёдын орд өргөөг тойрон хороолж сууна. Харин харь шашинтнууд Богдын салхин дор зүг буюу оросууд консулын дэнжид, хятадууд зүүн, баруун дамнуурчин Маймаа хотод суудаг байжээ.
Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр
“Нийслэл Хүрээнд олон нийтэд зориулсан худалдаа, үйлчилгээний газрууд шинээр баригдаж эхлэхээс гадна хувийн хэв шинжтэй өргөө, орон сууцууд ч бас олноор баригдаж эхэлсэн байдаг. Тухайн үеийн хүрээний барилга байгууламжууд архитектурын хувьд дорно сибирийн уламжлалт загвартай, европ хэв маяг зонхилдог байв.
Харин сүм хийдүүдийн барилгын хувьд Европ, Хятад, Төвөд хосолсон хэв загвартай хэдий ч дийлэнхдээ үндэсний хэв маягийг шингээсэн Монгол хэв загвараар баригддаг байжээ. Учир нь сүм хийдүүдийн барилга байгууламжийг ихэнхдээ монгол хүмүүс барина. Харин орон сууц, бусад худалдааны зориулалттай барилгуудыг гаднын болон дотоодын пүүсүүд барьдаг байв. Пүүс нь одоогийнхоор компанитай төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж гэж ойлгож болно.”
Одоогоос 100 жилийн өмнө хэчнээн тооны барилга байшин байсан нь нарийн тодорхойгүй хэдий ч 100 гаруй сүм хийд байсан гэх тоон мэдээлэл байдаг байна. Эдгээр Нийслэл хүрээний үед холбогдох түүхэн барилга байгууламж, дурсгалаас хоёр сүм хийд, 14 барилга байшин, гурван дурсгалт газар хадгалагдан үлдсэн байдаг. Нийслэл хүрээний үе нь Улаанбаатар хотын түүхийн үеүдээс хамгийн бага хугацааг хамардаг бөгөөд энэ үеийн хамгийн эртний дурсгал нь тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон Богдын харааг сайжруулах зорилгоор 1911-1913 онд барьсан Мэгжид Жанрайсэгийн дуган юм.
Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр
“Мэгжид Жанрайсэгийн дуганыг монголчууд Манжийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо сэргээсний дараа босгосон хамгийн том дурсгал гэж үздэг бөгөөд тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэж тухайн үедээ үздэг байв. Хожим 1938 онд хэлмэгдүүлэлтийн шуурганд нэрвэгдэж, бид тусгаар тогтнолын бэлгэдэл Мэгжид Жанрайсэг бурхнаа ЗХУ руу сум хийх нэрийдлээр гаргаж, нэг мөр алдсан харамсалтай түүхтэй. Тухайн үеийн ороо бусгаа цаг буюу 1940-1950-аад оны үед тус дуганы ханан дээр “энэ дуганыг буулгасан хүнд 10 мянган лан мөнгө өгнө” гэж бичсэн боловч ард иргэд тусгаар тогтнолынхоо бэлгэ тэмдэгт гар хүрэлгүй, хадгалан үлдээсэн байдаг. Энэ бүхний эцэст 1990-1996 онд 60 орчим жил эзэнгүй үлдсэн хоосон дөрвөн багана бүхий дуганаа дахин сэргээж анхных нь хэв загвараар хоёр дахь бурхныг бүтээж, сэргээн засварласан түүхтэй. Мэгжид Жанрайсэгийн дуганыг үндсэн хоёр шалтгааны улмаас босгосон.
Анхны шалтгаан нь монголчууд тусгаар тогтнолоо сэргээсэн учир тусгаар тогтнолдоо зориулан бэлгэ тэмдэг болгон босгосон. Хоёр дахь шалтгаан нь Богд гэгээний хараа, мэлмий муудсан учир түүнд зориулж, 80 тохой буюу 26 метр өндөр “Бэлгийн мэлмий нээгч” Мэгжид Жанрайсэг бурхныг 1911-1913 онд сүмтэй нь хамт бүтээсэн. Үндсэн барилгын доод хэсэг нь Төвөд загвартай боловч орой хэсэг нь монгол хэв загвартай. Архитектурын хувьд Төвөд, Монгол хосолсон хэв шинжтэй. Барилгын ажилд 236 мянган лан мөнгө орсон ба үүний 100 мянган лан мөнгийг Мэгжид Жанрайсэг бурхан бүтээхэд зарцуулсан гэж үздэг. Тус Жанрайсэгийн дуган одоогийн Гандантэгчэнлин хийдийн цогцолборт байрладаг ба бидний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, соёлын үнэт өвөөс гадна архитектурын түүхэн чухал дурсгалын нэг яах аргагүй мөн юм.”
Бид ирээдүйн талаар зөгнөн бичсэнгүй. Гагцхүү өнгөрсөн 100 жилийн өмнө Улаанбаатар хот ямар бүтэц зохион байгуулалт, дүр төрх, бүтээн байгуулалттай байсан талаар түүхийг цухас сөхлөө. 100 жилийн өмнө бид уламжлалт хотын хэв шинжтэй, өвөрмөц хот төлөвлөлтийн дэг журамтай, бүтэц зохион байгуулалтын хувьд ч хотод хэн, хаана суурьших нь маш тодорхой байж. Түүхэн дурсгалт барилга байгууламжууд ч олноор баригдаж, тэд өөр өөрсдийн гэсэн өвөрмөц хийц, хэв маягтай байсныг өнөө хэр нь хадгалагдан үлдсэн барилга байшин, түүхэн дурсгалуудаас харж болох юм.
Өнөөдрийн Улаанбаатар хотод өрнөж буй үйл явдал, том жижиг асуудлууд, шил шилээ даран сүндэрлэж буй барилга байгууламжууд, өнөөгийн хотын бүтэц зохион байгуулалт, тэр бүү хэл тэгш, сондгойгоор автомашины дугаарт хязгаарлалт хийж, замын хөдөлгөөнд оролцдог шийдэл хүртэл хожим ирээдүйн 100 жилд түүх болон үлдэх юм. Улаанбаатар хот 100 жилийн дараа ямар байх вэ?