UG Arena цогцолборын гурав болон таван давхар хөл гишгэх зайгүй. Энд барагцаагаар 3,000 орчим залуус нэгэн дор цуглаж, үйл ажиллагаа эхлэхийг хүлээнэ. Тэд цагаасаа эрт ирчхээд сэтгэл догдлон хүлээхийн гол утга учир нь ЦойлогсоZ-ын зохион байгуулж буй “National Youth Conference 2024” арга хэмжээ.
Монгол Улсын өнцөг булан бүрээс зорин зорин ирсэн эдгээр залуусын нүдийг ажиглавал сурч мэдэх, хөгжих, нэгдэх чин хүсэлтэй нь илт мэдрэгдэнэ.
Манай сурвалжлах баг тэдний дундуур явж, аж байдалтай танилцлаа.
“Найзаа чи хаанаас ирсэн бэ?
Би Хэнтий аймгаас ирсэн.
Өнөөдрийн арга хэмжээ гоё болоосой.
Тэгээсэй гэж найдаж байна. Хоёулаа сайхан танилцъя” хэмээх яриа хаа сайгүй хөвөрнө.
Үүдний хэсэгт эл арга хэмжээг зохион байгуулагчдын ивээн тэтгэгч байгууллагууд хоёр, хоёр ширээ тавин өөрсдийн бараа бүтээгдэхүүний танилцуулгыг хийх аж. Богд банк, Teso group, Venus зэрэг байгууллагуудын дараалал уртаас урт. “Compass” картаа захиалж, “Venus” зайрмаг авахаар дараалал үүсгэсэн тэдний дундуур явах зуур нэгэн охинтой уулзаж, ярилцлаа.
Ө.Должинсүрэн охин олны дундуур явж, танилцсан хүн бүрийнхээ гарын үсгийг цуглуулан гүйх аж. Тэрбээр “ЦойлогсоZ-ын “Nanional Youth Conference 2024” эвентэд оролцохыг мөрөөддөг байсан. Би Баянхонгор аймгаас ирсэн. Өөрийгөө нээж, хөгжүүлэх арга хэмжээ бүхэнд оролцохоор Улаанбаатарт ирэх жаахан ярвигтай. Замын зардлаас эхлүүлээд хүндрэлтэй шүү дээ. Гэтэл энэ удаагийн арга хэмжээний сэдэв “Synergy” болохыг хараад, манай аав ээж хүртэл уриалгахан хүлээж авсан. Өмнө нь би чинь зарим нэг арга хэмжээнд оролцох гэж нааш ирэхдээ бараг нууцаар зугтаах шахуу юм болдог байлаа шүү дээ. Энэ удаад тэгсэнгүй. Ирж очиход зөвхөн унааны зардалд 100 гаруй мянган төгрөг зарцуулдаг. Хоол байрлах газар гэвэл түүнээс их. Хамгийн гол нь энэ тийм чухал биш. Эндээс өөрийн хамтрах, нэгдэх хүрээллээ бий болгож шинэ мэдлэг олж авах нь хэзээ ч үнэлэгдэхгүй шүү дээ. Үнэлсэн ч нэг тэрбум лав давах байх аа” хэмээн ярив. Нэмж сонордуулахад энд Увс, Ховд гэх мэт захын аймгуудаас 1,000 гаруй км зам туулж ирсэн олон олон залуус бий.
15:00 цаг
Биднийг ийн нөхцөл байдалтай танилцан явах хооронд эвент эхлэх цаг аль хэдийн болжээ. Тасалбараа шалгуулан орох залууст сайн дурын ажилтнууд болон арга хэмжээ зохион байгуулагчид суудлыг нь зааж өгсөөр нэг л мэдэхэд заал дүүрч орхив. Бүх юм цагтаа эхэлж, эмх цэгцтэй байгаад зохион байгуулагчдын ач гавьяа их бий.
Эвентийг хөтлөгч Б.Барсболд нээж, үргэлжлүүлэн Хархорум дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат илтгэлээ хүргэв. Тэрбээр “Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас хоцорч яваагийн гол шалтгаан нь багийн тоглолт хийж чадахгүй байгаа явдал юм. Тиймээс бид системтэйгээр “synergy” хийж, дараагийн түвшинд гарах хэрэгтэй. Бүгдээрээ адилхан ур чадвартай байх нь synergy биш. Бие биенээ нөхөж ажилладаг байх нь өөрөө synergy юм” гэв.
Цаашлаад ЦойлогсоZ коммьюнитигийн хамтран үүсгэн байгуулагч Г.Дашням AFA академийн үүсгэн байгуулагч Ш.Амартүвшин нар “The role of Synergy in Achieving Personal and Community Success” сэдвийн хүрээнд маш сонирхолтой нэгэн ярилцлагыг хийсэн юм.
Энэ хооронд бид арга хэмжээнд оролцож буй залуусын сэтгэгдлийг сонсож сурвалжиллаа.
Олны дундуур явсаар энэхүү арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцож буй Э.Тэнүүнийг олж уулзлаа. Тэрбээр анхны жил ганцаараа ирж байсан бол жил бүр нэг найзаа дагуулж ирсээр өдгөө дөрвүүлээ болжээ. Түүний найзуудыг Э.Тэнүүн, П.Төрболд, Э.Тэмүүлэн гэдэг. Дөрвөн найзын хувьд Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн сурагчид.
Тэд “Биднийг гаднаас харвал synergy-ийг ойлгоход хэт залуухан байна гэж харах вий. Гэтэл нас бол зүгээр л тоо шүү дээ. Бидний юу ойлгож, мэдрэх л чухал. Яг үнэндээ бид дөрвийн дундаас Ерөнхийлөгч болох хүн байх ч юм бил үү хэн мэдлээ. Гэтэл улс эх орныг удирдаж буй хүн synergy-ийг ойлгохгүй бол яах билээ дээ. Нэгдсэн нэг зорилготой мөрөөдөлтэй түүгээрээ дэлхийд гарахын тулд бид хамтрах, нэгдэх хэрэгтэй. Бид гадуур цахим тоглоом тоглож цаг заваа үрсэнгүй. Өөрт хэрэгтэй зүйлсээ л хайж явна. Уг нь манай найз дөрвөн жилийн өмнө ганцаараа ЦойлогсоZ-ын зохион байгуулсан арга хэмжээнд оролцож байсан юм. Тэгээд биднийг нэг нэгээр нь уруу татсаар дөрвүүлээ болсон. Хамгийн сүүлчийнх гэхээр жаахан харамсалтай. 50 жил дараалж зохиосон бол бүүр 50 найзаа авч ирэх байсан байх аа. Өвгөн болчхоод ирнэ гэж үү?” гэж хошигнон сууцгаасан юм.
Биднийг ийн ярилцаж байх хооронд арын суудалд суусан залуус “Ёо, баахан илтгэл энэ тэр байхаар нь уйдах юм байх гэсэн чинь уйдахгүй юм. Өлсөх байх гэсэн өлссөнгүй шүү” хэмээн ярилцах нь чихний үзүүр шүргэн өнгөрнө. Инээдтэй ч юм шиг тэдний яриаг нэг найз нь тасалж “Агуулга чухал шүү. Найзууд аа” хэмээнэ.
Тэдний ингэж ярилцах нь арга ч үгүй биз. Зочин уран бүтээлчид болох Fat Cat Jazz Club, Nene, Daniel, The Lemons тэргүүтэй уран бүтээлчид сэтгэлд хоногшсон дуунууд, шинэхэн уран бүтээлээрээ бэлэг барьсанд биз ээ.
Зочин илтгэгчдийн илтгэл ч гэсэн уйтгартай биш, шинэ мэдлэг олгохуйц сонирхолтой байж чадсан юм. Тэдний илтгэлийн онц сонирхолтой хэсгийг зурган байдлаар нэгтгэн хавсаргалаа.
2010 оны тооллогоор сонсголын бэрхшээлтэй 12,800 хүн байдаг дүн гарсан. Гэтэл ихэнх арга хэмжээ тэдэнд хүртээлтэй байж чаддаг уу гэвэл үгүй. Харин “Youth conference 2024” арга хэмжээ дөрвөн жил зохион байгуулагдахдаа нэг ч удаа тэднийг хөгжлийн ялгаатай байдлаар нь ялгаварлан гадуурхсангүй.
Өөрсдөд байгаа боломж бололцоо, бусдад буй арга туршлагыг сонсголын бэрхшээлтэй иргэдэд ийнхүү хуваалцдагийг нь онцлууштай мөн магтууштай.
Хоёрын хоёр дохионы хэлмэрч 20, 20 минутаар ээлжлэн хэлмэрчлэх аж. Бид дөрөв дөх жилдээ эл арга хэмжээнд хэлмэрчилж буй “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-ын хэлмэрч Б.Одмаатай ярилцахад “Миний мэдэх хүний эрхийг хамгийн их дээдэлдэг эвент. Гэвч сүүлийнх гэж бодохоор дэндүү гунигтай байна. Та бод доо. Ийм чухал ойлголт агуулгуудыг сонсголын бэрхшээлтэй иргэд ч гэсэн хүлээж авах эрхтэй биз дээ. Хэлмэрчилж байхдаа би өөрөө ч гэсэн олон зүйлийг ухаарч авдаг. Би өөрийгөө хоёр ертөнцийн дунд гүүр болж яваа хүн гэж боддог юм. Тэгж бодох тусмаа баярладаг. Өнөөдөр та анзаарсан бол энд сонсголын бэрхшээлтэй иргэд хэд хэд хүрэлцэн ирсэн байна билээ. Тэдэндээ чин сэтгэлээсээ хүрч ажиллах болно. ЦойлогсоZ-ын залуусыг ингээд битгий зогсоосой хэмээн хүсэж бас залбирах болно” гэлээ.
Эл арга хэмжээний нэг зүйлд л оролцогчид сэтгэл дундуур байсан юм. Тодруулбал “ЦойлогсоZ-ын сүүлийн эвент” гэдэг хэдхэн үг л тэднийг ингэж их уйтгарлуулаад байж. Гэтэл арга хэмжээний төгсөлд “ЦойлогсоZ” залуусын нэгдлийн хамтран үүсгэн байгуулагч Б.Батзориг өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхийн сацуу нэг санаа илэрхийлсэн нь тэдний урам зоригийг бадраасан юм. Энэ бол төгсгөл биш харин эхлэл гэсэн санаа. Цаашдаа орон нутаг, олон улсыг хамарсан эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулж дэлхийд монгол залуус нэгдэж өрсөлдөх боломж бололцоог бий болгоно гэсэн агуулгыг хүргэсэн нь байлаа. Мөн илүү өргөн цар хүрээтэй, хүртээлтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах биз ээ.
Төгсгөлд
ЦойлогсоZ-ын залуусын зохион байгуулсан “National Youth Conference 2024” арга хэмжээний илтгэл хэлэлцүүлгийн агуулга, сурвалжилга эхлэхийн өмнөхөн амталсан мөхөөлдөсний амт лугаа хэзээ ч мартагдахааргүй болсон гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Цаашлаад тэдний дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх нэгдсэн нэг сурвалжилгыг бидний дараагийн нийтлэлээс хүлээн авч уншаарай.