Урлагийн олон төрлөөр дамжуулан харах, сонсох мэдрэхүйг баясгаж, сэтгэлийн болоод гоо зүйн өндөр таашаалыг мэдрүүлдэг нь театрын гайхамшиг гэлтэй. Амьдралын бодит байдал, зөрчилдөөн, хайр энэрлийг нэг дор өгүүлж, үзэгчдийн сэтгэл хөдлөлөөр театрын уур амьсгал хөглөгдөж байдаг тул театрыг “амьд урлаг” хэмээх нь ч бий. Тиймээс жүжиг амжилттай тоглогдоход үзэгч бүрийн оролцоо нэн чухал бөгөөд бид театрын ёс зүйн ойлголттой байх нь зайлшгүй чухал. Дэлхий дахинаа театрын урлаг эргэн амилж, улирлын нээлтийн тоглолтууд хөшгөө нээж буй энэ цагт театрын соёлд суралцацгаая!
Театрын урлагийн түүх эртний Грекээс эхтэй бөгөөд Аристотель, Платон нарын сэтгэгчид театрын бүтэц, хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Манай улсын хувьд 1931 онд Улсын төв театр байгуулагдсан нь соёлын түүхэнд гарсан том ололт хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Энэ талаар урлаг судлалын доктор, профессор Н.Ганхуяг “Монголын театрын нэвтэрхий толь” бүтээлдээ “Дэлхийн театруудын чадал, царааг шалгадаг сор болсон бүтээлүүдийг өөрийн тайзнаа тавьснаар Монголын театрын уран бүтээлчдэд өрнийн театрын дэг сургуулийн зарчмыг улам бүр ухааран ойлгож, авьяас ур чадвараа нээгдүүлэх өргөн боломжийг нээж өгсөн” хэмээжээ. Ийнхүү он цаг өнгөрөхийн хэрээр театрын хөгжил хувьсан өөрчлөгдсөөр өнөөгийн төрхөө олсон төдийгүй театрын соёл, ёс зүйн ойлголтыг бий болгосон юм.
Театрыг нэг үгээр тодорхойлбол, “хүндлэл”. Театрын орчин гэдэг тэр чигээрээ хүндлэлийн орон зай гэдгийг бид эхлээд ойлгох хэрэгтэй. Уран бүтээлчид, тайз дэлгэцийн албанынхан, үзэгчдийн болон өөрийн орон зайд хүндэтгэлтэй хандаж, бусдын тав тухыг алдагдуулахгүй байхаас театрын ёс зүй эхэлдэг. Тиймээс энэхүү нийтлэлийн хүрээнд үзэгчдийн баримталбал зохих ёс зүйн зарчмыг гурван үе шатанд хуваан авч үзье.
Тасалбар худалдан авсны дараа тухайн үзвэрийн талаар бяцхан судалгаа хийгээрэй. Жүжгийн зохиолч, найруулагч, үйл явдал болон гол дүрүүдийн талаар зохих хэмжээний мэдээлэлтэй байх нь тоглолтыг илүү ойлгож, мэдэрч үзэхэд тань туслах болно.
Тоглолт үзэхдээ энгийн бөгөөд эрхэмсэг хувцаслаарай. Эрт үеэс үзвэрт зориулан хээнцэр дэгжин, ёслолын хувцас өмсөх жишиг байсан ч жил ирэх тусам хувцаслалтын хэв маяг улам л энгийн болж байна. Харин театрт том цүнхтэй очих, хурц үнэртэн түрхэх нь зохимжгүйд тооцогддог гэдгийг анхаараарай. Мөн зарим үзвэрүүд жүжгийн онцлогт тохируулан хувцаслахыг зөвлөдөг. Тиймээс Кармен дуурь үзэхдээ хар, улаан өнгийг хувцаслалтдаа шингээж яагаад болохгүй гэж?
Театрын ёс зүйд энгийн атлаа чухалд тооцогддог зарчим бол цаг баримтлах. Тоглолт эхлэхээс 15-20 минутын өмнө суудлаа эзлэх нь бусдад саад учруулахаас сэргийлж, өөрийн тав тухтай байдлыг хангаж буй явдал юм.
Тоглолт эхлэхээс өмнө таны зайлшгүй хийх ёстой зүйл бол гар утасныхаа дууг хаах буюу нислэгийн горимд шилжүүлэх. Тоглолтын үеэр зурвас бичих, дуудлага хүлээн авах нь бүдүүлэгт тооцогддог бөгөөд дэлгэцийн тод гэрэл, чанга дуу чимээ нь бусдад төвөг учруулдаг. Мөн үзвэрийн үеэр гэрэл зураг дарахыг хатуу хориглодог. Камерын хурц гэрэл жүжигчдийн анхаарлыг сарниулдаг төдийгүй эргэн тойрны хүмүүсийн тав тухыг алдагдуулдаг байна. Үүнээс гадна бид зохиогчийн эрхийг хүндэтгэх ёстой шүү дээ.
Тоглолтдоо бүх анхаарлаа хандуулж, уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлээрэй. Үзвэрийн дундуур харилцан яриа өрнүүлэх, суудлаасаа босох зэрэг нь ёс зүйгүй үйлдэл юм. Аливаа сонгодог урлагийн тоглолтын хөтөлбөрт 15-20 минутын түр завсарлага байдаг тул тоглолтын талаарх мэдрэмж сэтгэгдлээ завсарлагын үеэр бусадтайгаа хуваалцаарай.
Алга ташилт бол театрын хамгийн том соёл төдийгүй амин сүнс нь юм. Тоглолтоос төрсөн мэдрэмж болох баяр баясал, уйтгар гуниг, ганцаардал, харууслын мэдрэмжээ бүрэн илэрхийлэх орон зайг театр бидэнд олгодог. Нэрт сэтгэгч Аристотель театрын урлагийг тодорхойлохдоо “Тухайн жүжгийг үзээд нэгэнт үүссэн сэтгэлийн хөдөлгөөнийг хав дарж нуухын оронд чөлөөлөх хэрэгтэй. Жүжгийн баатрууд зовж шаналан, хайрлаж дурлан, уйдаж гашуудаж мөн үзэн ядах үед үзэгчид ч бас тийм байдалд ордог” хэмээн үзсэн байдаг. Иймд үзэгчдийн сэтгэл хөдлөл, хариу үйлдэл театрыг илүү амьд болгож, алга ташилтын нижигнээн уран бүтээлчдийг хөглөдөг тул алга ташилтаа бүү харамлаарай.
Театрт тоглолт үзэхдээ бидний гаргадаг нийтлэг алдаа бол тоглолтын сүүлийн хэсэг тоглогдож, хөшиг хаагдахтай зэрэгцэн хаалга өөд тэмүүлдэг явдал юм. Гэвч энэ л үед театр жинхэнэ утгаараа амилдаг билээ. Нийт уран бүтээлчид тайзнаа гарч, тоглолтыг таашаан соёрхсон үзэгч олондоо хүндэтгэл үзүүлж, үзэгчид талархсан сэтгэлийн илрэл болгож алга ташилтаар шагнах мөчийг битгий алдаарай.
“Театр бол тухайн үеийн толь, он дарааллын бичиг юм” хэмээн Уильяам Шекспир хэлсэн байдаг. Эртний Грекээс авхуулаад орчин цагийн Бродвей хүртэлх театрын хөгжилд нийгмийн буюу үзэгч олны нөлөө хамгийн их байсаар ирсэн тул бусдыг хүндэтгэж, ёс зүйг эрхэмлэх нь бидний театрын хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм шүү.