Бетховен, Моцарт, Шопен зэрэг суут хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээл зохиогчийн эрхийн дагуу хамгаалагдсан байдаг болов уу? Бид тэдний хөгжмийг хүссэнээрээ ашиглах боломжтой эсэх дээр хамтдаа хариулт авцгаая. Юуны өмнө зохиогчийн эрх гэж юу болох тухай мэдэгдэхүүнтэй болох нь зүйтэй байх.
Манай орны хувьд 2021 онд баталсан “Зохиогчийн эрхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг мөрддөг. Энэ хуульд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь түүний насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчинтэй гэж заасан байдаг аж. Тэгвэл энэ хуулийн хүрээнд ямар бүтээлүүдийг оюуны өмч гэж тооцдог вэ?
Маш энгийн. Эдгээр бүтээл олон нийтийн эзэмшил (Public Domain) гэсэн төрөлд шилждэг. Улмаар хүссэн хүн бүр тухайн бүтээлийг зохиогчийн зөвшөөрөл, нэмэлт төлбөргүйгээр олшруулах, түгээх, бүтээлдээ ашиглах боломжтой болдог аж. Хэдэн зуун жилийн туршид биднийг гэгээрүүлж, баясгаж ирсэн сонгодог бүтээлүүд ч энэ төрөлд хамаарах бөгөөд Моцарт, Бетховены бичсэн нотуудыг бид хүссэнээрээ ашиглах боломжтой гэсэн үг.
Бид Бетховены “Сарны сонат” зохиолыг ашиглах хүсэлтэй байна гэж бодъё. Тэгвэл шууд л аль нэг видео бичлэг түгээдэг веб сайт руу нэвтэрч ороод, Сарны сонатыг хайж олоод татаад авчихад болох юм шиг санагдаж байгаа биз. Үнэн хэрэгтээ ингэх нь бас л хууль зөрчсөн хэрэг болно. Учир нь Бетховены бичсэн “Сарны сонат” гэх зохиолын нотууд л олон нийтийн эзэмшил болсон болохоос тэр нотыг хөгжим рүү хөрвүүлж, төгөлдөр хуур дээр тоглож олон нийтэд хүргэсэн файлууд олон нийтийн эзэмшил биш юм. Тухайн файл нь хөгжим рүү хөрвүүлсэн хүний өмч учраас бид дураараа ашиглах эрхгүй. Улмаар та “Сарны сонат”-ыг ашиглах хүсэлтэй байгаа бол өөрөө эсвэл мэргэжлийн хөгжимчдөөс тусламж авч, шинээр тоглон бичиж авах ёстой гэсэн үг.
Бас нэгэн жишээ бол 2024 оны нэгдүгээр сараас алдарт Мики Маус (Mickey Mouse) дүр олон нийтийн эзэмшил болж байгаа. Тэглээ гээд та Уолт Дисней (Walt Disney)-ийн Мики Маустай холбоотой бүтээлүүдийг шууд авч ашиглах боломжтой гэсэн үг биш. Тухайн дүрийг ашиглаж өөрийнхөө шинэ, давтагдаагүй бүтээлийг туурвих боломжтой л гэсэн үг юм.
Дижитал орчны хөгжил дэвшил залуус бидэнд тоолж баршгүй олон давуу талыг олгож байна. Дурын мэдээллээ хүссэн цагтаа олж авах боломжтой залуусын хувьд зохиогчийн эрхийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, түүнийг хүндэтгэх нь бидний зайлшгүй төлөвшүүлэх ёстой “cool” чанаруудын нэг билээ.
Ашигласан эх сурвалж |
Is classical music copyrighted? |
Public Domain |
Зохиогчийн эрхийн тухай хууль |