Өчигдөр /2024.11.21/ Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн ур чадвар хэдийн гурван шат ахисан гэдгийг Японы Уцуномия хотод тоглосон тоглолтоос харлаа, үзлээ. Япон улсын шигшээ багийн эсрэг ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн ч тоглолт 93:75 харьцаатайгаар манай багийн хожигдлоор өндөрлөв.
Гэвч энэ тийм ч чамлахаар зүйл биш. Саяхан л холбоодын хэрүүл, тоглогчдын намхан нуруу, бэлтгэлийн байр зэрэг олон асуудалтай нүүр тулж явсан бидний хувьд дэлхийд 21-д, Азидаа хоёрдугаарт яваа улсын шигшээ багтай суудал өндөлзтөл тоглоно гэдэг тийм ч муу үзүүлэлт биш гэсэн үг. Цаанадаж Японы шигшээ багт зогсоогдошгүй легионер, талбайн давуу тал байлаа. Тоглолт болсон Уцуномия хотын талбай аль хэдийн улс эх орноо дэмжих япончуудаар дүүрсэн байсан гэдэг. Уг нь хөгжөөн дэмжигчидтэй нь хамт хожиж чадсан бол багагүй шуугиан тарих байлаа.
Харин одоо манай улсын шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 24-нд БНХАУ-ын багтай эх орондоо хийх гэж байна.
Үүнтэй холбоотойгоор нэгэн таамаг дэвшүүлье.
“Тэртээ тэргүй сагсан бөмбөгийн хөгжил аль хэдийн манайхаас хэдэн шатаар илүү яваа улс орнуудад хожигдоно. Тодорхой” гэх үзэл бодол, хандлага л манайхныг тушчихаад байна. Гэтэл онооны зөрүү ойртсоор, тоглогчдын ур чадвар, дасгалжуулагчдын схем зэргийг харвал тийм биш. Бид өнөөх айхтар гэж бодсон улс орнуудтайгаа нэгэн түвшинд тоглоод эхэлчихсэн гэдгийг өчигдрийн 18-хан онооны зөрүү нотолно. Цаашлаад бид ирэх таван жилийн хэтийн төлөвт прогноз хийсэн ч болно. Ямартай ч хэзээ ч дийлэхгүй гэж бодсон Хятад, Японы шигшээ багийг хожоод, Дэлхий аваргын тоглолтод оролцоод зогсож байна гэхэд байг гэх газар үгүй.
Дээрх тоглолтуудаас харвал Хятадын шигшээ багтай хийсэн тоглолтуудад эхлээд манайх 40, 50 оноогоор хожигддог байсан бол улам л ойртсон байгааг харж болно. Одоо харин бидэнд ямар давуу тал байгааг, яавал хожихыг бодож үзье.
Чансаа үзүүлэлтийг харвал Хятадын шигшээ баг дэлхийд 30-д, Азидаа зургаад бичигдэж байна. Гэтэл өчигдөр түүнээс дээгүүр чансаатайг нь нэлээд сандаргасан шүү дээ. Тэдэнд ямар давуу тал байсан талаар түрүүн дурдсан. Одоо харин Японд байсан давуу тал манайд бий болчхоод байна. Сагсан бөмбөгийн хувьд өөрийн талбай дээр, өөрийн хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглох нь чухал байдаг. Тоглолтын хувь заяатай шууд холбоотой гэж хэлж болно. Тодорхой хэлбэл, өөрийн бэлтгэл сургуулилт хийдэг, орон зайгаа бүрэн мэдэрдэг талбай амин чухал гэсэн үг ээ.
Мөн Хятадын шигшээ багийн тамирчдын хувьд нуруу болоод бусад зүйлсээрээ манайхаас илт давуу зүйл нэгээхэн ч үгүй. Нэг ёсондоо тэр өдрийн тэнгэр мэдэх асуудал гэж болно. Гол нь талбайн давуу талаа ашиглан, дасгалжуулагчийн хувилбаруудыг бүрэн хэрэгжүүлэх л үлдээд байна. Нэмж дурдахад нэгэн цагт манай улсад гаднын улсын баг тамирчдыг хүлээн авч тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой заал танхим үгүй байлаа. Энэ удаад харин 3,000 гаруй хүний суудалтай UG Arena цогцолборт Хятадын шигшээ багийг хүлээн авч байгаа юм. Тэгэхээр ялсан ч ялагдсан ч талбай дээрх тоглогчдоо дэмжиж, урам өгөх нь үзэгч бидний үүрэг болж таарах нь.
Манай улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байгаа тамирчдын гол цөмийг 2000-аад оны залуус бүрдүүлж буй. Тэднийг грек мэргэжилтэн Василис Фрагкиас удирдаж байгаа юм. Эндээс харахад Монголын сагсан бөмбөгийг Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин нараар төсөөлдөг байсан бол одоо шинэ үеийн залуучууд хурдацтай сайжирч, ах нарынхаа халааг залгамжлах хэмжээнд хүрсэнд үнэнхүү баярлууштай. Үүнийг ч гэсэн Японы шигшээ багийн эсрэг 26 оноо авсан А.Энхбаясгалан, О.Эрдэнэцогт, Г.Болор-Эрдэнэ нар нотолж чадлаа.
Харин харамсалтай нэгэн зүйл нь гадаадын лигт тоглож байгаа болон 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багт дуудагдсан тамирчид энэ удаагийн бүрэлдэхүүнд багтаагүйд билээ. Хэрэвзээ тэдний оролцоо нэмэгдсэн бол Монголын шигшээ баг улам хүчирхэгжих байсан юм.
Ирэх намар Саудын Арабд болох сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны 3, 4-р тойргийн тоглолтууд явагдаж байгаа үед энэ сарын 26-нд Хятадын шигшээ багтай, ирэх хоёрдугаар сард товлогдсон тоглолтуудаасаа оноо цуглуулах нь чухал байгаа юм.
Учир нь өнгөрсөн удаад манай улсын шигшээ баг Гуам болон Хятадын шигшээ багуудад хожигдсон. Гэхдээ одоогийн байрлалаа нэгээр ахиулахад л дараагийн шатанд шалгарах боломж нээгдэх учиртай.
Нэмж сонирхуулахад манай улсын шигшээ баг урьдчилсан шатнаа Малайз, Таити, Вьетнамын багуудыг хожсон бол хоёрдугаар шатанд Хонг Конг, Сингапурыг буулгаж авсан юм.