Залуусын орон зай

Ж.Бат-Ирээдүй: Ойрын жилүүдэд хөрөнгө оруулахад үр дүнтэй салбар бол боловсрол 

Б.Намуун2025.09.025 минут унших
Ж.Бат-Ирээдүй: Ойрын жилүүдэд хөрөнгө оруулахад үр дүнтэй салбар бол боловсрол  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

2024 онд дэлхийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ ДНБ-ний 130 % байжээ. Хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоо өндөр байх тусам урт хугацааны хуримтлал, тэтгэврийн хөрөнгө оруулалт тогтвортой өснө. Энэ нь эдийн засгийн бүтээмж, өрхийн хуримтлал, дотоодын хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой тул хөрөнгө оруулалтын зах зээл өнөөдрийн чухал салбаруудын нэг юм. Иймээс бид энэ удаагийн “Бидний нэг” буландаа “Гүнд Инвестмент” холдингийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүйг онцоллоо. Уншигч та ч мөн энэхүү ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болоорой.    

Угаалгын өрөөн дэх судлаачаас хөрөнгийн зах зээлийн төлөөлөл  

Frame 1261159611.jpgБагадаа бүх юмыг “Яагаад, яаж ингэдэг юм бол” гэж бодох дуртай, бүгдийг туршиж үзэхийг хүсдэг байлаа. Угаалгын өрөөндөө хаалгаа түгжиж, SEGA-гаа задлаад, буцааж эвлүүлэх гэж хэдэн цагийг өнгөрөөсөн удаа ч бий. Гэрийнхэн маань санаа нь зовоод бараг хаалга  эвдэж орж ирж байсан гэдэг. Тэр тоглоомын дүрүүд хаанаас гарч ирдэг, хэрхэн ажилладгийг мэдэхийг хичээж, эцэст нь бүтэлгүйтээд сууж байсан нь тэр байгаа юм.  

Сургуульд ороод бизнес хийх тухай их боддог байв. Жишээ нь 11-хэн настай гэнэн хүүхэд байсан учраас бүр найзтайгаа хамт зэвсгийн үйлдвэр байгуулаад Монголын эдийн засагт хувь нэмэр оруулах талаар ч хүртэл ярьдаг байв. Ээж маань их сургуульд багш байсан учраас ээжийгээ дагаж ажил руу нь яваад тэнд хичээлээ хийж, өдрийг өнгөрүүлдэг байлаа. Сургуулийнх нь компьютер дээр сууж, тоглож байхдаа Билл Гэйтсийн тухай секунд тутамд доллар орж ирдэг гэх мэдээлэл уншиж байснаа санадаг. Магадгүй тэр мөчөөс л бизнесийн хүн болохыг хүссэн байх. 

7 дугаар ангид ороод найзуудтайгаа нийлж, өөрсдийн жижиг бизнесээ хийж эхэлсэн. CD бичлэг хийнэ, кино орчуулна. Тухайн үед TV9 телевизээр гарч байсан хэд хэдэн киноны орчуулга минийх байдаг. Одоо эргээд харахад нэлээд шүүмжлэлтэй хүлээж авахуйц, алдаа мадагтай орчуулгууд ч бий. Түүнээс гадна гадаа хаяг хийнэ, хулгайн дуунууд бичиж өгнө. Өнөөдөр байсан бол шууд л оюуны өмчийн хулгайн хэрэгт орохоор үйлдэл хийж байсан хэрэг. Гэхдээ тэр үеийн минь бүхнийг турших хүсэл тэмүүлэл өнөөдрийн бүтээлч сэтгэлгээнд минь түлхэц болсон гэж боддог. 

“1300 жилийн түүхтэй Япон рёкон шиг урт настай гэр бүлийн бизнес бүтээхийг хүсэж байна” 

Өнөөгийн “Гүнд Инвестмент” холдингийн эхлэлийг 1991 онд тавьж,  өдгөө хувьсан хөгжсөөр 34 дэх жилтэйгээ золгож буй. Ж.Бат-Ирээдүй захирлын аав болох Д.Жаргалсайхан эл компанийг үүсгэн байгуулсан билээ. Ж.Бат-Ирээдүй захирал энэ тухай “Урт хугацааны үнэ цэнтэй гэр бүлийн бизнес хөгжүүлэхийг зорьж байна” гэж хуваалцсан юм.  

Frame 1261159615.jpgМанай бизнес гэр бүлийн бизнесийн зарчмаар хөгжиж буйгаараа онцлогтой. Хүмүүс гэр бүлийн бизнесийг заримдаа буруугаар ойлгодог. Үнэн хэрэгтээ энэ нь нэг айл, нэг гэр бүлд төвлөрч томорно гэхээс илүүтэй үеэс үед урт хугацаанд хөгждөг үнэ цэн юм. Жишээ нь, Японд нэгэн рёкан (уламжлалт дэн буудал) 1300 гаруй жилийн турш аав нь хүүдээ, хүү нь өөрийн хүүдээ залгамжлуулан дамжуулсаар өнөөдөр ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бид ч бас ийм жишгийг Монголдоо бий болгож, удаан хугацаанд үнэ цэнээ хадгалсан, тогтвортой бизнесийг бүтээх хүсэлтэй. 

“Шинэ удирдлагын хамгийн том сорилт: Хүлээн зөвшөөрөгдөх” 

Шинэ удирдагч хамт олонтойгоо хэр хурдан харилцаж, итгэл бий болгох нь амжилтын түлхүүр байдаг аж. Дэлхийн хамгийн том, нэр хүндтэй менежментийн зөвлөх компаниудын нэг McKinsey-ийн зөвлөмжүүд болон судалгаагаар багийг тогтворжуулах, яаралтай холбоо тогтоох, олныг оролцуулах стратегиуд амжилтын магадлалыг нэмэгдүүлдэг гэжээ. Ж.Бат-Ирээдүй захиралд ч шинэ удирдлагын хувьд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх нь хамгийн том хүндрэл байжээ.  

Frame 1261159610.jpgАжлаа анх хүлээж авахдаа их сандарч байсан. Аав маань нэг өдөр намайг дуудаж, “Чи ер нь улс төрч болох гээд байна уу?” гэж асуусан юм. Би “Үгүй ээ” гэхэд “Тэгвэл ажлаа хүлээж ав даа” гэж байлаа. 

Манлайллын түвшинд шинэ удирдлага ажилтнууддаа хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хамгийн хүнд сорилт байлаа. Миний ажиллаж эхэлсэн тэр үед компани дотроо хамгийн олон үеийн төлөөлөл хамтран ажиллаж байсан гэж хэлж болно. Baby Boomer-ээс эхлээд Gen Z хүртэлх ажилтнууд бүгд нэг дор байсан нь удирдагчийн хувьд маш том сорилт болсон. Зарим захирлууд надаас олон насаар ах, олон ажилтан “Өмнө нь ингэж болоод л байсан шүү дээ” гэж шинэчлэл өөрчлөлтөд үл итгэж байлаа. Тиймээс үе хоорондын ялгааг даван туулж, бүх хүнийг урамшуулж, өөртөө хүлээн зөвшөөрүүлэхэд дийлэнх цагаа зарцуулдаг байсан. 

“Ажилтныг давж ажлыг нь заадаг хүн ухаалаг удирдагч биш” 

Хамгийн том бэрхшээл бусдыг биш, өөрийгөө өөрчлөх байсан. Миний бодлоор жинхэнэ удирдагч юуны өмнө өөрийгөө удирдаж чаддаг хүн. Удирдагч хүнд сахилга бат, өөртөө тавьдаг хатуу шаардлага хамгийн чухал. Өөрөө өөртөө шаардлага тавьж чаддаггүй бол бусдаас хэзээ ч шаардлага нэхэж чадахгүй. 

Мөн удирдагч хүн бүхнийг мэддэг дүрд тоглох хэрэггүй. Харин өөрийн мэдэхгүй зүйлээ хүлээн зөвшөөрч, тухайн мэдлэг чадвартай хүнийг ажилд авч, итгэж ажиллуулах ёстой. Нэг хүн хуульч, нягтлан, мэргэжилтэн бүгд байж чадахгүй шүү дээ. Харамсалтай нь Монголд олон жил удирдлага өөрөө бүхнийг мэддэг гэж бодож, ажилтнууддаа заадаг тогтолцоо ноёлж ирсэн. Гэтэл ухаалаг удирдагч бол өөрийн мэддэггүйг мэддэг, мэддэг хүнийг ажилд авч чаддаг хүн юм. Би өөрийгөө сайн удирдагч гэж хэлэхгүй. Харин үргэлж суралцаж байгаа л хүн.   

“Итгэ гэхдээ шалга” 

Миний бүх алдаа надад үнэ цэнтэй санагддаг. Алдаа бүрээсээ суралцаж ирлээ. Жишээ нь, итгэлцэл гэдэг ойлголтыг нэг алдаанаасаа л жинхэнэ утгаар нь ухаарсан. Компанидаа  ажилтнаар ажиллаж байх үедээ аавтайгаа их мэтгэлцэж, өөрийгөө батлах гэж хичээдэг байлаа. Тэр үед аав маань надад “Итгэ гэхдээ шалга” гэж байнга хэлдэг байсан. Би харин энэ үгийг төдийлөн ойлгодоггүй, “Итгэж байгаа юм бол шалгаж яах юм бэ” гэж боддог байв. Харин нэг удаа итгэсэн хүнээ шалгалгүй хөрөнгө оруулалт хийснээс болж цагдаа, шүүхийн хаалга татахдаа энэ үгийн жинхэнэ утгыг ойлгосон. 

Бизнесийн ертөнцөд энэ зарчим зайлшгүй хэрэгтэй юм билээ. Итгэж байгаа ч шалгах нь бусдын өмнөөс хүлээсэн хариуцлагын төлөө хийх чухал алхам. Алддаггүй хүн гэж үгүй. Зарим хүн байнга алдаж явсаар нэг онож, тэр нэг онолт нь бүхнийг өөрчилсөн байдаг. Тэр хүмүүс хамгийн ихийг сурсан байх даа гэж боддог юм. Тиймээс би алдахаас бүү ай, оролдохгүй байх нь илүү том алдаа гэж боддог. Хийж үзээд алдах нь хамаагүй дээр, харин оролдохгүй, хойш сууж амаараа л ажил хийдэг хүмүүс хамгийн их хохирдог юм шиг. 

Frame 1261159612.jpgХүмүүс баян хүн л хөрөнгө оруулалт хийдэг гэж боддог. Харин та хөрөнгө оруулалтыг юу гэж тодорхойлох вэ? 

Хөрөнгө оруулалт дан ганц мөнгөний тухай биш. Сургуулиа төгсөх нь ч өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт. Юмыг хэт томоор харж хүндрүүлэлгүйгээр хөнгөн харж, ойлгодог байх хэрэгтэй. Хүн бүр хөрөнгө оруулагч шүү дээ. 

“Хөрөнгө оруулалт хүнтэй гэрлэхтэй яг адил зүйл” 

Хөрөнгө оруулалтын салбарт олон шалгуур бий. Харин Ж.Бат-ирээдүй захирал бусдад хөрөнгө оруулахдаа юуг илүү чухалчилдгийг сонирхлоо.  

Хамгийн түрүүнд хүнийг нь хардаг. Өөрөөр хэлбэл баг, хамт олон аливаа бизнесийн амин сүнс. Мэдээж тухайн бизнесийн үнэ цэн, үр ашиг, хэрэглэгчийн асуудлыг хэрхэн шийдэж байгааг анхаарна. Гэхдээ эцсийн дүндээ хөрөнгө оруулалт хамтрагчаа сонгохтой адилхан. Бид гэрлэхийнхээ өмнө хамтдаа бүхнээ шийдэх хүнээ сонгох учраас нөгөө хүнээ сайн судалж, таньж мэддэг дээ. 

Хүнээ судална гэдэг нь “Сайн хүн үү, муу хүн үү” гэсэн энгийн хэмжүүр биш. Харин “Энэ хүн чиний хамтрагч болж, нэг зорилгын төлөө тууштай алхаж чадах уу” гэдэг юм. Учир нь бизнесийн амжилтад цаг хугацааны тохироо маш чухал. Хэрэв хоёр тал өөр өөр цаг хугацаагаар сэтгэж, өөр хэмнэлээр хөдөлбөл үр дүн гарахгүй. Тухайлбал, хүний хэрэгцээ хэзээд өөрчлөгддөг. Өлсөж байхад хоол л хамгийн чухал бол идэж дууссаны дараа өөр зүйл хүсэж эхэлнэ. Тэгэхээр яг хүн өлсөх цагаар нээсэн ресторан ашигтай ажиллах бол санал зөрөлдсөөр байгаад тэр цагийг өнгөрөөж оройтож нээсэн ресторан ашиг олохгүй. Энэ мэтээр цаг үеэ мэдэрч, хамтрагчийнхаа хэмнэлтэй нийлж ажиллах нь бизнесийн зайлшгүй нөхцөл. 

Мөн нэг зорилго ярьж эхлээд хөрөнгө оруулалт татсан хэр нь сүүлд нь огт өөр зүйл рүү эргэж явдаг хүмүүс ч бий. Гадаадын хөрөнгө оруулагчдыг авч ирээд луйвардаад явуулсан тохиолдлууд байдаг шүү дээ. Сайн хамтрагчийг цаасан дээрх CV-ээр нь хараад, нэг хоёр уулзалтаар дүгнэчихдэггүй. Урт хугацааны харилцаан дундаас л жинхэнэ хамтрагч танигддаг. Гэхдээ тэр бүхний эцэст зорилго нэгтэй гэж итгэсэн ч салж тарах магадлал үргэлж өндөр байдаг. Энэ бол хөрөнгө оруулалтын хамгийн том сорилтын нэг. 

“Старт-апууд хөрөнгө оруулалт хайхаасаа өмнө бизнесээ бодитоор шалгах хэрэгтэй” 

Шинээр байгуулагдаж буй гарааны бизнесүүд (старт-ап) компаниудад хөрөнгө оруулалтын асуудал нэг дугаарт тулгардаг. Иймээс төслөө бариад хөрөнгө оруулах боломжтой газруудын хаалгыг эхнээс нь татаж эхэлдэг билээ. Тэгвэл хөрөнгө оруулалт хүсэж буй старт апуудад Ж.Бат-Ирээдүй захирал дараах зөвлөгөөг өгч байна.  

Frame 1261159617.jpgМанай старт-апуудын үүсгэн байгуулагчид сүүлийн үед бизнесийн үнэлгээнд их анхаардаг болсон. Би үүнд таатай ханддаггүй. Тодорхой түвшинд үнэлгээ байх нь зүйн хэрэг, гэхдээ бүгд нэг санаа гаргаж ирээд шууд “10 тэрбум” гэж хэлэх нь зөв биш. Болоогүй үедээ хэт өндөр үнэлгээ ярьж, бодитой бус хандлага гаргадаг. Хоёрдугаарт, “Юу ч байсан чадна” гэж хэлдэг зуршилтай хүмүүсээс би айдаг. Хэрэв бүгдийг чаддаг юм бол манай мөнгөөр юу хийх гэж байгаа юм бэ? Чадаад цаашаа явсан нь дээр.  

Гуравдугаарт, олон старт-ап санаагаа бодитоор туршиж үзээгүй ирдэг. Хөрөнгө их зарцуулж хөгжүүлэхгүйгээр туршиж үзэх боломжууд олон бий. Туршиж үзээгүйгээс зарим нь өөрт эсвэл хүрээлэлд нь л байгаа асуудлыг Монголд хаа сайгүй байгаа асуудал гэж томруулан боддог. Эсрэгээрээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөрөнгө оруулалт хүсэхдээ шинэлэг санаа, инновацаа хөгжүүлэлгүй ирэх нь бий.  

Бидний хувьд жишээ нь гурилын үйлдвэр байлаа гэхэд “Бусадтай харьцуулахад ийм хэмнэлт хийх, байгальд ээлтэй шинэлэг төхөөрөмж оруулж ирнэ” гэх мэт тодорхой мэдээллийг хүсдэг. Судалгаатай, баталгаатай бол хөрөнгө оруулалт өгч болно. Судалгаагүй, бэлэн бус мэдээлэлтэй хүнд мөнгө өгсөн ч, тэр бизнес шатаад л дуусна. Тиймээс старт-апууд ирэхээсээ өмнө хөрөнгө оруулагчаа сайн судалж, санаагаа туршиж үзэх нь чухал. Гудамжинд байгаа танихгүй хүнээс зөвлөгөө аваад үзэх хэрэгтэй.  Цаг хугацаа, хүчин чармайлтаа зориулж туршиж үзсэн, бүхнээ хийсэн хүмүүст бид итгэдэг. Бизнест 100 мянган төгрөг байсан ч, хэдэн тэрбум байсан ч адилхан. Хөрөнгө биш, хүнийг таних процесс, үнэт зүйл, хичээл зүтгэл нь хамгийн чухал. 

“Дижитал ур чадварт хөрөнгө оруулснаар бизнесийн зардал багасдаг” 

“Гүнд Инвестмент” холдинг нь боловсрол болон нийгмийн хөгжилд гар татдаггүй хөрөнгө оруулалтын компани юм. Тиймдээ ч хоёр дахь жилдээ Google-ийн “Grow with Google Mongolia” хөтөлбөрт хөрөнгө оруулж хамтран, өдгөө 700 суралцагч амжилттай төгсжээ. Энэ төрлийн хөтөлбөрүүд олон байдаг ч яагаад заавал уг хөтөлбөрийг сонгосныг асууж сонирхов. 

Frame 1261159614.jpgГараашнаас эхлээд дэлхий хаашаа чиглэх вэ гэдгийг шийдэхүйц болсон компаниас өөр хаанаас суралцах билээ? Жишээ нь, Google хүсэх л юм бол дэлхийн хүн амыг манипуляци хийх хэмжээний нөөцтэй ч, ёс зүйтэй учраас тэгэхгүй байна. Миний хувьд программист болох хүсэлтэй явахдаа Google-тэй анх танилцсан. Намайг анх хэрэглэж байхад ийм том компани байсан уу гэвэл үгүй. Цаг хугацааны эрхээр хурдтай хөгжиж байна. Google-ийн надад өгсөн боломж, нөлөө нь асар их. Тиймээс манай залуучуудад Google-ийн олгож буй боломжуудыг үгүйсгэж, хамтрахгүй гэвэл логикгүй шүү дээ. 

Дижитал ур чадварт хөрөнгө оруулснаар үүсэх бизнесийн үр ашиг нь бүтээмж юм. Ямар ч бизнест орлого, зардал, ашиг гэж бий. Санхүүгийн тайлангаас шууд зардал багасна гэсэн үг. Өнөө үед технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадахгүй бизнес амжилт олохгүй. Цахим орчин улам хүчтэй болж, уламжлалт мэдээллийн хэрэгслүүд ч түүнийг ашиглахгүй бол өрсөлдөх чадваргүй болж байна. Дижитал ур чадвар одоо эзэмших ёстой суурь ур чадвар болсон. Үүнийг илүү сайн эзэмшиж, хэрэглэж чаддаг хүн л бизнесийн өрсөлдөөнд ялгарч гарч ирнэ. 

“Би Хасын Хүлэгүүддээ хайртай гэж жигтэйхэн...” 

“Гүнд Инвестмент” холдинг спорт, соёл, технологи гээд олон салбарт хөрөнгө оруулж, хөгжүүлж буй. Сагсан бөмбөгийн Хасын Хүлэгүүд баг энэ хөрөнгө оруулалтын бодит үр дүн, нөлөөний тод жишээ юм. Сагсан бөмбөгийн багт хөрөнгө оруулах нь тус спортын хөгжил, үзэгчдийн туршлагыг сайжруулахад хөрөнгө оруулалт хийж буй үйлдэл билээ. 

Frame 1261159616.jpgБи өөрөө сагсанд их дуртай. Энэ сонирхол минь гэр бүлд маань сагсчин орж ирснээр илүү их болсон. Манай хүргэн ах Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн. Түүнээс авсан мэдээллээр Монголын сагсан бөмбөгийн салбарт маш олон асуудал байгааг ойлгосон. Хэрвээ эдгээрийг цэгцэлж чадвал үнэхээр их нөөц боломж бий болохыг мэдэрсэн юм. 

Монголд сагс хөгжихгүй байсан шалтгаан нь улс төрийн хамааралтай, хоёр холбоо хоорондоо хамтарч ажиллаагүйтэй холбоотой байсан. Мөн ковидын улмаас тамирчдад хүндрэл тулгарсан ч, энэ үед тэд хоорондоо сайн нэгдэж, хүчээ нэгтгэсэн нь том давуу тал болсон. Ковидын үеэр Хас Банк Хасын Хүлэгүүд багийг дэмжих, авч явах хүмүүсийг хайж эхэлсэн. Энэ боломжийг олж мэдээд, ТББ дээрээ системийн инженерчлэлийн арга зүйг ашиглан загвар судалгаа хийж, спортын бизнест хөл тавих гараагаа эхлүүлсэн. Хасын Хүлэгүүдэд хөрөнгө оруулснаас хойш 3 жил аваргаллаа, Зүүн Өмнөд Азийн аварга, Азийн аваргын хүрэл медаль хүртлээ. 

Хасын Хүлэгүүдэд хөрөнгө оруулсан нь шууд ашгийн төлөө биш. Магадгүй 10 жилийн дараа надад ашиг өгнө байх. Харин одоо би багийн фенүүдтэй ойр байж, сагсаар дамжуулан шинэ боломжуудыг олж явна. Миний зүгээс багийн зохион байгуулалт, дасгалжуулагчийн асуудалд оролцдоггүй, мэддэг мэргэжилтнийг нь ажиллуулж байгаа хэр нь өөрөө урдуур нь ороод дасгалжуулаад байж болохгүй шүү дээ. Би Хасын Хүлэгүүддээ хайртай гэж жигтэйхэн дээ. 

Ойрын жилүүдэд хөрөнгө оруулахад ашигтай салбарууд 

Өнөө үед өөрчлөлт хурдтай явагдаж байгаа учраас хөрөнгө оруулалтын чиг хандлагыг урт хугацаанд бус ойрын хугацаанд харах шаардлагатай болжээ. Миний бодлоор хамгийн эрэлттэй салбаруудын эхэнд боловсрол болон аялал жуулчлал орно. Гэхдээ хаана ч очсон байж л байдаг худалдааны төв, засмал замаар жуулчин таттал бидэнд дахиад 50 жил хэрэгтэй. Харин бидэнд байгаль байна. Гэхдээ онгон байгаль ганц Монголд байгаа юм биш. Илүү сайхан байгальтай улсууд зөндөө бий. Иймээс ялгарлаа л олчихвол аялал жуулчлалын салбар асар эрэлттэй, үр өгөөжтэй байх боломжтой. 

Мэдээж уул уурхайн салбар ч эрэлттэй, гэхдээ манай компани тийшээ орох зорилгогүй. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэзээд хэрэгтэй хэвээр үлдэнэ. Гэхдээ үе солигдож, хэрэглэгчийн хэрэгцээ хурдан өөрчлөгдөж буй энэ үед эдгээр бараа ч хурдан шинэчлэгдэж байна. Хүмүүс бизнес авч явахад эдийн засаг хүнд байна гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ эдийн засаг хүнд үед л гайхалтай бизнесүүд бий болдог.  

“Хөрөнгө оруулалт бол Ирээдүй гэж хэн бэ гэдгийг тодорхойлогч” 

Эргээд харахад хөрөнгө оруулалт гэх зүйл таны хувьд юу болж, амьдралд тань ямар орон зай эзэлж байна вэ? 

Frame 1261159613.jpgОлон хүн ажил амьдралын тэнцвэрийн тухай ярьдаг. Тэнцвэр гэдэг ойлголт буруу хэрэглэгдээд байгаа юм шиг. Хүн ажил дээрээ нэг өөр, гэртээ нэг өөр байж, хоёр өөр хүн болж амьдарч болохгүй шүү дээ. Чи нэг хүн учраас ажил, амьдрал чинь нэг цул байх ёстой. Өөртөө зориулж ажиллаж, өөртөө зориулж амьдрах хэрэгтэй. Хэрэв гэр бүлдээ зориулж ажиллаж байгаа бол гэр бүл, та хоёрын зорилго нэг байх ёстой. Ажил, амьдралыг салгах гэж оролдох нь зөвхөн богино хугацаанд ажиллах арга байж болох юм. Тиймээс миний хувьд хөрөнгө оруулалт гэдэг ойлголт өдөр тутмын амьдралд би хэн бэ, гэр бүл минь юугаараа тодорхойлогддог вэ гэдгийг илэрхийлэгч. Өглөө болгон гаргаж байгаа жижиг шийдвэр бүрийг би хөрөнгө оруулалт гэж хардаг. Энэ нь миний хувьд өөрчлөгдөшгүй тодорхойлолт, Ирээдүй гэж хэн бэ гэдгийг тодорхойлж өгдөг зүйл болжээ. 

Хөрөнгө оруулалт зүгээр л мөнгөний тухай асуудлаас илүүтэй бидний өдөр тутамдаа гаргаж буй шийдвэр өөрөө хөрөнгө оруулалт гэх санаа эл ярилцлагаас тодорхой болов. Таны өөртөө зориулж дасгал хийж байгаа, сурч байгаа, идэж байгаа бүхэн өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт билээ. Мөн тус ярилцлагаас гарааны бизнесээ эхлүүлэх гэж буй хүмүүс хөрөнгө оруулалт хайхын өмнө юу хийх ёстойг ойлгосон гэж найдаж байна. Бидний нэг болж ярилцсан “Гүнд Инвестмент” холдингийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүйд баярлалаа. Мөн ярилцлагыг уншиж бидний нэг болсон уншигч танд талархъя. 

Гэрэл зургийг: Д.Занданбат

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд