Шатар гэдэг тоглоомыг амьдрал руу буулгасан анализ


"Шатар тоглож цагаа үрж байна гэж битгий санаа зов, амьдрал бол нүүдэл юм
шатар тоглож сураагүй гэж битгий санаа зов, амьдрал бол шатар юм"
Шатрын нүүдэл сурч байгаа суралцагчдаас эхлээд их мастер хүртэлх ялгаатай тоглогчдын ойролцоогоор 500 өөр тоглолтыг амьдрал дээр буулгаж анализ хийв. Үүгээр дамжуулж тэдний амьдралын ялгаатай байдлыг харьцуулахыг зорилоо.
Irving Chernev: Шатрын бүх мастерууд анхлан суралцагчид байсан
Олон улсад шатарчдын чансааг ELO гэх системээр хэмждэг бөгөөд уг нийтлэлийн хүрээнд тухайн чансааг хувь хүний амьдралын цаг үеүдтэй харьцуулан тайлбарлав.
Үүнд:
ELO 1 → 500
Шатрын нүүдлийг эхнээс нь сурч байгаа энэ үеийг амьдралд дөнгөж хөл тавин, танилцаж буй хүүхэд настай харьцуулав.
/тоглолтын тоо 85ш, тоглолтын дундаж нүүдэл 28/
ELO 501 → 1200
Шатрын нүүдлээ мэддэг болж, туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч байгаа үеийг амьдралыг ойлгож, нийгэм болон амьдралын олон өнгөтэй танилцаж байгаа сурагч настай харьцуулав.
/тоглолтын тоо 58ш, тоглолтын дундаж нүүдэл 31/
ELO 1201 → 1600
Шатрыг хэрхэн тоглохоо мэддэг ч хайхрамжгүй алдаа гаргадаг үеийг амьдралд бардаж алдаа оноо гаргадаг залуу настай харьцуулав.
/тоглолтын тоо 234ш, тоглолтын дундаж нүүдэл 36/
ELO 1601 → 2200
Шатрыг илүү гүнзгий түвшинд суралцаж, цааш үргэлжлүүлэх эсэхээ шийдэх энэ үеийг карьераа босгон, ажлын тавцан дээр гарах тэр мөчтэй харьцуулав.
/тоглолтын тоо 36ш, тоглолтын дундаж нүүдэл 35/
ELO 2201 → 3000
Шатрын мастеруудыг амьдралын бүхий л зовлон, жаргалыг туулан, тууштай байж амжилтад хүрсэн тэр агуу хүмүүстэй харьцуулав.
/тоглолтын тоо 67ш, тоглолтын дундаж нүүдэл 43/
Харин нийтлэлийн энэ хэсэгт тоглолтын эхлэлээс төгсгөл хүртэлх уран тоглолтуудыг амьдралын чухал шийдвэрүүдтэй харьцуулан анализ хийв.
Тоглоомын эхэн үе: Сэлгээ хийж ноёноо хамгаалах буюу ноён тэрэг хоёр байраа солих
Эх сурвалж: AnarchyChess
Тоглоомын эхэн үед хийгддэг хамгийн чухал үйлдлүүдийн нэг бол ноёноо хамгаалах юм. Хамгаалалтгүй үлдсэн ноён пионер мад буюу хоёр нүүдлийн мад болж хожигдох эрсдэлтэй учраас тэрэгтэй байраа сольж аюулгүй байрлалд ордог. Энэ нөхцөл байдлыг бид амьдралын ямар ч нугачаанд өөрийнхөө үнэт зүйлсийг алдахгүй хичээх үетэй адилтгаж болно. Тоглолтын үед ноёноо хамгаалах нь юу юунаас чухал шиг, амьдрал дээр өөрийгөө хайрлаж, хамгаалж сурах нь нэн чухал.
ELO 1 → 500 нийт тоглолтын 69% -д сэлгээ хийсэн ба сэлгээ хийх үед тоглолт 6 нүүдлээр удааширсан байна.
ELO 501 → 1200 нийт тоглолтын 76% -д сэлгээ хийсэн ба сэлгээ хийх үед тоглолт 2 нүүдлээр удааширсан байна.
ELO 1201 → 1600 нийт тоглолтын 92% -д сэлгээ хийсэн ба сэлгээ хийх үед тоглолт 1 нүүдлээр удааширсан байна.
ELO 1601 → 2200 нийт тоглолтын 89% -д сэлгээ хийсэн ба сэлгээ хийх үед тоглолт 2 нүүдлээр удааширсан байна.
ELO 2201 → 3000 нийт тоглолтын 93% -д сэлгээ хийсэн ба сэлгээ хийх үед тоглолт 1 нүүдлээр удааширсан байна.
Мастерууд нийт арван тоглолтын есөд нь ноёноо хамгаалах тактик барин тоглож байгаа шиг бид ч арав хоногийн есөд нь өөрийгөө сонсож, хайрлаж сурах хэрэгтэй нь үүнээс харагдаж байна.
Аль болох олон бод буюу хүлэг ашиглаж тоглох:
Тоглоомын явцад хамгийн хүчтэй бод болох бэрсээ ашиглалгүй аль болох олон бодыг хөдөлгөж тоглох нь чухал. Олон бод ашиглах нь амьдралд өөрийн чадах болон чадахгүй зүйлсийг тодорхойлж, олон зүйлд өөрийгөө туршиж үзэхээр бэлдэж буйтай адил.
Эхний 10 нүүдэлд
ELO 1 → 500 5 өөр бод ашигласан.
ELO 501 → 1200 5 өөр бод ашигласан.
ELO 1201 → 1600 6 өөр бод ашигласан.
ELO 1601 → 2200 6 өөр бод ашигласан.
ELO 2201 → 3000 7 өөр бод ашигласан.
Жич: Сэлгээг тооцоогүй, байрнаасаа хөдөлсөн дүрсийг дахиж хөдөлгөсөн бол тоонд оруулаагүй. Өөрөөр хэлбэл ноёны урд байсан хүүг 2 удаа хөдөлгөсөн тохиолдлыг нэгээр тооцсон.
Тоглоомын дунд үе: Талбайн төвийг эзлэх
Тоглоомын дунд үед хийгдэх олон чухал зүйлсийн нэг нь айлын ноёныг унагаахуйц стратегийг боловсруулах юм. Энэ нь тоглогч талбайн төвийг эзлэхээс эхлэх бөгөөд уг үйлдлийг ирээдүйдээ санаа зовж, нойргүй хонодог өдрүүдтэй харьцуулж болно.

Эх сурвалж: www.chess.com, middle game
Тоглоомын эхэн үед хийсэн нүүдлүүд нь бодит байдал дээр бид өөрийнхөө нөөц бололцоог туршиж, амьдралынхаа эзэн болохоор зүтгэж буй тэр өдрүүдтэй адил юм. Яг энэ үед тоглолтын үр дүн шийдэгдэж болдог шиг, бид ч амьдралын цаашдын төрхөө тодорхойлох чухал цаг үе билээ. Улмаар бид талбайг эзэрхийлж ч болно, алдаж ч болно. Гэхдээ тоглоом дуусаагүй гэдгийг санаж, өөртөө итгэлтэйгээр ноёноо хамгаалах хэрэгтэй.
ELO 1 → 500 талбайг 3 нүдээр зөрүүтэй эзэлсэн
ELO 501→ 1200 талбайг 3 нүдээр зөрүүтэй эзэлсэн
ELO 1201→ 1600 талбайг 1 нүдээр зөрүүтэй эзэлсэн
ELO 1601→ 2200 талбайг 0 нүдээр зөрүүтэй эзэлсэн
ELO 2201→ 3000 талбайг 0 нүдээр зөрүүтэй эзэлсэн
Kenneth Rogoff: Амьдрал шатраас ялгаатай нь тоглоом хожигдсон ч гэсэн үргэлжилдэг.
Тоглоомын адаг үе: Нүүргүй хүү
Тоглоомын сүүл үед тоглогчид хүүг чухалчилдаг. Учир нь тоглоомын энэ хэсэгт талбай дээр цөөн бод үлдсэн байдаг тул ноёноо хамгаалахаас илүүтэйгээр хүүгээ хөдөлгөж хүүтэйгээ ойр тоглох нь олонтоо. Доорх зургаас өөрийнхөө мөн чанарыг марталгүй, урагш тэмүүлэн, бэрс болохоор нөөц бололцоогоо дайчилж буй цагаан талыг мөн тоглоом дуусах мөчид ч гэсэн алдаа гаргахаас айж ноёноо буюу өөрийгөө хамгаалж буй хар талыг тус тус харж болно. Энэ хоёр талын аль нь байх вэ гэдэг сонголт үргэлж бидэнд байдаг. Та хойш суух ноён нь баймаар байна уу урагш тэмүүлэх хүү нь баймаар байна уу?

Эх сурвалж: https://www.chess.com/terms/passed-pawn
Нүүргүй хүү /passing pawn/ буюу бэрс болоход саад тотгоргүй урагш тэмүүлэх хүү
ELO 1 → 500 нийт тоглолтын 34% -д нүүргүй хүүтэй байсан байна.
ELO 501→ 1200 нийт тоглолтын 50% -д нүүргүй хүүтэй байсан байна.
ELO 1201→ 1600 нийт тоглолтын 56% -д нүүргүй хүүтэй байсан байна.
ELO 1601→ 2200 нийт тоглолтын 47% -д нүүргүй хүүтэй байсан байна.
ELO 2201→ 3000 нийт тоглолтын 70% -д нүүргүй хүүтэй байсан байна.
Ашигласан материал болон аргачлал
| ELO Ranking System | https://www.chess.com/terms/elo-rating-chess |
| Raw Data Source | https://www.chess.com/games |
| Нүүр зурагны эх сурвалж | https://www.unsplash.com |
Зарим тайлбар
| Хүү бэрс болох | Хүү эсрэг талынхаа төгсгөлд очиход бэрс болдог дүрэмтэй. |
|---|---|
| Passing pawn | Хүү урагш нүүхэд урд нь саад болох хүү байхгүй бол нэгээр тоолсон. |
| Яагаад эхний 10 нүүдэл вэ? | Тоглоомын эхэн үе буюу тоглолтоос хамаарч эхний арваас, арван таван нүүдлийн хооронд дуусдаг. Иймд багаар нь үнэлсэн. |
| Талбайг эзлэх нь | Тоглоомын төгсгөл үе эхлэхийн өмнө бодуудын байдал бодууд хэр их нүдийг эзэлж байгаагаар нь тооцоолсон. |
| Сэлгээ хийх | Нэг тоглолтод нэг л удаа сэлгээ хийдэг. |
Нийтлэлийг бичсэн: Г.Бадрал