Хөгжим: Үнэхээр бүтээмжийг нэмэгдүүлдэг үү?
❓Та амьдралынхаа явцад, хэзээ нэгэн цагт YouTube платформ дээр “Хичээл хийж байхдаа сонсох дуу”, “Анхаарлаа төвлөрүүлэхэд тустай хөгжим” гэх мэт контент хайж байсан гэдэгт итгэлтэй байна. Учир нь орчин үед дийлэнх хүн ажил, хичээлээ дуу тавьж байгаад “маналзуулахыг” илүүд үздэг болсон. Тэгвэл хөгжим сонсох нь үнэхээр ажлын бүтээмж, тархины үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй юу? Хариултыг нь хамтдаа олж авцгаая.
💥Хөгжим тархинд…!
Сэтгэл судлал, тархи судлал зэрэг салбаруудад энэ төрлийн судалгаа өргөн хүрээнд хийгдсээр иржээ. Тухайлбал, 2015 онд Франц улсад хийгдсэн судалгаанд хүмүүсийг үг цээжлүүлж, энэ явцдаа тархины бичлэгийг нь хийж үзжээ. Ингэхдээ заримыг нь хөгжим сонсгож, заримыг нь чимээгүй өрөөнд суулгасан байна. Улмаар хөгжим сонссон хүмүүс шинэ үгийг илүү системтэй тогтоож, тархины эсүүд нь харьцангуй идэвхтэй холбогдож байгаа нь ажиглагджээ.
Мөн Бэйлор Их Сургуулийн судлаачид 2020 онд хэвлүүлсэн нэгэн өгүүлэлд, сонгодог хөгжим оюутнуудын сурлагын бүтээмжид эерэг нөлөө үзүүлдгийг онцолжээ. Тодруулбал, микро эдийн засгийн лекцийн үеэр Шопен, Бетховен, Вивалди нарын бүтээлийг тавьж, тус хичээлд суусан оюутнуудыг унтахаасаа өмнө дахин энэ бүтээлүүдийг сонсохыг хүсжээ. Улмаар судалгааны үр дүнд оюутнууд лекцийн агуулгыг тогтоосон байдал 18 хувиар өссөн байна.
АНУ-ын Үндэсний Биотехнологийн Мэдээллийн Төвөөс гаргасан судалгаагаар хичээл хийх үедээ хөгжим сонсох нь суралцагчдын тархин дахь допамин буюу сэтгэл ханамж мэдрэх үед ялгардаг дааврын хэмжээг нэмэгдүүлдэг нь тодорхой болжээ. Ингэснээрээ сурлагын үйл явцыг илүү тааламжтай болгодог байна.
Дуу хөгжим зөвхөн тархин дахь хуучин мэдээллүүдийг сэргээж, шинэ мэдээллийг хүлээн авахад ч чухал нөлөөтэй нь судалгаануудаас тод харагдана. Энэний гол нууц нь юунд байна вэ? Хөгжим болон таатай дуу чимээ нь тархины маш олон хэсэгт хүрч, нөлөө үзүүлдэг. Тухайлбал хөгжмийн долгион чихээр дамжин тархи руу очихдоо бодож төлөвлөх, шийдвэр гаргалттай холбоотой “prefrontal cortex” мөн ой тогтоолттой холбоотой “hippocampus” хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Тийм дээ ч сэтгэц, ой санамжийн олдмол эмгэгээр өвчилсөн хүмүүст хөгжмийн эмчилгээг санал болгох нь элбэг.
❗Гэхдээ хувь хүнээс шалтгаалаад энэ нөлөө нь өөр өөр байна
Жишээлбэл, экстроверт хүмүүс орчны дуу чимээ болон бага зэргийн сатааралд ажлын бүтээмж нь улам өсдөг бол интроверт төрлийн хүмүүс чимээ аниргүй, нэг ч сатаарах зүйлгүй орчин илүү төвлөрдгийг судалгаагаар нотолжээ. Бас нэгэн сонирхолтой судалгаа байдаг нь бүтээлч, бүтээлч бус ажил хийдэг хоёр бүлгийн хүмүүсийн ажлын бүтээмжид хөгжим хэрхэн нөлөөлдгийг ажиглаж үзжээ. Тодруулбал, төрөл бүрийн ажил эрхэлдэг нийт 54 хувь хүнийг уг судалгаанд хамруулснаас 27 нь бүтээлч салбарт ажилладаг хүмүүс байв. Ингээд нийт судалгаанд оролцогсдыг хөгжим тэдний анхааралд хэрхэн нөлөөлөхийг шалгажээ. Бүх хүмүүсээр ном уншуулахад бүтээлч ажил эрхэлдэг хүмүүс тухайн номын агуулгыг илүү тогтоож байсан бол бүтээлч бус ажил хийдэг хүмүүс хөгжим сонсох нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлтөд төвөг болж байна гэсэн хариуг өгчээ.
Мөн тухайн ажлыг эзэмшсэн байдал, хувийн ур чадвар өндөр байх тусам хөгжим таны ажлын бүтээмжид эергээр нөлөөлдөг аж. Өөрөөр хэлбэл, шинээр сурч буй, ярвигтай, дасаагүй ажлыг гүйцэтгэж байх үед хөгжим шиг том дайсан танд үгүй. Эсрэгээрээ хэт амархан, уйтгартай ажил хийх үед анхаарал сатаарах, нойр хүрэх зэрэг үзэгдлүүд бий болдог бөгөөд энэ процессыг хөгжмийн тусламжтай арай сонирхолтой болгох боломжтой.
🎶Тэгвэл ажлаа хийхдээ ямар төрлийн хөгжим сонсох нь зохистой вэ?
Мэдээж хүн бүрийн хөгжмийн сонирхол, таашаал өөр өөр учраас бүгдэд нийтлэг тохирох хөгжмийн төрөл гэж үгүй. 2018 онд хийгдсэн нэгэн судалгаанд тухайн хүний “САЙН МЭДДЭГ” хөгжим тархины хэд хэдэн хэсгийг идэвхжүүлж ажлын бүтээмжийг мэдэгдэхүйц хэмжээгээр өсгөж буйг тогтоожээ. Сайн мэддэг дуугаа сонсох нь тухайн хүн тэр хөгжмөөс ямар таашаал мэдрэхээ мэдэж байдаг тул тархинд ялгарах допамины хэмжээг ихэсгэж, сөрөг бодол кортисол буюу стрессийн дааврыг бууруулдаг байна. Ингэснээр бидний тархины төвлөрөх, шийдвэр гаргах, шүүн тунгаах гэсэн функцуудыг хариуцдаг духны дэлбэн (Frontal Lobe) хэсэг ямар ч саадгүй ажиллах боломжтой болдог аж.
Гэрэл зургийг: Л.Буд
| Ашигласан эх сурвалж: |
| “The effect of background music and background noise on the task performance of introverts and extraverts”, Gianna Cassidy, Raymond A.R. MacDonald, 2007. |
| “Effects of noise and music on human and task performance: A systematic review”, Dalton, Brian H. Behm, David G, 2008. |
| “The distracting effects of music on the cognitive test performance of creative and non-creative individuals”, Maddie Doyle, Adrian Furnham, 2012. |
| “The psychological functions of music listening”, Thomas Schäfer, Peter Sedlmeier, Christine Städtler, David Huron, 2013. |
| “The Influence of Music on Prefrontal Cortex during Episodic Encoding and Retrieval of Verbal Information: A Multichannel fNIRS Study”, Laura Ferreri, Emmanuel Bigand, Patrick Bard, Aurélia Bugaiska, 2015. |
| “Effectiveness of Music Therapy on Focused Attention, Working Memory and Stress in Type 2 Diabetes: An Exploratory Study”, Indira Tumuluri, Shantala Hegde, HR Nagendra, 2017. |
| “Classical music, educational learning, and slow wave sleep: A targeted memory reactivation experiment”, Chenlu Gao, Paul Fillmore, Michael K. Scullin, 2020. |