“Риогийн Олимпод амжилт үзүүлж чадаагүйдээ их гутарсан. Тухайн үед багш нартайгаа ярилцаад, жин өгсөж барилдахаар болсон юм. Тиймээс дараа жил нь жиндээ дасах зорилгоор олон ч тэмцээнд оролцсон. Эхний хэдэн тэмцээнээ ялагдлаар өндөрлүүлсэн ч багш нартайгаа сайн ярилцаж, алдаан дээрээ тулж ажилласны үр дүнд 2017 оны Дэлхийн аваргад түрүүлсэн…”
Ийнхүү тэрбээр чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлснээс 10 жилийн дараа тив дэлхийн дэвжээнд нэрээ тамгалж, Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх 5 дахь Дэлхийн аварга болж байв. Тэр бол Пүрэвдоржийн Орхон. 2007 онд Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багш нараараа анхны өрөлт, техникээ заалгаж, их спортод хөл тавьсан бяцхан охин найман жилийн дараа хоёр дахь Олимподоо зодоглох гэж байна.
“Яалт ч үгүй дуртай. Хэдий хожигдоод байгаа ч бэлтгэлээ хийх дуртай. Хамгийн дуртай зүйлээсээ таашаал авч байна гэдэг бол нэг талаасаа жаргалтай амьдрал. Дур хүсэл маань л намайг өнөөг хүртэл байлгаад байна.”
Дөрвөн жил… Мэргэжлийн тамирчны хувьд дөрвөн жил хайртай спортоосоо хөндийрч, тэмцээн уралдаанд оролцохгүй байна гэдэг бол сэтгэлийн зовлон мэт. Харин түүний хувьд энэ урт хугацааг гүйцэтгэлээ сайжруулах боломж болгон ашиглажээ.
“Замын дундаас шантрах маш олон шалтгаан байсан. Аливаа юмны төгсгөлийг нь үзэж, заавал дуусгах ёстой гэсэн нэг тийм зан байдаг юм. Одоо эргээд харах нь ээ, тэр бүх сорилт бэрхшээлүүдийг тэвчээрийнхээ хүчинд л давж гарсан байх даа гэж боддог. Хэдий барилдаагүй завсарласан ч Парисын Олимпыг зорин бэлтгэлээ базааж, сэтгэл зүйгээ бэлдэж байсан. Бэлтгэл бүрээ тэмцээн гэж бодож хийдэг. Өнөөдөр бол тэмцээний өдөр гэж бодон тэмцээний уур амьсгалд өөрийгөө дасгадаг болохоор сэтгэл зүй харьцангуй тогтвортой, тайван байдаг. ”
Зөвхөн тэр л дэвжээнд зориулан урсгасан олон жилийн хөлс, хүч, хөдөлмөр. Зургаахан минутад үнэлэгдэх хурд, хүч, тэсрэлтийн спорт. Хэн барилдааныг мэдэрч, богино хугацаанд шийдвэр гаргаж чадна төдий чинээ ялалтад ойртоно. Чөлөөт бөх бол мэдрэмжийн тулаан.
Монгол Улс зуны Олимпын наадамд оролцож эхэлсэн мөчөөс буюу 1964 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хамгийн олон тамирчин оролцдог спортын нэг төрөл бол яах аргагүй чөлөөт бөх. 15 дахь Олимподоо оролцож буй эл төрөлд эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр Олимп дараалан бүтэн багаараа оролцож буй нь түүхэн явдал гэлтэй.
“Багш нар маань олон шавьтай. Олон жил хүүхдүүдтэйгээ хамт ажилласан учраас тус бүрийн зан характерыг маш сайн мэддэг. Тэмцээний өмнө хэнийг тайван гаргах вэ, хэнийг огшоож гаргавал сайн барилдах вэ гэдгээ сайн мэддэг. Намайг бол сайхан тайван, яг л өөрийнхөө бодож байгаагаараа барилдчих гээд гаргадаг юм. Дэвжээн дээр гараад галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн гэдэг шиг хийх ёстой бүх зүйлээ л гаргахыг хичээдэг.”
Тамирчныхаа ялалт, ялагдал, бүхий л агшинд хамт байж, сэтгэл догдлом торгон мөчүүдийг хамтдаа бүтээцгээе. Монгол Улсын төрийн дуулал Парисын тэнгэрт олонтоо эгшиглэж, Монгол Улсын төрийн далбаа Парисын тэнгэрт олонтоо мандах болтугай!
Go team MonGOlia!