Залуусын орон зай

Хичээж л чадвал болохгүй зүйл үгүй гэдгийг ойлгосон

TsoilogsoZ2024.01.155 минут унших
Хичээж л чадвал болохгүй зүйл үгүй гэдгийг ойлгосон - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хурд хамтлагийн гишүүд ажиллах санал тавьсан юм.

Аадар хамтлагийн тоглолт болж байсан юм. Тэнд Хурд хамтлагийн ах нар ирчихсэн намайг дуудаж уулзаад “Нэг санал байна, чи Хурд хамтлагтай хамтарч ажиллах сонирхол байна уу? Гол нь бид нарт Хурдыг гэсэн чин сэтгэлтэй хүн хэрэгтэй байна, тэр хүн нь чамайг юм болов уу гээд санал тавьж байна” гэсэн. Эргэлзэх зүйлгүй энэ саналыг хүлээн авч, студид ажиллаж эхэлсэн. Мундаг ах нартайгаа хамт ажиллахын зэрэгцээ хөгжих, боловсрох бүхий л боломжийг надад өгсөн.

Анх сурагч байхдаа Хурд хамтлагийн ганц нэг дууг л сонсдог байсан. “Буцааж нэхэхгүй хайр” гээд ээжийн тухай дуу байдаг , эхийн тухай тарни гэж хэлж болохоор үнэхээр гайхалтай дуу. Анх энэ дуу нь зүрхэнд ороод Хурд хамтлагийг улам шимтэж сонсох эхлэл болсон. Тухайн үед ээж маань гадаадад байсан болоод ч тэр үү үнэхээр сэтгэл хөдөлгөж байсан. Улмаар бүх дууг нь татаж аваад сонсож үзсэн юм. Дуунуудыг нь татаж авсан сайт удахгүй хаагдсан байгааг хараад их л азтай татаж авч гэж бодсон шүү.

Яваандаа тухайн дуунууддаа улам бүр дурлаж, шимтэн сонсох болсон. 17 настай хүүхэд цээжин дээрээ ХУРД гээд томоор шивүүлж байлаа. Улмаар Хурд хамтлагийн сошиал сувгуудаар миний тухай яригдах болж, ах нар ч надтай холбогдсон. Студи дээрээ урьж цомгоо, Отгонбаатар ах өөрийнхөө футболк дээр гарын үсгээ зураад бэлэглэж байсан. Тэр үеэс л эргэлт буцалтгүй энэ агуу хамтлагтай холбогдсон юм.

Хурд хамтлагийн талаар сайн мэдэхгүй зарим нэг хүмүүс намайг гишүүн нь гэж андуурах үе гардаг. Магадгүй миний сошиал хаягуудаар Хурд хамтлагийн гишүүдтэй авхуулсан зураг ихээс гадна явсан газар болгонд нь дагаж явдаг болохоор тийм ойлголт үүсдэг байх. Би техникийг нь хариуцдаг. Надтай хамт техникийг хариуцаж ажилладаг хоёр ч хүн бий. Тэр хүмүүсээс их зүйлийг сурсан. Одоо би дууны инженер мэргэжлийг сурахаар бэлдэж байгаа.

Hurd 1.jpg

Шүтэн бишрэгчдээ ажлын санал тавин, суралцаж хөгжих боломж олгодог хамтлаг өөр байхгүй байх. 

Мундаг хүмүүсийн нэг хэсэг болоод явахдаа маш их баяртай байдаг. Ажилд орсны дараахан Отгоо ах өөрийн тоглодог байсан гитараа бэлтгэл хий гэж өгч байсан. "Үр дүнтэй бэлдэнэ шүү" гэж хэлээд гурван барилт зааж өгч байсан. Одоо би тусдаа амьд хөгжмийн хамтлагтай, уран бүтээлээ гаргах гээд бэлдэж байна.

Аливаа зүйлд тууштай, сэтгэлээсээ хандаж чадвал ямар үр дүн гардгийг биеэрээ мэдэрч байна. Би мөрөөдлөө биелүүлсэн, одоо улам гүнзгийрүүлээд явж байна. Хичээвэл болохгүй зүйл үгүй гэдгийг ойлгосон учраас дараа дараагийн зорилтууд маань ч ойрхон санагддаг болсон. 

Хурд хамтлагийн дуунуудаас маш их урам зориг авч тэр чинээгээрээ хүсэл тэмүүлэл минь нэмэгддэг. Эцэст нь маш том адал явдал урд чинь хүлээж байгаа бөгөөд тэр бүхнийг хүчтэйгээр даван туулж, хайртай хүмүүсийнхээ өвөр дээр хайр асгаж, хайрыг түгээж байгаарай гэж залуустаа уриалмаар байна. Хурдын өлсгөлөн шүтэн бишрэгчийн бяцхан түүхийг сонссонд талархлаа , хүсэл бүхэн чинь биелэх болтугай!

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд