Спорт

Олимпын үүсэл гарал: Энэ бүхэн яаж эхлэв?

Г.Цэнд-Аюуш -- 2024.07.315 минут унших

Дэлхий дахинд спортын соёлын олон олон өнгөт оддыг цуглуулан гялтгануулж, эв нэгдлийн галыг дөрвөн жил тутамд улам улам дүрэлзүүлэн бадраадаг зуны Олимпын наадам үргэлжилж, таван тивийн хүүхдүүд бид спортоор амьсгалж байна. Энгийн бидэнд ямар нэг зуршил бий болж, тогтох гэж хэдэн сар болдогтой нэгэн адил дэлхий дахины түвшинд нэгэн том соёл тогтох гэж хэдэн мянган жилийн түүхийг бичдэг. Тэгвэл Олимп гэх энэхүү манай гарагийн хамгийн нэр хүндтэй баяр наадам түүхийн ямар урт жимийг туулсаар өнөөдрийн энэ түвшинд хүрсэн тухай уг нийтлэлээр уншигч та бүхэнд өгүүлье. 

Эртний Грекийн үе

Олимпын үүсэл гарал: Энэ бүхэн яаж эхлэв?

Олимпын наадам эртний Грекийн үедээ шашин болон спортын наадам байсан бөгөөд үүсэл гарлынх нь тухай баттай мэдээлэл байдаггүй ч хэд хэдэн домог хадгалагдан үлджээ. Олимпын наадамд холбогдох хамгийн анхны баримт МЭӨ 776 онд хамаардаг байна. Анхны Олимпын наадмууд дөрвөн жилд нэг удаа Зевс бурхны ивээлд зохион байгуулагддаг байсан бөгөөд соёл болон спортыг холбох үүднээс дуу хөгжим, яруу найраг, театрын урлагийн төрлүүд ч мөн ордог байж. Гэвч МЭ 393 онд энэ наадам шашны холбогдолтой шалтгааны улмаас буюу паганизмыг сурталчилсан гэж үзсэнээр орчин цагийг хүртэл зохион байгуулагдахаа больсон байна.

Олимпын эргэн ирэлт

Олимпын үүсэл гарал: Энэ бүхэн яаж эхлэв?

XIX зууны сүүлээс эхлэн дэлхийн олон улсыг хамарсан спортын наадмыг сэргээх хэд хэдэн оролдлогуудыг хийж байв. Гэвч дэлхий нийтэд сурталчлах боломж бололцоо хомс байсны улмаас бүтэлгүйтсээр байж. Энэ бүтэлгүйтэлд цэг тавьсан нь Пьер де Кубертин байлаа. Ингээд 1894 оны зургаадугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Пьер де Кубертиний Парис хотын Сорбонны Их Сургуулийн Гранд амфитеатрт зохион байгуулсан Олимпын наадмын их хурлын үеэр Эртний Грекийн үеэс хойш анхны Олимпын наадам зохион байгуулагдсан бөгөөд Франц улсаас 24 спортын байгууллага болон клубыг төлөөлсөн 58 төлөөлөгч, Бельгиэс 20 төлөөлөгч, бусад Их Британи, Грек, Ирланд, Итали, Орос, Испани, Швед болон АНУ зэрэг 13 спортын холбоодыг хамарсан 2000 гаруй хүн оролцжээ. 

Энэ үеэр Олон Улсын Олимпын Хороо дахин байгуулагдаж, олимпизм, спортын соёлыг дэлхий нийтэд таниулж, залуусыг спортын соёлд төлөвшүүлэх, спортын соёлоор дэлхийн олон улсын залуус холбогдон, бие биеэсээ суралцах боломжтой болох зэргийг эрхэм зорилгоо болгож, Олимпын наадмыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Орчин цагийн Олимпын наадам

Олимпын үүсэл гарал: Энэ бүхэн яаж эхлэв?

Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг орчин цагийн Олимпын хамгийн эхний наадам Грекийн Афин хотноо 1896 онд зохион байгуулагдсан бол хожим 4 жилийн дараа Парис хотноо хоёр дахь наадам зохион байгуулагдсан байна. Парист болсон 1900 оны II Олимпын наадмаар эмэгтэйчүүд оролцож эхэлснээрээ онцлог бөгөөд хамгийн анхны эмэгтэй Олимпын аварга Швейцарийн нэрийн завьчин Элен де Пуртале болжээ. Тус наадамд нийт 997 тамирчин оролцсоноос 22 нь эмэгтэй тамирчин байв. Эмэгтэй тамирчид тухайн үед теннис, дарвуулт завь, морин спорт, гольф, бөөрөнцөг шидэлт гэсэн таван төрлөөр оролцож байж. Анх эмэгтэйчүүдийн тоо дөнгөж 2 хувийг эзэлж байсан бол “Токио 2020” зуны Олимпын наадамд 48.9 хувь, харин “Парис 2024” зуны XXXIII Олимпын наадам эрэгтэй эмэгтэй тамирчдын тэгш орлцоотой болсон байна.

Олимпын наадмын хөгжил 

Олимпын үүсэл гарал: Энэ бүхэн яаж эхлэв?

Олимпын наадам дөрвөн жил тутамд зохиогдох бүрдээ илүү их хөгжсөөр байлаа. Анх АНУ-ын Сант-Луист болсон 1904 оны зуны Олимпын наадмаар Олимпын наадам нэгдүгээр байрт алт, хоёрдугаар байрт мөнгө, гуравдугаар байрт хүрэл медалийн шагнал олгодог болж, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын оролцоо эхэлжээ. Хамгийн анхны Олимпын наадамд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй тамирчин  Жорж Эесер гимнастикийн 6 медаль авснаас гурав нь алтан медаль байж. Пьер де Кубертиний анх санаачилснаар 1912-1948 оны хооронд урлагийн төрлүүд Олимпын наадамд байсан нь архитектур, уран зохиол, хөгжим, уран зураг, баримал байжээ.

“Энэхүү таван цагариг нь дэлхийн таван тивийг төлөөлөх бөгөөд дэлхий нийтээр олимпизмыг хүлээн зөвшөөрч, түүнд хамаарах бүхий л үйл хэргийг гүйцэлдүүлэхэд идэвхтэй оролцохыг бэлгэдэж, уриалах болно.”

Пьер де Кубертин

1912 онд Стокхолмд болсон Олимпын наадмаар Олимпын таван цагаригийг танилцуулж байсан бол 1920 оны Антверпенд болсон Олимпын наадмаар Пьер де Кубертиний бичсэн Олимпын наадмын тангаргийн бичиг болон Олипмын наадмын далбааг танилцуулж байжээ.