Экспортын гологдлоо үндэсний брэнд болтол хөгжүүлсэн түүх: Самгёбсал


Экспортын гологдлоо үндэсний брэнд болтол хөгжүүлсэн түүх: Самгёбсал
“Самгёбсал” гэх хоол нь зөвхөн БНСУ төдийгүй манай оронд ч хүмүүсийн амтархан иддэг хоолнуудын нэг болжээ. Гахайн хавирга, хэвлий хэсгийн мах өөх нь 3 давхарлаж алагласан махыг самгёбсал гэх бөгөөд 3-р сарын 3-ныг Солонгосчууд “Самгёбсалны өдөр” хэмээдэг. Өдгөө БНСУ-ын соёл, онцлогийг дэлхийд таниулж буй гол брэнд бүтээгдэхүүний нэг болсон уг хоол нь, үнэн хэрэгтээ тийм ч нэр хүндтэй хоол байгаагүй юм. Тэгвэл уг нийтлэлийн хүрээнд экспортын хаягдал гэж тооцогдож байсан хоолыг Солонгосчууд хэрхэн гол брэнд бүтээгдэхүүнээ болгосон талаар өгүүлье.
“Хан мөрний гайхамшиг” буюу БНСУ-ын цочир хөгжил

Япон улсын дарлалаас 35 жилийн дараа ангижирсан Солонгос үндэстэн Дэлхийн II дайны үед хоёр хуваагдсан бөгөөд бүх үйлдвэрийн барилгууд нь нутгийн хойд хэсэгт оногдож, өмнөд хэсэгт үлдсэн хүмүүс тариалангийн талбайтай л хоцорсон ажээ. Улмаар 1948 онд анхны бие даасан засгийн газраа байгуулсан Өмнөд Солонгосчууд амьдралаа “0”-оос нь эхлэх шаардлагатай болсон юм. Ингэхдээ АНУ-аас буцалтгүй тусламж, одоогийн ХБНГУ руу ажиллах хүчин явуулж хариуд нь мөнгөн тусламж авах мэтээр гаднын хөрөнгө оруулалт татаж байв. Улмаар 5 жилийн төлөвлөгөөт эдийн засгийн хэлбэрт шилжиж, 1950-60 онуудад хөнгөн үйлдвэрлэл, 1960-80 онуудад хүнд үйлдвэрлэлийг голчлон хөгжүүлэв. Ийм маягаар 1960 онд 158 доллар байсан нэг хүнд ноогдох ДНБ 1980 онд 1715 доллар болж өсжээ.
Гахайн мах = мөнгө

Энэ өсөлтөд гутал, ган төмөр, цаашлаад автомашин, хагас дамжуулагч, усан онгоцны үйлдвэрлэл томоохон үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 1960-аад онд махны экспорт эрчимжиж байв. Тухайлбал, 1960-70 онуудад Япон улс руу мах худалдаалах боломжтой болж, гахайн аж ахуй ихээр бий болж байв. Эхэн үедээ амьд гахай, бүтэн гахайн мах зэргийг экспортод гаргасан ч, махны хэрэглээ харьцангуй бага Япончуудын хувьд бүтэн гахай авах хэрэгцээ байсангүй. Улмаар 1968 оноос эхлэн толгой болон дотор гэдсийг нь ялгаж цэвэрлэсэн тодорхой хэсгийн махыг л авах болж, 1971 оноос Япончууд гахайн махыг чөлөөт бүсээр импортлох болсноор Солонгосчуудын борлуулалт эрс өсжээ. Тодруулбал, 1972 онд 3800 тонн, 1978 онд 4500 тонн зэрэг огцом өсөлтүүд гахайн махны экспортод бий болсон байна.
Япончууд авахаас татгалзсан гахайн хэвлийн мах буюу самгёбсал

Ингэхдээ Япон болон бусад орон руу гахайн цээж, гуяны хамгийн амттай, цэвэрхэн хэсгийг нь гаргаж толгой, гэдэс дотор, хэвлий зэрэг хэсгийг өөрсдөө хэрэглэх болжээ. Нэн ялангуяа хавирга, хэвлийн хэсгийн мах нь өөх тос ихтэй тул харьцангуй хөнгөн хооллолтыг чухалчилдаг Япончууд авахаас татгалзсан байдаг.
Улмаар 1980 он гэхэд хэвлийн хэсгийн махыг экспортод гаргах боломжгүй, доод зэргийн мах хэмээн тодорхойлж байв. Бүр ажилчдын хоол ч гэсэн ойлголт нийгэмд тогтсон байж. Ийм байдлаар 10 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд БНСУ-ын эдийн засаг тогтвортой хөгжлийг үзүүлэн, 1996 он гэхэд нэг хүнд ноогдох ДНБ 13.403 доллар болсон байсан ч 1997 оноос эхлэн Азийн санхүүгийн хямрал нөлөөгөө үзүүлж эхэлсэн байдаг. Ингээд 5 оронтой тоо руу ороод байсан ДНБ буцаад 8000 доллар болтлоо буурч, Солонгосчуудын амьдрал буцаад хүнд болж иржээ. Энэ үеэс Солонгосчууд орон даяар хэмнэлтийн горимд шилжиж, үүнийг дагаад хямд хоолны хэрэглээ тэр дундаа самгёбсалны хэрэглээ огцом нэмэгджээ. Өөрсдийн амталгаандаа тааруулж хэвлийн махыг олон янзаар амталж, шарж идэх болсон бөгөөд хүнд цаг үед гэдсийг нь цатгасан хоол гэх утгаар самгёбсал нь Солонгосчуудын хувьд “Soul food” буюу амин чухал хоол нь болсон байна.
21-р зуун гарснаар Өмнөд Солонгосчууд соёлын контентоороо дамжуулж өөрсдийн нэрийн хуудас болсон самгёбсал, сөжү, кимбаб гэх мэт хоолыг тасралтгүй дэлхийд сурталчилсаар ирсэн бөгөөд үүнийх нь үр дүнд өдгөө дэлхийн өнцөг булан бүрд солонгос хоолыг мэдэхгүй хүн үгүй болжээ.
| Ашигласан материал: |
| South Korea’s Economic Development 1948-1996, 2017, Michael J. Seth. |
| South Korea GDP Per Capita 1960-202, article on Macrotrends. |
| Origin of Food: Pork Belly, article on Cookand. |
| Main Picture: openAI ChatGPT ашиглан бүтээв. |