Б.Одгэрэл: Бидний дэлхийдээ эргүүлээд өгч чадах хайр бол “хүчилтөрөгч”


Чи, би, бид амьдралынхаа туршид дэлхийгээс маш олон хайрыг авсан. Агаар, ус, амьтныг гээд авч болох бүгдийг л авч байна. Дэлхийг сав гэж үзье л дээ. Гэвч хүн тэр савнаас бага багаар юм аваад л байна. Эргүүлээд нэг ч болтугай зүйл өгөхгүй бол тэр сав хоосорно шүү дээ…
-Харин эргүүлээд би юуг өгч чадах вэ, гэхээр чамд юу бодогдож байна?
-Мэдэхгүй. Аав, ээжийнхээ ачийг хариулна даа гэж бодож байснаас дэлхийдээ юу өгнө дөө гэж бодож байгаагүй юм байна. Нээрээ юу өгч чадах юм бол?
-Хүчилтөрөгч.
-Чи жижигхэн ч гэсэн ургамал тарьж чадах юм бол тэр чинь агаарт байгаа нүүрс хүчлийн ислийг багасгаж, хүчил төрөгчийг үйлдвэрлэнэ. Тиймээс дэлхийд эргүүлээд өгч чадах хайр бол нэг ч гэсэн ургамал тарьж ургуулах.
Мянга мянган хүний өмнөөс хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийг явуулж буй “Ойм” ногоон урлангийн үүсгэн байгуулагч Б.Одгэрэлийг бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “Бидний нэг” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцоллоо. Уншигч та ч гэсэн түүний ажлын онцлог, цэцэг, ургамлын ач тусын талаар сонирхолтой мэдээллүүдийг шимтэн уншиж, бидний нэг болоорой.
“Анхны дээд сургуулиа 20 нас хүрээгүй байхдаа төгсөж байлаа”
Ахлах сургуулиа би 15 настайдаа төгссөн. Оюутнууд бичиг баримтаа бүрдүүлээд явж байхад би иргэний үнэмлэх ч үгүй байлаа. Тухайн үед банк санхүүгийн салбарт ажилладаг эдийн засагч болно гээд одоогийн Улаанбаатар Эрдэм Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр 20 нас хүрээгүй байхдаа төгсөж, үүнтэй зэрэгцэн ээж болж байв. Хожим ээж маань намайг:
“Цаг нь болоогүй учралын төлөө
Цагаасаа эрт яарах хэрэггүй гэдэг дууг мэднэ биз дээ” гээд шоолдог. “Ээж ээ, би түрүүлж сургуульд оръё, анги дэвшье гээд байсан дэвшээд дэвшээд хурдтай явах юм болов уу гэсэн чинь хүүхэд гаргаад зогсчих юм гэдэг байж билээ.
![]()
Одоо харах нь ээ, ингэж их яарч, их сургуулиа төгсөж, эрт ээж болсон маань тийм ч буруу шийдвэр байгаагүй. Харин ч том хүүхэд маань илүү бие даасан болж, надад өөрийнхөө карьер, бизнест зориулах цаг хугацаа, боломжууд гарч ирж байгаа. Мэдээж хүн болгоны бодол төлөвлөлт, цаг хугацаа өөр өөр. Зарим хүн 30 хүрээд хүнтэй гэрлэж хүүхэд гаргана гэдэг бол зарим нь арай эрт. Энэ бол тухайн хүмүүсийн л сонголт. Харин одоо бол хүүхдүүд маань надтай найз шиг харьцаж, эргүүлээд намайг халамжилдаг болсон. “Ээж, одоо унтаж амар” гээд л би чинь айлын бага хүүхэд шиг гэртээ тэдэндээ эрхлээд байж байдаг.
“Оймын гол зорилго бол цэцэг ургамлаар дамжуулж хүн болгоны амьдралын чанарыг дээшлүүлэх”
Манайх одоогийн мод үржүүлгийн төслөө эхлүүлж байгаа газар дээрээ ногоо тарьдаг айл байсан юм. Тариаланчид зундаа хашаа татаж, ногоо тарьчхаад хураадаг шиг бид ч бас гэр бүлээрээ эл ажлыг хийдэг байлаа. Зуны амралтаар пойлон дээр очиж чулуу түүнэ. Хар халуунд гадаа чулуу түүж суух нь надад уйтгартай хэцүү санагдаж, ээж ээ, энэ ямар хэцүү, залхуутай ажил вэ гэхэд ээж маань “Залхуугүй юм байдаггүй юм аа, миний хүү” гэж байж билээ. Тэр цагаас эхлээд би газар шороо, ургамалтай холбогдсон юм байна. Гэсэн хэдий ч энэ чиглэлээр ажиллана гэж бодоогүй, бүр төсөөлөө ч үгүй явлаа.
Ээж болохоосоо өмнө би юуг ч анзаардаггүй байлаа. Хүүхэдтэй болсныхоо дараагаар хүүхдийнхээ амьдралын чанар, агаарын асуудалд анхаарч судалдаг болов. Бид амьдралынхаа ихэнх цагийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Дотоод орчны агаарын чанарыг нэмэгдүүлэхэд хамгийн үр өгөөжтэй шийдэл нь тасалгааны цэцэг, ургамал. Тиймээс гэртээ цэцэг, ургамлаа үргэлжлүүлэн тарьж, ургуулахад өмнөхөөсөө илүү анхаарч эхлэв. Цэцэг арчилж ургуулах тусам анхаарал төвлөрөх чадвар нэмэгдэж, илүү өөрийгөө олж хайрладаг юм билээ. Хүн өөрийгөө хайрладаг болсны дараагаар эргэн тойрныхоо хүмүүст санаа тавьж, бусдыг хайрлах сэдэл нь нэмэгддэг юм байна лээ. Үүний дараагаар цэцэг ургамлаар дамжуулж хүн болгоны амьдралын чанарыг дээшлүүлж болох юм байна гэсэн итгэлтэй болсон. Оймын гол зорилго бол энэ. Нэг ч гэсэн хүн цэцэг ургамалд хайртай болж, түүнийгээ ургуулж чадах юм бол байгаль дэлхийгээ хайрлагч хүн нэгээр нэмэгдэнэ. Тийм ч учраас бид мянга мянган хүнийг цэцэг ургамалд дуртай болгож, ногоон хот, ногоон улс, ногоон дэлхийг бүтээж чадна гэдэг итгэлтэйгээр энэ ажлыг эхлүүлсэн.
Нэг цэцэг = Хоёр, гурван сарын цалин
-Эдийн засагч мэргэжилтэй хүн яаж яваад ногоон урлан байгуулах болов. Энэ их сонирхолтой санагдлаа л даа. Тэс хөндлөн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаад л. Тухайн шийдвэрийг гаргасан түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?
![]()
-Би 2008 онд хүүхэдтэй болдог жилээ эдийн засагч мэргэжлээр эхний сургуулиа төгссөн. Их сургуулиа төгсөөд дөрвөн сар нягтлангаар ажиллахад яагаад ч надад тохирохооргүй ажил байв. Би өөрөө шинэ зүйл туршиж, өөрийгөө сорих дуртай. Ямар нэгэн юм туршиж үзээд түүнийгээ даван туулсны дараа сурсан өчүүхэн ур чадвартаа сэтгэл “цаддаг” тийм төрлийн хүн. Гэтэл нягтлангийн ажил хийх юм нь маш тодорхой, нэг сурчих л юм бол тэр ажлаа дахин давтаад хийгээд л уйтгартай санагдсан. Түүнээс хойш дахиж мэргэжлээрээ ажиллаагүй. Ээж болсон учраас ажил хийхгүй гэртээ суудаг учир ургамлуудаа тарьдаг байлаа. Тухайн үед импортын цэцэг ургамлууд ховор байсан учир дийлэнхдээ хүмүүс манай гэрээс ирж цэцэг авна. Нэг өдөр миний өрөөндөө тарьсан цэцгийг “ямар гоё цэцэг вэ, худалдах уу” гэхэд шинэхэн ээжид мөнгөний хэрэгцээ байсан учир толгой дохин тухайн үеийн 2, 3 сарын цалинтай дүйцэхүйц мөнгөтэй болов оо. Ингээд л цэцгээ сайн таривал бизнес болгож болох юм байна гэж бодсон.
Үүнтэй зэрэгцэн цэцэг, ургамлыг шинжлэх ухаанчаар таньж мэдэх хэрэгцээ шаардлагууд надад бага багаар гарч байв. Хэдий би цэцэг авахаар ирсэн хүмүүсийн асуултуудад өөрийн судалж, мэдсэнээр хариулж арчилгааг нь зааж, зөвлөдөг ч энэ талын экспертүүдтэй танилцаж, илүү мэргэжлийн болох хэрэгцээтэй нүүр тулав. Ингээд өөрийн хүсэлтээр 2013 онд ХААИС-д элсэж, 2016 онд 2.5 жилээр агрономич мэргэжлээр төгссөн. Агрономич гэхээр ургамлын шинжлэх ухаанч, инженер л гэсэн үг. Хөрс, гэрэл ус нь ямар байх ёстой, бордоо нь ямар байвал зохистой юм, яаж арчлах вэ гэх мэтээр энэ хөрсөнд тарьсан ургамалд өөр ургамал таривал яах вэ гэдгийг инженерийн түвшинд сэтгэж бодож сурсан. Ингээд л эргэлт буцалтгүйгээр ургамал бол миний дуртай зүйл юм байна гэдгийг мэдэрч өнөөдрийн “Ойм” ногоон урланг байгуулсан.
-2005 оны гуравдугаар сарын 3-ны өдөр “Dream Green service” нэртэй компани гурван хүнтэй байгуулагдаж байсан түүхтэй юм байна лээ. Танайх энэ жил 20 жилийн ойтойгоо золгох гэж байгаа юм байна. Анх ямар чиглэл, хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байв?
-2005 он гээд бодоод үзэхээр би үнэхээр балчир байсан. Манайхан цэцэг ургамал тарьдаг боловч энэ чиглэлийн мэргэжилтэй хүн бидэн дунд нэг ч байгаагүй. Бүгдээрээ л хоббигоороо ажилладаг. Тухайн үед хотын ногоон байгууламж, цэцэг ургамлын соёл тийм ч хүчтэй биш байсан үе. Бид гэр бүлээрээ хотын ногоон байгууламжийн гадна тохижилтын ажил хийдэг болов. Үүнтэй холбоотойгоор компани байгуулах хэрэгтэй болж, 2005 онд гурван хүний бүрэлдэхүүнтэй компаниа байгуулж, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, бусад үед нь хоббигоороо ажилладаг байлаа.
![]()
Аз жаргал бэлэглэгч хамгийн эртний ургамал - ОЙМ
Хотын ногоон байгууламжийн тохижилт хийхэд компани байгуулах зайлшгүй нөхцөл бий болж, шаардлагатай үед ажиллаад бусад үед ажилладаггүй гэр бүлийн уламжлалт хоббиг бизнес, брэнд болгож хөгжүүлсэн нь…
2016 онд би ХААИС-ийг агрономич мэргэжлээр сурч төгсөөд 2017 онд “Ойм” брэндийг үүсгэн байгуулаад илүү олон хүнд ургамлын соёлыг түгээх зорилгоор анхны салбар дэлгүүрээ нээж, хүмүүст танигдаад эхэлсэн. Анх “Dream green, green dream” гэхээр хүмүүст танигдаж, хоногшиход хэцүү байсан учраас монгол нэр өгөх ёстой юм байна гэж бодоод, “Ойм” гэдэг нэр өгсөн. Оймыг цэцгийн нэр гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Уг нь бол аз жаргал авч ирдэг хамгийн эртний ургамал. Навчны амсар ихтэй учраас агаарыг хамгийн ихээр чийгшүүлдэг ач тустай ургамал. Манай нэрийг сонсохоороо хүмүүс “ойн биш ойм юм уу” гэж лавлаж асуудаг заншилтай. Ногоон урлан гэсэн нь ногоон ургамлаар дамжуулаад, илүү артлаг, ургамлыг зөвхөн саванд тарихгүйгээр ургамлан хана, тааз хийж, урладаг газар байя гэж шийдээд “ойм ногоон урлан” болгосон.
Хүн амьдралынхаа 70-80 хувийг дотоод орчинд өнгөрөөдөг. Энэ орчныг цэцэг ургамлаар тохижуулснаар байгалиас авах мэдрэмжүүдийг нөхөх боломжтой бөгөөд ингэснээр ажлын бүтээмж ч дагаад нэмэгддэг байна.
![]()
Цэцэг ургамлын ач тусыг тоочоод дуусашгүй. Хүн ургамлыг усалж, тордох явцдаа давхар оюун санааны бясалгал хийж байдаг. Функциональ үр өгөөжийн хувьд дотоод орчны агаарын чанарт компьютерын хэт ягаан туяанаас гадна агаарт дэгдэмхий хорт бодисуудыг өөртөө шингээдэг. Мөн дуу чимээний бохирдол, тоосжилтоос хүртэл хамгаалдаг ач тустай. Сэтгэл зүйн үр өгөөжийн хувьд хүн өөрөө байгалийн амьтан. Бид чинь яг одоодоо байж чаддаггүй тэвдүү улс. Хүнтэй ярилцаад, ямар нэгэн хурал зөвлөгөөнд сууж байхдаа маргааш юу хийх талаараа бодож тархиа ачааллуулдаг. Тэгэхээр цэцэг ургамалд дурлаж, арчлах юм бол өөрийгөө олж, тайвшралыг мэдэрч чадна гэсэн үг. Нөгөөтээгүүр ургамлын ногоон өнгө хүнийг тайвшруулж байдаг.
Чи дэлхийг аврах бизнес хийж байгаа гэдэгт итгээрэй…
Цэцгийн бизнесийг хүмүүс харахдаа эмэгтэйчүүд ажилладаг цэвэрхэн, хөнгөн ажил гэж боддог. Би ч тэдний нэг. Гэвч начир дээрээ цэцгээ үрслүүлж, арчиж тордохоос эхлээд хөрс, шороотойгоо холилдоод явж байдаг маш завгүй ажил болох нь түүнтэй ярилцахаар орж ирсэн эхний таван минутад ажиглагдаж байв. Үнэхээр цэцэг ургамалд хайртай, дуртай хүн л хийхгүй бол амаргүй ажил юм санж.
Том том цэцгүүдээ өргөж нааш цааш зөөхөөс эхлээд эрэгтэй хүний орон зай зайлшгүй хэрэгтэй болдог. Одоогийн байдлаар манай урлангийн цэцэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд хэдий ч цэцэг ургамлаар хана хийх тохижилтын ажлуудад эрэгтэй ажилчид түлхүү оролцдог. Миний гол зорилго бол ногоон ургамлын соёл, үнэт зүйлийг түгээх. Ажилчдадаа хүртэл манайх зүгээр л нэг ургамал тарьж ургуулаад, зардаг бизнес биш шүү. Хэдүүлээ хүмүүсийн амьдралын чанарыг нэмэгдүүлж байгаа. Чи дэлхийг аврах бизнес хийж байгаа гэдэгт итгээрэй гэж захидаг. Би ч гэсэн ийм амбиц, зорилготойгоор энэ салбарт хаа хол эдийн засгийн салбараас урваж орж ирсэн.

Амжилтыг Уинстон Черчилль урам зоригоо алдалгүйгээр бүтэлгүйтлээс бүтэлгүйтэл рүү шилжих явдал гэж тодорхойлсон байдаг. Түүний хувьд нээлттэй сэтгэлгээ, хамтрал, тууштай байдлыг Оймын амжилтын нууц гэж тодотгов.
2016 онд оймыг үүсгэн байгуулаад “Ногоон баатар” хэмээх хамтралыг бий болгож, тэдэн дундаас амьдралынхаа найзуудыг хүртэл олсон тухайгаа ч бидэнд хуваалцсан юм. Тэд Монгол дахь ногоон оффисуудыг судалж, арга хэмжээ зохион байгуулан, “ногоон” гэдэг ойлголтыг цэцэг ургамал тавьж, ногоон харагдахаас илүүтэйгээр хүмүүсийн хандлага нь өөрчлөгдөж, наад зах нь оффисынхоо гадна дугуйн зогсоолтой байхаас эхлээд, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал дээр анхаарахыг хэлдэг юм байна гэдгийг мэдэж авчээ.
“Манай нийгэмд зорилгынхоо боол болчихсон хүмүүс олон. Би ч тэдний нэг”
Өмнө нь илүү санхүүгийн эрх чөлөөнд хүрчих юм сан гэдэг бодолтой байсан. Харин одоо дотоод амар амгаланг олж, олон зүйлд санаа зовж сэтгэлээ чилээдэггүй болох сон гэх нууцхан хүсэлтэй болчхоод байгаа. Анзаараад харахаар манай нийгэмд зорилгынхоо боол болчихсон хүмүүс олон. Би ч тэдний нэг. Тийм борлуулалт хийнэ, тэр түвшинд очно, энэ ур чадвараа сайжруулна гэхээсээ илүүтэйгээр зорилгынхоо гадна гарч, зорилгодоо хэт авталгүйгээр ажил амьдралаа зохицуулж, аз жаргалыг хийж байгаа зүйлээсээ мэдрэхийг хүсэж байна.
“Махнаас үнэтэй цэцэг гэж юу байсан юм”
-Санхүүгийн нөөцийг удирдаж болох ч хүний нөөцийг удирдахад хэцүү шүү дээ. Тухайн хүнийг ойлгож, ажилдаа тогтоон үлдээж, ая тухтай орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг сүүлийн үед томоохон байгууллагууд ойлгож, тохижилт дээрээ илүү анхаардаг болсон юм байна. Энэ 20 жилийн хугацаанд массын ногоон байгууламжид хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
![]()
-2005 онд хүмүүс цэцэг ургамал тарьж ургуулах соёлыг тэр бүр мэддэггүй байлаа. Харин 2018-2019 ойм хөл дээрээ тогтож эхэлж байх үед хүмүүс цэцэг, ургамал хүний амьдралын чанарт нөлөөлдөг юм байна гэдгийг илүү ойлгодог болчихсон юм шиг санагдсан. Анх цэцгээ зардаг байхад махнаас үнэтэй цэцэг гэж юу байсан юм гэж шүүмжилдэг байсан. Харин одоо бол илүү үр өгөөжийг нь мэдэрч хүлээн зөвшөөрдөг болж массаараа цэцэг ургамал тарьж ургуулах ногоон соёл манайд дэлгэрээд байгаа. Худалдан авагч нар бол янз янз шүү дээ. Зарим нь даган дуурайдаг бол зарим нь трендээ дагадаг, зарим нь үнэхээр цэцэг ургамалд дуртай.
Хөргөгчөө дүүргэсэн дээр үү, нэг цэцэг тарьсан нь дээр үү?
Манай улс 1924 оноос хойш буюу одоогоос 100 жилийн өмнө суурин соёл иргэншилтэй болсноор ногоон соёл бий болсон түүхтэй. Энэхүү гэртээ тасалгааны цэцэг, ургамал тарих соёлыг манайд оросууд нэвтрүүлсэн байдаг. Харин одоо бол илүү глобалчлагдаж, гаднын орнуудаас агаарын чанар сайжруулдаг төрөл бүрийн ургамлыг оруулж ирээд, сүүл рүүгээ цэцэгчид ургамлын ховор сортуудад өөр өөр залгаас хийн, нэр төрлийг нь хөгжүүлээд явж байна.
Цэцэг ургамлын салбар бол манайд харьцангуй хөгжиж байгаа шинэ салбар. Бид чинь хөргөгчнийхөө асуудлаас салаагүй байгаа улс шүү дээ. Тэгэхээр ногоон ургамлыг анхдагч хэрэгцээ гэдгийг хүлээн зөвшөөрөх нь цаг хугацааны асуудал. Хөргөгчөө дүүргэсэн нь дээр үү, нэг цэцэг тарьсан нь дээр үү? Гэвэл Маслоугийн гурвалжингаар бол идэх амьдрах хэрэгцээнүүд хамгийн эхэнд байдаг шүү дээ. Гэвч цэвэр агаараар амьсгалахад суурь хэрэгцээ маань ногоон орчин буюу хүчил төрөгч гэдгийг хүмүүс яваандаа ойлгоно гэж итгэдэг.
Шигтгээ: Цэцэг ургамлын нэрийг хэн нэгэн хүн хүссэнээрээ таагаад нэрлэчихдэггүй. Сонирхолтой мэдээлэл хуваалцахад шинээр орж ирж байгаа ургамлын нэрийг өгөхдөө латин нэршлүүдийг нь үзээд, латин нэртэйгээ авцалдаж байна уу гэдгийг хэл шинжлэлийн хүрээлэнгийн мэргэжилтэн судлаад, монгол бичгээр бичиж өгдөг байна.

Үйлчлүүлэгчдийн гаргадаг нийтлэг алдаа
Арчлах явцдаа ихэнх худалдан авагч нар алдаа гаргадаг. Дэлгүүрт бид өдөр болгон нэг захаас нь услаад, шарласан хэсгийг нь түүж, хөрсийг нь цэвэрлэдэг. Гэвч дэлгүүр дээр гоё байж байсан цэцэг үйлчлүүлэгч дээр очихоороо усалгаа, арчилгаа нь мартагддаг. Дадал суугаагүй хүмүүс “өө, услахаа мартчихсан байна шүү дээ. Долоо хоногт нэг усалсан гэдэг”. Тэгэхээр ургамлыг амьд организм гэдгийг хүлээн зөвшөөрөөд, хатаад ирэхээр нь услаад хааяа нэг навчных нь тоосыг арчаад, нар руу харуулж тавиад харьцах тусмаа гоё өгөөжүүдийг авна. Амьтан тэжээдэг хүмүүс хооллож, салхилуулахаа мартдаггүй шүү дээ. Үүний нэгэн адил амьд гэдгийг нь мартахгүй байх хэрэгтэй. Алдаж байж хүн суралцдаг гэдэг шиг нэг навчийг нь шарлуулсны дараагаар яагаад байгааг нь туршлагаараа онож мэднэ гэдэг шиг, хийж үзэж байж л ойлгодог.
Хэрэглэгчдийн гаргадаг өөр нэг алдаа нь цэцэглэчихсэн цэцэг авах гээд дурлах. Цэцгийн хугацаа өөрөө богино. 7-14 хоногийн хугацаанд цэцэглэдэг. Бусад үед ногоон масстай байдаг учир навчны хэлбэр дүрс, ач тусын талаар өөрийнхөө интерьерт тохирсон ургамлыг цэцэгчин мэргэжилтнүүдээс асуугаад авах юм бол урт хугацааны туршид түүндээ дуртай байна. Зөвхөн цэцэгт нь дурлаад авчих юм бол цэцэглэхгүй үед сэтгэл ханамж буурдаг учраас худалдан авалт хийхдээ худалдааны зөвлөхүүдээс асуух хэрэгтэй. Жижигхэн ч хамаагүй үр үрсэлгээ аваад тарьж үзээрэй. Гоё цэцэг гэхээсээ илүү ач холбогдлыг нь харж, агаар цэвэршүүлдэг, модлог ургамлууд илүү сонгоосой гэж бодож байна. Анхлан цэцэг тарьж байгаа бол мөнхрөө, удан бор гэдэг ургамлуудаас эхэлбэл зохистой. Эдгээр нь хамгийн арчилгаа багатай ургамал. Долоо хоног услахаа мартсан ч байж л байдаг. Мөнхрөө, удан борыг тариад сурсан хүн бол ямар ч ургамлыг үргэлжлүүлээд тарьж чадна.
![]()
Оймын үнэ цэн, түүний итгэл үнэмшил
Үйлдвэрлэлийн хувьд манай улс 4 улиралтай учир тасралтгүй үйл ажиллагаа явуулахад нэлээн хүндрэлтэй. Ялангуяа хүлэмжийн аж ахуй эрхлэхэд халаалтын асуудал болон эдийн засгийн хувьд илүү их зардал гардаг. Анзаарах юм бол манайд жилийн 12 сарын зургаад нь хүйтэн байдаг. Энэ төрлийн бизнес яг л субботник шиг. Зуны улиралд бага өртгөөр тарьдаг ч өвөлд илүү их өртөгтэй. Салбарын хувьд Хөдөө аж ахуй, тэр дундаа ногоон ургамлын салбар цалин урамшууллын хувьд сүүлээсээ гуравт ордог. Салбарын мэргэжилтнүүдийг авъя гэхэд төгсөгчдийн тоо бага. Энэ салбар руу оръё гэхээр шороо будаатай холилддог мэргэжил гэж залуу үеийнхэн ойлгоод байдаг. Тэгэхээр энэхүү ойлголтыг халж, Оймоор дамжуулан илүү тренд мэргэжил болгон сурталчилж, хүмүүст хэрэгтэй ашиг тустай ажил хийж болдог гэдгийг харуулахыг хичээж байна.
Тэртээ тэргүй мэргэжлийн үнэ цэнийг таниулчих юм бол залуус хүссэн хүсээгүй энэ салбар руу олноороо орж ирнэ. Маш сайн хөл бөмбөгчин байгаа болохоор хүүхдүүд тэр тамирчин шиг мундаг болно гэдэг. Үүн шиг Ойм дараагийн маш сайн агрономичийг бий болгохын тулд тренд бий болгохоор зорьж явна.

“Би залууст сургамжлахаас илүү тэднээс суралцдаг”
Энэ чиглэлээр сурах гэж байгаа бол бизнес эхлүүлж, ажилд орох гэхээс илүүтэйгээр энэ мэргэжил цэцэг, ургамал, байгаль дэлхийтэйгээ холбогдож мэдрэмж авдаг мэргэжил. Дэлхий дээр энэ талыг судалсан туршигдсан маш олон судалгаа, бизнесийн санаа, түүх соёлууд байгаа учраас зөвхөн Хөдөө аж ахуй, газар тариалан гэж харахгүйгээр цэцэг ургамлын соёлыг олон талаар түгээх боломж байгааг хараарай. Хүмүүст гоё мэдлэг олгож болж байна. Мөн өөр ямар нэгэн мэргэжлээр хувирч ажиллахад суурь хэрэгцээндээ үүнийг сурчихсан байхад илүүдэхгүй. Тиймээс үнэхээр ургамалд дуртай, тэр нь чамд мэдрэмж төрүүлдэг бол заавал сурч үзэхийг зөвлөж байна.
Мөн залуусыг хандлагын хувьд байгаагаараа байхыг хүсдэг. Хүмүүс Z үеийнхэн хэцүү, төвөгтэй гэдэг боловч миний хувьд та нар үнэхээр чадварлаг. Төрөлхийн ур чадвар, өгөгдлүүдтэй. Бусдыг боддог нинжин сэтгэлтэй. Хүнд төвөг уддаггүй зан чанартай. Хүнд төвөг удахгүй байна гэдэг чинь л маш том ур чадвар шүү дээ. Тиймээс залуу үеийнхнийгээ тууштайгаар өөрийнхөө дуртай зүйлд цагаа зарцуулж, одоодоо байгаарай гэж зөвлөмөөр байна. Хэт их зорилт, шаардлага тавиад түүндээ хүрэх гэж өөрийгөө шахаж, бусадтай өөрийгөө харьцуулалгүй бусдын бодолд биш өөрийнхөө бодол үнэлэмжид төвлөрөөрэй гэж зөвлөе. Би бол төрөлхийн бор төрчихсөн. Бага байхдаа хөөрхөн цагаан царайтай барби шиг байхыг л хөөрхөн гэж боддог байсан бол харьцангуй өөрийнхөө дуртай зүйл, өөрийгөө олоод эхлэхээр өөрийгөө голохоо больсон. Тиймээс өөрийгөө хайрлаж, өөртөө хайртай хүндэтгэлтэй харьцаарай гэж хэлмээр байна. Гэхдээ би залууст сургамжлахаас илүү тэднээс суралцдаг.
![]()
Оймын гол зорилго бол цэцэг, ургамлаар дамжуулж хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх. Нэг ёсондоо ургамал анхдагч хэрэгцээ гэдгийг нийгэмд ойлгуулж, байгальтай харьцах соёлыг бий болгох. “Том зорилготой хүн жижиг чулуунд бүдэрдэггүй” гэдэг шиг дэлхийг аврах бизнес эхлүүлж байгаа түүний хувьд алдаа, бүтэлгүйтэл болгоноо амжилт гэж харж, урагшаа нэг биш нэлээн хэд алхдаг гэнэ. Эхлүүлсэн ажилдаа хайртай, үр өгөөжийг нь мэддэг төдийгүй олон нийтэд таниулж яваа “Ойм” ногоон урлангийн үүсгэн байгуулагч Б.Одгэрэл энэ удаагийн Бидний нэг боллоо. Ярилцлагыг уншиж бидний нэг болсон уншигч та ч гэсэн дэлхийг аврахад өөрийн хувь нэмрээ оруулаарай.