Хүний дутууг гүйцсэн нэг нь гүйцээнэ


Хүмүүс надаас аль нутгийн хүн бэ гэхээр би энэ гүүрэн дээр л 68 жилийг өнгөрөөж байна гэж хариулдаг. Нэгдүгээр амаржих газарт төрсөн, бага байхдаа энэ гүүрний дор загас, жараахай эргүүлж тоглодог байлаа. Өвөл болохоор эсгий гуталтай, лааз өшиглөж тоглоно. Миний амьдрал өөрөө энэ гүүртэй холбоотой юм шүү дээ.
Дэлгүүрт маань янз янзын л хүн орж ирнэ.
![]()
Ууртай, уургүй, инээсэн, инээгээгүй гээд л. Уйлсан хүн ч орж ирдэг. Үйлчилгээний газар тийм л байдаг. Тэр болгоныг өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг л, яаж тэр хүнтэй мэндлэхээс эхлээд яаж үдэж гаргах нь их чухал. Гомдсон хүн орж ирээд инээгээд гараасай, уурласан хүн орж ирвэл уур нь гараасай л гэж боддог. Нэг охин орж ирээд "Өнөөдөр их сайхан өдөр байлаа, өглөө найз залуутайгаа жаахан маргасан юм. Гэхдээ өглөө танай дэлгүүрээр ороод гарахад таны хэлсэн дулаахан үгсийн ачаар тэр өдөржин сэтгэл өег явлаа." гэж байсан.
Хүмүүсийн харилцаа 90-ээд оноос өмнө бол сайхан байлаа. Сүүлийн үед хүмүүс их ууртай, бухимдалтай болоод байна даа. Өнөөдөр жаргалтай юм шиг амьдарч байгаа хүмүүс цаанаа ямар ч байгаа юм. Дээгүүрээ л нэр хүндээ өргөөд байдаг. Жирийн нэг хүүхэд ч улс орныхоо нэг төрийг дэлхийд гайхуулж байна шүү дээ. Тийм учраас бид нар бие биеэ л хүндлэх хэрэгтэй. Энэ цаг үед чинь стресс багатай, аль болохоор л бие биедээ дэм өгч амьдрах ёстой юм уу л гэж өвөө нь боддог юм.
Бусдыг хүндэлнэ гэдэг тухайн хүнийхээ нэр төрд халдахгүйгээр өөрийнхөө нэр төрийг ч дээдэлж байгаа хэрэг. Хэрэлдэх нэг өдөр байхад хүн ухаантай юм чинь эвлэрэх нэг өдөр байдаг л байхгүй юу.
Хүний дутууг гүйцсэн нэг нь гүйцээнэ. Гүйцсэн нэгнийх нь дутууг дутуу нэг нь гүйцээх нь хорвоогийн жам ёс л юм даа.
Уг ярилцлага нь"Global Dignity Day" буюу "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн хүрээнд хийгдсэн бөгөөд уг санаачлагын гол зорилго нь хүн бүрийн төрөлхөөс заяагдсан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршино.
Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Урнаа
Гэрэл зургийг: Э.Тайчар