Залуусын орон зай

Spotify хэрэглэгчид хүсэлтээ тайлбарлан бичиж, плэйлист үүсгэх боломжтой болжээ

Г.Цэнд-Аюуш2025.12.223 минут унших
Spotify хэрэглэгчид хүсэлтээ тайлбарлан бичиж, плэйлист үүсгэх боломжтой болжээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Spotify анх удаа хэрэглэгчдэдээ платформын алгоритмыг хэрэглэгч өөрөө удирдах боломжтой шинэ туршилтын функцээ танилцууллаа. “Prompted Playlist” нэртэй энэхүү боломж нь сонсогчдын тавьсан хүсэлт, логик дээр тулгуурлан плэйлист үүсгэж, Spotify хэрхэн контент санал болгодог тэрхүү алгоритмыг хэрэглэгч өөрөө чиглүүлэх боломжтой аж.

Өдгөө Spotify дэлхий даяар 713 сая хэрэглэгчтэй, тэдний 90 хувь нь уг платформыг өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэсэг гэж үздэг байна. Тус компани өмнө нь Discover Weekly, Release Radar зэрэг автоматаар санал болгох боломжуудаар дамжуулан хэрэглэгч бүрд тохирсон сонголтыг санал болгодог байсан бол энэ удаа нэг алхам урагшилж, алгоритмд шууд нөлөөлөх боломжийг хэрэглэгчдэд олгожээ.

Prompted Playlist нь хэрэглэгч яг юу сонсохоо үгээр тайлбарлан бичих боломжтой шинэ төрлийн плэйлист юм. Жишээлбэл, “сүүлийн таван жилд хамгийн их сонссон уран бүтээлчдийн дуунаас, өмнө нь сонсоогүй бүтээлүүдийг оруул”, “5 км гүйлтэд тохирсон, эхэн хэсэгтээ эрч хүчтэй, сүүл рүүгээ тайвшруулах төрлийн хөгжмүүдийг цуглуулаарай” гэх мэт хүсэлтээ бичихэд хэрэглэгчийн мэдээлэл дээр тулгуурлан плэйлист бүрдүүлэх аж.

Spotify-аас тайлбарласнаар энэхүү боломж нь зөвхөн одоогийн сонирхлоор хязгаарлагдахгүй, хэрэглэгчийн анхны бүртгэлээс хойших бүх сонссон бүтээлийн түүхийг харгалзан үздэг бөгөөд хэрэглэгч хүсвэл бичсэн prompt-оо засах, шинээр эхлүүлэх, плэйлистийг өдөр бүр эсвэл долоо хоног бүр шинэчлэх боломжтой гэнэ.

Түүнчлэн плэйлист дэх дуу бүрийн ард яагаад санал болгосон тухай тайлбар дагалдах бөгөөд энэ нь плэйлистийг “амьд”, суурьтай сонголт мэт мэдрэмж төрүүлэх аж.

Prompted Playlist нь арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэн Шинэ Зеландын Premium хэрэглэгчдэд туршилт байдлаар нэвтэрч эхэлж байгаа юм байна. Туршилтын явцад хэрэглэгчдийн хариу, хэрэглээний хэв маягт үндэслэн уг боломжийг бусад улс оронд үе шаттайгаар нэвтрүүлэх төлөвтэй байна.

Spotify энэхүү шинэ боломжийг хувийн тохиргоо, соёлын мэдрэмж, уян хатан алгоритм руу чиглэсэн илүү том өөрчлөлтийн эхлэл гэж тодорхойлжээ. Тус компанийн зүгээс сонсогчид илүү их хяналттай, илүү ухаалаг, илүү хувийн Spotify-ыг бүтээх боломжтой болгохыг зорьж буйгаа онцолсон байна.

Эх сурвалж: Spotify

Холбоотой нийтлэлүүд

Spotify хэрэглэгчид хүсэлтээ тайлбарлан бичиж, ... | Posted