Түүх, соёлын нууцыг мөнхөлсөн урлагийн сод бүтээл “Өвгөн хуурч”


Өнөөдөр монгол түмний бахархалт өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөртэй холбогдуулан бид Монголын дүрслэх урлагийн үнэ цэнтэй, үндэсний өв болсон нэгэн нууцлаг атлаа гайхамшигт бүтээлийн талаарх судлаачдын дэвшүүлдэг сонирхолтой өнцгүүдийг дэлгэж байна. Энэ бол Ардын зураач, Төршийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Үржингийн Ядамсүрэнгийн 1958 онд бүтээсэн “Өвгөн хуурч” юм.
Бидэнд хэдийнээ танил болсон, морин хуураа татан суугаа буурал өвгөний хөрөг ардын язгуур урлагийн төлөөлөл үү, эсвэл цаг төрийн хатуу хяналт дор нууцаар мөнхөлсөн Чингис хааны дүр үү?
Зураачийн зам мөр: Дорно, өрнийг хослуулсан шинэчлэл
Хорьдугаар зууны Монголын дүрслэх урлагийн хамгийн тод оддын нэг Ү.Ядамсүрэн (1905–1987) уг бүтээлийг туурвих үедээ өрнө, дорнын урлагийн арга барилыг хослуулан эзэмшсэн байлаа. Тэрбээр бага наснаасаа зураач авга ахынхаа дэргэд бурхан зураг, номын бар сийлэхэд суралцаж, үндэсний уламжлалт монгол зургийн нарийн ухаанд суралцсан түүхтэй. Хожмоо Зөвлөлтийн Москва хотноо В.И.Суриковын нэрэмжит уран зургийн академийг дүүргэж, социалист реализмын арга барилыг төгс эзэмшсэн ч, 1950-иад оноос Европын тосон будгийн реализмаас татгалзсан байдаг. Зураач эртний шүтээн зургийн уламжлалыг сэргээн, монгол зургийн шинэчлэгдсэн хэв маягийг үндэслэж, тод өнгө, хавтгай дүрслэл, угсаатны зүйн нарийн бэлгэдлийг уран бүтээлдээ чухалчлах болжээ.
Амьд натур ба хосолмол техник
Ү.Ядамсүрэн уран бүтээлийнхээ ид оргил үе буюу 53 насандаа (1958 он) 80х60 см хэмжээтэй энэхүү алдарт зургаа туурвижээ. Уг бүтээлийн гол дүр нь түүхэн бодит хүн дээр үндэслэсэн бөгөөд Гандангийн Дашчоймбол дацангийн хувраг асан, улс төрийн хатуу хяналтын улмаас лам хувцсаа тайлсан Цэрэннадмид хэмээх буурлыг натур болгожээ. Зураач бүтээлээ туурвихдаа монгол зургийн нарийн дэг жаягийг баримталж, нимгэн цаасан дээр дэвсгэр өнгө тавин, нарийн бийрийн хар зураасаар дүрсээ татаж, байгалийн шороон будгаар өнгө таглан, дагнаас уусгалтаар гэрэл сүүдэр гаргасан нь уламжлалт зургийн аргыг реалист хэв маягтай төгс хослуулсны илрэл юм.
![]()
Энэхүү бүтээл нь зураачийн дорнын ба өрнийн урлагийн хэв маягийг хослуулсан гарамгай шийдэл болсон юм. Зураач шашны шүтээн зургийн төвлөрсөн зохиомжийн зарчмыг баримталж, гол дүрийг тогтвортой, эрхэмсэг байрлуулсан төдийгүй монгол зургийн арга барилд европын уран зургийн орон зайн болон алслалтын онолыг ухаалгаар нэгтгэн, шинэ хэв маягийг бий болгожээ.
Уран дүрслэл дэх үндэсний өв
Зургийн төвд монгол хүмүүний уугуул өнгө төрхийг цогцлоосон буурал өвгөн, хээ угалз бүхий олбог дээр бохирон сууж, номин цар, ногоон толгойтой морин хуураа татан сууна. Зураач гүн утга бэлгэдлийг шингээсэн уран бүтээлдээ хуурчийн дээлийн хуниас, арьсны үрчлээ, сахал үсний нарийн дүрслэл, бүс, хэт хутганы чимгийг чөлөөт реалист аргаар маш нягт нямбай гүйцэтгэжээ. Эгэл атлаа эрхэмсэг энэхүү зураглалаас бид тухайн цаг үеийн монгол үндэстний аж байдал, соёлын үнэ цэнийг гэрчлэх түүхэн баримтыг харж болдгоороо онцгой юм.
![]()
Туульч өвгөний харц хэдийгээр үзэгчийг ширтэж буй ч, нүүрнийх нь төвлөрсөн хөдөлгөөн, амаа жимийлгэсэн байдал нь агуу түүхийг хайлахад бэлтгэж буй сэтгэл зүйн агшныг илэрхийлж буй мэт. Морин хуураас зүүсэн самбай хадаг нь нарийн дүрслэлтэй бөгөөд хуурын цараас ая дуу аль хэдийнээ гарч эхэлснийг ёгтлон харуулжээ. Энэхүү бүтээл нь олон оронд тархаагүй Монголын соёлын биет бус өв болох тууль хайлах, ерөөл магтаал хэлэх, аман түүх өгүүлэх зэрэг уламжлалыг хадгалан үлдээгч өвлөн уламжлагчийн дүрийг мөнхөлснөөрөө давхар ач холбогдолтой юм.
Өвлөн уламжлагч монгол хуурч уу, Их эзэн Чингис хааны хөрөг үү?
Харин хөргийн гол дүр болох урт цагаан сахалтай буурал өвгөнийг анхааралтай ажиглавал, түүний өмсгөл зүүсгэл нь энгийн ардын дүрээс эрс ялгардаг. Тэрбээр хар булган малгай, луун хээтэй улаан хамбан дээл, ногоон дурдан бүс, хэт хутга зүүж, угалз хээтэй ширмэл эсгий ширдэг дээр бохирон суусан нь язгууртан, цаашлаад хаан хүний өмсгөл зүүсгэлийг илтгэдэг хэмээн судлаачид үздэг.
Түүнчлэн, түүний хөгжим болох морин хуурын толгой нь сартай морины сийлбэртэй, царан дээр нь өлзий угалз хээг дүрсэлсэн нь өлзийт төрийн бэлгэдэл гэж судлаачид тайлбарладаг байна. Энэхүү бүх элементүүд нийлж, уг бүтээлийг зөвхөн хөрөг зураг бус, үндэсний их түүхийг агуулсан ёгт зураг болгожээ.
![]()
Энэхүү таамаглалыг батлах гол нотолгоог урлаг судлаачид зураач Ү.Ядамсүрэнгийн өөрийнх нь уран бүтээлээс олж хардаг. Тухайлбал, түүний 1940-өөд онд бүтээсэн "Чингис хааны хөрөг" зургийг "Өвгөн хуурч"-ийн дүртэй харьцуулан үзэхэд, хоёр дүрийн хоорондох дүрслэл маш төстэй байдаг аж.
Тодруулбал, 1940-өөд оны хөрөг дээрх Их Хааны булган малгай, нүүрний хувирал, нүдний харц зэрэг нь "Өвгөн хуурч"-ийн дүрслэлтэй тун төстэй. Энэ нь хоёр бүтээл дээр нэг хүний дүрийг ашигласан гэх үзэл санааг улам баталдаг байна. Урлаг судлаачид, зураач Ү.Ядамсүрэн тухайн үеийн үзэл суртлын хяналт чангарсны дараа буюу арав гаруй жилийн дараа өмнө нь ил тод зурсан хааны дүрээ ардын авьяастны дүрээр дүрсэлж, хойч үедээ үлдээсэн гэж таамагладаг нь түүхэн нөхцөл байдалд нийцсэн тайлбар юм. Ийн үзвээс тухайн цагт "феодализмыг сурталчиллаа" хэмээн буруутгагдахаас сэргийлж, зураач Их хааныхаа дүрийг ардын авьяастны дүрд хувирган, хойч үедээ өвлүүлэн үлдээсэн байх магадлалтай ажээ. Урлаг судлаач О.Доржготовын тодорхойлсноор "зохиомж, өнгөний төгс шийдэл" энэхүү бүтээл Монголын урлагийн сор болон гялалзсаар байна.
Иймд "Өвгөн хуурч" бол Монголын дүрслэх урлагийн түүхэнд шинэчлэл, өв уламжлал, улс төрийн үнэн зэрэг олон давхаргат утгыг нэгэн зэрэг шингээсэн хосгүй бүтээл юм. Мөн. Уг бүтээлийг тойрсон урлаг судлаачдын олон талт байр суурь нь бүтээлийн үнэ цэнийг тодорхойлдог бөгөөд, энэ нь түүх, соёлын өвийг өөртөө багтаасан үндэсний үнэт өв мөн.