Чихрийн цаас "Цаас биш" гэхдээ яагаад?
Бичвэр эхлэхийн өмнө нэг зүйлийг төсөөлөх гээд үзье.
Та чихэр идлээ. Идэж дуусаад хаях гэхэд таны өмнө “Гялгар уут”, “Цаас” болон “Бусад хаягдал” гэсэн хог хаягдлын алинд нь хаях вэ? Хэрэв та хариултыг нь шууд хэлж чадахгүй хэсэгхэн эргэлзсэн бол энэ нийтлэлтэй хамт байгаарай.
Хог хаягдал бол бидний хамгийн сайн мэддэг юм шиг хэр нь яг цөм рүү нь орж эхлэх үед дээрх асуулт шиг эргэлзээ төрүүлэх жижиг зүйлс ихтэй сэдэв байдаг. Байгалиа хайрлах, байгальдаа ээлтэй амьдрах тухай ярьж эхлэхэд олон сэдэв хөндөгддөгийн нэг нь хог хаягдал юм. Манай улсын хувьд хөгжиж буй орнуудын адилаар энэ салбарын эргэн тойронд үүсдэг олон бэрхшээлийн нэг нь олон нийтийн дундах зөрүүтэй ойлголт байдаг. Яг л дээрх асуулт шиг... .
Тооны хэлээр илэрхийлбэл:
Дэлхийн хүн амын өсөлттэй зэрэгцэн өссөөр буй нэг зүйл бол хог хаягдал яах аргагүй мөн. Өнгөрсөн 2020 онд гэхэд л дэлхийн хүн ам нийт 2.24 тэрбум тонн хаягдал үүсгэжээ. Харин цаасны хаягдлын тухайд, зөвхөн АНУ-д л гэхэд жил бүр ойролцоогоор 2.6 тэрбум фунт стерлингийн чихрийн цаасыг хаядаг бөгөөд энэ нь 40 хөлбөмбөгийн талбайг хангалттай бүрхэх хэмжээ юм. Нөгөөтээгүүр хогийн цэгт хаягдсан нийт хаягдлын 26 хувь, хотын хаягдлын 33 хувь нь дээрх олон төрлийн цаасны хаягдал байдаг. Хогийн цэгт хаягдсан цаасны хаягдал задрахад олон жил шаардагдах бөгөөд бусад хаягдалтай энэ явцад хортой метан хийг ялгаруулж, хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулааралд нөлөөлж эхэлдэг.
Цаас гэсэн болгон цаас биш гэх ойлголтын тухайд: Гол ялгаа нь дахин боловсруулах боломжтой болон боломжгүй хаягдлын алинд нь орж байгаа вэ? гэдгээс шалтгаална. Цаасны хаягдал бол гарын доорх материалаар болон үйлдвэрийн технологи ашиглан дахин боловсруулах боломжтой гол хог хаягдал юм. Монголд цэвэр, уусанд уусдаг цаасыг дахин боловсруулдаг үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг учраас энэ хаягдлыг ангилахад ач холбогдол өгөх хэрэгтэй. Нэг тонн цаасны хаягдлыг дахин боловсруулахад 17 модыг хамгаалах боломжтой байдаг. Харамсалтай нь бидний амьдрахуйн ярианы хэв маягт олон жилийн турш хэлэгдэж ирсэн буруу хэллэгээс болж дахин боловсруулах боломжтой хаягдал руу буруу хаягдал хийдэг. Жишээлбэл, Чихрийн цаас нь ихэвчлэн хуванцар, мөнгөлөг бүрэлт, тугалган материал гээд дангаараа биш өөр олон төрлийн материалын холимог байдаг учраас дахин боловсруулах боломжгүй болдог. Харин хүмүүс дунд байдаг ойлголтын зөрүү нь “Чихрийн цаас”-ыг “Цэвэр цаас”-тай андуурч, буруу хогийн сав руу хийчихдэг. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг амны цаас (салфетка), 00 цаасыг ч “Цэвэр цаас”-тай андуурах нь бий.
Бяцхан түүх:
Одоогоос 100 хүрэхгүй жилийн өмнө энгийн цаасанд л чихэр, амттаныг боон худалдаанд гаргадаг байсан. Харин орчин үеийн чихрийн цаас бол зах зээлд олон тоогоор борлуулж, ашиг олохын тулд хүмүүсийн анхаарлыг татах зорилготой ажээ. Бяцхан түүх сөхвөл чихрийн үйлдвэрүүд сав баглаандаа шинэлэг арга барил ашиглаж эхэлсэн үе нь дэлхийн 2 дугаар дайн байдаг бөгөөд дайны үеэр цэргүүдэд урам зориг, сэтгэлийн дэм өгөх уриа, бичвэр ашиглаж эхэлсэн гэнэ. Харин дайны дараа технологийн хөгжил, дэлхийн чиг хандлагыг дагаж, өнөөгийн зураг, будгаар дүүрсэн өнгө өнгийн чихрийн цааснууд гарч иржээ. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд байгальд ээлтэй, тогтвортой сав баглаа боодлын чиг хандлага нэмэгдэж байгаа нь чихэр үйлдвэрлэгчид шинэлэг материал, боодлын загварыг судлах, хариуцлагатай үйлдвэрлэл рүү чиглэхэд хүргэж байгаа юм. Ургамлын гаралтай материалаар хийсэн биологийн задралд ордог боодлоос эхлээд тариалалтад үрээр шингэсэн цаасны үүрэг гүйцэтгэдэг сав баглаа боодол хүртэл гарч ирж байгаа нь чихрийн цаасны хувьсал 100 жилийн өмнөх рүүгээ буцаж байгаа гэлтэй.
Эцэст нь, амттан худалдаж авахдаа ч ямар төрлийн цаас ашигласан гэдгийг нь сониучирхан харж, намайг идээд дууссаны дараа энэ цаас хаана очиж, хэр хугацаанд газрын хөрсөн дээр орших бол гэдгийг хөнгөнөөр боддог олон залуус нийгэмд олширч, бидний хот илүү цэвэрхэн, илүү ногоон орчинтой болно гэсэн халуун итгэл өвөртлөн энэхүү бичвэрээ жаргаая.
| Ашигласан эх сурвалж |
|---|
| Paper waste facts, The World Counts article. |
| Solid waste management, The World Bank article. |
| Sustainable gift wrapping, SDSU website article. |
| Case Study: "From Wrapper to Compost: A Sustainable Packaging Journey." Sustainable Packaging Innovations Conference, 2023. |
Гэрэл зургийг: Л.Буд